Categories
мэдээ цаг-үе

Д.Түвшинсайхан: Би өгөгдөлтэй гэхээсээ илүү хичээмтгий хүн

Монгол Улсын Морин хуур чуулгын удирдаач, хөгжмийн зохиолч Д.Түвшинсайхантай ярилцлаа.


-Өмнө нь “Зүрхний хилэн”, сая “2000” киноны хөгжмийг бичлээ. Түүхэн киноны хөгжмийг бичихэд цаг үеэ мэдэрнэ гэж том хэмжүүр байх шиг санагддаг…?

-Түүхийг нь тайлбарлуулна, яриулна, судалгаатай нь танилцана гээд харах үзэх зүйл их. Хөгжмийн бүтээл гэдэг бол найруулагчийн тавилт, зураг авалт, эвлүүлэг гэх үндсэн утга санааг илэрхийлэхэд дэмжлэг болдог зүйл л дээ. Хамгийн гол нь найруулагчийн санааг дэмжих. Миний хувьд дорно дахины хэлбэрээ чигжүү барьсан. “2000” бол миний хөгжим хийсэн хоёр дахь түүхэн кино. Хоёулаа Манжтай холбоотой. Манж ая аялга гэсэн тодорхой тэмдэглэгдэж үлдсэн зүйл байхгүй шүү дээ. Гэхдээ манайхтай төстэй нүүдэлчин хүмүүс. Үгсийн сангийнх нь 47 хувь нь ч билүү монгол үг байх жишээтэй. Жишээ нь, Дэлгэрцэцэгийн тоглосон сценарт “За иймэрхүү байсан байх” гэсэн дундын магадлалтай ая аялгуу оруулж ирэх ч юм уу, тиймэрхүү оролдлогуудыг нэлээн хийсэн.

-Киноны хөгжмийн ялгаа нь юундаа байдаг вэ?

-Киноны хөгжмийн хувьд дүрслэлийг улам тодорхой болгож, хүнд хүрэх хурдацыг нэмэгдүүлэх зорилготойгоороо ялгаатай.

-Морин хуурын чуулга жил бүр киноны хөгжмөөр тоглолт хийдэг. Энэ жилийн Playing love шинэ кинонуудыг онцолсон харагдсан. Тухайн улс үндэстний онцлогийг харж болохоор том жанр бол киноны хөгжим юм байна гэсэн бодол төрсөн шүү?

-Түрүүн хэлсэнчлэн киноны дүрслэлийг хурдтайгаар хүнд хүргэх нь киноны хөгжмийн нэг том онцлог. Үүнээс гадна энэ Азийнх, Ази дотроо Монголынх гэдгийг илүү ялгамжтай хүргэх гол зүйл нь хөгжим л дөө. Нүүр царай, хувцас ч гэдэг юмуу ахуй талаасаа ялгаатай нь мэдээж. Үндэстний ялгааг илүү нягт ойлгуулах зүйл нь хөгжим. Тийм учраас киноны хөгжим гэсэн тусдаа төрөл байдаг.

-Урлагийн өндөр хөгжилтэй улсуудад удирдаачид дагнаад, төрөлжөөд явчихдаг уу?

-Удирдаачид бол ерөнхийдөө чөлөөт агентууд шүү дээ. Би морин хуурын удирдаач. Жишээ нь манайх Моцарт, Бетховен тоглохоор бол түүгээр дагнасан удирдаач урьж, агент нь ирээд тохироо хийнэ гэсэн үг.

-Монголын хувьд удирдаачид яаж ажиллаж байна?

-Манай урлагийн байгууллага хэт тус тусдаа. Зөвхөн би, бид л гэж явдаг салангид талдаа. Бараг л монгол хүнийг тэрүүгээр нь таньж мэдэх цаг үе ирчихээд байна.

-Урлагт өгөгдөл чухал гэж та хэлсэн байсан. Таны хувьд хэр урлагийн өгөгдөлтэй хүн бэ?

-Би өгөгдөлтэй гэхээсээ илүү хичээмтгий хүн. Мэдээж огт өгөгдөлгүй хэрнээ урлагийн хүн болно гэж байхгүй. Өөрөө хичээж хөгжүүлнэ. Төрмөл авьяас гэдэг бол тусдаа ойлголт. Өгөгдөл гэдэг нь нэг хувийн авьяас, 99 хувийн хөдөлмөр гэдэг шиг л зүйл. Гэхдээ нэг хувийн авьяас гэж юу байхав. Хүн хүнд өөр өөр. Урлагийнханд их тод ялгардаг. Өгөгдлийн хувьд хичнээн хувь ч байж мэднэ шүү дээ. Авьяастай хүн гэдэг бүр тусдаа ойлголт. Гэхдээ авьяасыг хөдөлмөр ухаанаар зөв зохицуулах хэрэгтэй.

-Танд магтаал, шүүмж хоёрын аль нь илүү зохидог вэ?

-Халирна, хариугүй жижигхэн юманд уурлана, магтсан үед зориг орно. Гэхдээ надад сагаад явах хүмүүжил байхгүй. Давилуун биш учраас магтаалд ичнэ. Хүн чинь болж л өгвөл өнөөдрөөс маргаашийн түвшинд ахиж явах ёстой. Үнэн шүүмжилдэг хүн цөөрчээ гэж хардаг. Магтаалын цаана хор явж байх гэмтэй. Монголд урлаг, шүүмж судлал уг нь бий. Шүүмж хүчтэй бол урлаг зөв хөгжиж, хүчирхэгжинэ. Чоно экологийн тэнцвэрийг барьдаг амьтан. Шүүмж урлагт яг ийм үүрэгтэй байх учиртай. Тэр утгаараа Монголын урлагт судлал шүүмж маш хэрэгтэй болоод байна. Гэтэл манайд хар цагаан хэл ам гээд хэт бурангуй шашинлаг үзэл нь дийлээд байна л даа.

-Хийлчийн гол зэмсэг нь хийл, хуурчийнх хуур, харин удирдаачийнх дохиур уу?

-Хүмүүс дохиур л гэж хэлэх байх. Миний хувьд удирдаач хүний гол ажил бол хөгжмийн бүтээлийн илэрхийлж байгаа санааг хөгжимчдөд хүргэх. Удирдаач бол жүжигчний ажил биш. Сайн хөгжим боловсруулж сайн гарахыг л хариуцдаг хүн.

-Хөгжмийн хувь хүнд өгөх эерэг нөлөө их. Тэр утгаараа хөгжмийг шимтэн сонсдог үзэгч сонсогчийг бэлтгэх гарцаагүй хэрэгцээ үүсчихсэн юм шиг санагддаг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Санал нийлнэ. Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт сайн тусгаж өгөх хэрэгтэй гэж боддог. Хөгжим хүний гоо зүй, ухамсар төлөвшилд маш их хэрэгтэй. Тиймээс хөгжимд дуртай бол сонс. Гэхдээ би рок сонсдог юм чинь морин хуур сонсохгүй гэсэн ойлголтоор биш. Хөгжим бол хөгжим байдаг гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Бид хэт дуураймтгай хүмүүс. Гадны хүн дуурайж толгойгоо сэгсэрч байгаад л язгуур мөн чанараа алдах эрсдэлтэй. Өөрийгөө хэн гэдгийг, ямар хөрс шороон дээр ургаснаа эхлээд ойлгож мэдэх ёстой. Дараа нь гадна ертөнц рүү өнгийх хэрэгтэй. Тэр бол оюуныг задлах хэрэг. Удирдаачийн хувьд ч энэ ойлголт хамаатай. Тэвчээртэй, төвлөрч чаддаг хүн л хөгжим сонсох соёл руу хурдан ордог. Энэ надад ямар хамаатай юм гэж өөрөөсөө цааш ахих дургүй хүмүүс нийгмийн олонх байгаа цагт сайн сонсогч бэлдэх тухай яриа хэцүү л дээ.

-Эдний үе өнгөрсөн, одоо бидний цаг ирсэн гэх үзэл урлагт хамаарах уу?

-Урлагт огт шинийг хийнэ гэж байдаггүй. Уламжлалгүйгээр шинэчлэл гэж үгүй. Тийм учраас би өнгөрсөн үедээ хүндэтгэлтэй ханддаг. Хүний тэмдэглээд ирсэн нот болгонд хүндэтгэлтэй ханддаг. Тэр хүний бичсэн зүйл надад таалагдахгүй байлаа гэхэд өөр хэн нэгэнд таалагдана. Хөгжмийг хүн болгон өөр өөрөөр хүлээж авдаг. Тэр бүх зүйлийг л зөв ухаж тунгаах нь удирдаачийн гол зэмсэг байх. Удирдаачийн гар нь хөдлөөд байгаа юм шиг харагддаг. Гэхдээ боловсруулах гол ажил уураг тархинд нь өрнөдөг.

-Дуучид бол олонд танигдаж үнэлэгдээд явчихдаг. Удирдаачид ч гэсэн хүндэтгэл хүлээж амьдардаг. Хөгжимчдийн хувьд тодорч алдарт хүрэх, авьяасаа үнэлүүлэх тал дээр бүхний хойно орчихдог онцлог байх шиг анзаарагддаг. Удирдаачийн хувьд үгээ хэлээч?

-Зураг зурахад нэг зураас дахиж давтагддаггүй гэдэг. Хөгжим ч ялгаагүй тийм. Тэр утгаараа их нарийн мэргэжил. Хөгжимчдийг “Эд хөгжимдөж байх л ёстой” гэсэн буруу хандлага бий. Системээ өөрчилмөөр байгаа юм. Баахан амьдралын асуудалтай хөгжимчдийг сайн муу гэж ялгахгүй нэг эгнээнд тавьчихсан анзаарагддаг. Манай хөгжимчид чинь би илүү гээд яваад байж чаддаггүй даруухан хүмүүс. Морин хуурын чуулга анх байгуулахад л хөгжимдөж байсан бүхий л цаг үед нүүр царай нь болоод хөгжимдсөн хөгжимчин СТА авч чадаагүй явж байна. Урлагийн байгууллагын дарга нар хүртэл анхаардаггүй. Эцсийн эцэст ямар ч уран бүтээлчид сайн сайхан амьдрах баталгаа л хэрэгтэй.

-Хөгжимчдийн үнэ цэнэ алга гэх гээд байна аа даа?

-Үнэ цэнэ нь хаана байна, та хэл дээ. Хуучин цагт уртын дуу дуулдаг хүн богино дуу дуулахыг тэгтлээ хүсдэггүй байсан. Техникийн хувьд өөр учраас. Дуулах ур гэж нарийн юм бий. Нийтийн дуу шиг үлээлгээд дуулж болдоггүй. Харамсалтай нь хэн нэгний хоолыг булааж иддэг нийгэм учраас ийм хандлага өөрчлөгдөөд байна л даа. Хөгжимчид хайрлах учиртай улс. Тайз дүүргээд тавьсан макетууд биш. Цаанаа амьдралтай хүмүүс. Гадны улсын тайзан дээр Монгол Улсынхаа төлөө гардаг. Соёлын өдрүүд болохоор баахан хурал хийж загнаж байгаад авч явна. “Эх орныхоо нэрийг” энэ тэр гээд их том юм яриад авч явна шүү дээ. Ганц СD зараад алдартай болдог дуучдаас огт өөр улс гэдгийг нь олж харахдаа тааруухан улс. Хөгжим сонсдог үндэстний сэтгэлгээ өөр түвшинд очно. Ажилгүйдээ найрал, чуулга болоод суудаггүй. Дуртайдаа, урлагт хайртайдаа тэгээд байгаа юм. Түүнээс биш амиа хөөгөөд явбал чадвартай улс. Монголдоо хийж яваа гавьяа нь гэж харах учиртай. Жуулчид Монголыг язгуур талаас нь сонирхож анхаардаг.

-Урлагийнхан, тэр дундаа хөгжимчид сэтгэл зүйн бяд шаардсан ажил хийдэг улс. Нэг суурин дээр баатарлаг, уянгын гээд төрөл бүрийн агуулгатай уран бүтээлийг амилуулдаг. Сая болсон “Play­ing love” дээр гэхэд л “Тан руу нүүж явна” гэсэн уянгын бүтээл тоглосноо л гэнэтхэн “Gameof throne” гэсэн сүрлэг баатарлаг аялгууг амилуулах жишээний…?

-Та зөв анзаарсан байна. Сэтгэл зүйн хувьд хурдан хувирахаас аргагүй онцлогтой мэргэжил л дээ. Сая болсон киноны хөгжмийн тоглолт дээр таны асуусанчлан өөр өөр өнгө аястай бүтээл тоглосон. Монголын баатарлаг киноны хөгжим явснаа уянгын киноны хөгжим эгшиглэх жишээний. Тэгснээ Холливуудын драм гараад ирж байгаа юм. Энэ болгоныг бүрэн дүүрэн илэрхийлэхийн тулд кинонд нь орж, бүрэн уусч байж хөгжмөө тоглодог.

Удирдаач хүн нэг, хоёр, гурав гэж тоолоод зэрэг тоглохыг тушаадаг ажил биш. Тэр хөгжимчинд өөрийн гэсэн эрх чөлөө бий. Бүх хүн нэг болохыг багийн ажил гээд байгаа юм. Нэг болгох ажлыг нь удирдаачид хийдэг.

-Тан шиг уран бүтээлчдийн хувьд тайзан дээрх сандрал гэсэн ойлголт огт байхгүй юу, эсвэл сандрах үе гардаг уу?

-Дутуу боловсрогдсон бол сандрал байна. Бидний хувьд өөр сандрал бий. Монгол хөгжмийг сонсохгүй, нэг их хүлээж авахгүй маягтай болчихож. “Пороро” тогловол хүлээж авах маягтай л болчихоод байна. Би жишээ нь “Game of thrones” уу, Хатанбаатар уу гэсэн сонголтын өмнө ирчихээд байна л даа. Юу нь үндэсний бахархал юм, Мандухай сэцэн үү, Гладиатар уу гэдэг ч юм уу. Бидэнд барьж авах ёстой үнэт зүйл бий. Гэтэл хүмүүс “Game of thrones”сонсъё гэдэг. Бид тэр хүслийг нь дагаад байнга “Game of thrones” сонсгоод байвал юу болохов. Бүр цаана нь, углуургад нь үндэсний хэв шинжээ хамгаалдаг хана байх ёстой. Уран бүтээлчид бид оюун санааны хувьд нийгмээсээ нэг алхмын өмнө явах ёстой. Сэхээрүүлж, гэгээрүүлж шинэ түвшинд гаргах үүрэгтэй улс. Та нар энийг сонсвол дараа нь эх оронч үзэл гэж юу болохыг илүү ойлгоно гэсэн хандлагаар хандах учиртай. Мэдээж сонсохыг хүссэнийг нь хүргэнэ. Гэхдээ “За одоо та нар монгол хөгжмөө сонс” гэж хэлэх хэрэгтэй. Монгол хөгжмийн аялгууны тогтоц нь яагаад таван эгшиг дээр тогтдог. Дорно дахины хэлбэр шүү дээ. Та түрүүн үзэгчээ яаж бэлдэх вэ гэж асуусан. Үзэгчдээ бэлдэхийн тулд сургуулийн өмнөх боловсролд анхаарах ёстой. Бага, дунд сургуулийн боловсрол, дуу хөгжмийн багш нарын боловсролд арай өөрөөр хандах хэрэгтэй.

-Яг яаж өөрөөр хандах вэ?

-Суурь онол гэж айхавтар юм бий. Хөгжмийн онолын хичээл, хөгжмийн уран зохиолын хичээлийг анхаарах хэрэгтэй. Дуучдыг нотны боловсролтой болгох ёстой. Мэргэжлийн сургуулиуд ч гэсэн анхаарах учиртай. ”Тунгалаг тамир” кинонд Итгэлт баяны хэлдэг шиг бөөрөнхий, дундаа цэгтэй нь хээлтэй гэдэг шиг хөгжим өөрөө нарийн тэмдэглэгээтэй. Тэр бүгдийг эзэмшсэний дараа хөгжимчин болох ажил эхэлдэг. Түүнээс биш шууд л хөгжим заагаад эхэлдэггүй юм. Морин хуурын сургалт явагдаж байгаа нь олзуурхам хэрэг. Морин хуурын чуулгын дараагийн ажил бол судалгаа. Түүнээс биш морин хуурын чуулгыг морины хөгжим тоглодог газар гэж ойлгож болохгүй. Үндэсний хөгжим хөгжимдөх ур зүй зэрэг дээр манай чуулга судалгааны үндсэн төв газар байх хэмжээнд хүрсэн. Хөгжимдөх хэлбэрээ дагнаж, хөгжмийн бүтээл рүүгээ ханддаг учраас шинэ ололт, дэвшлийг хайдаг. Гэхдээ морин хуурын чуулгын бүрэлдэхүүнд байхгүй хөгжим бий. Хуучир, шанз, лимбэ гээд байна. Жил бүр хөгжмийн зохиолчдын шинэ бүтээлийн тоглолт гэж бодлогоор хийж байна. Ирэх жилээс лимбэний, шанзны, бишгүүрийн концерт тоглох боломж хайж байгаа. Хамтдаа хөгжих л асуудал.

-Гадныхан морин хуурыг их сайхан хүлээж авдаг. Тэр дундаа япончууд онцгой хүлээж авдаг улс. Бид ер нь үндэсний хөгжимдөө яаж ханддаг улс вэ?

-Сайн, сайхан, зөв байх гэдэг чинь мөнгөтэй байхаас өөр. Чанадын баян гэдэг чинь энэ. Морь нь үхээд сүүлнээс нь тасдаад хөгжим хийсэн гэх мунхаг ойлголт яваад байдаг. ЮНЕСКО-д материаллаг бус оюуны өмнө гэж бүртгэгдсэн хөгжим шүү. Дэлхий цаад философийг нь харж байна. Хөгжимдөнө гэдэг чинь оюуны ажил. Классик гэдэг бол тухайлсан үед хамаарахгүй. Улс үндэстэн бүрд өөр өөрийн классик бий. Италичууд сонгодог дуурь гэж нэршүүлж, хүлээн зөвшөөрүүлж чадсанаараа л ялгарна. Орос ч гэсэн дуурь, балетад өөрийн гэсэн тод мөртэй. Дуурь гэхэд л анх Францад үүссэн, Италид цэцэглэсэн.

-Морин хуураа дэлхийн сонгодог болгохын тулд бид яах ёстой юм бол оо?

-Хөгжимдөө зөв хандах хэрэгтэй. Ханандаа тоос дарсан хуур өлгөсөн айлууд нийтлэг анзаарагддаг. Энэ янзаараа явбал хэцүү. Нэг хөгжмийн зохиолчоос гадны хүн үндэсний хөгжмийг маань асууж л дээ. Мань хүн морин хуур гэсэн хариу хэлж. Өнөө гадаад нь Морин хуурд зориулсан бүтээл туурвисан уу гэж асуухад үгүй гэсэн хариу өгч. Яриа өдсөн гадаад нь “Таныг тэгвэл яаж монгол гэж таних юм бэ” гэсэн гэдэг. Бодууштай үг. Бие хүн үндэстнээ эхлээд таньсан байх учиртай. Үндэстнээ таньсан хүнийг гадаад ертөнц өөрийгөө таньсантай зүйрлэдэг. Гадаадад очоод морин хуураа татчихдаг бол өөрөөр харна. Мартын найман боллоо ээжийн тухай дуу дуулъя, цэргийн баяр болохоор аавын тухай дуу дуулна гэх маягаар явбал оюуны хувьд улам доошилно. Баяр далимдуулж мөнгө олдого хандлагаар явсаар өнөөг хүрлээ л дээ.

-Залуусыг үндэсний хөгжим, морин хуур руугаа татах нэг алхам нь “Playing love”. Залуусыг дуудсан өөр ямар тоглолт байдаг билээ?

-“Playing love”-оос гадна “Novelmelody” гэсэн концертыг санаачилсан. “Playing love” үр дүнгээ өгсөн. Киноны хөгжим тоглоход “Корпорэйт” тохирсон орчин. Учир нь маш том дэлгэцтэй. Нягтрал нь их сайн.

П.САЙНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *