Categories
мэдээ цаг-үе

Дамдинсүрэнгийн Урианхай “Азийн тэргүүн найрагч”-ийн шагнал хүртлээ

Урианхай зурган илэрцүүдДэлхийн урлаг соёлын академийн байнгын гишүүн, утга зохиолын доктор, бичгийн сод туурвигч Дамдинсүрэнгийн Урианхай нь Монголын нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч хүн билээ. Тэрээр “Эдүгээ цагийн Азийн тэргүүн найрагч” хэмээх эрхэм хүндтэй шагналын анхны эзнээр тодорчээ. БНСУ-ын Сөүл хотод төвтэй Азийн соёлын сангаас энэхүү шагналыг санаачилсан бөгөөд Азид тэргүүлэх яруу найрагтай гэж үзсэн Хятад, Япон, Монгол, Иран гэсэн дөрвөн орны найрагчдаас тус бүр нэг хүнийг сонгон өрсөлдүүлсэн байна. Тэд манайхаас Д.Урианхай зохиолчийг сонгож, мэргэжлийн судлаач шүүмжлэгчдээр зохиол бүтээлийнх нь талаар өгүүлэл, шүүмж бичүүлэн хүлээж аваад тухай бүрт нь англи, солонгосоор орчуулан, шүүгчдэд хүргүүлж байсан аж. Ингээд сонгогдсон дөрвөн яруу найрагчаас англи, франц, солонгос шүүгчдийн 100 хувийн саналаар Монголын зохиолч шалгарчээ.

“Асар хурдацтай хувиран өөрчлөгдөж буй дэлхий ертөнц, хүний амьдралын элдэв үзэгдлийг уламжлал, шинэчлэлийнх нь харьцаанд яруу найргийн хэлээр төгс илэрхийлсний учир…” хэмээн энэхүү нэр хүндтэй шагналыг түүнд олгох болсон үндэслэлээ тодорхойлсон байна. Д.Урианхай зохиолч шагналаа Гвоньжоу хотноо зохиогдож буй олон улсын яруу найргийн чуулганы үеэр гардан авчээ. Тэрээр орчин цагийн хүмүүсийн сэтгэл зүй хийгээд яруу найргийн тухай лекц уншсан аж.

“Эдүгээ цагийн Азийн тэргүүн найрагч” хэмээх энэхүү шагнал нь шүүлт, зохион байгуулалт, тухайн зохиолчид олгох мөнгөн дүн гээд бүхий л талаараа Нобелийн шагнал-тай дүйцэхүйц гэдгийг Солонгос дахь “Азийн утга зохиол” сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүн П.Батхуяг доктор онцолсон.

Эдүгээгээс хэдэн жилийн өмнө Д.Урианхайн бүтээл “Дэлхийн нэг шүлгийн ном”-д багтаж байсан түүхтэй. Түүний “Инээд шиг хуучин хүний амьдралд” хэмээх зохиолчийн өөрийнх нь тодотгосноор постмодерн, авангард чиглэлийн шүлэг нь хэвлэгдсэн байдаг. “Дэлхийн нэг шүлгийн ном”-ыг Францын нэртэй эрдэмтэн судлаачдын баг эрхэлдэг бөгөөд хүн төрөлхтний оюун сэтгэлгээ мэдрэмжийн охь дээж болсон бүтээлүүдийг маш нарийн шалгуурын дор хэвлэхээр сонгодог. Шалгарсан бүтээлээ хоёр жилийн туршид уншиж судалсны эцэст ганцхан шүлгээр ном бүтээнэ. Ингэж Урианхай Ази тивээс анх удаагаа “Дэлхийн нэг шүлгийн ном”-д бүтээл нь хэвлэгдсэн зохиолч болж байв. Нэр хүнд бүхий уг номыг ердөө тавин ширхэг хэвлэж олон улсад элит хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн хаадын номын сангуудад тусгайлан дурсгадаг юм гэсэн. Сонирхуулахад, нэрт найрагчийн “Модод” шүлэг нь анх Марк Пэссан тэргүүтэй Францын эрдэмтэн мэргэдэд таалагдсан байдаг. Гэвч “Модод” бус “Инээд шиг хуучин хүний амьдрал”-д шүлэг нь хэвлэгдсэн нь бас сонин. “Модод” шүлгийг бүрэн эхээр нь хэвлэхийг найрагч санал болгожээ. Уг бүтээл олон бүлгээс бүрдсэн урт шүлэг юм. Нэг бүлгийг нь л Г.Аюурзана сонгож “Монголын сонгомол яруу найраг ном”-нд оруулсан байдаг. Гэвч найрагчийн хүсэлтийг хүлээн авч “Модод”-ыг бүтнээр нь хэвлэх боломжгүй учир өөр бүтээлүүдээс сонгосон нь тэр юм билээ.

“Урианхай Монголын утга зохиолд дуулиантай орж ирсэн нь 60-аад оны сүүл үе. Тэр багаасаа уран зохиол гэгч амар хялбар эд бус чухамхүү чөмгөөн дундалж жинхэнэ зохиолыг бичнэ. Эсвэл үгүй гэж хатуу батаар бодсон. Эл бодолдоо цаг хугацаа ахих бүр улам итгэж үг мөр бүхнээ чадал заан урладаг нь шүлэг, найраглал, өгүүллэг, тууж, жүжиг, романы нь утга уянга хийц далайц юм бүхнээс илэрхий” гэж ардын уран зохиолч Д.Цоодол бичсэн бол “Найргийн наадамд чуулсан морины хүүхэд шиг миний үеийнхэн бид “Дотоод шаталтын хөдөлгүүр” найраглал уншин толгой сэгсэрч эх орны бодолд автан гайхаж явсан цаг. Таны шинэ танил тууж хийгээд Саарал тэмээний тухай яриан дунд миний үеийнхэн их утга зохиолын босго алхсан юм. “Халуун зуны сүүдэр” тууж шуугиан тарьж “Өвлийн шувуу анир гүмхэн нисэж ахуйд бид яруу найргийн галд ойртож суусан. Тэр л цагаас Урианхай гэдэг нэр шинэчлэл гэдэг үг болон сонсдох болсон” гэж төрийн шагналт Дамбын Төрбат бичсэн.

“Монголын яруу найрагт Дамдинсүрэнгийн Урианхай хэмээх нэгэн ертөнц бий. Тэр ертөнцийн гүн рүү өнгийж үзэх амаргүй. Гэвч тийш өнгийх нэгэн үүд-өрх бий. Тэр бол яруу найраг.

Аглаг шугуйн салхи үнэрээ гээж,

Амраг шувууд уйлалдсан намрын орой…

Навч унахын тоогоор хагацалд элэх моддоос

Эцсийн нь навч салхинд харвахуй

Нар тэмтрэн бүлээцэх голын ус

Эгшин зуур урсахаа зогсохыг сэрнэ…“ Салхи үнэрээ гээж, шувууд уйлалдсан намрын” тухай, төсөөлөхөөс халшрам энэ үгс бол дээд яруу найргийн өнгө аялгуу. “Навч унахын тоогоор мод хагацалд элнэ” гэдэг, “Нар тэмтэрч бүлээцээд голын урсгал зогсоно” гэдэг дээд яруу найргийн сэрэл мэдрэмж. Ийм өнгө аялгуу, ийм мэдрэмж сүлэлдсэн ертөнц” хэмээн Г.Аюурзана зохиолч бичсэн нь бий. Ингээд “Азийн тэргүүн найрагч”-ийн шүлгүүдээс уншигч олондоо хүргэе.

Инээд шиг хуучин хүний амьдралд…

Инээд шиг хуучин хүний амьдралд

Нулимс шиг халуун байх

Маргааш шиг ойрхон байх

Магад ирэх үхэл шиг

Давтагдахгүй байх

Нулимс шиг хуучин хүний амьдралд

Мөрөөдөл шиг гэгээн байх

Хайргүй хүндээ ч хайр шагнах

Харагдахгүй бурхны хутаг олох

Мартагдахгүй гомдолдоо

Уйлахгүй тэсэхээр цайлган байх

Гомдол шиг хуучин хүний амьдралд

Харагдахгүй бурхан шиг ил байх

Өнөөдрийнх шиг уйтай өдрийг

Дахиад яасан ч тэвчихээргүй

Тэсрэмтгий байх

Өчигдрийнх шиг,

Уржигдрынх шиг,

Утгагүй тарчилгах удаан өдрөөс

Яасан ч дахиад амьд үлдэхээргүй

Тэрсүүд байх

Тэнэг шүлэг бичихээр

Дахин төрөхгүй байх

Инээд шиг хуучин…

Нулимс шиг хуучин…

Гомдол шиг хуучин..,

Харагдахгүй бурхан шиг

Хүний амьдралд

“Байхгүй юм” шиг нь

Үргэлж шинэ байх

Байгаа бүгдээс нь

Мөнхөд өөр байх

Өчиг

Oрчлoнд би олон ч биш, ганц ч биш

Огторгуй дор үүрд ч биш, зуурд ч биш!

Хүн байтгуай чулуу бууралтдаг хорвоод

Хүслээ нөмөрч л жавар хаадаг нүцгэн хөөрхий!

Нyyсан хайр минь хийсэн алдаа шигээ ил ээ

Нулимс, инээд хоёр минь ч үнэн болохоор ил ээ!

Манан бүсэлсэн хангай шиг хааяа дүнсийдэг ч

Магнайн гурван үрчлээндээ нар хонуулан дүнхийдэг ээ

Өд сөдөө ч зулах жигүүртэн сэтгэлд минь

Өрөвдөхийн халуун л шатан, нойргүй хонуулдагаа

Ганихрах гунихрахын цагт нөхөр үгүйлэх сүүрс

Гарааны мoрьд шиг цанхаалан цээжинд цамнадаг аа

Олон дунд өнчрөөд, мөрөөссөний урам хугаравч

Орой намрын навчистай адилыг нь бодон нөмөрлөдөг өө

Загийн үндэс шиг хайр минь чулуу мөргөвч

Зам муруйлгүй зүтгэсээр ард түмнээ зорьдог оо

Нүд хужирлах өнгөнд хөл алдахад нь зовниж

Нүцгэн биенд нь гал зурснаар дулаацахгүйд энэлж

Нүргээн дунд замхрах өнчин хонхон дуу

Нүүдэл удмын болор шүлгэндээ гунигаа юүлдэг ээ

Салхи шиг хуугиа бага наснаасаа би

Сайранд ургасан шарилж, бутаа ч эвийлэн харж

Санахын зовлонд дэвтcэн эгшиглэнт бясалгалаар

Санчиг, зулайгаа агийн толгой шиг цайлгасаан…

Орчлонд би олон ч биш, ганц ч биш

Огторгуй дор үүрд ч биш, зуурд ч биш!

Амьд байтгугай үхснийг элээдэг хорвоод

Аз заяагаар туйгаагүй минь хохь ч биш, зол ч биш ээ!

Н.ТУЛГАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *