Categories
мэдээ цаг-үе

Дархан хотоор овоглосон цагдаагийн хурандаа Цэрэнгийн Даваадорж

Монголын цагдаад дуудах нэртэй, дугуйлах бууцтай, чухамхүү цагдаагийн алдрыг нэр төртэй өргөж ирсэн хэдэн луугар хурандаа байдгийн нэг нь Цэрэнгийн Даваадорж юм. 100 жилийн түүхтэй Цагдаагийн вант улсын “Ахмадын хороо” хэмээх цагдаагийн байгууллагын зүрх, тархи нь болсон генералууд, олон аварга хурандааг нэгтгэсэн сүр хүчит айлын эзэн хурандаа Лхамчигийн Билгээ энэхүү эрхэмсэг хурандаагийн ажил амьдралынх нь алтан замналаас хуваалцахыг санал болгосныг зориуд тодотгох нь зүйтэй болов уу. Цэрэнгийн Даваадорж бол Өвөрхангай, Хөвсгөл, Баянхонгор, Дархан-Уул гээд дөрвөн лут аймгийн цагдаагийн даргаар ажилласан нэгэн. Монголын цагдаад түүн шиг дөрвөн аймгийн даргаар 30 шахам жил тасралтгүй ажиллаж, цагдаагийн албатай хувь заяагаа холбосноос хойш эдүгээ хагас зууныг элээсэн буурал хурандаа тийм ч олонгүй. Тэр бүхний алтан титэмд Ц.Даваадорж гуайн нэр зүй ёсоор бичигдэнэ. Үндсэндээ дөрвөн аймагт өөрийнхөө нэр алдрыг тамгалж, тухайн аймгаар овоглогдож явна гэдэг сайхан. “Дарханы Даваадорж” гэдэг ч юм уу очсон газар усаараа олонд нэрлэгддэг нь ийм л учиртай байх нь.

Тэрээр далан дөрвөн оны долдугаар сард Цэргийн ерөнхий дээд сургуулийн хуулийн ангийг төгсөж тухайн үеийн НАХЯ-ны сайдын тушаалаар Өвөрхангайн цагдан сэргийлэх ангид “Тоо бүртгэл-хүүхдийн төлөөлөгч”-ийн албанд томилогджээ. Хурандаагийн хэлснээр нэг ч хүн танихгүй, сэргийлэх нь хаана байдгийг ч мэдэхгүй чемодан барьсан залуу сэргийлэхийг нь хүнээр заалгаад очиж байсан түүхтэй. Улмаар Өвөрхангай аймагтаа өмчийн ахлах төлөөлөгч, НАХ хэлтсийн орлогч, цагдан сэргийлэх ангийн даргаар дэвшин томилогдож тус аймагт 10 жил ажиллажээ. Домогт Арвай хээрийн тал, өврийн хангай нутаг түүнд өглөг буянаа өгч, амьдралынхаа ханьтай тэнд учирч, гал голомтоо бадраасан байна. Өөрийг нь удирдан ажиллаж асан Ишдоржийн Доржсүрэн, Цээвэлийн Жамбалсүрэн, цагдан сэргийлэх ангийн дарга Норовсамбуугийн Дугарсүрэн, мөн хамтран зүтгэж байсан эрүүгийн төлөөлөгч эдүгээгийн гавьяат хуульч Пүрэвдоржийн Лувсандорж, өмчийн ахлах төлөөлөгч, үйлчилгээний гавьяат Ёндонгийн Ядамсүрэн, ахлах мөрдөн байцаагч, сүүлд хурандаа болсон Чулуунтогтохын Бат-Очир гээд олон чиг нөхдийнх нь туршлага, арга барил, хүнтэй ажиллах эв дүй, ёс суртахуун тэнд ажиллаж байх хугацааны мөнхийн луужин болсныг хэлдэг юм.

Хурандаагийн унаган нутаг Өвөрхангайтай залгаа Баянхонгор. Ээжээрээ яривал Галуут, ааваараа яривал Бөмбөгөр, өөрөө болохоор Бөмбөгөр суманд төржээ. Ээжийнх нь өвөө аав хуучнаар Сайн ноён хан аймгийн Дашдоо гүний хошууны ноёны туслагч Богд хаант Монгол Улсын төрийн уртын их дууч цолтой үе залгамжилсан тайж Ц.Дандардорж гэж хүн байсан гэдэг. Тэгэхээр төрийн үүд хаалгатай л айл байх нь. Аав нь санхүүгийн хүн, хонгор нутгийнхаа бараг бүх суманд нягтлан бодогчоор ажиллажээ. Цэрэг цагдаатай холбогдсон тухайд нь асуухад их сонин дүр зураг гараад ирсэн. “Би чинь өөрийгөө цагдаа цэргийн хүн болно гэж боддоггүй байлаа. Юм гэдэг сонин байдаг юм билээ. Сүүлд би Цагдаагийн ерөнхий газар ажиллаж байхдаа өөрийнхөө хувийн хэргийг авч үзсэн юм. Тэгтэл манай Бөмбөгөрийн гаралтай тухайн үед Баянхонгорын аюулаас хамгаалахын хэлтсийн ахлах төлөөлөгч Мижгээ хошууч гэж байлаа л даа. Тэр хүн намайг наймдугаар ангид байхаас судалжээ. Ес, аравдугаар анги дамнуулж бараг хоёр, гурван жил судалсан байна. Элсэлтийн шалгалт энээ тэрээ болоод иртэл сургуулийн захиргаа Цэргийн ерөнхий дээд сургуулийн хуулийн ангид намайг авна гэв. Ингэж л эртнээс нарийн нягт судалсан байгаа юм” гээд инээвхийлж сууна. Үнэхээр Монголын цагдаад тэр бага балчраасаа судлагдаж, шигшигдэж, танигдаж, чухамхүү хувь заяагаар иржээ. Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдаар 10 жил тасралтгүй ажилласан Монголын улс төр, цэргийн нэрт зүтгэлтэн хурандаа генерал Бугын Дэжид гуайн алтан он жилүүдэд Даваадорж хурандаагийн ажил алба өрнөдөг юм. Эрхэм хурандааг Өвөрхангайн цагдан сэргийлэхэд очоод удаагүй байхад буюу 1975 оны нэгдүгээр сард НАХЯ-ны сайд Дэжид албан ажлаар очих үедээ түүнд найрсгаар зөвлөгөө өгч амжилт хүсээд мөрөн дээр нь гараа тавьж хүндэтгэсэн удаатай. Хүн бүхний айдсыг төрүүлж байсан тэр лут сайд аймгийн сэргийлэхэд ирээд удаагүй байгаа залууд зориуд хандаж “Өөрөө өөрийгөө цэнэглээд явахад л амжилтад хүрдэг юм шүү” хэмээн зүрхнийхээ үгийг хэлсэн нь эрхэм хурандаад хэчнээн итгэл хүлээлгэж байсан нь тодорхой. “Дэжид сайд, Пүрэв генерал, боловсон хүчний дарга байсан Жамъян гээд л нар ямар зангарагтай, хүний таньц сайтай, хүнийг нэвт харж чаддаг, хэнийг ямар албан тушаалд хаана дэвшүүлэн томилохоо мэддэг агуу хүмүүс байгаа вэ” гэж дурсан яриад нэг жишээ сонирхуулсан.

“Дэжид сайд 1979 онд баруун аймгуудаар ажлаар яваад буцахдаа Өвөрхангайд цаг гаруйхан хугацаанд саатаж сэргийлэхийнхэн сайддаа богино хэмжээний урлагийн номер үзүүлсэн юм. Цагдаа Ө.Базарбат дуулж байгааг хараад “Хөөе Норсонжав аа (урлагийн гавьяат зүтгэлтэн) чи энэ хүүг ансамбальдаа ав. Ирээдүйтэй нөхөр байна” гэснээр Базарбат удалгүй Хилийн цэргийн ансамбаль руу сайдын урилгаар очиж гарамгай уртын дууч болж, Монгол Улсын гавьяат жүжигчин болсон түүхтэй. Чухамдаа хүнийг танина гэж энэ дээ” хэмээн өгүүлэв. Наян хоёр онд Жамбалсүрэн даргад нь Дэжид гуайгаас хувийн захиа ирсэн гэдэг. Тэр нь Даваадоржийг ажилдаа хэр дасч дадлагажиж байгаа тухай асуугаад хариу өгөхийг хүссэн захидал. Ийн асууж сураглаж судалсны үндсэн дээр наян хоёр онд Өвөрхангай аймгийн сэргийлэхийн даргаар томилсон байдаг. “Энэ тухай би яагаад ярих дуртай байдаг гэхээр боловсон хүчнээ судална, сонгоно, нөөцөлнө, дэвшүүлнэ гэдэг бол шат дараалсан их том ажил. Бараг л шинжлэх ухааны гэмээр ажил. Түүнээс зүгээр нэг тааралдсан юм уу, ойшоосон хүнээ тавьчихдаггүй бололтой” гэсэн нь үнэн сонсогдсон. Өвөрхангайн сэргийлэхийн даргын албыг аваад гурван жил орчим ажиллаж байтал Лувсангомбо сайдын нэгдүгээр орлогч Думбарай сайд шалгалтын групп ахлаад Хөвсгөл аймагт байгаа гэнэ, Хөвсгөл аймгийн сэргийлэхийн даргаар ажиллаж байсан Цогт-Очирыг өөрчилж түүний оронд Эрдэнэт хотод ахлах мөрдөн байцаагч байсан Цэндсүрэнг томилох нь гэсэн яриа дуулдах нь тэр. Тухайн үед Хөвсгөлд эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал маш хүнд байсан, аймгийн намын хорооны АДХГЗ-ны дарга, аюулаас хамгаалах хэлтсийн дарга, аймгийн прокурор зэрэг олон дарга нар “элдэв матаас” гэгчээс болж солигдсон ард олны дунд хэрүүл тэмцэл, элдэв янзын матаас ихтэй ширүүхэн байжээ. Гэтэл Лувсангомбо сайд “Хөвсгөлд шинэ хүн тавьж болохгүй байгаа бол Өвөрхангайн Даваадоржийг тавья” гэж хэлээд НАХЯ-ны коллегийн хурлаар оруулаад баталчихсан байна. “Хүн танихгүй, зан заншлыг нь мэдэхгүй, ярих зөвлөх дотно хүн байхгүй айдсаар толгойгоо цэнэглүүлсэн надад амаргүй даваа байлаа” гээд Хөвсгөлд очихдоо жигтэйхэн айснаа хурандаа нуугаагүй. Ямар сайндаа явахынхаа өмнө одоо сэрүүн тунгалаг, 90 насыг зооглож байгаа Дэжид эгчийгээ дагуулаад ламдсан байна. “Тэр үед чинь лам гэж ярих юм бол намаасаа, ажил албанаасаа хөөгдөнө. Бараг хулгайгаар нууцаар явж одоогийн Баянхошууны тийшээ Агаа гэдэг лам хөгшнийд очлоо. Агаа маань шал согтуу байж байна. “Би Хөвсгөл явахаар боллоо Агаа, та үзэж харж өгнө үү” гээд нэг шил юм барилаа. “Агаа, аа за за. Ногоон малгайтыг тийш нь явуулж байна уу. За болох байлгүй” гээд олигтой ч юм хэлсэнгүй” гэж сонирхуулсан. Хуучин нийгмийн үед нууж хаадаг л байснаас Бал даргаас аваад Улс төрийн товчооныхон бүгд ламдаж байсан тухай яригддаг. Мөн тийнхүү тэвдэж явахад нь Доржжанцан гэж Баянхонгорын Эрдэнэцогтын лам өвгөн Ленинградын гурван тулгатай сувинер шүншиглэж өгөөд бурхан тахилдаа тавихыг захижээ. Одоо ч хурандаагийн хоймрын шүүгээнд байж л байна. Ийм л паянтай, айдас хүйдэс, лам харгуйдаа тулаад Хөвсгөлийн их уулсыг зорив гэнэ. Долоо хоногийн дараа шуудангаар Агаа ламаас нь “Хөвсгөл аймаг гарт нь орноо, алтан Москва харагдаж байна, алтан Москва явна” гэсэн захиа ирсэн гэдэг. Үнэхээр ч Ах ламынхаа хэлснээр алтан Москвад хөл тавьж 1989-1991 оны хооронд хуучнаар ЗХУ-ын нийгэм задарч байх түүхэн он цагийг Дотоод явдлын яамны академид хоёр жил суралцах хугацаандаа нүдээр харсан азтай тохиол учирсан байдаг. Хөвсгөлд ажиллах хугацаанд аймгийн удирдлагууд, байгууллагын дарга нар, хуулийн нөхөдтэйгөө нэгэн зорилго сэтгэлээр нягтарсан уур амьсгалыг бүрдүүлж чадсан. Энэхүү амжилтыг бий болгоход сэргийлэн хамгаалах байцаагч Гомбожавын Нанчинбум, эрүүгийн ахлах чөлөөлөгч хүндэт чекист Нацагдоржийн Барням, Мандширын Хишигсайхан, өмчийн ахлах төлөөлөгч Майдарын Амгалан, ахлах мөрдөн байцаагч С.Ширэндэв нарын олон нөхдийн дэмжлэг байсныг бахдан хэлсэн. Ер нь тэрээр аль чиг аймагт очсон ажлын чиг шугамаа айхтар гаргуун тодорхойлж, юуны түрүүн эхлээд хүн ардын сэтгэл зүй, нийгмийнх нь сэтгэл зүйг уншдаг байж.

“Би шинээр томилогдож очсон газрынхаа музейг үзэх, ард иргэдийн зан заншил онцлог байдал, хүмүүсийн зан харилцааг судлах, хамт ажилладаг хүмүүсийн талаар тодорхой ойлголттой болохоос л ажлаа эхэлдэг байлаа. Орон нутгийн удирдлагатай анх уулзахдаа өөрийгөө таниулах талаар сайтар боддог, тэр хүнтэй юу ярих, юуг сонирхоод байгааг мэдэх, тэр хүний ажлын арга барилыг урьдчилан сонсч мэдээд өөрөө хэрхэн яаж хандаж, ямар зарчим барьж ажиллахаа төлөвлөнө. Нутгийн иргэдийн онцлог, сэтгэл зүйг хэр хэмжээндээ судалж түүндээ түшиглэдэг байсан минь нэг газарт тогтвортой олон жил ажиллах үндэс суурь болдог” гэж хэлдэг нь учиртай л үг. Монголын хоймор нутагт нэр төртэй ажиллаж, дөрвөн аймгийн арван хэдэн сумын 60 айлын малыг хулгайлсан 32 бүлэглэсэн хулгайч нарыг илрүүлэхээс аваад Улаан-Уулын төвд ганц биеэр амьдрах хэлгүй, дүлий Хажид гэгч эмгэний амь насыг хохироосон ноцтой хэргийг илрүүлэх ажлыг өөрөө биечлэн удирдаж Барням, Ширэндэв нарт үүрэг өгч илрүүлж Барням нь “Хүндэт чекист” цолоор шагнуулсан зэрэг олон баримтыг сонирхуулсан.“Би чинь Дархадын ёсонд үнэхээр суралцсан. Тэдний хэлдэг нутгийн онцлогтой үг хэллэг, ерөөлийг нь сурсан. Өлийн халзан давааны орой дээр дархад айлд очиж өөрсдийнх нь уудаг цайг ч хүртэл ууж л явлаа. Цайг нь эхлээд балгахад хэл ээдэрдэг гээд бодохгүй юу. Сүүлдээ дасчихдаг, тийм тусгай жортой. Аймгийн дарга У.Заяат гэж хүн “Өлийн халзан давааны орой дээр хүн хараад зугтаадаг малтай, мал хуй нь тэгж зэрлэгшсэн хоёр хөгшин бий, чи очоод ир” гээд явуулж байлаа. Малын ноосыг нь ч авдаггүй, хонины гэдэсний ноос 27 сантиметр, нурууных нь 50 сантиметр, ноос нь газраар чирэгдчихсэн хонь гэхэд бяруу шиг айл угтаж билээ. Ингэж л Хөвсгөлийнхөнд шингэсэн дээ. Эхлээд надаас цэрвэдэг байснаа сүүлдээ дагаж хамтарч ажилладаг болсон” гэж бага залуу насандаа ихэд жийрхэж очсон Хөвсгөлийнхөө таван жилийг хуваалцсан юм. Наян есөн оны наймдугаар сард Москвад ДЯЯ-ны академийн дээд курст явжээ. Хөдөөнөөс Москваг зорьж байгаа анхны хүн. Аймгийн сэргийлэхийн дарга нарыг явуулдаггүй, төвөөс ганц нэг тоотой хүн явдаг байсан тэрхүү бичигдээгүй хуулийг зөрчиж Москва морджээ. “Миний өмнө Сандаг-Очир генерал, Давааням хурандаа, Арслан хурандаа, Алтангэрэл хурандаа (Зоригийн хэрэг дээр тодордог), Сангарагчаа (Авлигатай тэмцэх газрын дарга асан) энэ хэд явсан” гэж дуулгасан нь бас л амаргүй нөхдийг төрүүлсэн сургууль гэдэг нь тодорхой. 1991 онд Москвагаас ирээд Баянхонгороо бараадсан гэнэ. Жамъянсэнгээдээ “Би төв газар суухгүй ээ. Намайг хөдөө томилоорой, тэр тусмаа төрсөн нутаг Баянхонгорт минь томилоорой. Нас 40 хүрлээ. Ээжийгээ ч нутагт нь нэг аваачъя” гээд нутагтаа очсон байдаг.

Монголын цагдааг “бүгд найрамдах вант улс”болгож тунхаглаж өгсөн алдарт Пүрэв генерал Даваадорж хурандаа хоёр элэг сэтгэл ойр явсан хүмүүс. Пүрэв генерал түүнийг төрсөн нутагт нь томилоод зогсохгүй дараа нь Дархан-Уул аймагт суулгаж, “Дарханы Даваадорж” хэмээн нэрших алдрыг нь өгч хувь заяаг нь хөтөлсөн байдаг. “Ерэн гурван оны намрын сүүл сард Дарханд очсон. Би чинь дандаа хөдөө аймгуудад ажилласан нэг талаасаа хөдөөний хүн очиж байгаа. Дархан бол олон газрын төвлөрөл хотожсон аймаг байлаа. Аймгийн дарга нь одоо Эрхүүд байгаа ерөнхий консул Л.Амарсанаа Хөвсгөлийн хүн. Орлогч нь Шадар сайд Ө.Энхтүвшингийн ах Жигжидсүрэн бас Хөвсгөлийнх. Тэр хоёр намайг Хөвсгөлийнх гэж бодож байсан. Баянхонгор нутаг минь болохоос Өвөрхангай гээд олон аймгаар овоглосон хүн юм. Дархан-Уул аймагт цагдаагийн даргаар 13 жил ажиллаад ерөнхий газарт ирж хяналт шалгалтын хэлтэст дөрвөн жил болоод тэтгэвэртээ гартал Дархан маань дахиад дуудлаа. “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” компанийн цагдаагийн хэсгийн даргаар дөрвөн жил, аймгийн Биеийн тамир спортын хороонд менежерээр бас дөрвөн жил болсон. Мөн Дарханы цагдаагийн газрын даргын зөвлөх болоод түүнийгээ хийж байгаад хотод ирж Хан-Уулын цагдаагийн хоёрдугаар хэлтэст зөвлөхөөр ажиллаж байна. Монголын цагдаад хагас зууныг элээсэн ч өнөө мөн ялгаагүй буулганаасаа салалгүй хэрэг уншаад, ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээ болоод сууж байна”хэмээн итгэл төгс хэлнэ билээ. Аргагүй л үг бүрээс нь луугар хурандаагийн зангараг, Монголын цагдаагийн амьд архив гэдэг нь мэдрэгддэг. ЦЕГ-ын дарга Баатаржаваас аваад бүх удирдлагууд нь Даваадорж хурандаагийн цэргүүд. Тэрээр Монголын цагдаад тасгийн даргаас дээш албан тушаалд 40 гаруй хүнийг бэлтгэн, сурган хүмүүжүүлж дарга болгосон гавьяатай. Үнэндээ Дархан хот бол цагдаагийн дарга нарыг төрүүлсэн уурхай болсон газар. Ер нь тэгээд цагдаад хэн хэнийг бэлдэж өгсөн гэдгээр нь тухайн хүнийг дүгнэдэг, хамгийн бодит үнэлгээ. Үүнд Даваадорж хурандаагийн үнэ цэнэ, сүр сүлд нь оршдог ажгуу.

“Хурандаагийн гэргий нь Раднаагийн Цэрэнбямбаа гэж нийтийн хоолонд ажиллаж байсан, ундтай устай сайхан хүн. “Найзууд маань “Чи азтай шүү, хурандаатай суугаад” гэдэг. “Би ханийгаа хув чихтэй хурандаа байхад нь суугаагүй, дэрчгэр чихтэй дэслэгч байхад нь суусан, харин хурандаа болгосон” гэж яриан завсраа инээд наргиан болгосон нь “Тэр ч үнэн байх шүү” гэх бодлыг төрүүлсэн. Тэднийх дөрвөн хүүхэдтэй. Том хүү Бямбадорж мөн л цагдаагийн албан хаагч. Одоо Булганы Хутаг-Өндөр сумыг хариуцсан тасгийн дарга, цагдаагийн ахмад. Харин дараагийн хүү Пүрэвдорж нь Утай гүмбүмд шашны сургууль төгссөн, Японд буддын шашин судлалаар докторын зэрэг хамгаалсан. Токиод гэр бүлээрээ амьдарч байна. Нэг хэсэг Дамбажав хамбын нарийн бичгээр ажиллаж байсан тэрээр Ажаа гэгээний шавь, эрдэм төгс нэгэн. Даваадорж хурандаа лам хүүгийнхээ Ажаа гэгээнтэй авахуулсан зураг сэлтийг бурхан тахилынхаа шүүгээнд хүндэтгэн байрлуулсан байна лээ. “Миний хүү чинь өөрөө түвд ном бичиг сурч, аавыгаа Москвад байхад “Би лам болно” гэж захиа бичээд шашны хүн болж, хувь заяагаа өөрөө л шийдсэн” гэв. Хурандаагийн энгэрийн зүүлт болсон ганц охин нь Эрдэнэбулган, эдүгээ нийслэлийн цагдаад ажилладаг басхүү дэд хурандаа. Бага хүү Эрдэнэмөнх нь Замын-Үүдийн тагнуулын даргаар ажиллаж байна. Энд нэг зүйлийг зориуд тодотгоход аав нь дөрвөн аймгийн цагдаагийн дарга хийж, цэргийн тушаалаар аймаг аймагт томилогдох хугацаанд хүүхдүүд нь хэчнээн олон сургууль, багшийн гар дамжсан нь барагцаалахын аргагүй. Нэг сургуульд, нэг багшийн гарт зүгширч байтал дахиад л өөр тийшээ явах болно, хичээл ном нь тэр чигтээ хаягдана. Гэвчиг бүгд онц сурч өндөр боловсрол эзэмшиж өдгөө нэртэй зүстэй яваа нь Цэрэнбямбаа эгчийн гавьяа гэж эрхгүй бодогдсон.

Хурандаагийнх аль ч аймагт байсан гэр нь зочдоор дүүрч, олны хүрээлэл дунд явж иржээ. Энэ нь Даваадорж ахын цагдаагийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж, удирдаж явсан нөхдөө үргэлжид элгэн халуунаар дурсч, амьдарч асан газрынхаа ард түмнээр бахархдаг жудагт чанарт нь оршдог болов уу гэж санана. Тэрээр алдар суутнуудын хэлж ярьж, бичиж үлдээсэн ном туурвил, нийтлэлийг нарийн нягт уншиж, өөрийнхөөрөө боловсруулж, ажил албандаа тусган, хамт олондоо ярьж зөвлөдөг байсан нь өнөөгийн өндөрлөгт хүрэх бас нэг хөрс суурь нь болсон байх. Чухамхүү хоёр нийгмийн зааг он цагт НАХЯ болон Цагдан сэргийлэх ерөнхий газрын даргын бүхий л ажлыг толгойгоороо хариуцаж, дөрвөн аймгийн 40 гаруй суманд Монголын цагдааг төв хөдөөтэй холбох гүүр нь болж ирсэн нь том гавьяа юм. “Үнэндээ дөрвөн аймгийн ажлыг шалгана гэдэг төв газрын бидэнд амаргүй, боломжгүй мэт санагддаг. Гэтэл дөрвөн аймгийн цагдан сэргийлэх хууль хүчний ажлыг амьдралынхаа туршид жигд сайн авч ирнэ түүхэн гавьяа гэхээс өөр яахав. Энэ хүн нийгмийн амаргүй нөхцөлд хүнлэг чанараараа Монголын цагдаад нэрээ дуурсгасан” гэж буурал хурандаа Билгээ нь бахдан хэлнэ билээ.

“Манай Даваадорж жудаг ёс, хүнлэг чанар, ноён нурууны хувьд яриа байхгүй сайхан. Тэртээ далан гурван онд сургууль төгсөөд Өвөрхангайд очихоос нь хойш өнөөг хүртэл ах дүү, анд нөхөд шиг явж ирлээ. Монголын цагдаад шалгарсан дарга гэдгээ туулсан амьдралаараа бататгаж ирсэн түүнд гавьяат хуульчийг нь өгчихөж болдоггүй л юм байх даа” гэж цагдаад 30 шахам жил ажиллаад тэтгэвэртээ суусан үйлчилгээний гавьяат Ё.Ядамсүрэн гуай хэлсэн бол эрхэм хурандаагийн удирдлагад явж ирсэн цагдаагийн бэлтгэл хошууч Гарамжилын Ганбат “Би цагдаад насаараа зүтгэхдээ олон даргын нүүр үзсэн. Гэхдээ Даваадорж хурандаа шиг удирдлагад байгаа хүмүүстэйгээ харцаараа ойлголцож чаддаг хүнийг үзээгүй. Хурандаагийн зааварчилгаагаар1990-1993 онд Баянхонгорт бүх эзэнгүй хэргүүдийг илрүүлж байлаа. Ялангуяа аймгийн музейг тонон дээрэмдэж улсын хэмжээнд хоёрхон байдаг их гарын шүрэн толгойтой, шүрэн сийлбэртэй, алтан нуухтай хөөрөг болоод үе дамжиж ирсэн үнэт эдлэлүүдийг хулгайлсан хэргийг илрүүлж байлаа. Манай гэрийн хүн Доржпалам хурандааг ихэд хүндэтгэн дээдэлнэ. Намайг Баянхонгорт алба ажилтай байхад хурандаа хот руу ажлаар явах замдаа Архангайгаар дайрч гэр бүлийг маань эргэж, ахуй амьдралтай минь танилцаж байсан. Ингэж л хүний хүндлэлийг хүлээсэн, дандаа бусдын төлөө явдаг хүн. Тиймдээ ч үйлс заяа нь өндөр байдаг байх” гэв. Дарханыхан хурандаадаа ямархан хүндэтгэлтэй ханддагийнх нь илэрхийлэл “Махын Дэлэг” гэж алдаршсан “Мах импэкс”-ийн захирал Дэлэг гуайн хүү Амарбаярын үгнээс мэдрэгддэг. “Даваадорж хурандаа аавтай минь нэг нутаг усны Баянхонгорын хүмүүс. Дархан хотод хонгор нутгийнхаа ард түмнийг төлөөлдөг байлаа. Ламын гэгээний ой зэрэг олон баярт хурандаа маань тэргүүлээд бусдыгаа удирдана. Аавын минь оронд аав минь болсон хан уул. Ер нь Дарханы хүн бүгд хурандаагаа тэгж хэлнэ дээ” гэсэн. Энэ мэт олон дурсамж дурдатгалыг шигтгэх байна.

Тэр жил дарга нарын цугларалт дээр Пүрэв генерал “Орон нутгуудын даргаар би Даваадоржоо томилмоор байна” гэж шулуухан хэлжээ. Домогт генералыг “Монголын цагдаагийн загалмайлсан эцэг” гэдэг. Харин “дарга нарын дарга” гэх хүндэтгэл Даваадорж гуайд байдаг нь өнөө л өвгөн генералынх нь хайрласан өндөрлөг байх нь. 1996 онд түүнд хурандаа цолыг нь өгсөн байна. Орон нутгийн дарга нарт өгөхгүй байж байгаад анх Лувсандорж, Саадэлэг тэр гуравт өгсөн түүхтэй. Тухайн үед Даваадорж дарга эмнэлэгт байж таарчээ. “Төвийн цагдаагаас Пүрэв гэж хүн ярья гэхээр нь генералыг байна гэж мэдээд шархандаа жаахан түүртсэн амьтан утас автал “Нөхөр хурандаагийн амрыг ирье. Та чинь олгойнд дээрэлхүүлээд эмнэлэгт байгаа сураг дуулдав уу. Таныг хурандаа цолоор шагнаснаа би ёс журмынх нь дагуу илтгэж байнаа” гэхэд нь хэлэх үггүй, хоёр нүдний нулимс асгарч байлаа. Дараа нь Дарханы Амарсанаа дарга эргэж ирэхэд энэ тухайгаа сэтгэл хөдлөн ярьж байлаа. Хурандаа гэдэг ийм л хүндтэй цол байсан даа” гэх үгээр энэхүү тэмдэглэлээ өндөрлөе. Түүний тухай өгүүлнэ гэдэг зуун жилийн түүхтэй Монголын цагдаагийн хагас зууны түүх бичигдэнэ. Сонины нэг нүүрт байтугай бүхэл бүтэн номын хэмжээ яригдах нь дамжиггүй. Арга байхгүй, Монголын цагдаагийн тамгатай хурандаа юм аа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *