Английн ханхүү Чарльз корона вирусын халдвар авсны дараа дэлхий нийт сошиалаар “Ханхүү Чарльз олон жил хүлээсэн титмээ авах нь ч авлаа,харамсалтай нь буруу титэм авчихлаа” хэмээн жиргэцгээж байсан билээ.Тэгвэл ханхүү Чарльзын олон жил хүлээсэн жинхэнэ хаан титэм хэдийд үүссэн юм бол.
Титэм буюу корона нь латин үг бөгөөд толгойдоо зүүх навчин хэлхээ буюу титэм гэсэн үг аж. Ромын эзэн хаад буюу Цезарууд алтаар хийсэн навчин титэм өмсдөг байсныг бид мэднэ.
Титэм нь маш эрт дээр үеэс буюу бусдаасаа илүү эрх мэдэлтэй удирдагч, ноёд, хаад бий болсон үеэс үүсэн өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа билээ. Тухайлбал, Америкийн индианчуудын удирдагчид шувууны өдөөр чимсэн том “титэм” өмсдөг байсныг бид мэднэ. Эртний Египетийн хаад бусдаасаа ялгарах босоо, шомбогор титмэн малгай өмсдөг байсан нь түүхэн дурсгалуудад хадгалагдан үлдэж өнөөдрийг хүрсэн байна. Манай хаад ч бусдаасаа ялгарах титмэн малгай өмсдөг байсан байж таарна. Харин түүхэн баримтаас үзэхэд IV зуунд хүчирхэг байсан Византийн гүрний эзэн хаан Диоклетианом титэм өмсөж байсан нь тэмдэглэгдэн үлджээ.
Феодалын үе гэгддэг X-XI зуунд Европ тивд титэм жинхэнэ моод болж байжээ.Хаанаас гадна пап лам, ноёд, гүн,герцог цолтнууд хүртэл өөр өөрийн титэмтэй байв.Харин XIV зуунаас эхлэн пап лам нар хааны титмээс өөр хэлбэртэй титэм хэрэглэх болсон тул папын тиар хэмээн нэрлэх болсон байна. Хамгийн сүүлд буюу 1963 онд пап ламын тиар өмсөх албан ёсны ёслол болсон бөгөөд үүнээс хойш ийм ёслол хийхийг зогсоож зөвхөн хаан, хатан хаан титэм өмсөх ёслол хийдэг болж өөрчлөгджээ.
Өнөө үед олон алдартай титэм хадгалагдан үлджээ. Хэдийгээр эдгээр титмийг шар, цагаан алт болон хамгийн үнэтэй чулуугаар хийсэн боловч түүхийн нэгээхэн хэсгийн гэрч гэдгээр нь үнэлж болшгүй үнэт зүйл хэмээн үздэг байна.
Зураг 1-т байгаа титэм бол Х зуунд бүтээгдсэн Аугаа Карл хааны Вене хотод хадгалагдаж буй титэм.Дундад зууны үед Германы бүх эзэн хаад энэ титмийг өмсөх ёслол хийн хаан ширээнд заларч байжээ. Зарим титэм нь өмсөж байсан эзнээсээ илүү алдартай болсон гэнэ. Тухайлбал, Зураг 2-т байгаа 1370 онд бүтээгдсэн Английн хатан хаан Бланшийн титэм. Үүнийг бас Палатины титэм гэж нэрлэдэг бөгөөд одоо Мюнхений эрдэнэсийн санд хадгалагдаж байна.
Харин Зураг 3-т буй титэм бол Их Британийн түүхийн хэмжээлшгүй үнэт зүйлд тооцогддог 1661 онд урласан гэгээн Эдуард хааны титэм. Анх II Карл хаан ёслол үйлдэн энэхүү титмийг өмсөж хаан ширээнд заларч байжээ. Түүнээс хойших Английн хаадад энэ титэм шилжсээр иржээ. Энэхүү титмийн жин 2,155 кг. Одоо Лондон Тауэрийн Эрдэнэсийн сан-музейд хадгалагдаж байна.
Дунд талд, Зураг 4-т байгаа нь Оросын Эзэнт гүрний их титэм. Энэхүү титмийг II Екатерина хатан хаанд зориулан 1762 онд урлажээ.Одоо Кремлийн Эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа бөгөөд гадагш гаргахыг хатуу хориглодог хуультай.
Хамгийн сүүлд байгаа нь Их Британийн Эзэнт гүрний титэм. Энэ титэмийг саяхан буюу 1911 онд гэгээн Эдуард хааны дурсгалд зориулан бүтээжээ. Одоогийн Английн хатан хаан II Елизавета энэхүү титмийг жилд нэг удаа Парламентын нээлтийн ёслолд оролцохдоо өмсдөг бөгөөд бусад үед Лондоний Тауэрийн Эрдэнэсийн музейд хадгалагдаж байдаг аж. Харин титэм өмсгөх албан ёсны ёслолыг өнөөдөр Европ тивд зөвхөн Англид л үйлддэг байна. Өөрөөр хэлбэл Английн хатан хаан II Елизавета нь титэм өмсөх ёслол үйлдэж хаан ширээнд заларсан ганц хүн гэсэн үг. Харин Ази, Ойрхи Дорнодын зарим орнуудад энэхүү ёслолыг хийсээр байна. Тухайн үедээ титэм болон титэм өмсөх ёслол нь хэмжээлшгүй эрх мэдэлд хүрч, бурхны ивээлд багтсан дээд угсааны жинхэнэ бэлгэ тэмдэг болдог байсан бол одоо үед ёс төдий бэлгэ тэмдэг, түүхийн үзмэр төдий зүйл болон үлдсэн ажээ.
Г.АМАРСАНАА