Categories
мэдээ цаг-үе

Д.Цогтбаатар: Оффшор дансгүй бидэн рүү дайраад, болдоггүй нөхөд нь далд үлдэх гээд байгаа юм биш үү

Барилга, хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатартай ярилцлаа.

-Оффшор дансны асуудал сүүлийн үед нэлээд яригдлаа. Таны нэр холбогдлоо?

-Нэг зүйлийг эхнээсээ их тодорхой хэлмээр байна. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос зарласан манай улсын оффшор данстай хүмүүсийн нэрс дотор миний нэр байхгүй. Надад оффшор нууц данс байхгүй болоод л тэр. Та надтай уулзахынхаа өмнө ороод шалгасан байлгүй дээ.

-Тэгсэн. Байхгүй байна лээ.

-Би өөрийн тайлбарыг бүх хэвлэлийнхний өмнө ил тод өгч байгаа. Идэж уусан, нууж хаасан юм байхгүй учраас л тэр. Би Монголд бүртгэлтэй, Монголд ажил олгогч, татвар, нийгмийн даатгалаа Монголд төлдөг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт хийж байсан. Үүнээс хойш 11 жил өнгөрч байна. Нэлээд олон хүн л шууд болон шууд бус замаар тэр үед ажилтай, орлоготой болж байсан санагддаг. Хүний амьдралаар яривал үе мултарсан цаг хугацааны өмнөх юм ярьж байна. Хөрөнгө оруулалт хийхдээ ил тод өөрийн нэрээр хийсэн. Хэнээс ч, юу ч нуугаагүй. Тэр компанийн толгой компани Британийн Виржинийн арлын чөлөөт бүсэд бүртгэлтэй компани байсан. Тэр нь Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтын агентлагийн бүртгэлд хуулийн дагуу ил тод туссан. Тэгэхээр энэ толгой компани нь нууц байгаагүй, Монголын төр бүртгээд авчихсан, сайтар мэдэж байсан гэсэн үг. Энгийн үгээр хэлэхэд уг компани нь Монголд гадаадын хөрөнгө оруулалтыг нь татан зохион байгуулах зорилго бүхий гадаад салбартай Монголын компани юм. Толгой компанийнх нь босгосон бүх хөрөнгө Монголд орж ирж байсан. Тэр нь банк санхүүгийн байгууллагуудад мэдээж бүртгэлтэй, ил байгаа. Тэгэхээр энэ бол гаднаас хөрөнгө татаж Монгол руу оруулах үйл ажиллагаа байсан. Үүгээрээ Монголоос мөнгө гадагшлуулдаг, нууц, Монголд хаана ч бүртгэлгүй, эзнээс нь өөр хэн ч мэддэггүй данснаас огт эсрэг зүйл юм. Тэмээ, ямаа шиг зөрүүтэй ийм хоёр өөр зүлийг мэдэн будилж гуйвуулан зориуд улс төрийн зорилгоор тайлбарлаад байгааг хүмүүс ойлгож байгаа байх.

Толгой компаниа гадаадад бүртгүүлсэн бүтцийг гадаадын хөрөнгө оруулагчид өөрсдөө зохион байгуулсан байсан. Тийм бүтцийн сонголт, шийдвэр бидэнтэй хамаагүй. Гадныхан угаасаа ийм бүтэцтэйгээр хөрөнгө оруулалтаа хийх нь маш түгээмэл. Монголд сүүлийн 20 жилийн дотор гадаадаас орж ирсэн нийт хөрөнгө оруулалтын бараг 60 орчим хувь нь оффшор компаниудаас орж ирсэн байдаг. 10 төгрөг тутмын зургаа нь гэсэн үг шүү дээ. Та юм уу, танай хүүхэд хэзээ нэгэн цагт гадаадуудтай хамтарсан компанид хөрөнгө оруулалт хийе гэж бодоход оффшорт бүртгэлтэй компаниар дамжуулж цаад гадаадууд нь хөрөнгөө Монголд хийе гэх магадлал 10 тохиолдол тутмын 50-иас илүү хувьтай тэнцэнэ.

Ийм бүсэд байршилтай компаниудын хувьцааг авч хөрөнгө оруулалт хийж буй гадаад дотоодынхон Монголд итгээд л хөрөнгө оруулж байгаагаас элдэв буруу сэдэл өвөрлөөгүй байдаг. Тиймээс бид гадны хөрөнгө оруулагчидтай энэ бүтцээр нь л хамтран ажилласан. Ийм хамтарсан компаниуд Монголд 10 биш, 20 биш, 100 биш хэдэн зуугаараа байгаа. Яг адилхан тэдгээр компаниудын хөрөнгө оруулагчдыг ярихгүй л байгаа биз дээ. Тэр нь ч зөв. Тэд чинь хөрөнгө оруулагчид, түүнээс Монголоос мөнгө зувчуулан нууж, зугатаалгаж байгаа хүмүүс биш. Ер нь оффшорт нуусан дансгүй бидэн рүү дайралт өдөөнгөө, яг болдоггүй нөхөд нь далд үлдэх гээд байгаа юм биш үү.

-Та Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдээлээгүй юм уу?

-Хөрөнгө орлогын мэдүүлгийг анх 2007 оноос манайд хуулийн дагуу авч эхэлсэн. Тэр үед тухайн байгууллагаас хөрөнгө оруулалтаа татан гараад хоёр жил болчихсон байсан. Тиймээс байхгүй хувьцааг яаж мэдүүлэх вэ? Байсан бол яг ёс журмынх нь дагуу мэдүүлэх мэдүүлэхгүй байх нь асар утгагүй биз дээ.

Өөрөөр хэлбэл, хоёр жилийн өмнө зарчихсан байраа ч юм уу, машинаа одоо байгаа мэтээр хөрөнгө орлогодоо мэдүүлж болохгүй биз дээ.

-Төрд ажиллаж байсан хүн гэдэг талаас нь бас шүүмжлэнгүй яриад байх шиг байгаа.

-Хөрөнгө оруулж, хувьцаа эзэмших эрх төрийн албан хаагчдын хувьд өнөөдөр ч нээлттэй байдаг эрх. Тэгэхэд ч нээлттэй байсан. 2003 онд олон зүйл өнөөдрийнхөөс их өөр байсан. 1990-ээд онд үйлчилж байсан Төрийн албаны хууль 2002 онд оруулсан өөрчлөлттэйгөөр л үйлчилж байсан. Уг өөрчлөлт нь төрийн албан хаагчдыг мэргэжлийн зөвлөх үйлчилгээ – бизнес давхар эрхлэх эрхийг нээж өгсөн байсан гээд л бодоод үзээрэй. Учир нь боловсон хүчиндээ давхар ажил эрхэлж, орлогоо бага ч болов нэмэгдүүлэх боломжийг олгох замаар тэдгээрийг хувийн салбар руу алдахгүй байх бодлогыг төр барьдаг байсан гэсэн үг. Арга ч үгүй. Тэр үеийн төрийн албан хаагчийн дундаж цалин чинь өнөөдрийн Монгол Улсад мөрдөгдөж буй цалингийн доод хэмжээнээс гурав дахин бага байсан юм. Далан мянган төгрөг байсан. Амьжиргаанд нь яагаад ч хүрэхээргүй цалин өгч байсан учраас ажлын бус цагаараа өөр ажил бизнес эрхэлж амьдралаа залгуулах боломжийг нь нээсэн байсан хэрэг л дээ. Тэр үед Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн дагуу төрийн албан хаагчид үндсэн ажилдаа харшлахгүй арга замаар өөрийн аж ахуйг эрхэлж, төсөл хөтөлбөр дээр ажиллаж, орчуулга хийж, зөвлөгөө өгч болдог байсан. Миний санаж байгаагаар тэр үед манай системд ажиллаж байсан бараг бүх хүн ар гэрийнхэнтэйгээ хамтран нэг бар, ресторан ч юм уу, эсвэл кафе, дэлгүүр, үйлдвэр үйлчилгээний газар ажиллуулдаг байсан. Үнэн юм үнэнээрээ сайхан. Төрд хөгжлийнх нь ийм үе шат бас байсан л юм.

Үүнийг хүмүүс мартчихаад байгаа. Тиймээс өнөөдрийн өндөрлөгөөс, өнөөдрийн хууль эрх зүйн орчны өнцгөөс тэртээ 10 жилийн өмнөхийг дүгнэж яриад ундууцаад байгаа болов уу. Би тэр үеийн хуулийн хүрээнд ажлын бус цагаараа нийтлэл бичиж, судалгаа хийж, цагийн багшаар ажиллаж, ном судар орчуулах зэрэг бүхий л соёлтой аргаар орлогоо жаахан ч гэсэн нэмэгдүүлэх гэж мөнчгөрөө шахаж ажилладаг байсан нь үнэн.

-Та төрд өндөр алба хашиж байсан. Ямар нэгэн тендерт оролцоогүй гэж үү?

-Харин би хэзээ ч төрийн, төсвийн мөнгөтэй холбоотой тендер, концесс, гэрээт ажил авч, цавчаа гээч юмтай холбогдож яваагүй. Бас хэзээ ч төрөөс их бага зээл авч байгаагүй. Дээр нь дипломатч хүний хувьд гадаад харилцааны салбарт ажиллаж байх үедээ гадаад бодлогыг эдийн засагжуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг хэр татсанаар дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааг дүгнэнэ гэсэн бодлоготой ажиллаж ирсэн. Ер нь Гадаад яамны дипломат ажилтнууд болон Элчин сайд нарын тайлангуудыг судлаад үзвэл эх орондоо хөрөнгө оруулалт татаж чадсанууд нь их бахархалтайгаар түүнийгээ тусгасан байдаг юм. Одоо энэ бодлого үргэлжилж л байгаа. 2003 онд Монгол Улс гадаадын зээл тусламжаас хамааралтай эдийн засагтай байсан. Гадаадын хөрөнгө оруулалт нүдний гэм гэлтэй л байсан үе шүү дээ. Зээл тусламжийн хараат байдлаас гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татан нэмэгдүүлэх замаар гарах бодлогыг мөрдлөг болгодог байв.

Би Монгол руугаа л гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, зээл тусламжийн, гуйлгын эдийн засгаас гаргахад бодитой хувь нэмэр оруулахыг л хүсч ажиллаж байсан. Нэг ч болов монгол хүний, Монгол Улсын орлого, амьжиргааг бага ч болов ахиулчих юмсан л гэж зорьж явсан. Үүнээс ямар ч хохирол хэнд ч учраагүй. Би хууль бус зүйл хийж яваагүй, хийх ч үгүй. Миний хэлэх үнэн л энэ.

П.ЧУЛУУН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *