Д.Трампад “блоклуулсан” гэх долоон жиргээч Нью-Йорк хотын Манхэттэн дүүргийн холбооны шүүхэд гомдол мэдүүлжээ. Колумбын Их сургуулийн дэргэдэх хүний эрхийг хамгаалах хүрээлэн тэднийг дэмжсэн байна. Холбооны шүүгчид Д.Трампын твиттер дэх аккаунт олон нийтэд ил байх ёстой. Хүн бүр хандаж, сэтгэгдлээ илгээх нь чөлөөтэй.
Гэтэл Д.Трамп зарим жиргээчдийг блоколсон нь хууль бус үйлдэл гэжээ. Тиймээс АНУ-ын төрийн тэргүүний жиргээчдийг блоклох асуудалд хориг тавьсан байна.
Гомдол мэдүүлэгчид Д.Трамп энэхүү үйлдлээрээ Үндсэн хуульд заасан “үгээ чөлөөтэй хэлэх, эсэргүүцлээ илэрхийлэх эрх”-ийг нь зөрчсөн гэж үзэж буй юм. Шүүгчид энэхүү асуудлыг авч хэлэлцэн мэдэгдэхдээ “Твиттэр дэх @realDonaldTrump хаяг нь иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, төрийн тэргүүнтэйгээ шууд харилцах боломж юм. Д.Трамп олон нийтийн талбар болсон энэхүү орон зайд нэвтэрсэн жиргээчдийг улс төрийнх нь үзэл бодлыг үндэслэн “блоколж” байгаа нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхсантай адилтгаж болно.
Мөн Үндсэн хуулийг зөрчсөн хэрэг” гэжээ. АНУ-ын Хууль зүйн яамны төлөөлөгч Манхэттений холбооны шүүхээс гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа мэдэгджээ. Тиймээс тус яам дээрх асуудлаар давж заалдаж магадгүй гэсэн мэдээ ч хөврөөд байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн оны нэгдүгээр сард тангараг өргөсний дараа твиттер сүлжээнд албан ёсны хаягтай болж байв. Үүнтэй зэрэгцэн твиттер дэх хувийн хаягаа ч давхар идэвхтэй хөтөлдөг нэгэн.
Д.Трампын хувьд твиттерийн асуудлаар үүссэн анхны дуулиан энэ биш аж. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тэрээр жинхэнэ эсэх нь батлагдаагүй нэгэн дүрс бичлэгийг твиттертээ оруулсан нь мөн дуулиан болж байв. Энэ нь лалын шашинтан цагаач эр нэгэн хөвгүүнийг хайр найргүй зодож буй бичлэг байжээ.
Бэлтгэсэн Д.ЦЭРЭНДОЛГОР