Categories
мэдээ цаг-үе

Д.Шагдарсүрэн: Ихэнх нутаг гантай байхад орон нутгийн засаг захиргаа нь хэдэн намдаа хуваагдаж давхиад малчдын талаар анхаарах сөхөө алга

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, цаг уурч, сэтгүүлч Д.Шагдарсүрэнтэй ярилцлаа.


-Энэ зун ихэнх нутгаар ногооны гарц муу, гантай байна. Гэвч сонгуулийн шуугианд дарагдаж малчдын зовлонг хэн ч тоохгүй байна уу даа?

-Нэгэнт ган болж байхад хэн хэн нь мэдээд, анхаараад яаж ч чадахгүй. Агаарт зориуд нөлөөлөөд, хур бороо оруулаад ган тайлъя гэж бодъё. Гэвч угаасаа үүл нь гарч ирэхгүй болохоор яаж ч нөлөөлөөд бороо орохгүй. Гарсан үүлнийх нь услаг бага байдаг болохоор яаж ч нөлөөлөөд бороо орохгүй. Үүл буудах гэж яриад байгаа шүү дээ. Энэ чинь тодорхой хэмжээний услагтай байгаа, бороо нь доошоо газрын гадарга дээр унаж чадахгүй байгаа үед л чийг шингээгч бодисыг пуужингаар аваачиж үүлэн дунд цацаад үүлний дуслыг томруулаад тэр нь доошоо бороо болж орох энэ процессыг дэмжиж байгаа юм. Тэгэхээр тарваганд явж буй хүн хэдийгээр буутай сумтай явлаа ч гэсэн мөндөл гарч ирэхэд бууддаггүй. Нэлээд таргалсан бүдүүн бурхи, тарвагыг олж байж л буудахыг бодно. Түүн шиг гарсан үүл болгон руу пуужин харваад байдаг юм биш. Тийм учраас зарим газарт үүл буудаж өгөхгүй байна гэж гомдол мэдүүлж байгаа. Энэ жилийн агаар мандлын процесс өөрөө яг энэ Төв Азийн хэсэг дээгүүр өндрийн фронтын бүс гэж ярьдаг газрын гадаргаас таван км орчим өндөрт байгаа ба агаарын асар хүчтэй тийм урсгал явж байгаа юм. Байнга явж байгаа. Энэ жил давтагдаж байна. Өдөр болгон шахуу явж байна. Тийм учраас тэрний нөлөөгөөр үүл ирлээ ч гэсэн маш хурдан хөөгдөж явах, газрын гадарга дээр маш хүчтэй салхи гарах, шороон шуурга тавих зэрэг нөхцөл бүрдээд байгаа юм. Би энэ тухай бол хоёрдугаар сарын 15-наас эхлэн ярьсан. Би яагаад энэ хугацаанаас эхлэн ярьсан бэ гэхээр энэ оны хоёрдугаар сарын 05-ны өдөр хуучны тэнгэр хангай шинжих ардын уламжлал ёсоор бол энэ хулгана жилийн хаврын улирал эхэлсэн өдөр байгаа юм. Тэр өдөр улаан улаагчин, шар шаргачин өдөр өнгө учирвал ган болдог гэж үздэг. Сударт тэгж бичсэн байдаг. Энэ жил шаргачин үхэр өдөр таарсан. Тийм учраас хоёрдугаар сарын 5-нд хаврын урь ороход тийм өдөр таарсан юм чинь би хоёрдугаар сарын 15-нд гэж яриад байгаа нь аргын тооллын сар болгоны 15-нд тухайн сарынхаа сүүлийн хагасын цаг агаарын байдлын тухай нэвтрүүлэг бэлтгэж олон түмэнд хүргэдэг юм. Радиод байхдаа ч тэгдэг байсан. Малчин телевизэд ирээд ч тэгж хийж байна. Сарын хуучин тэнгэр гэж тухайн сарын хэмжээний цаг агаарын прогнозыг ярихаараа шинэ сарын шинж гэж эхэнд нь хэлдэг юм. Тэр нь юу гэхээр аргын тооллын тухайн сарын сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт.

-Ер нь юунаас болж ган болдог вэ. Сүүлийн жилүүдэд ганших үзэгдэл ажиглагдаж байна уу?

-Ган болох гэдэг чинь урдах шинжээсээ хамаардаг юм. Зуд болно гэдэг нь энэ жил ган болсон бол ирэх өвөл зуд болно. Яагаад гэхээр угаасаа газар ногоо гараагүй учраас. Газар ногоо гарна гэдэг маань өвс ургамал ургах. Тийм байхгүй учраас өвөл нь хатуу болох нь тодорхой. Харин өвөл нь өнтэй сайхан болсон бол зун нь ган болох магадлал багатай байдаг. Тухайн жилийн агаар мандалын процессоос хамаарна. Хуучны юм гэж яриад байгаа нь хаврын урь орох өдөр шаргачин үхэр өдөр таарсан учраас хулгана жилийн зун ер нь ялангуяа төвийн бүс нутгаар гандуу болж магадгүй юм. Ган нь болоод л байна. Хүмүүс отор нүүдэл хийгээд л байна. Үүнийг улс төрийнхөн яаж тоохов дээ. Улс төрөө яриад л харин малчид юун улстөр, сонгууль манатай л байна.

-Ихэнх нутгаар гантай байгаа нь малчдад ихээхэн хүндрэлтэй байна. Малчдын зүгээс авч хэрэгжүүлж чадах арга хэмжээ нь юу вэ?

-Юу ч байхгүй. Авч хэрэгжүүлж болох ганц арга хэмжээ нь нүүх. Энэ тэнд жоохон торгоны хээ шиг, морин цоохор ногоо ургасан газраа л очиж бөөнөөрөө шавж л өрсөж идэж, өндийж цохихоос өөр ямар ч арга хэмжээ байхгүй.

-Байгалийн үзэгдэл учраас уу…?

-Яг тийм. Байгалийн үзэгдэл учраас. Мөн орон нутгийн төрийн байгууллага, засаг захиргааны байгууллага үүн дээр ямар ч арга хэмжээ авч чадахгүй. Чадах хүсэл ч байхгүй байна. Одоо бол нөгөө хэдэн намдаа хуваагдаад л давхиж байгаа учраас малчдын талаар анхаарах боломж, сөхөө байхгүй байна. Тэгээд одоо хүртэл айлууд нүүгээд л явж байна ш дээ. Надад ирсэн мэдээллээр бол Төв аймгийн Жаргалант сумын нутагт өвөлжсөн айл зуны дунд сар гарч байхад Өндөр ширээтийн нутагт нүүдэллэн явж байна. Жаргалант сумынх нь Засаг дарга жийп машинтайгаа очоод мал хунаргүй хөөгөөд зүдрээж байна гэнэ. Энэ бэлчээр ашиглалт малчдыг танай манай болгоод хуваачих юм. Орон нутгийн засаг захиргааны хуваарилалтад малчдын тухай асуудлыг огт авч хэлэлцэхгүй хаячихсан байна. Чи бид хоёрын дундуур хөшиг татчих юм бол наад тал нь минийх цаад тал нь чинийх болно. Хоёулаа нэг өрөөнд сууж байгаад бидний дунд хөшиг татсан ч энэ манай л өрөө шүү дээ. Яг тэрэн шиг орон нутгийн засаг захиргааны хуваарилалт дэндүү жижигхэн байгаа учраас нэг малчин нөгөө малчны нутагт очихоор хөөгддөг. Энэ бол малчдыг хамгийн их зовоож байгаа, хамгийн их тарчлааж байгаа асуудал.

-Тэгвэл тухайн орон нутгаас авч хэрэгжүүлж болох арга хэмжээ нь таны бодлоор юу байж болох уу?

-Хоёр сумын Засаг дарга хоорондоо ярилцаад танай нутаг гайгүй зуншлага сайтай юм байна. Манайх их хэцүүдэж байна. Хэдэн зуун мал танайд оруулъя гээд хоорондоо ярьж тохиролцон гэрээ хийх ёстой гэж ярьдаг юм. Гэвч амьдрал дээр тэгж байгаа юм тун бага. Өнгөрсөн өвөл хаврын зудтай байсан. Дээр нь газруудыг өлийн цагаан оготно идчихсэн байсан. Энэ жил эдгээр газрууд маш хэцүү байдалтай байна. Өвөрхангай аймгийн зүүн хагас, Дундговь аймгийн хойд хагас гээд. Бүгд л отор хийгээд явчихсан. Манай сумаас төчнөөн малчин тэнд байгаа гэдгийг нарийн тодорхой мэдэж байгаа Засаг дарга цөөхөн байдаг. Малчид маань олон зуун жилээр нүүдэллээд ирчихсэн. Тэр уламжлалаа дагаад л яваад байгаа болохоос биш зохион байгуулалт гэж байхгүй. Хамгийн гол нь бэлчээр ашиглалтын тухай орон нутгийн засаг захиргааны хууль бил үү? Тэр хуульд заасан одоо энэ 360 сумтай байх гэж хуульчилж өгснийгөө засаж чаддаггүй юм бол бэлчээр ашиглалтын тухай тусад нь хууль гаргамаар байгаа юм. Тэрэн дотор юу хийх хэрэгтэй гэхээр ган болвол хангай руугаа нүүдэг, ямар ч үнэ төлбөргүй, торгууль тооцоогүй дуртай газраа очдог. Зуд болбол говь руугаа явдаг, үүнийг хуульчилж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол бэлчээрийн маргаан гэдэг сүүлдээ буудалцаан болдог. Тээр жил Увсад буудалцаан болсон ш дээ. Тэрүүн шиг төрөөс үүнд олигтой оролцож үүргээ биелүүлж чадахгүй байна. Миний хүсээд байгаа юм бол бэлчээр ашиглалтын тухай хууль гэж орон нутгийн засаг захиргаа удирдлагын хууль гэдгийнхээ хажууд бэлчээр ашиглалтын тухай хууль гэдгийг тусад нь гаргах ёстой. Хэрвээ би УИХ-д сонгогдсон байсан бол, гишүүн байсан бол хамгийн түрүүнд энэ хуулийн төслийг боловсруулаад өргөн барих ёстой хүн байгаа юм. Даанч тийм ухаантай хүн энэ УИХ-д алга байна. Цаашдаа ч гарч ирэх шинж алга. Би “алсын хараа 50” гэдэг ном эргүүлээд сууж байна. 2050 он хүртэл Монгол Улс яаж хөгжих вэ гээд төсөл боловсруулсан байна л даа. Засгийн газар батлаад УИХ-д өгчихсөн дараагийн парламент энийг хэлэлцэх юм гэнэ. Энэ дотор улсын эдийн засгийн тэргүүлэх салбар нь уул уурхай гээд заагаад өгчихсөн байж байна. Тэгэхээр цаашдаа бэлчээрийн мал аж ахуй гэдгийг ер нь эд нар хаях шинжтэй юм байна гэсэн ойлголт төрөөд байж байна. Хүн ирвэл хэрүүл өдье гэж бодоод (инээв).

-Та олон жил цаг уурын талаар судалгаа хийж хүмүүст мэдээлэл, нэвтрүүлгүүдийг хүргэсэн. Монголын цаг уурын нөхцөл байдал сүүлийн жилүүдэд ямархуу байна гэж хэлэх вэ?

-Ер нь ганц Монголын цаг уур биш. Ерөөсөө дэлхийн цаг агаарын нөхцөл байдал жилээс жилд улам муудаж байна. Муудаж байна гэдэг нь дэлхийн уур амьсгалын дулааралтай холбоотой. Хур тунадас орох магадлал багассан. Орлоо гэхэд эрчим нь ихэсч байна. Өөрөөр хэлбэл их догшин ширүүн ордог болж байна. Дээр үед зөөлөн, тогтуун, шиврээ, намираа бороо ордог байсан бол одоо орвол ёстой пар пүр хийгээд л бөөн шороотой нь холиод л орж байна. Цас ч байсан ялгаа байхгүй. Элс шороотой нь холиод л шуураад гуу жалга руу чихчихэж байна. Бороо ч орлоо гэсэн жигтэйхэн тачигнаж дуугарч байгаад л жигтэйхэн улаан хуй салхи тавина. Тэгснээ үер болоод л бууна. Энэ зөвхөн Монголд байгаа юм биш. Монголын газар шороо их эмзэг учраас эрчимтэй ажиглагдаж байгаа юм.

-Таныг Монголын цаг уурыг алган дээрээ байгаа юм шиг мэддэг, номер нэг цаг уурч гэж ярьдаг. Таны үндсэн мэргэжлийн онцлог байв уу. Өнөөг хүртэл цаг ууртай салшгүй холбоотой явж ирсэн талаараа яриа дэлгэхгүй юү?

-Хаанаас даа. Чи ингэж ойлговол зохино. Би бол Монголын номер нэг цаг уурч гэдэг хүн биш. Би 1970 онд МУИС-ийн цаг уурын ангийг төгссөн инженер хүн. Би цаг агаар, байгаль орчныг шинжих, ажиглах ардын уламжлалыг бусдаас арай илүү уншчихсан, судалчихсан, одоо ч үзсээр уншсаар суугаа хүн. Тэгээд орчин үеийн арга ухааны арга дүгнэлтийг ардын уламжлалт аргатай уялдуулаад шинэ хуучин аргыг хольж, сайнаар хэлбэл хослуулж ард түмэндээ хүргэдэг, ойлгуулдаг. Тэгээд л намайг нэгдүгээр зэргийн цаг уурч гэж байна. Ерөөсөө цаг уурч дотор тийм зэрэг дэв ч байдаггүй юм. Онц сурлагатан гэдэг шиг хүн байдаггүй юм. Энэ чинь хамтын бүтээл, хамтын оюун ухаан дэлхий дахины бүтээл шүү дээ. Монголын цаг уур гэхэд чинь дэлхийн долоон том төвөөс агаар мандлын орчил урсгалын прогноз, зургийг хүлээн авдаг байсан. Одоо дээрээс нь нэмээд хичнээн олон болсныг мэдэхгүй. Тийм математик загварчлал байдаг. Тэрнийг аваад Монголынхоо газар нутаг дээр зохицуулаад тэгээд прогнозоо гаргадаг юм. Агаар мандлын динамик гэдэг ийм шинжлэх ухаан. Тэрний үр дүнд өнөөдөр бид нар телевизүүдээр буруу зөрүү яриад сууж байна. Ер нь дэлхийн цаг уурын прогноз зураглал, уламжлалт арга барил хоёр аль аль нь туйлын үнэн гэж байхгүй.

-Та цаг уурыг шинжих талаар олон жил судаллаа. Тухайлбал, ямар шинж тэмдэг илэрвэл байгалийн гамшигт үзэгдэл болдог вэ гээд тэнгэр шинжих нууцаасаа сонирхуулахгүй юу?

-Барагдахгүй.

-Жишээ нь…?

-Хаврын урь орох өдөр улаан улаагчин, шар шаргачин өнгө учирвал зун нь ган болно. Монголчууд жилд 24 улирал тоолдог байсан. Хаврын урь орох өдрөөс эхлээд их хүйтэн гэдэг улирал хүртэл 24 улирал. Сард хоёр улирал тоолно гэсэн үг. Зургаан сарын 21-нд зуны туйл улирал эхэлнэ. Зөвхөн түүгээр шинжихэд зургаан сарын 21-нд тунгалаг байх юм бол ган болно. Тариа төмсөнд муу гэж бичсэн байгаа. Зургадугаар сарын 21-нд хур бороотой байх юм бол цаашдаа ган тайлагдана гэсэн үг. Хэрэв хур бороогүй цэлмэг өдөр байх юм бол ган үргэлжлэх магадлалтай гэж ойлгож болно.

Б.МЯГМАРБОЛОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *