Categories
мэдээ нийгэм

“Дээлтэй монгол” наадам дэлгэр сайхан болж өндөрлөлөө

Гэрэл зургуудыг У.Уранбилэг

Монголын ирээдүй болсон хүүхэд, залууст үндэстэн ястны дээл хувцас эд хэрэглэл, ардын урлагын биет болон биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дээлтэй Монгол” наадам уламжлал ёсоор 13 дахь жилдээ зохион байгуулагдлаа.

Тус наадмыг нийслэлийн Засаг даргын Тамгийн газар, Нийслэлийн Аялал Жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, Монгол костюмс ХХК хамтран зохион байгуулсан бөгөөд жил жилийн наадам өөр өөрийн гэсэн өнгө төрхтэй зохион байгуулагддаг.

Энэ жилийн хувьд Монголын уламжлалт тоглоом наадгай, эсгий урлал, язгуур урлаг, эртний эдлэл, Монгол бөөгийн өргөө гэрүүдийг байгуулж, иргэд жуулчдад үндэсний зан заншил, өв уламжлалаа танилцуулсан юм. Мөн ӨМӨЗО болон Тува улсаас төлөөлөгчид ирж оролцсоноороо онцлог юм.

“Дээлтэй монгол” наадамд Нийслэлийн зургаан дүүргийн иргэд төлөөлөгчдөөс гадна Бяцхан мисс ОУХБ, Нийслэлийн “Хүрээ” амаржих газар, Босоо хөх Монгол НҮТББ, Монголын Буриадын төв холбоо, Монголын Үндэсний Морьт харвааны холбоо, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Торгууд хувцас заслын компанийн төлөөллүүд оролцлоо.

Арга хэмжээний хүрээнд 1500 гаруй оролцогчид үндэсний хувцас чимэглэлээр гоёж, параданд оролцсоноос гадна тойрон бүжиг, загварын үзүүлбэрүүдийг зохион байгуулж шилдэг эрэгтэй, шилдэг эмэгтэй, шилдэг гэр бүл, шилдэг хүүхэд, шилдэг гадаад эрэгтэй, шилдэг гадаад эмэгтэй, шилдэг байгууллага, шилдэг дүүргүүдийг тодруулсан юм.

-Танай гэр бүл хэд дэхь жилдээ оролцож байгаа вэ?

-Энэ жил анх удаагаа оролцож байна. Бид Австралын Сидней хотод амьдардаг. Энд хуримаа хийхээр түр хугацаагаар ирээд байна.

-Сэтгэгдэл хэр байна вэ?

-Үнэхээр гайхамшигтай. Яг Монгол үндэстнийхээ олон төрлийн хувцас, эд хэрэглэл, соёлтой танилцаж байгаадаа маш их баяртай байна.

-Энэ арга хэмжээнд яагаад оролцох болсон бэ?

-Өнөө өглөө манай нөхөр Дээлтэй Монгол наадам болох юм байна, хоёулаа оролцъё гэхээр нь үндэсний хувцсаараа гоёод зорин ирж оролцож байна.

-Танай гэр бүл хэд дэхь жилдээ оролцож байгаа вэ?

-Сүүлийн 5 жил дараалан оролцож байна.

-Таны хувьд энэ жилийн Дээлтэй наадам юугаараа онцлог болж байна вэ?

-Нилээд өргөн хүрээг хамарч зохиогддог болсон байна.

Энэ наадамд оролцсон сэтгэгдэл хэр байна вэ?

-Монгол хүн болж төрсөндөө өөрийн эрхгүй омогшиж байна. Бид Монгол хүн болж төрснөөрөө бахархах хэрэгтэй.

Даяарчлалын зуунд хадгалагдан үлдсэн нүүдэлчдийн соёлын чухал хэсэг болох Монгол үндэстэн ястны хувцас, гоёл чимэглэлийг дэлхий нийтэд гайхуулан сурталчилдаг тус наадам сүүлийн жилүүдэд жуулчдын сонирхлыг татсан томоохон баяр болж өргөжжээ.

Н.АМАРТҮВШИН

Т.ЛХАМСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *