Categories
мэдээ спорт

ДАШТ-ий гурван хүрэл медальт О.Насанбурмаа Дэлхийн мөнгөн медальтан боллоо

“Будапешт-2018” бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 72 кг-д , Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа Монголын чөлөөт бөхийн тамирчдын 60 дахь медаль, 21 дэх мөнгөн медалийг эх орондоо авчирч чадлаа. Тэрбээр “Токио-2008”, “Стамбул-2011”, “Будапешт-2013” ДАШТ-ий хүрэл, “Универсиад” наадмын мөнгө, залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальтай.

О.Насанбурмаа 10 дахь ДАШТ-дээ зодоглож Будапештйн дэвжээнд 1/8 шигшээд эзэн орны Николета Шмолкаг оноогоор цэвэр (10:0), шөвгийн наймд 23 хүртэлх насны Европын хошой аварга Туркийн Бусе Тосуныг 7:6-гаар, хагас шигшээд энэ жилийн цэргийн ДАШТ, Красноярскийн “Алтан Гран при”, “China Open” ОУТ-д аваргалсан БНХАУ-ын Ван Жюанийг цэвэр ялсан юм. Харин алтан медалийн төлөөх барилдаанд “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, Пан Америкийн гурван удаагийн аварга Канадын Жюстина Ди Стасиод 2:4-өөр ялагдан мөнгөн медаль хүртлээ.

Гавьяат тамирчин О.Насанбурмаа чөлөөт бөх төдийгүй олимпийн спортын төрлийн ДАШТ-д дөрвөн медаль хүртсэн Монголын анхны тамирчин болсноос гадна 63, 67, 72 гэсэн гурван өөр жинд дэлхийгээс медаль зүүж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *