Categories
мэдээ цаг-үе

Дээд боловсролын сургалтын байгууллагын хөгжлийг дэмжих тэтгэлгээр “Үл задлах аргаар эргэлдэх тоног төхөөрөмжийн техникийн байдлыг оношлох нь” судалгааны төсөл амжилттай хэрэгжиж дууслаа

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр, БСШУСЯ-ны “Их дээд сургуулийн боловсролын шинэчлэл L2766MON” төслийн хүрээнд дээд боловсролын байгууллагын хөгжлийг дэмжих чиглэлд судалгааны өрсөлдөөнт тэтгэлэг шалгаруулж, санхүүжилт олгож иржээ. Энэхүү тэтгэлгээр “Үл задлах аргаар эргэлдэх тоног төхөөрөмжийн техникийн байдлыг оношлох нь” судалгааны төсөл амжилттай хэрэгжиж дууслаа.

Үйлдвэрийн зардлын 30 гаруй хувийг тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ эзэлдэг ба үр ашиг нь тоног төхөөрөмжид заагдсан ажиллах хугацаанаас шууд хамаардаг. Иймээс тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулан, үзлэг үйлчилгээ, засварын үр өгөөжийг дээшлүүлснээр бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлдэг. Ашиглалтын явцад гадаад, дотоод хүчин зүйлсийн нөлөөллөөр цахилгаан механик тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа алдагдаж, гэмтэл, эвдрэл үүсгэснээр төлөвлөөгүй сул зогсолт гарч засварын зардлыг ихэсгэдэг ажээ. Үзлэг үйлчилгээний хоорондох хугацаа нь төхөөрөмжийн гэмтэж, эвдрэх хугацаанаас бага байх шаардлагатай. Гэвч олон үзлэг, үйлчилгээ нь машин, тоног төхөөрөмжийн ажиллах цагийг багасгаж, шаардлагагүй сэлбэг хэрэгслийг нөөцлөн, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бууруулж байдгаас гадна буруу задлах, угсрах гэх мэт хүний алдааг ихэсгэдэг тул төдийлөн ашигтай биш байна.

Сүүлийн үед үл задлах аргаар тоног төхөөрөмжийн техникийн байдал, түүний цахилгаан тусгаарлалыг оношлон эвдрэл гэмтлийн шалтгааныг тодорхойлон урьдчилан арга хэмжээ авч төлөвлөгөөт бус сул зогсолтыг багасгаж, найдварт ажиллагааг ихэсгэснээр үйлдвэрлэлийн ихээхэн үр ашиг гарч байна. Английн нэг нүүрсний үйлдвэр тоног төхөөрөмжийн ашиглалтаа нэг хувиар өсгөснөөр жилд 80 сая фундын ашиг олсон жишээ бий. Иймд зарим их дээд сургуульд энэ чиглэл нь судалгааны санхүүжилт олох гол эх үүсвэр болдог. Мөн үл задлах аргын оношилгоо нь спектр шинжилгээ дээр хийгддэг тул спектр шинжилгээний онолыг бодитоор хэрэгжүүлэх инженерийн хэрэглээний салбар үүсэх нэг нөхцөл болдог байна.

Олон оронд үл задлах аргаар тоног төхөөрөмжийг оношлох, засварлах нь үйлдвэрийн газруудын зах зээл, зарим их сургуульд санхүүжилт олдог судалгааны гол салбар болтлоо хөгжсөн боловч манай оронд эхлэл төдий байгаа тул судалгааны шинэ чиглэл, зах зээлийг бий болгох нь энэ төслийг хэрэгжүүлэх гол үндэслэл болжээ. Түүнчлэн манай оронд механик эргэлдэх болон цахилгаан тоног төхөөрөмжийн оношилгоо судалгааны зах зээлийг бий болгох, инженерийн хэрэглээ, өрсөлдөөнийг эрчимжүүлэх, энэ чиглэлээр судалгаа гүйцэтгэх хүний нөөцтэй болох, их хүчин чадлын овор ихтэй тоног төхөөрөмжийг үл задлах аргаар оношилсноор аюулгүй ажиллагаа дээшлэх гэх мэт ихээхэн ач холбогдолтой.

Төслийн удирдагч, ШУТИС-ийн багш, Доктор П.Ариунболор төслийн үр дүнг тайлбарлахдаа: “Төслийн хүрээнд “Механик эргэлдэх болон цахилгаан тоног төхөөрөмжийн оношилгоо” ба “Цахилгаан эрчим хүчний чанар” гэсэн үндсэн 2 том судалгааны ажлыг гүйцэтгэсэн. Энэ судалгааны ажлын үр дүнд 1 эмхэтгэл хэвлэгдэж, 2 магистр төгсөж, 1 докторант элсэж, нийт 13 эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэгдэж, аман илтгэл 11, ханан илтгэл 3 удаа тус тус хэлэлцүүлсэн байна. 3 удаа үзэсгэлэнд оролцож, эрдэм шинжилгээний хурал 1 удаа зохион байгуулж, динамик загвар 3 боловсруулагдаж, зохиогчийн эрх 1-ийг авсан ба ашигтай загвар 1, шинэ бүтээлийн эрх 1-ийг авахаар материалыг хүлээлгэн өгч, туршилтын 1 стенд боловсруулжээ. Сургалт судалгаанд ашиглах 43 бүтээл гаргалаа. Үүний үр дүнд “Үл задлах аргын оношилгоо” нь ‘”Үл эвдэх аргын оношилгоо”-оос өөр судалгааны салбар болохыг хүлээн зөвшөөрүүлсэн ба “Цахилгаан эрчим хүчний чанар” судалгааны ажил ШУТИС-ийн ГУУС дээр хийгдэх боломжийг нээлээ. Судалгааны ажил гүйцэтгэх багаж тоног төхөөрөмж, туршилтын стенд бий болсон тул үйлдвэр, аж ахуй нэгжээс захиалгат судалгааны ажил, сургалт явуулах, зөвлөгөө өгөх үйлчилгээг явуулах боломжийг бүрдүүлсэн нь ШУТИС-д судалгааны ажлаар тодорхой хэмжээний санхүүжилт орж ирэх, үйлдвэрийн газруудтай нягт хамтран ажиллах боломжийг бий болгосон” гэж ярьлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Дээд боловсролын сургалтын байгууллагын хөгжлийг дэмжих тэтгэлгээр “Дохио боловсруулалтын сургалт-судалгааны хөтөлбөрийн боловсруулалт, хэрэгжүүлэлт” төсөл амжилттай хэрэгжив

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны “Их дээд сургуулийн боловсролын шинэчлэл L2766MON” төслийн хүрээнд дээд боловсролын байгууллагын хөгжлийг дэмжих чиглэлд судалгааны өрсөлдөөнт тэтгэлэг шалгаруулж, санхүүжилт олгож иржээ. Энэхүү тэтгэлгээр хэрэгжсэн төслүүдийн нэг нь 2015 оны 11-р сараас эхлэн 2017 оны 12-р сард дуусах “Дохио боловсруулалтын сургалт-судалгааны хөтөлбөрийн боловсруулалт, хэрэгжүүлэлт” билээ.

Уг төслийн хэрэгжүүлэгч баг нь 5 хүний бүрэлдэхүүнтэй ба төслийн удирдагчаар доктор П.Ариунболор, төслийн ажилтнаар доктор А.Одгэрэл, магистр Ц.Мөнхжаргал, төслийн зөвлөхөөр профессор Б.Очирбат, профессор Хенри Роберт Моролес Загароза нар ажиллав. Хенри Роберт Моролес Загароза нь АНУ-ын Сан Хосе улсын их сургуулийн цахилгааны профессор бол багийн бусад дөрвөн гишүүн нь ШУТИС-ийн багш, профессорууд юм.

Дэлхийн улс орнуудын их, дээд сургуулиудын инженерийн боловсролын хөтөлбөрийн харьцуулсан судалгааг төслийн ахлагч П.Ариунболор Солонгос, Энэтхэг, АНУ зэрэг орнуудад мэргэжил дээшлүүлж, судлаач, багшаар ажиллах явцдаа хийсэн байна. 200 гаруй их, дээд сургуулийн инженерийн боловсролын сургалтын хөтөлбөрийг харьцуулсан энэ судалгааны үр дүнгээс харахад инженерийн мэргэжлийн суурь хичээлд “Инженерийн програмчлал “Систем ба дохио”, цахилгааны суурьтай инженерийн мэргэжүүлэх хичээлд “Тоон дохио боловсруулалт” хичээлүүд заавал ордог ажээ. Энэ нь дохио боловсруулалтын техник, түүний дэд системүүд орчин үеийн инженерийн ухааны салшгүй нэг хэсэг болсонтой холбоотой юм.

Шинжлэх ухаан технологийн их сургууль нь манай орны хувьд инженер бэлтгэдэг улсын томоохон сургууль бөгөөд энэ сургуулийн хэмжээнд дээрх хичээлүүд зөвхөн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн бакалаврын сургалтын хөтөлбөрт “Тоон дохио боловсруулалт”, Уулын цахилгаан тоног төхөөрөмжийн мэргэжлийн бакалаврын сургалтын хөтөлбөрт “Телемеханик”, Компьютер техник менежментийн сургуульд бакалаврын сургалтын хөтөлбөрт “Дохио ба мэдээлэл дамжуулалт” нэртэйгээр тусгагдсан байгаа нь хангалтгүй юм.

Дохио боловсруулалтын сургалт-судалгааны хөтөлбөрийн боловсруулалт, хэрэгжүүлэлт төслийн хүрээнд “Систем ба дохио”, “Тоон дохио боловсруулалт” хичээлийн хөтөлбөрийг сургалтын материал, лаборатори, судалгааны ажил, хүний нөөц зэрэгтэй нь цогцоор нь боловсруулан ШУТИС-ийн бүх инженерийн мэргэжлийн суурь хичээлд “Систем ба дохио”, цахилгааны суурьтай инженерийн мэргэжүүлэх хичээлд “Тоон дохио боловсруулалт” хичээлүүдийг оруулах боломжийг бүрдүүллээ. Ингэснээр ШУТИС-ийн инженерийн боловсролын шинэчлэлд томоохон ахиц гарна гэж төслийн багийнхан үзэж байна.

Бүх инженерийн салбарын дохио боловсруулалтын хэрэглээг судлах, туршилт хийх боломжтой лаборатори байгуулсан нь ШУТИС-ийн төгсөгчдөд цогц ур чадварыг олгох юм. Дохио боловсруулалтын лаборатори нь профессоруудад тоон дохио боловсруулалт, ухаалаг мэдрэх төхөөрөмж, радио технологиор тодорхойлогдсон програм хангамж гэх зэрэг орчин үеийн инженерийн гол салбаруудад судалгаа хийх талбар болно. Энэ лаборатори нь дохио боловсруулалт ба утасгүй холбооны дэд системүүдийн дохиотой холбогдсон төрөл бүрийн сенсоруудтай. Ахисан (магистр, докторын) түвшний дохио боловсруулалт шаардлагатай байгаа төрөл бүрийн инженерийн судалгааны ажлыг гүйцэтгэх боломжтой ба энэ лабораторийг шинэ судалгааны үр дүнг гаргахад ашиглаж болно.

Бодит лабораторийн ажлыг виртуал хэлбэрийн сургалттай хослуулан зааж дохио, түүний боловсруулалт, дамжуулалтыг графикаар харуулж бүрэн ойлгуулахад ихээхэн ач холбогдолтой, үр ашгаа өгнө хэмээн үзсэн учраас “Дохио ба систем”, “Дохио дамжуулалтын үндэс” гэсэн хоёр төрлийн виртуал лаборатори, гарын авлагын хамт боловсруулжээ. Энэ виртуал лабораториуд нь сургалтын нэмэлт хэрэглэгдэхүүн бөгөөд энэ боломжийг ашигласнаар оюутнууд бодит байдалд нүдээр харах боломжгүй дохионууд, боловсруулалт дамжуулалтын процессууд, төвөгтэй ойлголтуудыг виртуал хэлбэрээр (графикаар), тооцоолон бодох аргаар төлөөлүүлэн харснаар илүү ихийг богино хугацаанд мэдэж авахаас гадна програм бичиж чадварыг нэмэгдүүлэх, улмаар турших, шалгахад боломжийг олгож байна.

“Дохио ба систем” ба “Дохио дамжуулалтын үндэс” сурах бичгүүд дээр үндэслэн эдгээр хичээлийг заах багш нарт тусгайлан зориулсан багшийн гарын авлага мөн бэлдсэн байна. Энэ гарын авлага нь хичээлийн лекц, семинар, бие даалтын хөтөлбөрөөс гадна “Дохио ба систем” сурах бичгийн бүлэг тус бүрээр бие даалтын бодлого, хариу тайлбар багтаасан болно.

Инженерийн цөм болсон эдгээр хичээлийг судалсны дараа оюутнууд лаборатори болон үйлдвэрлэлийн дадлагаар бэлтгэгдэх ба цаашид гүнзгийрүүлэн мэргэших, эзэмшсэн мэдлэгээ ашиглан баялаг бүтээх боломжийг нь бүрдүүлнэ. Түүнчлэн бэлтгэгдэн гарсан инженерүүд маань цаашид өөр өөрийн салбарт шинжлэх ухаан технологийн хөгжлийг түүчээлэн хөгжүүлэх болно гэж төслийн багийнхан үзэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *