Уул уурхайн санхүүгийн шинжээч Ч.Эрдэнэдалайтай ярилцлаа. Тэрээр хөрөнгө оруулагчдын дунд Independent Mongolian Metals & Mining Research буюу Хараат бус Монголын уул уурхай, санхүүгийн судалгаа эрхлэгч Dale Choi гэсэн нэрээрээ танигдсан нэгэн юм.
–Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурснаас хойш “Туркойз Хилл”-ийн хувьцааны ханш өссөн гэсэн өөдрөг мэдээ байна. Таны хувьд сонирхож харсан л байх…?
-“Туркойз хилл”-ийн хувьцаа өчигдөр маш их хэмжээгээр арилжаалагдлаа.20 сая хувьцаа арилжаалагдана гэдэг том тоо. Дал, наян сая ам.долларын гүйлгээ явагдсан гэж ойлгож болно. Маш идэвхтэй байгаа хэрэг л дээ.2013 оны наймдугаар сараас хойш хүлээгдсэн асуудал сая л шийдлээ олж эхэллээ. Хоёр жилийн их хүлээлтийн эцэст анхны бодитой алхам хийгдэж байна. Замаа цэвэрлэх, өөдлөх сэхэх анхны алхам ямар ч байсан хийгдчихлээ. Хөрөнгө оруулалт тэр чигтээ хүлээлттэй байгаа. Одоо бол өөр нөхцөл үүссэн. Бизнес сэргэх уур амьсгал бүрдлээ гэж харж байна. Хувь нийлүүлэгчид хоорондын асуудлаа шийдэж, ширээгээ цэвэрлэнэ гэдэг сайн хэрэг. Энэ сайн мэдээтэй зэрэгцээд “Туркойз хилл”-ийн хувьцаа өсч эхэлж байна. Өчигдөр гэхэд (уржигдар) 4.50 ам.доллараар арилжаа хаагдсан. Өмнөх өдрөөсөө 3.5 хувиар өссөн гэсэн үг. Дундаа,дээд тал нь 4.74 ам.доллар хүрлээ л дээ. Өмнө нь долоо, найм хавьцаа байсан.
–Ямар хүмүүс хувьцаагаа түлхүү зарсан бол?
-Хямдхан дээр нь авсан хүмүүс хувьцаагаа зарсан болов уу гэж таамаглаж байна. Дараагийн, урт хугацааны тоглогчид орж ирсэн гэж харж байна.
-“Туркойз хилл”-ийн хувьцааны давуу талуудыг нэрлээч гэвэл та юуг нь онцлох вэ?
-“Туркойз хилл”-ийн хувьцаанд хэд хэдэн давуу тал бий. Нэгдүгээрт хөрвөх чадвар сайтай үнэт цаас.Хоёрдугаарт ийм онцгой төсөл дэлхийд ховор байдаг. Африкт л цөөхөн хэдэн төсөл бий. Үүнийг хөгжүүлдэг компаниуд ч их цөөхөн. Хэдхэн компани байдаг. Зэсийн хувьд гэхэд л Америкт шууд авч болохоор, бүх брокерууд нь зардаг, шинждэг хувьцаа бол “Туркойз хилл ресурс”-ийнх. Монголтой, Монголгүй, зуун хувь зэс дээрээ төвлөрдөг үнэт цаас эднийхээс өөр байхгүй. Бидний хувьд энэ гол фактор дээр дөрөөлөх л хэрэгтэй.
–Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжилнэ гэсэн шийдвэр Засгийн газрын бонд, үнэт цаасны үнэлгээнд ч эерэгээр нөлөөлсөн гэж мэдээлээд эхэллээ. Сонирхож харсан уу?
-Нөлөөлсөн. Засгаас арван жилээр гаргасан бонд гэхэд л хүү нь өссөн дүр зурагтай байсан. Гэтэл өнөөдөр анх гаргасан түвшин рүүгээ дөхөөд оччихлоо. Худалдаа хөгжлийн банкны бондын хувьд ч гайхалтай үр дүн гарсан. Анх 9.735 хувийн хүүтэйгээр гаргаж байсан бол одоо огцом буурч 7.4 хувь боллоо. Гэхдээ энэ бол хувьцааны биш зээлийн зах зээл. Хувьцааны зах зээлийг бодвол илүү урт хугацаанд хардаг зах зээл. Бондын хөрөнгө оруулагчид Оюу толгой, Таван толгой зэрэг том төслүүдийг харж байгаа. Энэ том төслүүд хөдөлбөл төсөвт удаан хугацааны баталгаатай орлого орж ирэх давуу талтай учраас тэр л дээ. Монгол Улс зээлээ төлж чадах баталгаа энэ тохиолдолд үүсэх учраас бондын хөрөнгө оруулагчид том төслүүдийг сонирхоод байгаа юм. Том төслүүдийн талаар эерэг сураг, мэдээлэл хүчтэй байгаа учраас бондын хувьд ийм олзуурхмаар хандлага ажилагдаж байна л даа. Сая Худалдаа хөгжлийн банк бондамжилттай гаргасан нь ч ийм учиртай. Монголын засаг Оюу толгой, Таван толгой зэрэг том төслүүдээ явуулах нь гэсэн хандлага ажиглагдсан учраас амжилттай арилжаалагдсан. Төрийн банк бонд гаргана гэж ярьж байгаа. Оюу толгой төслийн талаар анхны бодитой шийдвэр гарсан учраас бусад банкуудын бонд гаргах боломж тэр хэрээр нэмэгдэнэ.
–Гадны хөрөнгийн биржүүд дээр хувьцаагаа арилжаалдаг, Монголд үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьцаа эргэж сэргэх хандлага байна уу?
-Оюу толгойд асуудал гарснаас хойш Монголд үйл ажиллагаа явуулдаг компаниудын олон улсын хөрөнгийн бирж дээрх хувьцаа арилжаалагдахаа больсон. Тусдаа индекс гаргаж ирээд мундаг явсан үе бий. Харамсалтай нь бүгд арилжаалагдахаа больсон. Бултаараа хөрвөх чадваргүй болсон. Одоогоор ганц хөрвөх чадвартай нь “Туркойз хилл” л байна. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжлэх болсон нь хувьцаануудад нөлөөлнө. Хөрвөх ямар ч чадваргүй болсон хувьцаанууд идэвхжинэ.
–Хэлэлцээрийн талаар таны бодлыг сонсъё. “Рио”-гийн зүгээс 30 сая ам.долларын татвар төлөхөөс эхлээд цөөнгүй буулт хийсэн харагдсан…?
-Сая би эхний бодитой алхам хийгдсэн гэж ярьсан. Цаашдаа хийх ажил өчнөөн бий. Төслийн санхүүжилт байна. ТЭЗҮ батлах ажил байгаа. Хэлэлцээрт оролцогч хоёр тал мундаг ажиллалаа. Засаг төлөөлсөн хүмүүс залуу учраас зоригтой шийдэл гаргаж ажиллалаа гэж харж байна. Ч.Сайханбилэг, Бямбасайхан хоёрзалуу хүмүүс. Б.Бямбасайханы хувьд барууны боловсролтой, олон улсын бизнес яаж явагддагийг мэдэрсэн хүн. Тэр утгаараа онцгой үүрэг гүйцэтгэлээ гэж дүгнэж байна. Ч.Сайханбилэгийн хувьд улс төрийн шийдвэрийн хувьд маш зоригтой алхам хийж чадлаа. Хөрөнгө оруулалтын чиглэлээр ажилладаг хүний хувьд энэ шийдэлд маш их найдвар тавьж байна. “Рио тинто”-г ч их үнэлж байна. Ойлголцож, шийдвэрт хүрэхийн төлөө маш том буулт хийж байна л даа. Хэн ч хүлээж байгаагүй буултууд. Тэр дундаа таны сая онцолсон 30 сая ам.долларын татварын асуудлыг онцолмоор байна. “Рио”-гийн хувьдцэвэр сайн санааны үүднээс, итгэлцэл бий болгохын төлөө, шийдэх өндөр сонирхолтойгоо илэрхийлж хийсэн алхам. Олон улсын шинжээчдийн хувьд энэ талаас нь байр сууриа илэрхийлсэн байна лээ. Одоо эхлүүлсэн бодитой алхмаа зоригтой дуусгах ажил үлдсэн. Гэрэл улаанаар анивчиж байгаад албан ёсоор шар боллоо. Засаг түгжээг мулталлаа, одоо бүх зүйл “ок” гэж хандахад арай эрт байгаа. Ганц гарын үсэг зураад шийдэгдэх асуудал биш. Маш олон үйлдэл, процесс шаардлагатай. Бүх процесс өрнөж, ТЭЗҮ батлагдаж, төслийн санхүүжилт дээр гарын үсэг зурсаны дараа бол өөр. Монголын төр бүх шийдвэрээ гаргаж, олон улсын банкууд “Рио”-дмөнгө өгч, далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжилбэл байдал огт өөр болно. Ногоон гэрэл жинхэнэ утгаараа асна.
–Зургаан тэрбум ам.долларыг төслийн санхүүжилтээр босгох нь тодорхой болчихлоо. Энэ санхүүжилт хийгдсэнээр Монголд ямар боломж нээгдэх вэ?
-Олон улсын арваад банк, санхүүгийн байгууллагаас зургаан тэрбум ам.долларын төслийн санхүүжилт босгоно гэдэг Монголд маш том өгөөж өгнө. Би төслийн санхүүжилтээр Лондонд тусгайлан судалгаа хийсэн хүн л дээ. Төслийн санхүүжилт буюу project finance бол маш онцгой ач холбогдолтой, санхүү дотроо тусдаа салбар. Монголд бага хэмжээгээр бол хэрэгжсэн. Ийм том хэмжээнд явагдсан удаагүй. Энэ удаагийн төслийн санхүүжилтийг уул уурхайн салбартаа дэлхийд өмнө нь босгож байгаагүй гэж онцолж байгаа. Тэгэхээр энэ удаагийн санхүүжилт хийгдсэнээр Монголыг төслийн санхүүжилт гэсэн том тавцан дээр гаргаад өгчихөж байгаа хэрэг. Энэ утгаараа ач холбогдлыг нь цэгнэх аргагүй л дээ. Олон улсын нэр бүхий 15 банк гарын үсэг зурж хөрөнгө оруулалт хийснээр Монголын уул уурхайд жинхэнэ ногоон гэрэл асна. Ногоон гэрэл асчихвал бизнес хийх боломж жинхэнэ утгаараа бүрдэнэ. Дэлхийн шилдэг 15 банк Монголд хөрөнгөө орууллаа та нар юу хүлээгээд байгаа юм бэ гэж хөрөнгө оруулагчдад хэлэх бүрэн боломж үүснэ.
-“Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал далд уурхайн бүтээн байгуулалтыг энэ жилдээ багтаж эхлүүлнэ гэсэн байр суурь илэрхийлсэн байсан. Таны хувьд энэ ондоо багтаж төслийн санхүүжилт босгох боломж харагдаж байна уу?
-Үнэхээр хичээвэл болохгүй юм байхгүй.Гэхдээ ТЭЗҮ ажиллагаатай. Батална гэж том асуудал бий. Төслийн санхүүжилтийн хувьд банкуудын өгсөн хугацаа дууссан. Зээлийн хороонуудаар орохоос эхлээд процессууд дахиад өрнөж таарна. Энэ процессыг л аль болох хурдан амжуулж, хоёр нам хамтарсан дээрээ, шийдвэр гаргах чадамжтай ийм үедээ маш шуурхай, ажил хэрэгч хандах хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын банкууд, шинжээчид Монголыг М-3, дараагийн БРИКС гэх мэтээр төсөөлж байсан цаг ердөө саяхных. Сүүлийн хоёр жилийн будлиан дунд Монгол бүх рейтингээсээ унасан. Сая болж өнгөрсөн “Хан ресурс”-ын асуудал гэхэд л Монголыг Венесуэл, Аргентин зэрэг улсуудын хэмжээнд харагдуулсан. Каплагийн асуудал байна. Энэ мэт асуудлууд өнгөц харахад жижигхэн мөртлөө Монголын нэр хүндэд маш том хор хүргэсэн. Харин Оюу толгой дээр шийдвэрт хүрсэн нь хөрөнгө оруулагчдыг хандлагыг өөрчилж байна. Тэд Монголыг ойлгож эхэлсэн. Монголын хувьд Африк шиг дотоодын үймээн самуунгүй, нөхцөл нь өөр л дөө. Дэлхийн хэмжээнд хүрээгүй ч ардчиллын институцууд нь тодорхой хэмжээнд ажиллаж байгаа улс. Ийм ерөнхий ноён нуруу бий.
Ард түмэн өөрсдийнхөө төлөө дуугарах цаг нь ирчихлээ. Миний хувьд гэхэд л энэ боломж дээр дөрөөлж, Лондон явж хөрөнгө босгоод, Монголдоо хөрөнгө оруулалт хийж амьдралаа өөд нь татаж болж байна. Оффисууд эзгүй өрөөгөө түрээслүүлж, хэвлэлүүд реклам авч, хүн бүр энэ боломжийг ухаалгаар ашиглах хэрэгтэй. Зургаан тэрбум ам.долларын том төсөлд юу нийлүүлж болох вэ гэдгийг дор бүрнээсэтгэх ёстой. Ажилд орно, бараа бүтээгдэхүүн нийлүүлнэ, судалгаагаа зарна гэх мэтээр хүн бүрд боломж нээлттэй. Монголыг эргээд хөрөнгө оруулалтын тавцанд гаргаж ирэхийн төлөө ганц иргэн гэлтгүй бүгдээрээ засгийнхаа шийдвэрийг дэмжиж зоригтой хөдлөх хэрэгтэй байна. Дахиад хэлэхэд саяын
Ц.БААСАНСҮРЭН