Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарамтай ярилцлаа. Тэрээр өчигдөр хэсэг нөхдийн хамт хэвлэлийн бага хурал хийсэн юм.
-Э.Бат-Үүлийг С.Зориг агсны хэрэгт холбогдуулан шалгахаар болсон. Та 1990 онд хүний эрх, эрх чөлөөний төлөө тэмцэж явсан хүн. Тэр үеийг өнөөдөртэй харьцуулахад ямар дүр зураг харагдаж байна вэ?
-Хүний эрх, эрх чөлөө тухайн үеэс огтхон ч дээрдээгүй байна. Нийгэм дэх бүхий л асуудал мөнгө, хээл хахуультай холбоотой болжээ. Коммунист дэглэмийн үед шууд яргалдаг байсан. Харин авлига, хээл хахуульд идэгдсэн өнөөгийн нийгэмд хүний эрхийг сэтгэл зүй, удам судар, эдийн засгаар нь хохироодог болсон байна. Мөнхийн шоронд байлгана гэсэн үг байхгүй юу. Шууд алахаас илүүтэй оюун санаагаар нь үхүүлж шоронд байлгадаг болсон байна. Би Э.Бат-Үүлтэй найз. Манайхан гэр бүлээрээ найзууд. Үр хүүхдүүд маань ч бие биедээ ахаа, эгчээ болцгоосон улс. Нөгөө талаасаа монгол хүний жам ёсны үнэ цэнэтэй эрхийг авчрахын төлөө 1990 онд хамт зүтгэж байсан журмын нөхөд. Тэр хүнийг хэн бэ гэдгийг би мэднэ. Тиймээс зөв үйлийн төлөө зүтгэж байсан, гүтггэлэгт өртөж буй найзыгаа чин сэтгэлээсээ өмөөрч байна. Ер нь Э.Бат-Үүлээр дамжаад нэг аймшигтай зүйл харагдаад байгаа юм. Тэр нь үнэний, зөвийн төлөө бор зүрхээрээ амьдарч буй тэр бүх хүний зүрх рүү шагайж буй сталинч, хрушевч бууны амны эсрэг л дуугарч байгаа юм.
-Та гүтгэлэг гэж хэллээ. Гүтгэж байгаа нь хэр үнэний ортой юм бэ?
-Цэвэр гүтгэлэг.
-Та С.Зоригтой ч тэр, Э.Бат-Үүлтэй ч тэр ойрхон харилцаатай байсан хүний нэг. Энэ хоёр хүний хоорондын харилцаа ямархуу байсан юм бэ?
-Нарийндаа бол С.Зориг, Ц.Элбэгдорж гэхчилэн ардчиллын 13 гэж ярьдаг шүү дээ. Бид бие биенийгээ дэндүү сайн мэднэ. Тэр дотор “малыш” Энхтүвшин гэж нөхөр бий. Тухайн үед нууц л байлаа. Одоо бол ил болсон. НАХЯ-наас бидний дунд орж ирээд мэдээлэл авч байсан нөхөр гэдгийг тэр үед гадарлаж байсан. Хожим нь бүр илүү мэдсэн. Биднийг хооронд нь, бие бие рүүгээ арсалдуулж байж Э.Бат-Үүлийг буудаж байна. Би “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт орох үедээ ардчиллын түүхийн нэгээхэн хэсгийг маш бодитой үнэнээр ярьсан. Бид ардчилал гэж дандаа худлаа ярьж байна. Цаг улирах тусам гоёод байдаг зүйл огт биш. Байх ёстой зүйл бодитоороо, байх ёстойгоороо байг гэж ярьсан. “Малыш” гэж хэн байсан, ямар хутгуур байв, НАХЯ-ны ямар хэрэгжүүлэгч байв гэдгийг хэлсний төлөө үгийг нь монтажлаад С.Зоригийг Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёр алсан юм байна гэх жишээтэй. Энэ удаагийн Э.Бат-Үүлийн гүтгэлэг ингэж эхэлсэн. Би дотроо “Нэг л юм хийх гээд байна. Юу болох юм бол доо” гэж харж байсан. Тухайн үед би дуугараагүй. Чимээгүй харж байя гэж бодож байлаа. Гэтэл өнөөдөр ийм зүйл болж байна. Явцыг нь сайн анхааралтай хараарай. Энэ сарын 9-ний орой Б.Булганыг сулласан. Тэр оройдоо Э.Бат-Үүлд яллагдагчийн дуудлага өгсөн байгаа юм. Сонин байгаа биз. Б.Булган эмэгтэй хүн. Тэр хүнийг яаж тарчлаан зовоож, уландаа гишгэж байсныг мэдэхгүй юм. “Чи зүгээр л Э.Бат-Үүл гээд заачих” гэж чадах улсууд шүү дээ. Ийм муухай арга барилаасаа салаагүй цагт бид ардчилал гэж ярих утгагүй. Тиймээс би юу гэж дотроо бачимдаад байна вэ гэвэл Монголд ардчилал гэж байдаг бол, Ардчилсан нам гэж байдаг бол шинэчлэгдэх ёстой. ҮЗХ гэдэг бол ерөөсөө биш байгууллага. Мөнгөнд идэгдэж, даргыгаа тахин шүтсэн л газар. Тэд шинэчилж чадахгүй. Шууд зарлаад их хурлаа хуралдуулах хэрэгтэй. Их хурлыг сум, багийнханд ч нээлттэй байлгах ёстой юм.
-Э.Бат-Үүлийг мэдээлэл хийхийн өмнө та холбогдсон уу. Юу гэж байх юм?
-Яллагдагчаар татагдахаас нь хоёр, гурван хоногийн өмнө сураг сонссон. Тэгээд найзтайгаа уулзсан. “Юу болоод байна вэ, юу гэсэн үг вэ” гээд ярилцсан. Улаанбаатар хот ямар байлаа даа. Хэзээ байтлаа Улаанбаатар ийм байсан юм бэ. Наад захын жишээ, харгуй замыг нь харчих. Цагдаа, иргэний хоорондын харилцааг хар. Цагдаа чи очиж иргэдэд үйлчил гэдэг Засаг дарга байлаа шүү дээ.
-Танд юу гэж байх юм?
-Мань эр бол өөрөө “Өө гайгүй байх. Шуугиан дэгдээж байгаа байх. Хууль зөрчиж болохгүй. Хуулиас гадуур зүйл яваад байна. Харзнаж байя” гэсэн. Гэвч удаан хараад хэрэг байна уу даа, хөдлөх хэрэгтэй гэж зөвлөсөн. Би одоо хэлж байна, ийш тийшээ хамаагүй битгий яваач гэж. Үр хүүхдээ ч гэсэн хамгаалах хэрэгтэй. Яаж ч мэдэх хүмүүс бий. Мөнгөтэй болсон хүмүүс юу ч хийж, яаж ч мэднэ. Энийг сануулж хэлсэн. Гэтэл надтай уулзсанаасаа хойш хоёр хоногийн дараа хэвлэлийн бага хурал хийж олонд мэдээлсэн. Юу болоод байгаа талаар хэлэхгүй бол болохгүй шүү дээ. Юу ч яриулахгүйгээр аваад явчихвал яах юм бэ. “Малыш”-ыг гэр бүлээрээ хоол идэж байхад нь тэгээд л аваад явчихсан шүү дээ. Тэрэн шигээ зүйл хийвэл хийнэ шүү дээ. Ер нь бүх процесс санаатай явагдаад байгаа. С.Зоригийн эхнэрийг тамлаж тамлаж гаргачихаад тэр оройдоо Э.Бат-Үүлд бичиг явуулж байх жишээтэй.
-Юу юугүй л хэвлэлийн хурал хийж олон нийтэд хандаж байгаагаас нь харахад их айсан мэт харагдаад байгаа. Монгол Улсын баатар хүн ингэтлээ айж сандраад байх хэрэг бий юу?
-Баатар байх энд ямар ч хамаагүй шүү дээ. Баатар хүн дуугүй байж байгаад сүйрэх үү. Энд баатар байна уу, төрийн хүн байна уу гэдэг огт хамаагүй. Хүн нь л өөрөө хэрэгтэй. Хүн болгонд таалагдах ч алба байхгүй. Манайхан баатар хүн тийм байх ёстой, төрийн шагналтай хүн ийм байх ёстой гээд нэг загварт оруулах гээд байдаг. Ёстой юм энэ хорвоод байдаггүй юм. Харин ч ёсгүй нь их байдаг юм шүү. Тийм учраас Монголын ард түмэн ёстой зүйлд битгий баглагдаад бай, ёсгүй юм гэж бас байдаг юм гэж хэлмээр байна. Ёсгүй юмнаас ёстой гэдэг нь ёсзүйг эвддэг юм. Тийм учраас ёсгүй дотор зөв сэлж гар гэж хэлэх дуртай.
-С.Зоригийн хэрэг сөхөгдөх бүрт л хамгийн түрүүнд Э.Бат-Үүлийг хамаатуулаад байдаг. Ямар учиртай юм бэ?
-Тэр үйл явдал болсны дараа Ц.Элбэгдорж тэргүүтэй найз нөхөд, улс төрийнхөн очсон. Э.Бат-Үүл хамгийн дотнын найзынх нь хувьд мэдээж хэрэг яваад очно. Хэн ч байсан санаа зовоод очно биз дээ. Гэтэл гай болж малгайгаа мартчихсан. Мартамхай зан нь бүр багынх. Унаган зан нь ч гэж хэлж болно. Хэрэг сөхөгдөх бүрт Э.Бат-Үүлийн малгай гэж яриад байдаг. Ороод гарахдаа мартсан малгайнаас болж толгойг нь онилоод байна.
-Хэрэгтэй холбогдуулан Э.Бат-Үүлийг шалгаж байгаа нь анхных биш. Зүгээр нэг сүрдүүлэг байдаг юм болов уу?
-Сүрдүүлэг, хэлмэгдүүлэлт хоёр ер нь бол адилхан. Улс төрийн байр сууринаас нь холдуулах, улс төрийн карьерыг нь болиулах гэсэн холын гар орж ирчихээд байна. Дандаа өөрөөсөө өндөрт байгаа хүндээ атаархаж байдаг шүү дээ.
-Э.Бат-Үүлийг гэхээсээ илүүтэй Ардчилсан намын лидерийг унагах гэсэн шоу юм болов уу гэх хардлага бас байна?
-Тийм шүү дээ. Сонгуульд ялалт байгуулах, өрсөлдөгчгүй болгох гэсэн л санаа. Ерөнхийлөгч, намын даргад Э.Бат-Үүлтэй тэнцэх хэмжээний удирдагч Ардчилсан намд одоо байхгүй болсон. Ц.Элбэгдорж найман жил Ерөнхийлөгч хийгээд хугацаа нь дуусах дөхөж байна. Одоо Үүлээс өөр лидер байхгүй. Мэдээж хэрэг Баабар, Ганболд нар улс төр рүү орохгүй юм шиг байна лээ. Тэд бүгдээрээ Бат-Үүлийг өмөөрнө, зүтгүүлнэ. Хэрвээ Ерөнхийлөгч болчихвол асар их гэрэл гэгээ, ёс зүй ярина. Хуйвалдаан ихтэй нийгэмд энэ хүн гай болно гэдгийг мэдэж байгаа болохоор байхгүй болгох гээд байна. Би юу юуны түрүүнд ингэж харж байгаа. Тэр байтугай Э.Бат-Үүлийг МоАХ-ноос өмнө “Шинэ үе” гэж улс төрийн бүлгэм байгуулаад явж байхад НАХЯ дээр дуудаж авчраад алах ял өгнө гэж хашгирч байсан.
-Найз нөхдийн хувьд та өнөөдөр олон нийтэд мэдээлэл өгч байна. Цаашид хэрэг улам хүндэрвэл яах вэ?
-Би бол тэвчихгүй. Цаашаа ямар арга зам байна, тэр хүртэл явна. Олон улсын байгууллагад хандана. Арбитрын шүүхэд хандана. Хандаж ч эхэлж байгаа. Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлнэ. Одоо гадагшаа явчихсан байгаа ч гэлээ мэдээлэл авч л байгаа. Хууль цагдаагийнханд шаардлага хүргүүлээд хариугаа авна.
-Та хоёр анх яаж танилцаж байсан юм бэ?
-МоАХ анх байгуулагдах гээд дуншиж байсан үе л дээ. “Залуучууд” зочид буудалд дугуй танхим гэж байсан юм. Тэнд цугларч хуралдахдаа зохицуулах зөвлөл байгуулъя гэсэн байдаг. Тэр үед Э.Бат-Үүл “Д.Сосорбарам гэж жүжигчинг оруулъя” гэсэн юм билээ. Бие биенээ таньдаггүй байсан үе л дээ. Дараа нь танилцсан хойноо тухайн үед яагаад миний нэрийг дэвшүүлж байсан юм бэ гээд ярилцсан. Гэтэл “Амьдралын нахиа” кино гарсны дараахь ярилцлагыг үзсэн байгаа юм. Тэр үед би манай систем угширмал байна, өөрчлөхгүй бол болохгүй нь гэхчилэн ярьсан. Тэр яриа Э.Бат-Үүлд их таалагдсан гэсэн. Өөрийнх нь үзэл бодолтой нийлэхгүй юу. Тэгээд л бид найз нөхөд болсон. Сайхан үйл хэрэг, шинэчлэл өөрчлөлтийн төлөө нийлж найз нөхөд болсон. Зүгээр нэг ширээний ард ганц, хоёр шар айраг ууж найзлаагүй. Их ондоо зорилгын төлөө явж байхдаа л найзалж эхэлсэн.
-Улстөрч биш эр хүнийхээ хувьд ямар хүн бэ?
-Хүнд ховор чанар байдаг. Тэр болгон хүн заяагаад байхгүй сайхан чанартай. Хэн нэгнийг гундаж, ядарч явахад нь үргэлж гараа сунгадаг зантай. С.Цогтсайханд бол их тус болсон. Үр хүүхдийг нь байнга анхаардаг. Ер нь бидний нөхөд бие биедээ туслах чин сэтгэлтэй. Байр орноос эхлээд туслах зүйл олон тохиолдоно.
-С.Зориг агсан үгүй болсны дараа та бүхэн найз нөхдөөрөө суугаад ярилцсан л байх. Юу болоод өнгөрөв өө гэж. Чухам юу гэцгээж байв. Янз бүрийн хардлага, таавар их л байсан байх?
-Үнэндээ учраа ч олоогүй. Дараа нь их битүү хэрэг болчихсон. Таахын арга байгаагүй. Тэгсэн юм болов уу, ингээ болов уу гэж ярих гэхээр л хүн буруу хардаад яахав гэж бодогдоно. Тэр дундаа Э.Бат-Үүл хүмүүсийн хий хардлагыг зогсоож байсан хүн. Гадуур янз бүрийн л яриа байсан даа. “МАХН-ынхан хийсэн” гэхэд Э.Бат-Үүл зогсоож байв. Батлагдаагүй, нотлогдоогүй хэргийг хамаагүй ярьж болохгүй. Энэнээс болж ард түмэн хоорондоо хагаралдвал яах вэ гэсэн байр суурьтай байсан. Тэр бүү хэл Н.Энхбаярыг баригдаад явахад “Хэрэг нь нотлогдоогүй байхад хүнийг хэлмэгдүүлж байгаа юм биш үү” гэсэн утгатай зүйл телевизээр ярьж байсан. Шүүхээр шийдэгдээгүй байхад та нар ингэж болохгүй ээ гэж байсан хүн шүү дээ. Уг нь Э.Бат-Үүл, Н.Энхбаяр хоёр тэс өөр үзэл бодолтой хүмүүс. Үзэл бодлын хувьд нийлэхгүй салаа зам ч гэлээ хүнийг ингэж болохгүй гэж дуугарсан хүн. Эндээс Бат-Үүл хэн бэ гэдэг нь тодорхой харагдаж байгаа биз дээ.
С.АЛТАНЦЭЦЭГ