Categories
гадаад мэдээ

Д.Трамп шаардлагатай гэж үзвэл “Ногоон картны сугалаа“-г зогсооно гэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн пүрэв гаригт Цагаачлалын хуульдаа оруулах шинэчлэлийн бодлогoo танилцуулжээ. Тус хуулийн төсөл нь англи хэлтэй, өндөр боловсролтой гадны залуучуудад илүү боломж олгох аж. Хуулийн гол санаачлагч нь түүний хүргэн хүү Жаред Кушнер юм. Хууль санаачлагчид шинэ төслөө боловсруулахдаа Канад, Япон, Австрали, Шинэ Зеланд зэрэг улсын Цагаачлалын хуулийг харьцуулж үзсэн гэнэ. Судалгаагаар АНУ-д гадаадаас ирж буй цагаачдын ердөө 12 хувь нь мэргэжлийн ур чадвартай байдаг аж. Харин шинэ хуулиар үүнийг 57 хувь болгохоор зорьж буй юм. Өөрөөр хэлбэл, Д.Трампын дэвшүүлж буй саналд цагаачдыг юуны өмнө мэргэжил, ур чадварын шалгуураар сонгох нөхцөлийг тусгажээ.

Мөн тэрээр иргэдийн ажлын байрыг хадгалах зорилгод шаардлагатай гэж үзвэл “ногоон картны сугалаа”-г зогсоохоо мэдэгдсэн байна. Ардчилсан намын ууган гишүүд түүний энэ үйлдлийг хурцаар шүүмжлээд байна. Учир нь энэ нь АНУ-д хүүхдүүдийнхээ хамт ирээд удаж байгаа хууль бус хэдэн зуун мянган цагаачдын хувьд иргэншил авахад нь саад болох юм байна.

Д.Трампын дэвшүүлж буй хуулийн төслийг Конгрессоор хэлэлцүүлж батлуулахад нэлээд хугацаа шаардана. Гэвч энэхүү санал нь 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Бүгд Найрамдах намын цагаачлалын асуудлаар баримтлах үндсэн бодлого болох төлөвтэй гэж ажиглагчид үзэж байна. Д.Трамп шинэчлэлийн асуудлын хүрээнд АНУ жилд гадаадаас авдаг цагаачдын тоог 1.1 саяд хязгаарлаж, мэргэжлийн ур чадвар өндөртэй хүмүүсийг илүү олноор хүлээж авахад анхаарах юм.

Д.Трамп мөн хилийн аюулгүй байдлыг чангатгаж, дүрвэгсдэд хатуу бодлого хэрэгжүүлэхээ мэдэгджээ. АНУ-ын өмнөд хил болох Мексиктэй залгаа Тихуана хотод Латин Америкаас хэдэн зуун мянган цагаачид ирээд байгаа аж. Энэ нь тус хоёр орны хувьд толгойн өвчин болоод буй юм. Хүний эрхийн болон сайн дурын байгууллагуудын тооцоолсноор ойролцоогоор 600.000-880.000 хүн хүнд нөхцөл байдалд аж төрж байгаа аж.

АНУ-ын хилийн ажилтнууд зөвхөн өнгөрсөн дөрөвдүгээр сард гэхэд хууль бусаар хил давахыг оролдсон 99 мянган хүнийг саатуулсан байна. Энэ нь 2007 оныхтой харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт аж. Уг тоо цаашид ч өсөх хандлагатай байгаа. Д.Трампын засаг захиргаа саяхан Конгресст хандан Тихуанад үүсээд буй асуудлыг шийдвэрлэх зорилготой 4.5 тэрбум ам.долларыг яаралтай гаргаж өгөхийг хүссэн билээ. Үүний дараагаар цагаачдын асуудалд хэрэгжүүлэх бодлогыг танилцуулах үеэр жил бүр олгогддог 1.1 сая ногоон картын квотыг хэвээр хадгална гэжээ.

Ажиглагчдын онцолж буйгаар Д.Трамп дээрх үйлдлээрээ 2020 онд болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд хүмүүнлэг, цагаачдын асуудалд эмзэг ханддаг гэж харуулахын сацуу иргэдийн саналыг авах гэсэн давхар санаатай гэжээ. Зарим бизнесмэнүүдийн үзэж байгаагаар дээрх хуулийн төсөл нь фермерчин, мөн улирлын чанартай ажил олгогчдын хувьд түр ажилтан хөлслөх боломж олгохгүй гэж харж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *