Categories
мэдээ спорт

“ДАШТ-2018” үүдээ нээлээ

Өнөөдөр Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Зүүн Тиморын багтай нутагт нь тоглож, хожигдлоо. Хожигдлоос хэд хэдэн үр дүн гардаг. Ямар ч эсэргүүцэл үзүүлж чадахгүй байсаар шал арчаад хожигдоно гэж бий. Өөрөөр хэлбэл ямар ч шаансгүй хожигдлоо. Эцсээ хүртэл тэмцэж байгаад хожигдож болно. Энэ бол тэмцэл. Санамсаргүй тохиолдлоор хожигдох явдал бий. Нэг баг нь эхний үед сэхээ авч чадалгүй эсрэг багийнхаа довтолгоонд цочмогдож бөмбөг алдаад эцэстээ түүнийгээ гүйцэхийн төлөө тэмцэж цагийн эрхэнд хожигдохыг хэлж байгаа юм. Тэд өөрсдөдөө ямар ч гэлээ боломж үлдээж чадлаа. Одоо нутагтаа л тун хариуцлагатай, сайн тоглох хэрэгтэй байна.

Олон улсын хөлбөмбөгийн холбоонд бүртгэлтэй 209 улс бүгдээрээ 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өргөдөл өгснөөс өнөөдөр рейтингээрээ хамгийн багад тооцогдох Азийн 12 улс халз тоглолтуудаа эхэлж үндсэндээ ДАШТ-2018 үүдээ нээлээ. Энэтхэг-Балба, Иемен-Пакистан, Зүүн Тимор-Монгол, Камбож-Макао, Тайвань-Бруней, Шри Ланка-Бутан гэсэн зургаан хос өнөөдөр халз тоглолтуудынхаа эхнийхийг наадаж байна. Эдгээр хосуудаас шалгарсан зургаа нь үндсэн багуудтай нийлж 40 болж таван хэсэгт хуваагдан 2016 оны гуравдугаар сарын 29 хүртэл тоглоно гэх мэтчилэнгээр цаашилж Азийн багууд шилдгүүдээ тодруулах журамтай юм билээ. Манай багтай тоглож буй Зүүн Тимор нь ОУХХ-ны албан ёсны чансаагаар 187 дугаарт бичигддэг. Харин манай баг 194 дүгээрт эрэмбэлэгдсэн юм байна лээ. Энд Зүүн Тимор гэж ямар улс вэ гэдэг талаар бага зэрэг тайлбарлая. Зүүн Өмнөд Азийн үзүүрт байрлах Индонез улсаас 2002 онд салан тусгаарласан тус улс нь нутгийн унаган иргэд, португали, индонез, австрали зэрэг хүмүүсийн хольцтой сая орчим хүн амтай. Тус улс нь үндсэн хоёр хэлтэй байдгийн нэг нь португал юм билээ. Тийм учраас энэ улсад бразилчууд олноороо амьдардаг, үүнийгээ дагаад ч шигшээ багт нь Бразилийн шидтэнгүүд нэг бус байдаг. Уг нь Зүүн Тимор анх ОУХХ-нд бүртгэгдэж байхдаа 202-т жагсаж байсан. Гэтэл түүнээс хойш арав гаруйхан жилийн хугацаанд амжилт нь асар ахиж 20 гаруй шатаар ахисан нь тэр бразилчуудтай холбоотой нь ойлгомжтой.

С.АЛТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *