Categories
гадаад мэдээ

Дани улс 2010 оноос хойш төрсөн иргэддээ тамхи худалдаалахыг бүрмөсөн хориглоно || DNN.mn

Дани улсын эрх баригчид ирээдүй хойч үеэ тамхигүй ертөнцөд амьдруулах төлөвлөгөө боловсруулж байгаагаа зарлажээ.

Ингэхдээ 2010 оноос хойш төрсөн тус улсын иргэдийг насан туршид нь тамхи худалдаж авах эрхгүй болгох юм байна.

“2010 оноос хойш төрсөн бүх хүмүүс хэзээ ч тамхи татдаггүй буюу никотины төрлийн бүтээгдэхүүн хэрэглэдэггүй болгохыг бид зорьж байна” гэж Данийн эрүүл мэндийн сайд Магнус Хюнике өчигдөр сэтгүүлчдэд мэдээлжээ.

Одоогоор тус улсын 18 нас хүрээгүй иргэдэд тамхи зарахыг хориглодог юм. Данийн эрүүл мэндийн яамны мэдээлснээр тус улсын 15-29 насны иргэдийн 31 орчим хувь нь тамхи татдаг гэнэ.

5.8 сая хүн амтай Дани улсад хорт хавдрын өвчлөлийн гол шалтгаан тамхидалт болдог байна. Жил бүр тамхитай холбоотой хорт хавдрын улмаас 13,600 орчим хүн нас бардаг ажээ.

Хорт Хавдрын Нийгэмлэгээс явуулсан судалгаагаар иргэдийн 64 хувь нь ирээдүйн иргэдэд тамхи зарахыг бүрмөсөн хориглох засгийн газрынхаа саналыг дэмжсэн байна. 18-34 насныхны дунд дэмжлэг 67 хувьтай байжээ.

Дани улсын засгийн эрхийг барьдаг Социал демократууд бас залуу үеийнхний архины хэрэглээг зохицуулах талаар төлөвлөж байгаа гэнэ.

Эхний ээлжид 16.5 хувиас бага спиртийн хэмжээтэй согтууруулах ундаа худалдах насны босгыг 16-аас 18 болгон өсгөхөөр төлөвлөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *