НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагаас сар бүр танилцуулдаг статистик мэдээллээс үзэхэд 9-р сард дэлхий даяар хүнсний гол түүхий эдүүдийн үнэ өмнөх оны мөн үеэс 32.8 хувь өсөөд байна.
Хүнсний үнэ ийнхүү өсөхөд нийлүүлэлтийн сүлжээний саатал, мөн үр тариа болон зарим төрлийн тосны эрэлт огцом өссөн нь голлон нөлөөлжээ.
Тухайлбал үр тарианы үнэ жилийн дүнгээр 41 хуь, цагаан будаа 38 хувь, ургамлын тос 60 хуввь өндөр үнээр худалдаалагдсан байна. Ялангуа дал модны тосны үнэ 10 жилийн дээд түвшинд хүрч огцом өсөхөд эрэлт нэмэгдэж байгаагаас гадна Малайзад цагаач ажилчдын хомсдол үүссэн нь нийлүүлэлтэд тасалдал үүсгэж, үнийн өсөлтийг бий болгожээ.
Мөн Бразилд цаг агаарын нөхцөл байдал муудсан нь элсэн чихрийн үнэ өмнөх оны мөн үеэс 53.5% өсөхөд нөлөөлсөн байна. Махны хувьд дэлхий даяар мөн л өсөлттэй байгаа бөгөөд өмнөх оноосоо 26.3% өссөн гэх мэдээллийг тус байгууллага танилцуулжээ.
Цар тахлын улмаас 2020 онд дэлхий даяар хөл хорионы дэглэмд байсны нөлөөгөөр эдийн засгийн идэвхжил саарч, үнийн өсөлт харьцангуй нам дор байв. Харин 2021 онд эдийн засгийн тэлэх бодлоготой зэрэгцэн вакцинжуулалт нэмэгдэж, хөл хорионы дэглэм суларсан нь хэрэглэгчдийн эрэлтийг нэмэгдүүлээд байна.
Цаашид дэлхийн эдийн засгийн идэвхжлийг дагаад эрэлт үргэлжлэн нэмэгдэх төлөвтэй тул дэлхийн зах зээл дээрх гол хүнсний бүтээгдэхүүнүүдийн үнэ өндөр түвшинд хадгалагдах хүлээлтэй байгааг шинжээчид онцолж байгаа юм.
Энэ нь улс орнуудад үнийн түвшин хурдтай өсөхөд нөлөөлж байгаа бөгөөд тухайлбал 2021 оны II улирлаас инфляц огцом нэмэгдсэн нийтлэг дүр зурагтай байна. Өөрөөр хэлбэл, улс орнуудын инфляц хямралын үеийн доод түвшнээсээ дунджаар 2-4 нэгж хувиар өсжээ.