Categories
гадаад мэдээ

Далайн тээвэрт Хятадын ноёрхол нэмэгдсээр байна

“The Diplomat” сэтгүүлд 2021 оны арванхоёрдугаар сарын 18-нд хэвлэгдсэн тоймч Мэттью Рочатын “China’s Growing Dominance in Maritime Shipping” нийтлэлийг товчлон нийтэлж байна.

“Далайг эзэмдсэн хүн дэлхийн худалдааг гартаа оруулдаг. Дэлхийн худалдааг гартаа оруулсан хүн эхлээд дэлхийн бүх баячуудыг удалгүй дэлхийг ч удирддаг” гэж тэртээ 1616 онд Хойд Америкийг колончлоход чухал үүрэг гүйцэтгэсэн, Английн төрийн болон цэргийн нэрт зүтгэлтэн, судлаач, тагнуулч, зохиолч, яруу найрагч сэр Уолтер Ролей тунхаглаж байв. Тэгвэл Хятад улс далайн тээврийн салбарт ноёрхож буй нь АНУ болон бусад геополитикийн өрсөлдөгчдийн хувьд эмзэг сэдэв болоод буй нь яах аргагүй анхаарал татах сэдэв мөн юм.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн сард Лос-Анжелесийн боомтод хэрэгжүүлэх 24/7 тоот төлөвлөгөөгөө зарласан. Өмнө нь “Long Beach” боомтод үүнтэй адил арга хэмжээ авч байсан. Эдгээр хоёр боомтоор АНУ-д нэвтэрч буй чингэлгүүдийн бараг 40 хувь өнгөрдөг. Зул сарын баяраар боомтын үйл ажиллагааг өргөжүүлж, цаашид дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний тасалдлыг арилгах зорилготой тавьж буй хэрэг. Мөн далайн эрэг дагуу Сан Дьего хүртэл үргэлжлээд буй чингэлгүүдийн бөөгнөрлийг арилгахаар зорьж буй явдал юм байна. Энэ нь АНУ-ын далайн боомтуудад түгжрэл үүсгээд буй бараа бүтээгдэхүүн энэ улсын инфляцийн өсөлтөд нөлөөлөөд зогсохгүй тээврийн салбарт дахин анхаарал хандуулахад хүргэсэн гэсэн үг.

Дэлхийн өнцөг булан бүрт бараа бүтээгдэхүүний 90 хувь нь зорьсон газартаа хүрэхийн тулд далайг гаталдаг тул уг салбарын ач холбогдлыг дутуу үнэлж болохгүй. Далайн тээвэр нь бүх цаг үеийн туршид эдийн засаг болон цэрэг армийн “гол цэг” байсаар ирсэн. Газарзүйн их нээлтийн эрин үе буюу 18 дугаар зуунаас хойш дэлхийн улс орнууд далайн тээврийн гарцаа найдвартай хамгаалалтад байлгах нь тухайн улс үндэстний нөлөөгөө хадгалах гол эх үүсвэр хэвээр байгаа юм.

АНУ-ын дотоодын ч, гадаадын ч далайн тээвэрт Хятадын хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа нь геополитикийн өрсөлдөгчдийн санааг зовоож байгаа юм. Хятадын далайн боомтуудын тоо нэмэгдэж буйгаас гадна тус улс далайн тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг болсон. Дэлхийн далайн тээврийн чингэлгийн 96 хувь, хөлөг онгоцноос эрэг рүү ачаа буулгагч краны 80 хувийг Хятадад үйлдвэрлэдэг. Мөн тус улс нь 2020 онд гэхэд дэлхийн хөлөг онгоцны захиалгын 48 хувийг хүлээж авсан. Цаашилбал, дэлхийн хоёр дахь том худалдааны хөлөг онгоцны флот Хятадад байдаг. АНУ-ын Тэнгисийн цэргийн тагнуулын албанаас мэдээгээр, Хятад улс байлдааны хөлөг онгоцны тоогоороо АНУ-ыг гүйцэж, дэлхийн хамгийн том тэнгисийн цэргийн флоттой болсон гэнэ. Хятад улс цаашид улам хүчирхэгжиж, дэлхий дахинд нөлөөгөө тэлэх нь ойлгомжтой.

Өнгөрсөн зуунд харьцангуй дотооддоо чиглэсэн бодлогыг баримталдаг байсан Хятад улс эдийн засгийн ашиг сонирхол нь өдгөө хил хязгаараас давж, улам бүр өргөжиж байна. Хятадын далай тэнгисийн худалдааны салбар дахь сүүлийн 10 жилийн ноёрхол нь тэдэнд асар их үр өгөөжөө өгсөн. Энэ нь санамсаргүй нөхцөл байдлын үр дүн биш, болгоомжтой, алсыг харсан стратеги төлөвлөлтийн үр дүн юм.

Хятадын удирдагч Си Зиньпин 2013 онд “Бүс ба зам” санаачилгаа анх танилцуулж байв. Гурван тив, 60 орчим улсыг хамарсан олон их наяд ам.долларын хөрөнгө оруулалттай уг санаачилга нь Хятадыг бүс нутгийн худалдааны замуудын төвлөрсөн цэг болгохын зэрэгцээ улс орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой. Уг санаачилгыг Хятадын эрх баригчид “Шинэ Торгоны зам” гэж нэрийдсэн. “Бүс ба зам” санаачилга нь үндсэн хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй. Эхний хэсэг нь хуурай газарт байгуулах эдийн засгийн бүс юм. Энэ нь далайд гарцгүй төв Азийн орнуудад хурдны зам, төмөр зам, хий дамжуулах хоолой, газрын тос боловсруулах үйлдвэр, цахилгаан станц, уурхай, аж үйлдвэрийн парк барьж өгөх замаар Хятад руу орж гарах бараа бүтээгдэхүүний урсгалыг амар хялбараар шийдэх зорилготой.Хоёр дахь хэсэг нь далайн тээвэрт суурилсан эдийн засгийн бүс юм. Энэ нь Хятад руу орж гарах худалдааны урсгалыг чиглүүлдэг олон боомт, усан замуудад зориулсан бодлого юм. Энэ бүхнээс дүгнэхэд, Хятад улсын далайн тээврийн бодлого Энэтхэг-Номхон далайгаар хязгаарлагдахгүй, бүх дэлхийг чиглэж буй нь тодорхой харагддаг.

Хятад улсад өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй 10 боомтын долоо нь байрлаж байна. Мөн дотоодын тээврийн дэд бүтцээс гадна ойролцоогоор 63 оронд 100 гаруй боомтыг хятадууд эзэмшдэг. Хятадын хилийн боомтуудын 80 гаруй хувийг “China Ocean Shipping Company”, “China Merchants Group”, “CK Hutchison Hold­ings” гэсэн гурван том компани эзэмшдэг аж. “CK Hutchison Holdings” нь Хонконгод төвтэй хувийн хэвшлийн компани бөгөөд нөгөө хоёр нь төрийн эзэмшилд байдаг. Төрөөс далайн тээврийн салбарт 2010-2018 оны хугацаанд нийт 132 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Энэтхэг-Номхон далайн бүсэд Хятадын боомтын өргөтгөл хийгдсэн томоохон жишээ нь Шри Ланка дахь Хамбантота боомтыг 99 жилийн хугацаатай түрээсэлсэн явдал юм. Түүнчлэн Пакистаны Гвадар боомтыг 40 жилийн хугацаатай түрээсэлж, Жибути боомтод 350 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон. Жибути боомт нь Адены булан ба Улаан тэнгис хооронд байрладаг Хятадын цэргийн стратегийн гол бааз билээ. Хятадын “Harbor Engineering” компани Египетийн Сохна боомт дээр 2018 онд терминалын барилгын ажил эхлүүлсэн. Энэ боомт нь худалдааны өөр нэг томоохон цэг болох Суэцийн сувгийн ойролцоо байрладаг гээд бод. Харин Европ болон Газар дундын тэнгисийн орнуудын хувьд боомтын үйл ажиллагааных нь аравны нэг хувийг Хятад улс хянадаг гэсэн тооцоолол бий. Эдгээр боомтуудаас дурдвал, Францын “Le Havre”, “Dunkirk”, Бельгийн “Antwerp”, “Bruges”, Италийн “Vado port” зэрэг олон боомтууд орно.

Өмнөд Америкт ч Хятад улс боомт эзэмшиж, далайн тээврийн нөлөөгөө тэлсээр байна. Тухайлбал, Хятадын Харилцаа холбооны барилгын компаниас 2015 онд Куба улсын хоёр дахь том боомт “Santiago de Cuba”-д 120 сая ам.долларын зээл олгосон. Мөн Хятадын “CMG” компани Бразилийн хамгийн том боомт болох “TCP Participaccoes SA”-ийн хувьцааны 90 хувийг 2017 онд худалдаж авсан. Энэ мэтчилэн Хятад улс дэлхийн олон орнуудад далайн тээврийн бодлогоо тэлсээр байна. Хамгийн сонирхолтой нь АНУ ч Хятадаас боомтын хөрөнгө оруулалт авч байсан. Хятадын хоёр аж ахуйн нэгж АНУ-ын таван боомтын хувьцааг эзэмшдэг. Эдгээр таван боомт нь байрлалын хувьд “Houston”, “South Florida”, “Seattle”, “Los An­geles” болон “Long Beach”-д байдаг.

Хоёр улсын хоорондын харилцаа улам бүр тогтворгүй болж буй өнөө үед Хятад далайн тээврийн салбарт ноёрхож байгаа нь ирээдүйд илүү ноцтой үр дагавар авчирна гэж АНУ тэргүүтэй улсууд эмээж буй нь аргагүй юм.

Орчуулсан Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *