Categories
мэдээ цаг-үе

Да.Ганболд: Намайг Ерөнхий сайдад нэр дэвшихэд “Эрдэнэт”-ийн асуудлаас болж Багабанди долоон удаа буцаасан

“Өдрийн сонин”-ы №022, 023 (5589, 5590) авч нийтлэв

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Сүүлийн үед “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшлээс төр авах тухай яриа шуугиан дэгдээж байгаа. Энэ талаар “Монголын зэс” корпорацийн 49 хувийг төлөөлсөн “Эрдэнэт” ХХКийн ТУЗийн гишүүн Да.Ганболдтой ярилцлаа. Тэрээр Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсчээ. Монгол Улсын тэргүүн шадар сайд, УИХын гишүүн, Оюу толгой компанийн ТУЗийн гишүүн байсан ажлын туршлагатай.


ЭРДЭНЭТ ШИЛЭН ДАНС ХӨТӨЛНӨ

-Та “Монголын зэс” корпорацид хувьцаа эзэмшдэг үү, ямар нэгэн албан тушаал хашдаг уу?

– Би энэ корпорацид ямар нэгэн хувьцаа эзэмшдэггүй, албан тушаал хашдаггүй.

-Тэгээд яагаад “Эрдэнэт”-ийн ТУЗ-д тус компанийг төлөөлөн сууж байгаа юм бэ?

-Хувийн хэвшил хэн нэгэнд санал тавиад өөрийн төлөөлөгч болгож, гэрээ байгуулж ажилладаг жишиг дэлхий даяар байдаг. Тэр дагуу л ажиллаж байна.

-Та дандаа хэл амтай, халуун цэгүүдэд ажиллах юм. 1990 оны өмч хувьчлал, Оюу толгойн хоёр дахь хөрөнгө оруулалт, “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьчлал гэх мэт.

-Хувь заяа юм байлгүй дээ. Гэхдээ өнөөгийн өндөрлөгөөс харахад би буруу зүйл хийгээгүй гэж боддог. 1990 онд манай улс 22 сая малтай түүнээс хоёр сая хүрэхгүй нь хувийнх. Мянга хүрэхгүй хувьдаа машинтай иргэд, инженерийн байгууламжид холбогдсон хувийн орон сууц гэж байгаагүй. Өнөөдөр 60 сая мал хувийнх, иргэд өөрийн хашаа байшин, орон сууцаа барьцаалаад хувийн банкнаас зээл авч болно. 600 мянга шахам хувийн машин. Олон улсад өрсөлдөх чадвартай хувийн компаниуд Монголд байна. Энэ бүхэн хувьчлалын үр дүн. Намайг Оюу толгойн ТУЗ-д байхад хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн. Үүний үр дүнд 5000 шахам ажилчин шинээр авсан. Оюу толгой 2016 онд 400 гаруй тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн. “Монголын зэс” корпорацийн хувьд миний ажлын туршлагыг харж хамтран ажиллах санал тавьсан байх.

-Оюу толгойг загнаж байгаад тайланг нь авчихдаг. “Эрдэнэт” шилэн дансаа ч хөтөлдөггүй. Энэ байдал өөрчлөгдөх үү?

-Хуулийн хүрээнд шилэн данс хөтөлнө.

-49 хувь хувийн хэвшилд очоод ямар дэвшил гарав, танд данс тооцоог үзэх эрх бий юү?

-Бий. Хувийн хэвшил ТУЗ-д орсноор олон юм өөрчлөгдөнө. Одоогоор ашгийн 30 шахам хувь нь элдэв замаар алга болдог нь тогтоогдож байна. Хэдэн арван цэцэрлэг, сургууль барих мөнгө шүү дээ.

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг төр авах талаар зарим УИХ-ын гишүүд ярьж байна?

-Тогтсон онол, үзэл баримтлал байхгүй, төрийн албан тушаал эд хөрөнгийг завшиж сурсан хүмүүс түүнийгээ баталгаажуулах гэж улайрч байна. 1990 онд бид “Даахгүй нохой булуу хураана гэдэг шиг төр их өмчтэй байх хэрэггүй” гээд хувьчлал явуулсан. Үр дүн нь тодорхой. “Эрдэнэт”-ийн 49 хувь төрд очно гэдэг нь төрд алба хашиж байгаа этгээдүүд дуртай үедээ шахаа хийж, өмч луйвардах замаа л тавьж байгаа юм. Тийм замаар амьжиргаагаа залгуулах сонирхолтой байгаа юм.

-ОХУ-ын мэдэлд байсан “Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдаа хуулийн дагуу явагдсан уу?

-Оросууд зарах тухайгаа манайд мэдэгдээд Монгол Улсын Ерөнхий сайд кабинетаараа хэлэлцээд гаргасан шийдвэр. Энэ нь албан ёсоор гарын үсэг тоотоор баталгаажсан. Бид мөнгө байхгүй учраас авахгүй гэдгээ мэдэгдсэн. Харин ч манай хувийн компани Монголоо худалдан аваад ирсэн нь сайн хэрэг биз дээ.

-Өмнө нь бас хувьчлах оролдлого хийж байсан түүнээс юугаараа ялгаатай юм бэ?

-Монголын ардчилсан холбоо эвсэл 1996 онд ялсны дараа Энхсайхан, Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулсан. Дараагийн Ерөнхий сайдыг тавих гэж ямар их юм болсныг та нар мэдэж байгаа. Тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабанди Ганхуяг, Бат-Үүл нарыг нэг удаа, намайг долоон удаа буцааж байсан. Элбэгдоржийн Засгийн газар огцорчихоод хэдэн сар болсон. Ялсан нам Ерөнхий сайдаа тавьж чадахгүй байсан.

-Эрх баригч намаас санал болгосон Ерөнхий сайдыг хориглох эрх Ерөнхийлөгчид байсан уу?

-Үндсэн хуульд зөвшилцөнө гэсэн заалт байсан. Түүнийг ашиглаад л гацаагаад байсан.

-Ерөнхий сайдыг буцаахдаа ямар нэгэн шалтгаан хэлнэ биз дээ?

-Хүн бүр дээр нэг хачин тайлбар хийгээд буцаагаад байсан.

-Яг юунаас болоод буцаагаад байсныг хэлж болох уу?

-Тухайн үед манай намынхан “Эрдэнэт”-ийн захирал Ш.Отгонбилэгийг огцруулсан юм. Түүний оронд Дорлигжавыг тавьсан. Гэтэл Ерөнхий сайдад нэр дэвшигчид Отгонбилэгийг зургаахан сараар л болов буцаагаад “Эрдэнэт”-ийн захирлаар тавих шаардлагыг Ерөнхийлөгч Багабанди манай намаас нэр дэвшигчдэд тавьдаг байсан. Бид намаараа ярилцаад энэ саналыг хүлээж авахгүй байхаар тохирсон.

-Жишээ нь танд яг тийм болзол тавьсан уу?

-Надад бас тавьсан.

-Тэгээд яагаад Наранцацралтыг зөвшөөрсөн юм бэ?

-Наранцацралт Отгонбилэгийг буцааж тавих болзлыг зөвшөөрсөн байгаа юм.

НАРАНЦАЦРАЛТЫН ОРОСУУДАД ЯВУУЛСАН ЗАХИАНЫ ХУУЛБАР НАДАД БИЙ

-Ерөнхий сайд Наранцацралт “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувьчлах зөвшөөрөл өгсөн захидал оросуудад бичсэн хэргээр огцорсон биз дээ?

-Таны асуусан хувьчлах оролдлого гэдэг чинь үүнээс үүдэлтэй байхгүй юу. Мань эр Ерөнхийлөгчийн болзлыг хүлээж аваад Ерөнхий сайд болсон. Гэтэл Отгонбилэгийг буцааж тавих асуудал нь шийдэгдэх боломжгүй болчихсон байхгүй юу. Галт тэрэг хөдөлсөн түүнийг зогсоох аргагүй гэдэг шиг Дорлигжавыг Отгонбилэгээр солих ямар ч боломжгүй болчихсон байсан. Тухайн үед Оросын талаас өөрийн мэдлийн 49 хувийг хувьчлах ажиллагаа зохион байгуулсан юм билээ.

-ОХУ-ын засгийн газар уу?

-Та нар тухайн үеийн ОХУ-ын байдлыг санаж байгаа байх. Оросын эдийн засаг хүндрээд, төр засаг нь бүх салбартаа хяналт тавьж чадахаа больсон, ерөнхийдөө мафи, хулгай газар авсан тийм үе шүү дээ. Хүчирхийлэл газар авсан. Хэн хүчтэй нь юу дуртайгаа хийдэг. Хөл толгой нь мэдэгдэхээ байсан улс болж хувирсан. Зэрлэг капитализм, анархизм ноёлж байсан.Тухайн үед манай “Эрдэнэт”-ийн 49 хувь нь “Зарубежцветмет” гэдэг төрийн компанийн мэдэлд байсан байгаа юм. Тэр байгууллагын хэдэн нөхөд “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувьчлах лобби хийж эхэлсэн байдаг. Төр нь ч биш, тухайн салбарын бодлого ч биш. Зүгээр л хэдэн нөхөд төр засгийн хяналт суларсныг далимдуулж ийм ажиллагаа зохион байгуулж байсан байдаг. Анзаарч байгаа биз. Хувь хүмүүсийн явуулсан үйл ажиллагаа шүү. Энэ лоббиг хэрэгжүүлэх ажиллагаанд Отгонбилэг оролцсон юм шиг байгаа юм. Энэ үеэр Ерөнхий сайд Наранцацралт Отгонбилэгийг буцааж тавьж чадахгүй учраас Оросын талын хувьцааг зарахыг зөвшөөрсөн захидал явуулсан байгаа юм.

-Тэр захидал нь ямар утгатай байсан бэ?

-Оросууд өөрсдийн хувиа зарахыг Монгол Улс зөвшөөрч байна гэсэн утгатай.

-Танд хуулбар байдаг гэсэн, үзүүлж болох уу?

– Болно л доо. Архив ухах ажил гарна.

-Сайханбилэгийн Засгийн газар хувьчлах зөвшөөрөл өгч болдог, Наранцацралтын газар өгч болдоггүй нь ямар учиртай юм бэ?

-Тэр үед захидлыг далимдуулаад оросууд 49 хувийг зарчихсан бол өдийд Нямдорж шиг юугаар пиар хийж суухав дээ. Монголд падлий байхгүй болчихсон хэн нэгэн мөнгөтэй харийн хүний мэдэлд оччихсон байхгүй юу. Наранцацралт ганцаараа өөрөө мэдээд захидал явуулсан хэн авах гэж байгааг ч мэдээгүй байх. Харин Сайханбилэгийн Засгийн газар кабинетаараа ярилцаад шийдвэр гаргасан. Тэгээд ч монголчууд авах гэж байгааг мэдээд шийдвэр гаргасан. Засгийн газарт мөнгө байхгүй энэ үед монголчууд өөрсдөө мөнгөө босгоод аваад ирж байхад буруутгана гэдэг чинь ёстой солиорол биз дээ. Эсвэл өөр улсын хэн нэгэн тэрбумтан юм уу, компани авах ёстой гэж үзээд байгаа юм уу.

-Наранцацралт огцрохдоо “социал демократуудын тусламжтайгаар огцорлоо” гэж хэлсэн шүү дээ?

-Тэр бол Наранцацралтын өөрийнх нь үг. Буруугаа хүлээгээд өөрөө огцроогүй байхгүй юу. Кабинетад нь байгаа сайдууд “Бид энэ Ерөнхий сайдтай ажиллаж чадахгүй” гээд л огцорсон шүү дээ.

-Наранцацралт ганцаараа шийдсэн гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Би бас энэ тухай анх сонсоод гайхаж байсан. Засгийн газрын гишүүд нь мэдэж байж энэ үйлдлийг зогсоосон. Засгийн газрын сайд нарын 50 хувь нь огцрох өргөдлөө өгвөл Ерөнхий сайдаас хамааралгүй огцордог хуультай. Тэр ёсоор л болсон. Гэхдээ энэ бас Наранцацралтын дангаараа хүлээх буруу биш. Дотоод гадаадад хийж байсан лоббины нэг хэсэг байхгүй юу.

-С.Зориг амь насаа алдаагүй байсан бол Ерөнхий сайд болох магадлал хэр байсан бол?

-Биднийг яахав янз бүрийн шалтгаанаар хориг тавьж болно. Харин Зоригт хориг тавих ямар ч шалтгаан шалтаг байхгүй учраас мэдээж болох л байсан.

-Та нарыг Ерөнхийлөгч Багабанди яг ямар шалтаг хэлээд буцаагаад байсан юм бэ?

-Ганхуягийг архичин, Үүлийг хулигаан, намайг эдийн засгийг элгээр хэвтүүлсэн ч гэх шиг юм яриад байсан. Харин Зоригт ямар шалтаг тавих боломжгүй байсан.

-Тухайн үед Отгонбилэг тантай уулзаж байсан уу?

-Уулзаад “Намайг зургаан сараар ч хамаагүй тавьчих” гэж гуйж байсан.

-Өнөөдөр дахиад л “Эрдэнэт” том улс төр болж хувирлаа. Энэ үйлдвэр яагаад ингээд байнга улс төрийн талбар болоод байна?

-Энэ үйлдвэр Монголын эдийн засагт чухал нөлөөтэй үйлдвэр. Өнөөдөр Оюу толгойг эс тооцвол Монголд дэлхийн хэмжээнд тооцогдох ганцхан энэ үйлдвэр л байсан гэж хэлж болно. Олон жилд Монголын эдийн засагт маш их хувь нэмрээ оруулж ирсэн. Цаашдаа ч 20-30 жил маш их нөлөөтэй хэвээр байна. Монгол Улсын төсвийн тал хувийг бүрдүүлж байсан үе бий. Улс оронд хүн хэцүү үе тохиож байсан. Таатай сайхан үед ч энэ үйлдвэр л Монголын төсөвт хамгийн их орлого оруулж байсан. “Эрдэнэт”-ийн тал нь Монголын төрийн мэдэлд, тал нь оросуудын мэдэлд байсан. Оросууд хяналт тавьсан нэртэй ч үндсэндээ монголчууд л энэ үйлдвэрдээ тоглолт хийсээр ирсэн. Монголын төр гэхээсээ илүү эрх барьсан намын гишүүд тэнд очиж элдэв шахаа хулгай хийдэг хамгийн том талбар болсон. “Эрдэнэт”-ийн дарга байсан хүмүүс ядуу байна гэж сонссон уу. Тэгэхээр энэ чинь хүн баяжуулдаг үйлдвэр болчихсон байгаа биз дээ.

-“Эрдэнэт” эдийн засагт асар их хувь нэмэр оруулсан нь үнэн. Гэхдээ авлигын том уурхай гэдэг биз дээ?

-Хэрэв 49 хувийг хувийн хэвшил авч “Эрдэнэт”-ийн дотоод ажилтай танилцаагүй бол энэ үйлдвэрээс хэдэн тэрбумыг улстөрчид идэж уусныг мэдэх аргагүй байсан. Үйлдвэрийн орлогын нэг хэсэг татвар төлбөр хэлбэрээр төрд очиж байна. Үлдсэн нь ашиг болж үйлдвэртээ үлдэнэ. Цалин цаваг, урамшуулал гээд зардлаа хасна. Тэгээд юм үлдэнэ биз дээ. Түүнийгээ яаж хуваарилдаг байсныг харж болно. 30 шахам хувь нь шахаанд явсан байна. Хэдэн арван цэцэрлэг сургууль барих мөнгө хэдэн арван жилийн турш ийм маягаар үрэгдсэн байна шүү дээ.

-Та өнөөдөр зэсийн худалдааны гэрээг үзэх эрхтэй юу?

-Эрхтэй.

ХЭДЭН ТЭРБУМЫН АЛДАГДАЛТАЙ ГЭРЭЭ ХИЙДЭГ ХҮН ЭНЭ ЕРТӨНЦ ДЭЭР БАЙДАГ ЮМ УУ

-Хэн гэрээ хийж, гэрээний ашиг гэж хэдэн хувийг авч байна?

-Одоохондоо бүх нарийн ширийн зүйлтэй танилцаж амжаагүй байна. Удахгүй танилцана.

-Шахааны эзэд тодорсон уу, тодорхой баримтыг гаргаж тавих уу?

-Өөр олон зүйлтэй танилцаж амжаагүй байна. Баримт хайгаад давхиад байх хэрэггүй шүү дээ. Эхнээсээ тороод л байгаа биз дээ. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хүүхдийнхээ тухай асуудлыг үнэн гэдгээ хэлж байгаа биз дээ. Ялсан нам өөрийн гарын хүнээ тавина. Тэгээд л сайд, дарга нар утасдаад элдэв шахаа хийдгийн сонгодог жишээ мөн биз дээ.

-Эцэг хүний ёсоор хүүхдэдээ дэм болсон. ашиг гараагүй гэсэн тайлбар өгсөн шүү дээ?

-Алдагдалтай, хэдэн тэрбумын алдагдалтай наймаа хийдэг тэнэг хүн энэ ертөнц дээр байдаг юм уу. Ганц хоёр төгрөгийн алдагдал гарахад хэн ч гэсэн наймаагаа зогсооно биз дээ. Нийгмийг тийм тэнэг яриагаар итгүүлнэ гэж бодож байгаа юм уу. Та “Эрдэнэт”-д хэдэн бээлий шахах гээд үз. Тэр шахаад байгаа улсуудаас хямд. Тэгэхдээ өөртөө жаахан ашиг унахаар үнээр өгөх гээд үз дээ. Сайд, дарга нарын л шахаа дуулдахаас иргэн Дорж нэг хонио гайгүй үнээр өгсөн гэсэн баримт гарахгүй л дээ. Ийм л том авлигын талбар байсан. Харин хувийн хэвшил 49 хувийг эзэмшиж тогоо руу нь өнгийснөөр захаасаа хэдэн тэрбумын юм гарч ирж байна. Гэхдээ энэ нь эхлэл төдий л зүйл. Цаашдаа юу гарахыг хэлж мэдэхгүй байна.

-ТУз-ийн гишүүн юм чинь найзыгаа гайгүй албан тушаал дээр тавьчих эрхтэй биз дээ. Танилууд чинь тань руу утасдаж байна уу?

-Одоогоор хэн нэг нь намайг ажилд оруулж өгөөч гэж гуйгаагүй байна. Гуйгаад ч нэмэр болж чадахгүй. Учир нь өмнө “Эрдэнэт”-ийн ТУЗ-ийн гишүүн ямар эрх, үүрэгтэй заасан зохицуулалт байхгүй байсан. Хэн дуртай нь юу дуртайгаа хийх боломжтой. Харин орчин цагийн хувийн компани бол хэн, юунд оролцож болох, болохгүйг нарийн зааглаж өгсөн байдаг. Жишээ нь, ТУЗ-ийн гишүүн ямар албан тушаалтныг томилох, огцруулах, ерөнхий захирал ямар үйл ажиллагааг, ямар хүрээнд, түвшинд явуулах гээд нарийн зааглаад өгчихсөн дүрмээр ажилладаг. Удахгүй ийм менежмэнт хэрэгжээд эхлэхээр элдэв барааны шахаа арилна.

Үргэлжлэл бий

Х.БАТТӨГС

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *