Categories
мэдээ нийгэм

Даншиг наадам эхэллээ

Монголд шашны тэргүүн Өндөр гэгээн Занабазарыг залах үеэс эхлэлтэй Даншиг өргөх ёслол өнөөдөр тохиож байна. Наадмын албан ёсны нээлт өнөөдөр 11.00 цагаас эхэллээ. “Даншиг наадам-Хүрээ цам”-ын нээлтийн ажиллагаа цамын талбайд болж хурсан олныг баясгасан. Үүний дараа соёмбот туг, өндөр гэгээний дүрийг залсан юм.

Даншиг наадмын хөтөлбөрт үндэсний бөх, сурын харваа, хурдан мориноос гадна жуулчдыг татах олон сонирхолтой арга хэмжээ багтжээ. 13.10-14.00 цагт ном хаях, мэтгэлцэх, балин болон тосон урлалын тэмцээн болно. Мөн жуулчдад зориулсан үзэсгэлэн гарна. Харин оройн 19.00 цагаас эхлэн наадамчин олонд зориулсан урлагийн тоглолт болох аж.

Жуулчдаас “Найрсаг Улаанбаатар” гэх үнэлгээ авахын тулд өнгөрсөн жилээс шат дараатай арга хэмжээг нийслэлийн Засаг даргын тамгын газраас зохиож байгаа билээ. Энэ удаагийн наадам ч шашин, соёлын арга хэмжээ боловч нөгөө талаас жуулчдыг татах боломж хэмээн албаныхан тайлбарлаж буй. Өнөөдөр маргааш үргэлжлэх даншигт 1000 гаруй жуулчин ирнэ гэсэн таамгийг хотын удирдлагууд гаргажээ. Гэхдээ энэ удаагийн наадам нь Үндэсний их баяр наадам шиг брэнд болоогүй учраас жуулчдын хувьд хэтэрхий том тоо гаргах нь утгагүй хэмээн хотын дарга Э.Бат-Үүл онцолсон. Гэхдээ л үндэснийхээ үнэт баялаг, онцлогийг гадныханд сурталчлах томоохон боломж хэмээн харж байгаа.

Үндэсний их баяр наадмаар Хүй долоон худаг шороо тоос ихтэй, хуурайшилттай байсан. Харин өнөөдрийн хувьд Хүй долоон худагт зүлэг ногоо ургаж, ногоорсон, наадамлахад тохиромжтой болсныг онцлов.

560 сая төгрөгийг даншиг бус нийгмийн хэрэгтэй үйлсэд зарцуулах талаар зарим иргэдийн шүүмжлэлтэй тулгарч байсан. Ямартай ч шүүмжлэл дагуулсаар ирсэн ч Даншиг наадам ийнхүү эхэллээ.

Наадамд зориулж Хүй долоон худагт 2100 хүний суудалтай талбай тохижуулж, бэлэн болгосон юм. Наадмын цамын ёслол, нээлт, урлагийн тоглолт гээд голлох үйл ажиллагаа энд болно. Наадмын үеэр 150 аж ахуйн нэгж, иргэн худалдаа үйлчилгээ явуулах юм байна. Мөн даншиг наадмын үеэр Хүй долоон худаг руу автобус үнэгүй үйлчилнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *