“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Монголчуудын уламжлалт соёлыг гадаад, дотоодод сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар хамтран “Дээлтэй Монгол-2016” наадмыг 10 дахь жилдээ Чингисийн талбайд эхэллээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус наадамд Улаанбаатар хотын есөн дүүргийн оршин суугчдаас гадна гадаадын иргэд үндэсний дээл хувцсаар гоёж оролцож байна. Тус наадамд нийслэлийн зургаан дүүрэг, найман байгууллагын хамт олон парад алхаж, Морин хуурын чуулга, Үндэсний дуу бүжгийн Түмэн эх чуулгын уран бүтээлчид урлагийн тоглолт үзүүлж, үндэсний хувцасны загварын үзүүлбэр болно. “Дээлтэй Монгол-2016” наадамд Шилдэг зохион байгуулалттай, идэвхтэй оролцсон дүүрэг, хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллага, үндэсний хувцастай шилдэг хос, Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч-ийг тус тус шалгаруулж гарын бэлэг гардуулна. Энэ жилийн “Дээлтэй Монгол наадам”-ын ерөнхий найруулагчаар нийслэлийн Улаанбаатар чуулгын дарга Р.Мөнхсайхан ажиллаж байна.