Categories
мэдээ улс-төр

Д.Зоригт “Сайдын цаг”-т оролцов

Эрчим хүчний сайд Д.Зоригт салбарын хууль, эрхзүйн орчныг сайжруулах чиглэлээр болон шинээр хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудын талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо хамтраад системийн зангилаа хэсэг болгон дээр зохицуулалтын болон бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд 100 тэрбум төгрөгт хүрч байсан системийн алдагдлыг тэглэж, ашигтай ажилласан гэнэ.

Мөн Хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр Эрчим хүчний тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийг батлуулсан. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг УИХ-ын тогтоолоор батлуулсан гэж салбарын сайд хэллээ.

“Дулааны цахилгаан станц-4”-ийн суурилагдсан хүчин чадлыг 123 МВт-аар нэмэгдүүлэх төслийг 2012-2015 онд, “Дулааны цахилгаан станц-3”-ын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлэх төслийг 2013-2015 онд хэрэгжүүлж ашиглалтад оруулснаар цахилгаан, дулааны эрчим хүчний өсөлтийг дотоодын үйлдвэрлэлээрээ бүрэн хааж ажиллах боломж бүрдсэн төдийгүй, өвлийн их ачаалалд “Дулааны цахилгаан станц-4” дээр нэг турбингенератор, нэг зуух бэлтгэлд байхаар горим төлөвлөлтийг хийгээд байгаа аж.

“Амгалан” дулааны станцын барилга угсралтын ажлыг бүрэн дуусгаж, Улаанбаатар хотын зүүн хэсгийн хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангаж байгаа. Мөн дулааны шугам сүлжээг шинээр барих, өргөтгөх, шинэчлэх ажлууд хийгдсэн. Тухайлбал, Дорнод аймгийн Мардай-Чулуунхороот сумын 35 кВ-ын 160 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 35/10 кВ-ын дэд станц, Халх гол сумын 35 кВ-ын 127.1 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 35/15 кВ-ын дэд станцыг ашиглалтад оруулж, Хэнтий аймгийн төвийн 110/35/10 кВ-ын “Өндөрхаан” дэд станцын өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэжээ.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *