Categories
мэдээ нийгэм

Дархан мэргэн Ш.Даваахүүгийн нэрэмжит сурын талбайг Тосонцэнгэлд нээлээ


Завхан аймгийн Тосонцэнгэл сум үндэсний сурын зориулалтын талбайтай болжээ. Уг талбайг тус сумын “Тосон идэр мэргэн” холбооны харваачид өөрсдөө засаж тохижуулсан бөгөөд энэхүү ажилд “Ай энд Жи Интернэшнл” ХХК таван сая төгрөгийн хандив өргөсөн байна.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум үндэсний сурын баялаг уламжлалтай. Улсын наадамд таван удаа түрүүлсэн, 40 суманд 40 оносон гэх хоёр ч сүрдэм амжилтыг дангаараа эзэмшдэг Монгол Улсын гавьяат тамирчин, улсын дархан мэргэн Ш.Даваахүү Тосонцэнгэл суманд төрж өссөн. Тэрээр гучин жилийн өмнө энэ талбайд анхны сумаа тавьж байсан түүхтэй. Тийм ч учраас “Тосон идэр мэргэн” холбооны харваачид сурын талбайгаа Монгол Улсын дархан мэргэн, гавьяат тамирчин Ш.Даваахүүгийн нэрэмжит болгож, түүнд хүндэтгэл үзүүлсэн юм.

Тосонцэнгэлийн харваачид нэгдэж, 2017 онд “Тосон идэр мэргэн” холбоог байгуулсан аж. Холбоо байгуулснаар сумын харваачид клубийн системд шилжиж, бэлтгэл сургуулилт тогтмолжих эхлэл тавигджээ. Анх холбоо нь 10 хүрэхгүй тооны гишүүнчлэлтэй байсан бол гурван жилийн дараа гэхэд насанд хүрэгчид болон өсвөрийн 80 гаруй харваачтай болж өргөжсөн байна. Харваачдын тоо ийнхүү нэмэгдэж байгаа учраас сумын төвдөө зориулалтын талбайтай болох зайлшгүй шаардлага үүсжээ. Тосонцэнгэл суманд үндэсний сурын спортыг түгээн дэлгэрүүлэхэд манлайлан оролцож, олон шавь бэлтгэж буй аймгийн мэргэн, спортын мастер Б.Батцэнгэл энэ талбайн ач холбогдлыг өндрөөр үнэлсэн байна.

Б.ОЮУНДАРЬ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *