Categories
мэдээ нийгэм

Дээрхийн гэгээнтэн мэндчилгээ дэвшүүллээ

Дөнгөж сая Монголын бурхны шашны төв Гандантэгчинлэн хийдэд Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам сүсэгтэн олонтой уулзаж мэндчилгээ дэвшүүллээ. Үүний дараа Гандантэгчинлэн хийдийн лам нартай уулзаж байна.Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монгол Улсад номын айлчлал хийхээр өчигдөр 16.00 цагийн орчимд (2016.11.18) Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн билээ. Энэ удаагийн номын айлчлал нь Монгол Улсад хийж байгаа ес дэх удаагийн айлчлал болж буй юм.

Дээрхийн гэгээнтэн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардсан даруйдаа Монголын ард түмэнд хандан “Өнөөдөр Монголын сайхан оронд заларлаа. Урьд нь Монголд залраач ээ гэсэн хэд, хэдэн хүсэлт байсан. Гэвч нөхцөл байдлаас шалтгаалаад бид хойшилсон. Монгол, Түвд хоёр эрт дээр үеэсээ ах, дүүргийн барилдлагатай ард түмэн юм.

Бурханы шашин дэлгэрэхээс өмнөх үед ч гэсэн холбоотой байсан нь түүх шаштирт тэмдэглэгдсэн байдаг. Дараа нь бурханы шашин дэлгэрснээр харилцаа улам гүнзгийрсэн, багш, шавийн барилдлагатай болж, буддын шашин, олон зүйл Монголд дэлгэрч, харилцан соёл, харилцаагаа сайжруулж байсан түүхтэй улс юм.

Далай лам нарын хувьд миний урд дүрийн гуравдугаар Далай нам Сономжамцын үед монголчууд нутагтаа залж, Далай лам хэмээх алдрыг хайрлаж, номын барилдлагатай олон зуун жилийн хугацааг өнгөрүүлж ирсэн ард түмэн.

Монголчууд өнөөдөр хөгжил дэвшилд хүрч байна, шинэ орчин цагийн эрдэм боловсролыг гайхалтай сайхан эзэмшиж байна.

Түвдийн ард түмэн ч гэсэн хуучин уламжлал ёс заншлаа сайхан хадгалж тээж яваа. Ийм үед дэлхийн хөгжилтэй, шинжлэх ухааны ололт амжилтыг авч хэрэгжүүлж, сайн сайхан амьдрахын зэрэгцээ хуучин уламжлалт ёс заншлаа сайхан зэрэгцүүлэн авч явж, хүмүүнлэг сайхан ёс, ээж, аав, ах дүүс, олон түмнийг хайрлах энэ сэтгэлийн эрхэм нандин чанараа гээлгүйгээр түүнтэй зэрэгцүүлэн орчин цагийн эрдэм боловсролыг эзэмшиж чадах юм бол өнөөдөр бид дэлхийн олон улс гүрнүүдтэй мөр зэрэгцэж, тэднээс зарим зүйлээрээ илүү давуу ёс хүмүүжилтэй ийм хүмүүс байх боломж өндөр юм.

Монголын ард түмэн та бүхэнтэйгээ дахин уулзаж байгаадаа их баяртай байна. Гадаа хэдийгээр цаг хүйтэрч байгаа ч гэсэн дотоод сэтгэлдээ бүлээн уур амьсгал, энэрэл нигүүлсэнтэй амгалантай байгаарай гэж хэлэхийг хүсэж байна” хэмээн үг хэлсэн юм.

Далай багшийн айлчлал ирэх долоо хоногийн Лхагва гариг хүртэл үргэлжилнэ.

Урьдчилан гаргасан хөтөлбөр ёсоор Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам өнөөдөр Монголын ард түмэн, сүсэгтэн олонд мэндчилгээ дэвшүүлнэ. Энэ үйл ажиллагаа Гандантэгчинлэн хийдийн Жанрайсиг дацангийн өмнөх талбайд болох юм. Дээрх арга хэмжээтэй холбоотойгоор Гандантэгчинлэн хийд сүсэгтнүүдийн хөлд дарагдаад байна.



АЙЛЧЛАЛЫН ХӨТӨЛБӨР:

2016 оны 11-р сарын 19-ны өдөр /Бямба гариг/

  • 13:05-13:15 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш Монголын нийт ард түмэн сүсэгтэн олонд мэндчилгээ дэвшүүлнэ. /МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Жанрайсиг дацангийн өмнөх талбайд/

2016 оны 11-р сарын 20-ны өдөр/Ням гариг/

  • 09:30-11:30 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш Монголын нийт лам хувраг сүсэгтэн олонд Богд ламын ван, Жигжидийн цэван айлдана. /Буянт-Ухаа дахь спорт цогцолборт/
  • 13:00-15:00 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшийн номын айлдвар үргэлжилнэ. /Буянт-Ухаа дахь спорт цогцолборт/

2016 оны 11-р сарын 21-ны өдөр /Даваа гариг/

  • 09:30-11:00 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш Монголын нийт лам хуврагууд болон Их, дээд сургуулийн эрдэмтдийн дунд “Шинжлэх ухаан ба Бурханы сургаал” сэдэвт хэлэлцүүлэг явагдана. /Соёлын төв өргөөнд/
  • 13:00-15:00 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш Монголын нийт лам хуврагууд болон Их дээд сургуулийн эрдэмтдийн дунд “Шинжлэх ухаан ба Бурханы сургаал” сэдэвт хэлэлцүүлэг үргэлжлэн явагдана. /Соёлын төв өргөөнд/

2016 оны 11-р сарын 22-ны өдөр /Мягмар гариг/

  • 09:00-11:00 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшид Хүндэт докторын цол гардуулна. /ХААИС/
  • 13:00-15:00 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш Их, дээд сургуулиудын оюутан залуучуудтай уулзах уулзалт болно. /Соёлын төв өргөөнд/

2016 оны 11-р сарын 23-ны өдөр /Лхагва гариг/

  • 07:45-08:00 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш сэтгүүлчдийг хүлээн авч, уулзалт хийнэ. /Их Тэнгэр цогцолборт/
  • 08:45 цагт Дээрхийн Гэгээнтэн XIV Далай багшийг МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц тэргүүтэй лам хуврагууд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас үднэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *