Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

​Далайн арлын тухай дахин өгүүлье

Манай сонин жил гаруйн өмнө утаатай, жавартай өвлөөр нисч очоод өвөлжчихдөг аралтай болъё гэж бичсэн удаатай. Тэгж бичсэний дараахан манай редакцид олон хүн хандаж, ихэнх нь дэмжсэн үг унагаж байсан юм. Юу л байна эзэнгүй цэлийсэн газар байна, хэн ч ашиглахгүй дэмий байлгахаар хэрэгтэй улсад нь тусгай зориулалтаар түрээслээд олсон мөнгөөрөө арал авчихвал ядаж л хүүхдүүдээ ханиаданд дарлуулахгүй, утаанаас үүдэлтэй элдэв өвчнөөр шаналахгүй шүү дээ гэж олзуурхсан нь олон байсан. Монгол шиг гурван сая гаруйхан хүн амтай улсын хувьд хааш хаашаагаа 50 километр, жижигхээн арал худалдаад авчихад л өтгөс хөгшид, нялхас балчруудаа дулаахан аятай орчинд тухтай өвөлжүүлчихнэ. Ийм аралтай болчихвол утаанд хэлмэгддэг хүүхэд хөгшдөө аравдугаар сарын сүүлээс гуравдугаар сар хүртэл тэндээ байлгачихна. Уудам нутгаасаа ашиглахгүй байгаа хэсгээ түрээслээд ч юм уу зараад аралтай болчиход болохгүй юмгүй. Арал түрээсэлж болж байна. Худалдаад авчих гарц ч бий. Бүр цаашлуулж яривал жилийн аль ч улиралд дулаахан, чийглэг, аятай тавтай цаг агаартай хэсэгт, далайн дунд арал бүтээх үлгэр биш болчихсон. Урд хөрш маань гэхэд хүчтэй газар ухагчийн тусламжтай далайн ёроолын элсээр хиймэл арал хийчихэж байна. Бүтээсэн арлаа цэргийн обьект, нисэх зурвас болгох зорилго өвөрлөж буйгаа нуудаггүй. Япончууд ч ялгаагүй, Филиппиний тэнгис дэх Окиноторишима нэртэй эзгүй бичил арлыг төмөр хавтан дээр өргөтгөнө гээд ажлаа эхэлчихсэн. Япон АНУ-тай хамтраад Хятадтай дайтсан тохиолдолд энэ арлыг тэнгисийн тулааны стратегийн чухал цэг болно гэсэн тайлбар ч дуулддаг.

Манай улсын хувьд арлыг Япон, Хятад, АНУ шиг цэрэг, стратеги энэ тэр гэж томоор харж зорих шаардлага хэтээсээ байхгүй. Аятай амьдрах орчин, эдийн засгийн агуулгаар нь харахад л болчих юм. Арлыг тойрсон 200 миллийн радиустай эдийн засгийн бүс цэнхэр гаригт чухалд тооцогддог энгийн логик бий. НҮБ-ын Далайн эрх зүйн тухай конвенцийн 121 дүгээр зүйлд эдийн засгийн бүс зөвхөн арлын эргэн тойронд байж болно гэсэн заалт дурайдаг. Улс орнууд далай руу гарахыг үеэс үед тэмүүлж ирсэн шалтгаан ерөөс энэ. Хатсан цөлд цэцэглэсэн “Дубай” гэж шил толь болсон орчин цагийн том хот байна. Эдийн засгаа богино хугацаанд яаж босгож болдгийн тодоос тод жишээ. Дубайн өмнөө барьдаг хоёр том бахархлын нэг нь “Palm Jumeirah”, “Palm Jebel Ali” хэмээх арлууд. Дубайчуудын гар, оюунаараа бүтээсэн хиймэл арлууд. Арабынх нь зөөлөн, ширхэг жижигтэй элс арал барихад таарахгүй учраас тээр холын Персийн булангаас хайрга чулуу, элс зөөж байж барьсан түүхтэй. Нийтдээ 210 сая метр куб чулуу, хайрга, элс зөөсөн гэхээр хэр аварга бүтээн байгуулалт өрнөсөн нь харагдана. Газар зүйн ашигтай байрлалаараа олон орны худалдаачдыг цуглуулж чадсан Дубайн цагдаа нар нь гэхэд тохитой тансаг, өндөр үнэтэй “Bugatti Veyron” хөлөглөдөг. Нэг хүнд ногдох ДНБ нь гурван жилийн өмнө лав 24.866 ам.доллараар хэмжигдэж байсан. Мөнгө л байхад аралтай болчихдог, арлаа бүтээчихдэг болсон энэ цагт байгаа боломжоо ашиглаж овоо хэдэн доллар цуглуулаад арал барьчихад асуудал байхгүй. Япон, Орос хоёрыг өнөөг хүртэл маргалдуулж байгаа манай цаг ууртай харьцуулшгүй зөөлөн дулаан уур амьсгалтай Курилийн арлуудыг түрээс-лээд аж төрье гэж хол сэтгэж яагаад болохгүй гэж. Агнуурын тэнгис, Номхон далайг зааглаж өгдөг энэ арлыг Оросын тал Камчаткийн нэг хэсэг гэж хардаг. Харин япончууд Хокайдо арлын хэсэг гэсэн тайлбар хийдэг. Халх голын сав газарт ногоо тариад мөнгө олох сонирхол урд хөршөөс гадна тариалангийн хэдэн зууны түүхтэй солонгос, япончуудад бий. Тэдэнд энэ хавийн газраа хэдэн арван жилээр түрээслүүлээд олсон мөнгөө аралтай болоход зарцуулах бүрэн боломж байна. Бүхэл бүтэн улс бүү хэл зүгээр л нэг мөнгөтэй жүжигчин арал худалдаад авчихдаг болсон цаг. Солонгосчуудад Халх голын сав газраа ашиглуулах боломж нээж өгөөд, Чежүгийн чинь нэг хэсгийг ашиглая гэхэд болохгүй юмгүй л санагддаг.

Монгол нутаг эрс тэс уур амьсгалтай. Хатуу ширүүн цаг агаарыг нь гадныхан толгой сэгсрэн ярьцгаадаг. Өвөг дээдэс маань өнөөгийн бидэнд хуурай ширүүн уур амьсгалтай хүйтэн жавартай нутгийг өвлүүлж үлдээсэн. Далайг дэлхийд хүрэх, дэлхийтэй харилцах, дэлхийн нэг хэсэг байхын салшгүй том шалтгаан гэдгийг олоод харчихсан улс орнуудын удирдагчид далайд гарцтай болохын төлөө яаж тэмцсэн нь хүн төрөлхтний түүхээс төвөггүй уншигддаг. Товчхондоо дээдэс нь ухаантай улс далайд гарцтай, дажгүй аж төрцгөөж байна. Наад захын жишээ гэхэд ОХУ байна. Оросыг иргэншүүлсэн “зандалчин” хэмээгддэг Петр I гэхэд л бүр өсвөр насандаа улс нь тэнгис рүү гарах гарцтай болохгүй бол удаан оршин тогтнож чадахгүйг ойлгосон байдаг. Санктпетербургийг босгож эхлэх үед тэр газар нь шведүүдийн эзэмшилд байсан гэж ирээд яривал далай руу тэмүүлсэн Петрийн шунал, зоригийн тухай түүх өчнөөн. Улсынхаа нийслэлийг дайсныхаа газарт сүндэрлүүлж байсныг дэлхий рүү гарах замтай болохыг хүссэн их улайрал, төсөөлшгүй зориг гэхээс өөр юу гэхэв. Тэгж зорьж зүтгэснийх нь үрээр хойд хөрш Номхон далай хүртэл газар нутгаа өргөтгөж чадсан юм. Товчхондоо ухаантай өвөг дээдэстэй байсных нь шагнал.

Бидний өвөг дээдэст ийм боломж байсан уу гэвэл байсан. Дэлхийг хөлөө олоогүй үед далайд хөлтэй, гарцтай байх боломж халгиж цалгиж байсан. Харамсалтай нь ингэж харах ухаан дутсан нь өнгөрсөн түүхээс анзаарагддаг. Хатуухан хэлэхэд өс хонзон өвлүүлж үлдээгээ юу даа гэсэн гунигтай бодол хааяахан төрдөг. Байлдан дагуулж, дайтаж, довтолж, чичрүүлж байсан түүхийн улбаанаас үлдсэн сайн, саар нөлөөнүүдээс сааруудыг нь түүвэл нэг ийм зовлон бидэнд байгаа нь булзах аргагүй үнэн. Үр хойчоо бодож дулаан, зөөлөн уур амьсгалтай аралтай байх боломж байсан ч эв эвдэрч, хагаралдаж, биенээсээ илүү гарах гэсэн жижиг тэмцлээс болж боломжоо ашиглаж чадаагүй нь ч бас үнэн. Гэхдээ одоо ч бидэнд өтгөс буурал, нялхас балчраа дулаахан, чийглэг арал дээр аж төрүүлэх боломж бий. Юу л байна, ашиглаагүй удсан, ашиглахгүй удах эзгүй, хоосон газар нутаг байна. Ашигладаггүйгээ ашиглуулаад, түрээслээд, онцгой тохиолдолд зараад ч болтугай дэлхийд хүрэх гарц замтай болох цаг нэгэнт болсон. Дэлхийд хүрэх гарц зам, эдийн засгийн боломж энэ тэр гэж том сэтгэдэггүй юм аа гэхэд өвлийн их хүйтэн, гамшгийн хэмжээнд очсон утаанаас үр удмаа хамгаалах, хавдартай, өвчтэй биш эрүүл саруул Монголын төлөө аралтай болъё гэж дуугарах, хөдлөх цаг дэргэд ирчихээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *