Categories
мэдээ эдийн-засаг

Дахин санхүүжүүлэлтэд 176.2 тэрбум төгрөг зарцуулахаар болжээ

2008-2014 оны төсөвт тусгагдсан ч тухайн жилдээ санхүүжилтээ бүрэн аваагүй төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр болжээ. Ингэхдээ ажлын гүйцэтгэл нь 80 хувиас дээш байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа юм. Энэ ажилд 176,2 тэрбум төгрөг зарцуулах юм байна.

Өөрөөр хэлбэл, Засгийн газар банкуудаар дамжуулан 176.2 тэрбум төгрөгийг аж ахуйн нэгжүүдэд олгож, дуусаагүй төсөл, арга хэмжээнүүдийг санхүүжүүлнэ. Харин нэг жилийн дараа 176.2 тэрбум төгрөгийг таван хувийн хүүтэйгээр арилжааны банкуудад буцаан олгох юм. Ирэх онд векселийн эргэн төлөлтөд шаардлагатай дүнг ирэх оны төсөвт тусгахаар болсон гэдгийг Сангийн яамнаас мэдээлсэн.

Нийтдээ 235 төсөл арга хэмжээг хянаж, давхардсан тоогоор 286 ААН-д 172,6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох юм. Векселийн тухай хуулийн дагуу Сангийн яам арилжааны банкуудтай гэрээ байгуулж, Монголбанкнаас үнэт цаас худалдан авч, вексель бичин, аж ахуйн нэгжүүдэд олгоно.

Ингээд ААН-үүд банкуудаар дамжуулан векселийг мөнгөжүүлэх юм байна. Энэ хүрээнд арилжааны долоон банк Засгийн газартай хамтран ажиллаж, векселийг мөнгөжүүлэхээр болжээ. Вексель гэдэг нь Засгийн газрын бонд, нэг жилийн хугацаатай, таван хувийн хүүтэй байдаг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *