Categories
мэдээ цаг-үе

Далай ламд алгадуулсан минь

Өнгөрсөн сарын 20-нд Лондон дахь “Watkins Mind body spiriti” сэтгүүлийн газраас шалгаруулдаг 2020 оны хамгийн оюуны нөлөө бүхий зуун эрхмийн жагсаалтыг XIV Далай лам Данзанжамц тэргүүлж, удаад нь хүн төрөлхтнийг түгшээж буй коронавирусээр өвчилсөн гэгдээд буй Ромын пап лам Францис орж, гуравт нь байгаль орчныг хамгаалахын төлөө тэмцэгч Шведийн 17 настай охин эрэмбэлэгджээ. Энэ жагсаалтаас харахад дэлхийн хэмжээний өвөрмөц онцгой, оюун санааны ертөнцөд үнэт сургаал зөвлөмж өгч, өөрийн хувь нэмрийг оруулсан хүмүүсийг дээдэлж буй хандлагыг ажиглаж болно. XIV Далай ламыг энэ үүднээс, энхтайвныг бэхжүүлэх, шинжлэх ухааны зарчмыг даяаршлын төрх байдалтай уялдуулан, цэвэр шашны зүгээс бус оюун санааны тааллаас дэмжин хөхиүлдэг гэдгээр нь Нобелийн шагнал, Конгрессийн “Алтан медаль”-иар АНУ-ын ерөнхийлөгч Ж.Буш 2007 онд шагнасан гэх мэтчилэнгээр урт жагсаалт гарна. Өөрөөр хэлбэл тэр Дэлхийн хүн. Дээрх “Алтан од” шагнал нь АНУ, Далай лам хоёрын харилцаа нэгэн алтан цагнаас эхтэй гэдгийг ч баталгаажуулсан мэт байлаа. Америкийн ерөнхийлөгч Франклин Рузвельт сарын тооллыг үзүүлдэг нэгэн алтан цагийг өнгөрсөн зуунд Далай ламд бэлэглэжээ. Тэр цагаа 1959 онд эх нутгаасаа дүрвэхдээ Далай лам биедээ авч явжээ. Үүнийг Төлөөлөгчдийн танхимын спикер, хатагтай Нэнси Пелоси Америкийн томчуул цугларсан шагнал гардуулах ёслолыг нээж үг хэлэхдээ дэлхий дахинаа сонордуулсан юм.

Эдүгээ хүн төрөлхтөн материаллаг бус оюун санааны хөгжлийг, сэтгэлийн амар амгаланг чухалчлах болсон энэ үед Далай ламын үг, үйлс улам үнэ цэнэ ороод буй. Харин монголчуудын хувьд XIV Далай лам төдийгүй үе үеийн өмнөх дүрүүдтэй өргөн дэлгэр харилцаатай явсаар эдүгээ цагтай золгосон түүхэн уламжлалтай. Анхдугаар Далай ламаас хойш уяхан замбуутивийн наран дор 14 Далай лам мэндэлжээ. Тэдний олонх нь монголчуудтай гүн зузаан, нягт харилцаатай байж, түүхийн алтан сэжмээр холбоотой явсаар өдийг хүрсэн юм. Дээрхийн гэгээнтэн өөрийгөө III ба V, VII дүрийн далай ламуудтай зан төрх, оюун санаа, үйлс замналаараа илүү адилхан гэж тодорхойлж байсан нь бий. III дүрийн Далай лам Содномжамц (1543-1588) орчлонд 46 жил мөрийг гаргахдаа үүнийхээ тавны нэгийг тухайн үеийн Монгол оронд, Хөх нуур, Хөх хот, Цавчаал боомт, Ордосын нутагт өнгөрөөжээ. Энэ үед хүчирхэг нөлөө бүхий Түмэдийн Алтан хан түүнд Далай лам цол өгснөөр энэ алдар дэлхийд цуурайтах болсон юм. Далай гэдэг үлэмжийн дээд цол. Их Монгол Улсын хоёрдугаар хаан, Чингис хааны гуравдугаар хүү Өгөдэй Далай хаан цолтой байв. Үүгээр зогсохгүй IV дүрийн Далай ламаар Алтан ханы ач хүү Сүмэр дайчин хунтайжийн хүүг тодруулж, соён гэгээрлийн давлагааг монгол хүн илбэн таалах болов. Энэ мэтчилэн үе үеийн Далай ламын дүрүүдийн монголчуудтай учир холбогдолтойг дурдваас энд үл багтана.

XIV Далай лам нь Монгол оронд есөнтөө залраад буй. Анх удаа 1979 оны зургадугаар сарын 15-ны өдөр буюу билгийн тооллын XVI жарны шороон хонин жилийн зуны эхэн сарын 20-ны бэлгэт сайн өдөр Улаанбаатарт Азийн Буддистуудын Энхтайвны Бага хурлын ээлжит хуралдаанд зочноор уригдан, манай оронд заларсан түүхтэй. Дээрх байгууллага нь дэлхий дахины энх амгалан байдлыг сахин хамгаалах зорилготой олон улсын байгууллага гэдгийг уншигч та бүхэн мэдэж буй. Дээрхийн гэгээнтний тавьсан номд даган баяссан олон түмэн Гандангийн дэнжид багтахгүй байсан гэдэг. 2016 оны өвлийн тэргүүн сард буюу арваннэгдүгээр сарын 18-нд Далай лам ес дэх удаагаа урд хөршийн шахалт, хоригийг үл ажран монголчуудын сэтгэлийн хүсэлтээр дахин залрав. Өмнө нь Далай лам 2000, 2006 онд айлчлахад Хятад улс манайд хориг арга хэмжээ авч байсан юм. Дам мэдээгээр түүнийг Чингис хааны шууд удам, анхдугаар Богд Жавзандамба хутагт буюу Халхын Өндөр гэгээн Занабазарын Х дүрийг Монголоос тодруулах зорилгоор айлчлав, хятадууд өмнөхөөс илүүтэй хориг тавьж, Монгол Улсад эсэргүүцэл илэрхийлэв гэдэг нь геополитикийн байдлаас урган гарсан хандлага байсан хэмээдэг. Энэ бичвэрт үл хамаарах тул орхив.

Далай багш сүүлийн айлчлалаараа Улаанбаатарт хоёр өдрийн турш оюун сэтгэлгээ, соён гэгээрлийн ном айлдаж буйг молхи бичээч би вээр телевизийн сувгуудаар харан даган баясч байлаа. “Оюун санаа ба амьдрал” лекцээ залуучуудад уншиж, Буддын шашин бол шинжлэх ухаанч гэдгийг айлдан, “Биеийн эрүүл мэндээс сэтгэлийн эрүүл мэнд чухал”-ыг зөвлөсөн билээ. Гэтэл түүнийг явахын өмнөхөн буюу арваннэгдүгээр сарын 21-нд Их тэнгэрийн аманд сүсэгтнүүдтэй богино хугацааны уулзалт хийнэ гэдэг сэтгэл илбэн гижигдсэн гэгээн мэдээ чих дэлслээ. Далай багшийн гэгээн дүрийг харна, айлдвар бошгыг нь дэргэдээс нь сонсоно гэдэг туйлын аз завшаантай хэрэг болохыг өгүүлэх юун. Их тэнгэрийн аманд болох тэр уулзалтад хэрхэн багтаж орох вэ гэдэг миний “шүдний өвчин” болж хувирав. Хошигнон өгүүлэхэд бодит байдал дээрээ хэд хоногийн турш шүд өвдөн зовиурлаад нойргүй хоноод байсан юм. Тийм атлаа заавал Далай багшийн гэгээн дүрийг харна гэсэн чин хүслийг өөртөө тунхаглав. Арга ч сүвэгчлэв. Бадма-Ёга хийдийн ловон лам Ц.Гүнчин-Иш ламтан бол манай Хан Хөхүйгээс, Элжигэнээс төрөн гарсан мэргэдийн нэг. Түүн лүгээ холбогдон, Далай багшид бараалхах чин хүсэл буй, болбол УДЭТ-ын тайзнаа амилуулах “Үнэний хаан Будда” туульсын жүжгээ адислуулах мөрөөдөл буйгаа өчлөө. Тэгэхдээ жүжгийг минь найруулах гэж буй Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар андынхаа нэрийг цуг хавсаргав. Ц.Гүнчин-Иш ламтан Их тэнгэрийн аманд Далай багшийн айлдалд очих хүмүүсийн жагсаалтад оруулахыг хичээе хэмээв. Түүнээс ирэх хариуг он удаанаар хүлээх шиг болж билээ. Утас дуугарлаа. Тэрээр “Цогоо, чиний болон найруулагч Н.Наранбаатар та хоёрын нэрийг хөөцөлдөөд багтаачихлаа. Маргааш бага үдийн үед Их тэнгэрийн аманд бэлэн байх ёстой юм байна. Иргэний үнэмлэхтэйгээ очоорой” гэж байна. Ёстой магнай хагарав. Шөнө цурамхийсэнгүй. Өглөө очиход Богд уулын араарх хэвтээ тэнхлэгийн дагуух замын хажууд байдаг Их тэнгэрийн амны хамгаалалтын постны үүдэнд олон хүн, машин хөлхөлдөн хэдийнэ Далай ламд мөргөн залбирахаар хөл хөс болцгоочихжээ. Хожимдох вий гэсэн айдас минь намжив. Харин Паараа маань (Н.Наранбаатар) зайлшгүй албан ажил нь давхцаад ирж амжсангүй гэдгээ дуулгаж байна. Өмнө нь Паараа Энэтхэгийн Дарамсалад зочлон, Далай багшид бараалхаж, Буддагийн тухай жүжиг тавих гэж буйгаа айлтган, адис хүртэж, алтан тайзнаа амилуулах жүжигтээ юуг тусгах талаар Дээрхийн гэгээнтнээс айлдвар зөвлөгөө авсан байсан юм. Энэ талаар дор өгүүлнэ.

Их хүйтэн өдөр байсан билээ. Цас зөөлнөөр ганц нэг хаялан “Хувьтай хүн хур борооноор” гэгчийг үлгэрлэж байв. Далай ламыг тэнд бишрэн хүлээсэн хүмүүс тачигнасан хүйтнийг үл ажран хүлээцгээнэ. Надтай ирсэн Хангай-Чингис дүү маань ажил албаны эрхээр явж одов. Таван цаг гаруйн дараа хэдэн автобус ирэн, тэнд хурсан 180-аад хүний нэрсийг дуудан, иргэний үнэмлэхтэй нь тулган суулгаад Их тэнгэрийн харш руу өгсөн хөдлөв. Харуул хамгаалалт гэж жигтэйхэн, гаалийн шалгалтаас чилүүтэйгээр тусгай төхөөрөмжөөр шалган оруулав. Тэнд мөн л нэг цаг гаруй хүлээлээ. Хүмүүс “Түрүүн Далай багш энд хөл тавьсан байна. Бие нь чилээрхүү байгаа тул амарч буй гэнэ” хэмээн шивэр авир хийцгээнэ. Тэгтэл зохион байгуулж буй бололтой Гандан хийдийн нэгэн лам, албаны хувцастай хоёр хүний хамт гарч ирээд биднийг 20-25 хүнээр багцлан найм, ес хувааж их танхимд зогсоон байрлуулав. Олны танил жүжигчин, бөх, улстөрч, лам хуврагууд гээд л есөн шидийн хүмүүс цуглажээ. Зохион байгуулагч нэгэн хувраг бидэнд “Далай багшийн энэ удаагийн айлчлал сүүлчийнх байж мэдүүштэй. Иймд адис хүртэх гэж олноор үймэх, шуугиан гаргахыг хориглоно. Тийм тохиолдол гарвал Далай багш энэ танхимд залрахгүй, та нартай дурсгалын зураг татуулахгүй. Бид цуцална. “Аятайхан” байвал гэгээн дүрийг нь харж, дурсгалын зурагтай үлдэнэ” гэдгийг хатуу анхааруулав. Далай багш ч их танхимд заларлаа. Манай их хамба Д.Чойжамц тэргүүтнүүд дагалджээ. Багцалсан хүмүүсийн дунд нэг, хоёр минутын хэртэй саатаад л, хажууд нь ойрхон нялх, балчир үрст л адис өгч байлаа. Тэсгэл алдан тогтоосон шугамнаас даван адис хүртэх гэж алхсан хэдэн хүнийг Төрийн тусгай албанынхан гарыг нь ард нь мушгиад авч одох нь эвгүй харагдана.Зарим нэг нь “Энэ том хүнийг ингэж хамгаалахаас өөр яах вэ” гэв. Бид зөвшөөрөн толгой дохиж, чанга дуугарч болохгүй тул шивэгнэлдэнэ. Тэг тэгсээр манай “баг”-ийнханд айлчлан ирлээ шүү. Далай ламтай ойрхон зургаа авахуулах гэсэн тэмцэл манайхны дотор өрнөв. Зохион байгуулагч ламтан шууд бидний байршлыг тогтоолоо. Нэгэн бүсгүйг энэ бол Гандантэгчинлэн хийдэд олон жил үйлчлэгч хийсэн тул Далай ламын дэргэд зогсох эрхтэй гэж лүндэгнэв. Далай ламын яг дэргэд байсан миний бие алхам холдов. Гэтэл миний ард зогсох бүсгүй надад халхлагдаад урагшаа гарч ирмээр байна гэж гуйлаа. Зөвшөөрлөө. Ахиад алхам холдов. Тэгээд л “патиар”-дуулсан даа. Зохион байгуулагчдын нэг болох зураг авч байсан залуу “Энэхүү зургийг Далай ламын албан ёсны “ийм, тийм” гэсэн хаягтай хуудаст байршуулна. Тэндээс 14 хоногийн дараа дурсгалын зургаа татаад аваарай” гэж байна. Хожим тэр хаягаар ороход ер байгаагүй. Молиго үмхүүлсэн үү, ямар нэг учир шалтгаан гарсан уу, бүү мэд! Харин манай “баг-“-ийн дунд байсан нэг ах Далай ламыг хамгаалж явсан хамгаалалтын албаны хүнд гар утсаа өгч ухаан сийлсэн нь надад зол болов. Түүний утаснаас Далай ламтай авахуулсан зургаа татан авч билээ.

Далай лам бидэнтэй зургаа авахуулаад хажуугаар өнгөрөхдөө гэнэт зогтусан намайг ажиж байна. Би гараа алдлан, шинэ номын мялаалгад Ц.Гүнчин-Иш ламтаны надад барьсан найман тахил бүхий урт шар хадгийг дэлгэн, зүүн гартаа Энэтхэгийн Бодгаяад зочлохдоо авчирсан сувдан эрхиэ атгачихсан, баруун гартаа “Үнэний хаан Будда” туульсын жүжгийнхээ эх зохиолыг барьчихсан зогсож байсан юм. Далай ламыг над руу ширтэхэд үнэхээр балмагдав. Толгой мэхийн инээмсэглэмэр аядлаа. Гэтэл найрсгаар инээснээ хэд алхаад л өмнө ирж нүүр тулан зогсов. Ёстой “шок”-нд орлоо. Хутагт, гэгээнтэн хүмүний төгс шинж бүрдсэн талбиун магнай, яльгүй чилээрхэнгүй боловч гэрэл сацарсан нүүр, суу билиг, цог залийн илэрхийлэл дүүрэн тунарах нүдний тусгал.. Энэ бүхэн намайг халуунаар төөнөж байсан билээ. Далай ламыг ийн нүүр тулахад нь даруй сэхээрч бөхийн залбирахад адис хүртээв. Дараа нь баруун гартаа барин зогсох “Үнэний хаан Будда” жүжгийн маань нүүр хавтсыг үсэглэн унших мэт хэдэнтээ гүйлгэн хараад “Будда, Будда” хэмээн амандаа давтан дуу алдсан билээ. Даруйхан л жүжгийн эх бичмэлээ өмнө нь барин мэхийв. Далай лам ойлгожээ. Эх бичмэл дээр гараа тавьснаа хэдэнтээ ном талбин, богино ерөөл айлтгав. Би “сэргэлэнтлээ”. Энэтхэгийн Буддагийн гэгээрсэн газар болох Бодгаяа болон Буддагийн мэндэлсэн Балба улсын Лүмбини цэцэрлэг-хотоос бишрэн авч ирсэн сувдан эрхи тэргүүтэн зэргийг шаламгайлан өмнө нь барив. Далай лам инээмсэглэн хэдэнтээ түвэдээр нэг зүйлийг өгүүлснээ бас л адис хүртээв. Үүний дараа надад хандан нэг зүйлийг чухалчлан захиж буй мэт хоёр гараа хөдөлгөн ярьж байснаа гэнэт баруун гарын алгаараа зүүн хацрыг минь хоёронтаа алгаддаг байна! Нөгөө өвдсөн шүдний талын хацар шүү дээ. Тэгснээ Далай лам үнэн санаанаасаа мөрөө чичигнүүлэн хөгжин инээснээ ерөөл талбиад явж одсон билээ. Далай багш их хөгжөөнч, “дүрсгүй” шүү гэж Д.Чойжамц хамба болон Бурханч лам Г.Пүрэвбат надад өгүүлж байсан юм. Тэр ч санагдаж, цээж дүүрээд, хацар минь нэг л их гэгээрлээр туяарах мэт санагдана.

Алгадахад хацар хорсдог атал алив дээдийн, ер бусын халуу оргино. Тэнд буй хүмүүс миний азтайг гайхан шуугьж, лам нар цагаахан атааархлаар намайг тойрон бүчиж, “од” болов. Тэр үед улсын харцага байсан Д.Содномдорж арслан ихэд хачирхан, азтайг минь цохон сайшаагаад, “Таны энэ зохиолд учир байна шүү” гэж билээ. Тэр хойтон жил нь Төрийн наадамд түрүүлж, улсын арслан цол хүртсэн юм. Ингэж азтай учралаар Далай ламд алгадуулав. Сүсэг бишрэл минь огт өөрөөр, оюунлигаар гэрэлтэнэ. Хүмүүн өөрийн аз жаргалын цэцгийг өөрөө л тарьж ургуулдаг. Хүмүүний сайн, муу явах нь бусдаас, тэнгэр бурхнаас бус өөрөөс чинь л шалтгаална гэдэг Буддагийн сургаал Далай ламын “Хүн төрөлхтний хөгжил материаллаг баялгаар бус сэтгэл, оюуны хөгжлөөр тодорхойлогдоно. Сэтгэлийн амар амгалан л жинхэнэ аз жаргал болой” гэдэг айлдвартай сүлэлдэн гэрэлтэж, Буддагийн тухай жүжгээ алтан тайзнаа амилуулах, ном болгон хэвлүүлэхийн дээд хүслээр жигүүрлэж байлаа. Дотнын анд,найруулагч Н.Наранбаатар маань энэ тохиолоос өмнө Энэтхэгийн Дарамсалад зочлон Далай багшид бараалхахдаа түүнээс “Буддагийн тухай жүжиг анх удаа гарах гэж буй тул хүндэтгэн бүтээгээрэй. Барууны зарим кинонд Буддаг ертөнцийн элдэв амьдралтай хэт хутгасан нь бий. Энэ жүжигтээ хоосон чанар, шүтэн барилдлага, хутагтын дөрвөн үнэн, үйлийн үр зэрэг тулгуур ойлголтуудыг заавал тусган шингээгээрэй” хэмээн захисан байсан юм.

Соён гэгээрлийн давлагааг Монгол оронд үүсгэн гэрэлтүүлэх адис, авшгийг Далай ламаас хүртсэн “Үнэний хаан Будда” цадиг туульсын жүжиг маань алтан тайзнаа мөнхөрч, гэгээрсэн хүн, гэгээрсэн улс, гэгээрсэн хүн төрөлхтний оюунаас цацарсан билиг билгүүнийг тэнгэрчлэх цаг ирэх буй за. Далай лам бол далай их олны ариуссан сэтгэл, гэгээрсэн оюун санаа мөн буюу.

Б.ЦОГНЭМЭХ

(МЗЭ-ийн болон нэрт найруулагч Г.Доржсамбуугийн нэрэмжит зохиолч, сэтгүүлч) Хотол төгс хэмээх Төмөр хулгана жилийн хаврын тэргүүн сарын шинийн найман.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *