Categories
мэдээ цаг-үе

Дамбын Төрбат: Монголчууд морио уралдуулж чаддаг мөртлөө хүнээ уралдуулж мэддэггүй

Түрүүч нь №094(5937) дугаарт

Гэр бүлийн хамт

Монгол Улсын төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Дамбын Төрбатын туурвисан “Могойн чуулган” роман ерээд онд шуугиан тарьж, роман бичлэгт шинэчлэл авчирч байсан бол “Ирж яваа цаг” кино нь үзэгч олны хайртай бүтээл болж дэлгэцийг эзэгнэн гэрэлтэж, түүний “Гүн гэрийн гүнж” дуурь орчин үеийн сонгодог бүтээлийн нэгэнд тооцогдож “Болор цом” наадамд айрагдаж, түрүүлж байсан “Ижий шүлэг”, “Халаасны өрөө”, “Үхлийн магтаал” шүлгүүд нь өнөө ч яруу найраг сонирхогч хийгээд судлаач эрдэмтдийн анхаарлыг татаж байдаг юм. “Хулганын зиндаа”, “Үхэр унасан бурхад”, “Туулай туульс”, “Морин зэрэглээ” зэрэг арван хоёр жилээр нэрлэсэн романуудыг нь ард түмэн мэднэ. Ид хийж бүтээх насандаа яваа эрхэм зохиолч тэрээр “Маршалын нууц товчоо” найман дэвтэр романаа уншигч олноо хүргэж талархлыг олсон бөгөөд “Сүүтэй сахиус” цуврал туурвин “Дондогдулам”, “Пагмадулам”, “Гэнэнпил” намтар роман нь уншигчдын гарт очоод байгаа билээ. Түүний ярилцлагын үргэлжлэлийг хүргэе.


-Таныг наяад оны уран бүтээлчдээс хамгийн түрүүнд номоо хэвлүүлсэн яруу найрагч гэдэг байх аа?

-Мянга есөн зуун наяад он гэдэг Монголын яруу найргийн их оргилуун үе байсан. Бид социализмыг бүтээчихсэн ч юм шиг санадаг, бараг маргааш коммунизмд орчих юм шиг өөдрөг үе л дээ. Энэ оргилуун үед анхны шүлгүүдээ бичиж байсандаа би их баярладаг. Тэр үед Монголын зохиолчдын эвлэл том байгууллага байсан. Энэ байгууллагын ивээл дор “Улаан жигүүр” анхны ном маань гарсан. Редактор нь ардын уран зохиолч Пунцагийн Бадарч багш минь байлаа. Анхны номын баярын дуудлагыг дуулгасан хүн маань Залуу зохиолчдын зөвлөлийн эрхлэгч, их зохиолч Сэнгийн Эрдэнэ. “Шар Мягмарсүрэнгийн “Урины шувуу”, та хоёрын номоор анхны номын баярыг хийнэ” гэсэн. Энэ бол том баяр байсан. Сэнгийн Эрдэнэ хөтлөөд, Далхаагийн Норовын дэргэд суугаад, Доржийн Гармаа өөдөөс харж суусан гэхээр дэндүү сайхан сэтгэгдэл үлдсэн дээ. Миний амьдралын хамгийн баярт явдал мөн шүү. Тэгэхэд би МУИС-ийн хоёрдугаар дамжааны оюутан байлаа. Яруу найраг маань надад олдсон дэндүү их хувь. Дэндэвийн Пүрэвдорж багштаны хэлсэн “Ном бүтээх бол Дамбын Төрбатын хувь юм” гэдэг үгийн эхлэл эндээс эхтэй.

-Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдорж багшийн тань 85-ны ой энэ онд тохиож байна. Та багштайгаа анх яаж уулзаж учрав?

-Аугаа их Пүрэвдоржийн “Чингис”, “Тусгаар тогтнол”, “Сумын наадам” шүлгүүдийг би цээжээр мэддэг байлаа. Зурагтад манай цагдаагийн манааны шовгорт цугладаг байсан улсын ихэнх нь багшийг их ярина. Монголын зурагт, радиогийн утга зохиолын нарийн бичгийн дарга нь яруу найрагч Тоомойн Очирхүү гуай байв. Пү-до багшийн шавь л даа. Шаравын Сүрэнжав хааяа архи ууж, хааяа эрүүл ирдэг дэн дунтай үед Монголын телевизийн үүдэнд суудаг харуулын цагдаа байлаа. Энэ үед утга зохиолд чиглүүлж өгсөн хүн бол гарцаа байхгүй Ламжавын Лувсандорж. МУИС-д Дулам багш миний ангийн багш Зулькафильд халуун чихийг минь атгуулж өгсөн. Багш минь надаас бас дүү юм шүү дээ. Ингээд намайг ангийн даргаар тавьчихгүй юу. Манай ангид төрийн шагналт зохиолч Бямбажавын Цэнддоо, бурхан болооч сэтгүүлч Бат-Эрдэнэ, МҮОНТ-ийн сэтгүүлч Эрдэнэцогт нар суралцаж байсан. МЗЭ-ийн харьяа МУИС-ийн утга зохиолын дугуйлан лхагва гариг бүрт хичээллэнэ. Энэ дугуйланг Пүрэвдорж багш хичээллүүлж “Зөөлөн дуут” Бямбажавын Энхтуяа, “Сумын заан” Чимэдравдангийн Мягмарсүрэн, Дэрэнгийн дэлт хийморь Цэндийн Чимэддорж, Барнангийн Доржпалам, Данзангийн Нямаа, Даваасүрэнгийн Чинзориг, Очирбатын Дашбалбар нарын авьяас төгөлдөр залуус ирж шүлгээ уншина.

-Үнэхээр л яруу найрагчийн хувьд сор болсон авьяастнууд цугладаг уран бүтээлийн нэгдэл байж дээ?

-Пүрэвдорж багшийн дугуйлан бол нэгэн үеийн том яруу найрагчдыг төрүүлсэн Дашзэгвийн Сэнгээгийн дугуйлангийн хоёр дахь хувилбар байсан. Сэнгээ гуайн дугуйлангаас Д.Пүрэвдорж, С.Дашдооров нарын олон агуу зохиолчид төрсөн. Багшийн дугуйлангийн эхний ээлжийнхэн гэвэл Т.Очирхүү, Бямбажавын Хүрэлбаатар, С.Оюун нарын далаад оныхон байсан юм билээ. Бид бол хоёр дахь үеийнхэн. Уран бүтээлч хүн бие биеэ мэдрэх гэдэг ямар нэгэн шахалтаар танилцах хэрэггүй зүйл байдаг. Пүрэвдорж багшийгаа анх харахад цагаан цамцны ханцуйг тохойгоо өнгөртөл шамлачихсан, баруун гартаа “ВТ” янжуурын утаа савсуулсан, цоглог цолгиун хөдөлгөөнтэй жижигхэн хөх хар хүн орж ирээд “Та нар шүлэг бичих гэж байгаа юм уу” гэж асуусан төрх нь одоо ч нүдэнд харагддаг. Наян нэгэн оны үе юм уу даа. Багш маань үүнээс хойш л бид бүхнийг хүн болгосон ачтан даа. Багшид хамгийн анх шүлэг уншсан хүн нь яруу найрагч Ламжавын Мягмарсүрэн байсан санагдах юм. Мань эр хашхираад “Болор чулуунд туссан сарны гэрэл адил үнэн болоод хуурмаг…” гээд уншсан байхгүй юу. Дараа нь бид цуваад шүлгээ уншсан. Хэн, ямар шүлэг уншсаныг би одоо мэдэхгүй. Дараа нь Явуугийн гэх хүмүүс сэмээрхэн яваад өгсөн. Пүрэвдорж багшийн сургалтын арга нь юу байсан гэхээр анхны ном бэлдэх байсан.

Д.Төрбат найрагч Д.Пүрэвдорж багштайгаа

-Бид хэдийгээр “бурхдын зодоон”-ыг шүүх эрхгүй ч асуумаар нэг зүйл байдаг. Явуухулан гуай, Д.Пүрэвдорж хоёр тийм их зөрчилтэй найрагчид байсан юм уу?

-Пүрэвдорж багш надад “Энэ бол хоёр яруу найрагчийн хоорон дахь зөрчил биш ээ. Намын үүрийн дарга, намын гишүүн хоёрын зөрчил” гэж хэлдэг байсан. “Бид хоёр чи сайн шүлэг бичдэг, би муу шүлэг бичдэг гэж маргаагүй. Явуу намын үүрийн дарга байсан. Би авгай сольсон. Би Явууд “Чи дурладаггүй юу” гэж ганцхан л юм хэлсэн. Явуу надад юм хэлээгүй” гэсэн багшийн үг Монгол Улсын Гадаад хэргийн сайд байсан Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд, соёлын гавьяат зүтгэлтэн, их гүүш Цэрэнпилийн Гомбосүрэн гуайн эмхэтгэн дээжилсэн Пүрэвдорж багшийн найман боть номд бэлээхэн бий.

-Пүрэвдорж багшийн тань талаар асуугаад байдаг нь та хоёр номын барилдлагат багш, шавиас гадна хамтарч сургууль хүртэл байгуулж байсан болохоор л уруулыг чинь угзраад буй хэрэг л дээ?

-Мань эр чинь их ухаантай хүн шүү дээ. Багш надтай хамт “Монголын нууц товчоо” сургуулийг үүсгэн байгуулж захирлаар нь ажилласан. Би дэд захирал нь байлаа. Энэ арван жилд багш маань “Улаан гэрийн хоригдол”, “Бор гэрийн богд” хэмээх өөрийнхөө дурсамжийн хоёр ботийг бичсэн. Тэрэн дээр Явуутай холбоотой зүйлээ дэлгэсэн.

-За, тийм байж. Та “Монголын уран зохиолын дээжис-108” ботийг ард түмэндээ өргөн барьсан хүн дээ. Таныг ч бас нөгөө талаар зохиолчдын бүтээлийг хэвлүүлж баяжсан ч гэх хүн байж байдаг?

-Би баяжсаан баяжсан. (инээв. сур) Гэхдээ би сэтгэлээр их баяжсан. Хүний сэтгэл гэдэг агуу юм байдаг юм байна лээ. Би тэр жилүүдэд Монголын ард түмэн морь таньдаг, хүн таньдаггүй юм байна даа л гэж бодсон. Энэ бол миний үнэн үг. Монголчууд морио уралдуулж чаддаг мөртлөө хүнээ уралдуулж чаддаггүй. Хүнээ уралдуулах гэсэн ганц оролдлого нь “Болор цом” яруу найргийн наадам байсан. “Болор цом”-ыг санаачилсан Пүрэвдорж багшийн хувьд их хар хэл ам дагуулсан наадам байсан байх. Түүн лүгээ “Би Монголын ард түмэнд их гавьяа байгуулчихъя гээд 108 боть хийнэ” гэхгүй юу. Үүнийг би ч санаачилсан юм биш. Энэ санааг Долгорын Нямаа, П.Бадарч, Дэмбээгийн Мягмар, Хорлоогийн Сампилдэндэв, Д.Цэнд, Ц.Хасбаатар нарын том улс багтсан редакцийн зөвлөл цуглачихсан ганц юм задлаад сууж байхад Л.Түдэв багш ирсэн юм. Түдэв гуай С.Эрдэнэ гуайн дор суугаад “Та нар найман боть гаргана гээд байна. Энэ бол дэмий л ажил л даа” гэхэд би ч палхийгээд явчихсан. “Банкнаас зээл авч хэвлүүлэх ч баларлаа” л гэж бодсон. Тэгсэн Түдэв гуай “Монголын утга зохиол ч дор хаяхад зуун найман боть болох л доо” гэнгүүт цээжинд нар мандаад явчихсан. Тэр үед эхний найман ботийг таван мянган хувь хэвлээд дуусчихсан байсан үе. Долгорын Нямаа гуай МЗЭ-ийн дарга байсан. “Дэмий юм ярих юм” гэж байлаа. Ням гуай чинь их хашир хүн шүү дээ. Тэгээд П.Бадарч багш бид хоёр Зохиолчдын хорооны байшинг барьцаанд тавиад зүтгэсэн дээ. “Ардын банк”-ны Амарбаяр гэдэг хүн анхандаа бишүүрхээд “Зохиолчдын хөрөнгө гэж юу байна” гэсэн чинь Бадарч багш “Паз автобус байна” гэж элгийг нь авч байлаа. “Монгол банк”-ны Ерөнхийлөгч Д.Моломжамцын зөвшөөрлөөр 17 сая төгрөгт Зохиолчдын байраа дэнчин тавьж зээл аван 108 ботио хэвлүүлчихээд зуун хувь төлсөн дөө. Тийм учраас МЗЭ-ийн байрыг тавьж 108 боть хэвлүүлсэн минь гавьяа болохоос гай биш ээ.

-МЗЭ-ийн 70 жилийн ойгоор та даргаар нь ажиллаж байлаа. Одоо зохиолчдын байгууллагын маань 90 жилийн ой тохиож байна даа?

-Хорин жилийн өмнө Засгийн газрын ордонд МЗЭ-ийн 70 жилийн ойг тэмдэглэж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, Ерөнхий сайд Жанлавын Наранцацралт нар хүрэлцэн ирж баяр хүргэж үг хэлж байлаа. Тэр сайхан мөч надад мартагддаггүй. Эхний өдөр эрдэм шинжилгээний хурлаа, “Утгын чимэг” наадамтайгаа хийсэн. Хоёр дахь өдөр нь “Болор цом”-оо хийсэн. Найрагчид шүлгээ уншиж байхад би ард нь ширээгээ засаад зогсож байлаа. Тэр үед зохиолч, яруу найрагч Баяндалай гуай Засгийн газрын ордны Үйлчилгээ аж ахуйн дарга байсан нь их тус болсон. МЗЭ-ийн 90 жилийн ой энэ жил болно. Энэ ерэн жилийн найман жилд нь эл том байгууллагыг удирдаж байсандаа баяртай явдаг. МЗЭ-ийн ой болоход цаг цагийн Засгийн газар Монголын зохиолчдод гар татаж байгаагүй. Тавь, жар, далан жил дандаа л Засгийн газрын ивээл дор явж ирсэн. Ийм учраас Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх анхаарал тавьж МЗЭ-д гар татахгүй байх гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Хүрэлсүх сайд цэргийн хүн. Цэрэг, шүлэг хоёр нэг дор төрдөг гэж би боддог.

СҮҮТЭЙ САХИУС

Шүлгийг СГЗ, төрийн шагналт Д.Төрбат

Аяыг УГЗ хөгжмийн зохиолч Д.Баттөмөр

Нутгийн минь өвс намайг их санажээ

Нурман саарал үүлсийн доор уйлж санажээ

Нулимсан буурал бороон доор дуулж санажээ

Нутгийн минь өвс намайг их санажээ

Сүүтэн сүүтэн нутагтаа

Сүүтэй сахиус ижий минь

Хүү болсон намайгаа

Сүү болтлоо санажээ

Ай хөөрхий

Уулын минь чулуу намайг их санажээ

Униар дундаас өндөлзөж суугаад санажээ

Унаган багын тоглоомыг өрж суугаад санажээ

Ухаант ижийг минь аргадаж байгаад санажээ

Бүүдэн бүүдэн нутагтаа

Бүүвэй сахиус ижий минь

Цал буурал хүүгээ

Цацал болтол санажээ

Ай хөөрхий

Усны минь дусал бүхэн намайг их санажээ

Улаан элсэн доороос ундарч байгаад санажээ

Уураг шаргал цай болон буцалж байгаад санажээ

Уяхан буурал ижийг минь ундалж байгаад санажээ

Цулбуураа чирсэн морь

Цуулж хатирдаг зэрэглээнд

Цуутай домог ижий минь

Чулуу болтлоо санажээ

Ай хөөрхий.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *