Categories
мэдээ нийгэм

Далай лам нүүрснээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүч рүү шилжихийг уриалав DNN.mn

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 22-ны өдөр тохиодог Эх дэлхийн өдрийг тохиолдуулан байгаль хамгаалах хөдөлгөөнийхөнтэй уулзахдаа Төвөдийн шашны тэргүүн 14 дүгээр Далай лам чулуужсан түлшнээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүч рүү шилжихийг дэлхий дахинд уриалжээ.

Эрт галавын амьтан, ургамлын чулуужсан үлдэгдлээс гаралтай түлшинд нүүрс, байгалийн хий, газрын тос зэрэг багтдаг.

Эдгээрийг шатаах замаар эрчим хүч гаргах нь дэлхийн дулаарлыг түргэсгэж, хүн төрөлхтний ирээдүйг сүйтгэх аюулыг ойртуулж байна гэж үздэг юм.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгчид 86 настай шашны тэргүүнд Энэтхэгийн Ладак дахь Хималайн уулсын цаст оргилоос авчирсан мөсний дээжийг бэлэглэжээ.

Уг бүс нутгийн мөнх цаст оргилуудын мөс сүүлийн жилүүдэд маш хурдтай багасаж байгаа юм.

“Би энэ насандаа эхлээд Төвөдөд, дараа нь Дарамсалад цас орох улам багасаж байгааг харлаа. Чулуужсан түлшнээс хамаарлаа багасгаж, нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт яаралтай шилжих шаардлага бидэнд тулгарч байна. Уур амьсгалын өөрчлөлтийн аюул улс үндэстнүүдийн хил хязгаарт баригдалгүй бидэнд бүгдэд нөлөөлж байна” гэж Далай лам энэ үеэр хэлжээ.

Эх дэлхийн өдрийг жил бүр нэг тэрбум гаруй хүн тэмдэглэж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бодлогод нөлөөлөх, дэлхийн сайн сайхны төлөө өдөр тутмын зан үйлээ өөрчлөх зэргээр тэмцдэг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *