Categories
мэдээ цаг-үе

Д.Сарангэрэл: Үйлчилгээний ажилчдын зөвлөгөөнийг анх удаа хийнэ

Төв аймгийн ЗДТГазрын дарга, Төрийн албаны Төв аймаг дахь салбар зөвлөлийн дарга Ч.Сарангэрэл зурган илэрцүүдТөв аймгийн ЗДТГазрын дарга, Төрийн албаны Төв аймаг дахь салбар зөвлөлийн дарга Ч.Сарангэрэлтэй ярилцлаа.

-Төв аймаг улсын нийгэм эдийн засагт томоохон нөлөө үзүүлж байдаг аймгуудын нэг. Тиймдээ ч өнгөрсөн 2017 онд ажил үйлс хөдөлмөр бүтээл арвинтай байсан байх гэж ойлгож байгаа. Ололт амжилтуудаасаа сонирхуулаач?

-Манай аймаг Монгол Улсын хөгжлийн тулгуур бүсийн нэг. Ялангуяа хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт томоохон байр суурь эзэлдэг. Тухайлбал, газар тариалангийн үйлдвэрлэлийн 30 шахам хувь, төмсний ногооны 30 гаруй хувь, сүү сүүн бүтээгдэхүүний 40, өндөгний 60, гахайн махны 50 гаруй хувийг дангаараа үйлдвэрлэдэг юм. Манай аймгийн ДНБ-ий үйлдвэрлэл өнгөрөгч онуудаас бараг хоёр дахин өссөн. 2017 онд гэхэд л 20 гаруй томоохон үйлдвэрлэл бүтээн байгуулалтын ажлууд хийгдлээ. Энэ их ажлын хажуугаар төрийн албаны ажил үйлчилгээг түргэн шуурхай ил тод, чанартай хүртээмжтэй болгож, хөдөө орон нутагт анх удаа Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 20 гаруй үйлчилгээний нэгдсэн байртай болсон. Мөн төрийн ажил үйлчилгээний хариуцлага үр дүнг дээшлүүлэх ажлын хүрээнд “Төрийн албан хаагчийн сахилга хариуцлага, ёс зүйг сайжруулах жил” болгон зарлаж, төлөвлөгөөний дагуу 42 ажил үйлчилгээг боловсруулан баталж хэрэгжүүлэхэд бүх төрийн албан хаагчидидэвх санаачилга гаргаж ажиллалаа. Ингээд өнгөрсөн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг жилийн эцсийн байдлаар тооцоход 92.68 хувийн хэрэгжилттэй байсан.

-Төрийн албыг тогтвортой, хариуцлагатай, мэргэшсэн чанартай байлгахын тулд өнгөрсөн онд салбар зөвлөлөөс ямар, ямар ажлуудыг зохион байгуулав?

– Төрийн албан хаагчид төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэж, хариуцсан ажилдаа сэтгэлтэй байвал, ажлыг чанартай хүртээмжтэй гүйцэтгэж байх ёстой. Тиймээс зохих боловсрол эзэмшсэн, чадварлаг залуусыг төрийн ажил үйлчилгээнд бэлтгэх сонгон шалгаруулалтыг үр дүнтэй хийдэг. Тухайлбал, тус зөвлөлөөс төрийн албаны мэргэшлийн шалгалтыг туршилтын хэлбэрээр орон нутагт анх удаа төсвөөс ямар нэгэн хөрөнгө зарцуулахгүйгээр зохион байгуулсан. Ингэснээр төрийн албаны мэргэжлийн шалгалтад бэлтгэж буй иргэдэд төрийн ажлын хэм хэмжээ, ёс зүй төрийн хууль тогтоомжийн агуулга мөн чанарыг гүн гүнзгий судалж мэддэг. Эрх зүйн учир холбогдлыг нарийн судалсан байх үүднээс арга зүйн зөвлөгөө өгч, цахим шалгалтын системтэй танилцуулж дадлагажуулах зорилготой. Иргэд туршилтын шалгалт өгснөөр хууль эрх зүй, албан хэрэг хөтлөлтийн мэдлэгийн түвшингээ тогтоох зэрэг маш олон давуу талтай. Шалгалтад өгсөн иргэдтэй богино хугацааны уулзалт хийж төрийн албаны шалгалтад яаж бэлтгэх, холбогдох хууль тогтоомжийг сайн уншиж, судлах хэрэгтэй гэсэн зөвлөгөөг өгч байгаа юм.

-Төрийн ажлын үнэт зүйл бахархлыг бий болгох, залгамж холбоо, ажил амьдралын туршлага суулгах тал дээр ямар ахиц дэвшил гарч байна вэ?

-Төрийн албаны ажил үйлчилгээний мөн чанар гэвэл төрөөс иргэнд үзүүлж байгаа бүхий л хэлбэрийн үйлчилгээ төрийн албан хаагчдаар дамжиж хүрдэг онцлогтой.

Тиймээс төрийн албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, урлаг соёлын авьяас чадварыг нээн хөгжүүлэх, тэдний нийгмийн идэвх санаачилгыг нэмэгдүүлэхэд анхаарч ажилласан.

Аймгийн хэмжээнд Төрийн албан хаагчдын “Урлагийн анхдугаар наадам”-ыг гурван үе шаттай зохион байгуулж энэ арга хэмжээнд аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний асуудал хариуцсан 28 хэлтэс, агентлаг, харьяа байгууллага, 27 сумын нийт 482 албан хаагч оролцож авьяас чадвараа уралдуулж, Гала тоглолтоо 2017 оны тавдугаар сарын 05-ны өдөр аймгийн Монгол туургатан театрт хийсэн. Гоцлол хөгжим, гоцлол дуу, гоцлол бүжиг, гадаад дуу, хоршил дуу, хамтлаг бүжиг, язгуур урлаг гэсэн долоон төрлөөр шилдэг үзүүлбэрээр аймгийнхаа иргэдэд уран бүтээлийн тоглолт хийж үзүүлсэнд иргэд хүмүүс маш талархалтай хүлээж авсан. Манай аймгийн төрийн албан хаагчдын 58,6 хувь нь нэгээс таван жил ажиллаж байгаа залуучууд. Тэднийг аймаг орон нутгийн ажил амьдралтай танилцуулах, хөдөлмөрийн амтыг мэдрүүлэх, нийгмийн идэвх санаачилгыг нэмэгдүүлэх зорилгоор намрын ургац хураалтын ажилд 14 байгууллагын 24 албан хаагчийг хамруулан “Хөдөлмөрийн амт” арга хэмжээг Төв аймгийн Жаргалант суманд зохион байгуулсан. Төрийн албан хаагчид 59 тонн төмс хураан авч, тариаланчдын ажилд дэмжлэг үзүүлсэн. Мөн Батсүмбэр, Жаргалант сумдад гарсан гал түймрийг унтраах, гамшгийг бууруулах ажилд аймгийн ЗДТГ, төрийн байгууллагын 42 албан хаагч сайн дураар дайчлагдан ажиллаж байгалийн гамшгийг зогсоох түймрийн нөхцөл байдал эрсдлийн үеийн бэлэн байдал, хээрийн нөхцөлд ажиллаж амьдрах арга туршлагад суралцаж ажилласан юм. Монгол Улсын холбогдох хууль тогтоомжинд заасны дагуу ижил албан тушаалтан харилцан туршлагаа солилцох, ажлын байранд дадлагажуулах боломж байдаг.

Төв аймгийн ЗДТГ-ын дөрвөн албан хаагчийг Нийслэлийн ЗДТГ-ын харьяалах хэлтсүүдэд ажлын гурав хоногоор сэлгэн ажиллуулсан. Мөн Архуст, Баяндэлгэр, Баянхангай, Лүн, Зуунмод, Өндөрширээт, Сэргэлэн сумд харилцан туршлага судлах, зэрэгцэн суралцах арга хэлбэрээр хоорондоо сэлгэн ажилласан. Ингэснээр ажлын байрны тодорхойлолттой танилцаж, ажлын зохион байгуулалтыг судлах. Байгууллагын сайн туршлагыг хуваалцах хэрэгтэй. Үйл ажиллагааны төлөвлөлт, явцын хяналт-шинжилгээ, үр дүнг тооцож буй зохион байгуулалтыг судлах ёстой.Тодорхой ажил гүйцэтгэх, асуудлыг шийдвэрлэж буй арга барилыг судлах. Орон нутагт нутагшуулж болохуйц ажил үйлчилгээг судлах боломжийг тэдэнд олгож байгаа сайн тал харагдсан.

-Төрийн албан хаагчдын сахилга хариуцлага ёс зүйг дээшлүүлэх талаар тодорхой зорилтуудын хүрээнд гарсан ахиц өөрчлөлт юу байв?

-Төрийн албан хаагчийн ёс зүй, нийгмийн хандлага харилцааны соёл нь бидний ажлын гол нүүр царай болж байдаг. Аймгийн Прокурорын газраас ирүүлсэн мэдээллийн дагуу гэмт хэрэг, зөрчилд холбогдсон албан хаагчдын 2015-2016 оны судалгаанд дүн шинжилгээ хийсэн. Төрийн албан хаагчдыг гэмт хэрэг үйлдэх, сахилгын зөрчил гаргах, түүнээс урьдчилан сэргийлэх асуудлыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж, ИТХТ-ийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 66 дугаар тогтоол гаргуулан 12 заалт бүхий үүрэг чиглэлийг төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудад хүргүүлж хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллаж байна.

Судалгаагаар 2015-2016 онд төрийн албан хаагч гэмт хэрэг үйлдсэн мэдээлэлд дүн шинжилгээ хийж түүний мөрөөр сахилгыг дээшлүүлэх ёс зүйг эрхэмлэх олон хэлбэрийн ажлыг явуулж байна.

-Төрийн албан хаагчдыг төрийн ажил үйлчилгээнд сургах дадлагажуулах талаар хэвшил болсон онцлох ажил үйлчилгээг нэрлэж өгнө үү?

-Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харьяа Удирдлагын академитай хамтран сүүлийн хоёр жилд 81 албан хаагчийг зайн /онлайн/ сургалтад хамруулах ажлыг амжилттай зохион байгуулсан. Зайн сургалтын үеэр сургалтын оролцоо, гэрийн даалгаврын гүйцэтгэл, хүртэж байгаа үр дүнд тулгуурлан 16 албан хаагчид гэрчилгээ олгосон.

Аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх “Төрийн албан хаагчдыг тасралтгүй сургаж, чадавхижуулах хөтөлбөр”-ийг аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/369 дүгээр захирамжаар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллахад анхаарлаа хандуулж байна. Төрийн албанд залуу боловсон хүчний чадавхийг сайжруулж, мэдлэг чадвар, суулгах туршлагатай ахмад мэргэжилтнүүдээр дунд болон залуу үеийн албан хаагчдад зөвлөн туслах, залгамжлан хүмүүжүүлэх ажлын хүрээнд 49 залгамжлан хүмүүжүүлэгч 241 албан хаагчид зөвлөн тусалж хамтран ажиллаж байна.

Монгол Улсын Төрийн албаны тухай хууль, төрийн алба, төрийн албан хаагчийн үйл ажиллагааны хэм хэмжээг тогтоосон дүрэм журмын хэрэгжилт шалган зааварчилах ажлыг тусгай удирдамжийн дагуу 2017 онд долоон удаа нэгдсэн байдлаар зохион байгуулж, дүнг салбар зөвлөл болон аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, зөрчил арилгах талаар арга зүйн зааварчилгаанд 323 байгууллага, 439 албан хаагчид хамрагдаж шаардлагатай зөвлөмж, зааварчилгааг өгсөн.

-Төрийн албаны ёс зүй ажлын хариуцлага сахилга батад гарч байгаа өөрчлөлт ахиц үр дүнг иргэдэд хэрхэн хүргэж байна вэ?

-Аймгийнхаа хэмжээнд салбар зөвлөлийн үйл ажиллагааны мэдээллийг албан ёсны цахим хуудас /www.tov.gov.mn сайт-“ТАЗСЗ”/-аас гадна орон нутгийн TBS телевиз, ТӨВ телевиз, Нэгдсэн үйлчилгээ хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба, МҮОНРТ-ийн “Хурд” агентлаг, facebook, аймгийн ЗДТГ-ын болон Салбар зөвлөлийн мэдээллийн самбар, төрийн байгууллагуудын Дотоод удирдлагын систем /e-of­fice/ зэрэг эх сурвалжаар дамжуулан олон нийтэд хүргэж байна.

Төрийн албаны бүхий л хэлбэрийн сонгон шалгаруулалтуудын үйл явцыг ил тод, нээлттэй байлгах нөхцөлийг бүрдүүлж сул ажлын байрны зарыг шалгаруулалт явуулах өдрөөс 21-ээс доошгүй хоногийн өмнө Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн http://csc.gov.mn, Төв аймгийн www.tov.gov.mn сайт бусад эх сурвалжаар олон нийтэд цаасан болон цахим хэлбэрээр мэдээ мэдээлэл байршуулж ажиллаж ирлээ .

-Өнгөрсөн хугацааны ажлын үр дүнгээс үндэслэн ирэх онд танай салбарын хамт олны хийхээр төлөвлөж байгаа ажил үйлчилгээ юу байна вэ?

-Төрийн албаны тухай хуулийн шинэчлэн найруулсан хууль 2019 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжихээр байгаа тул зохион байгуулах ажил ирэх онд хүлээлттэй байгаа. Төрийн албаны залгамж чанар тогтвортой байдлыг хангах төрийн үйлчилгээний соёлыг өргөн хүрээнд нэвтрүүлэх төрийн үйлчилгээний ажилтнуудынхаа нийгмийн баталгааг хангах. Тэдний эрүүл мэнд цалин хөлс урамшуулал хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах хамт олны оролцоо аль болох өргөн ашиглаж иджэвхи саначлагыг өрнүүлэх шаардлага бидэнд тулгамдаж байна.

Төв аймгийн салбар зөвлөлийн 2018 оны Анхдугаар хуралдааныг нэгдүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулж, салбар зөвлөлийн дарга, зарим гишүүдээс гарсан саналын дагуу 2018 оныг “Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийн дээшлүүлэх” жил болгон зарлаж, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, 39 ажил үйлчилгээг зохион байгуулахаар баталлаа. Тухайлбал:

•Төрийн албан хаагчийн сахилга хариуцлага, ёс зүйн аймгийн зөвлөгөөнийг зохион байгуулна.

•Төрийн албан хаагчдын дийлэнх ямар нэгэн өр, зээлтэй байгаагаас болж тэдний амьдралд хүндээр тусч байгаа судалгааны дүн гарсан

•2018 онд Төрийн албан хаагчдын спортын анхдугаар наадмыг зохион байгуулж ажилтан албан хаагчдаа эрүүлжүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл аж төрөх соёлд суралцуулж хэвшүүлэх ажлыг зохион байгуулна .

•Нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, орон нутгийн амьдралаас суралцах, ажлын арга барилаас харилцан суралцах, дадлага эзэмшүүлэх зорилгоор албан хаагчдыг сэлгэн ажиллуулах арга хэмжээг илүү өргөн хүрээнд зохион байгуулна.

Аймгийн хэмжээнд нутгийн захиргааны 217 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Ирэх онд бид байгууллагын соёлын түвшинг ахиулах зорилго тавьсан байгууллагын удирдлага төрийн захиргааны мэргэжилтнүүд сургалт семинар зөвлөгөөнд хамрагддагийг бид мэднэ Ирэх жил төрийн үйлчилгээний харуул, үйлчлэгч жижүүр жолооч зэрэг бидний ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлдэг албан хаагчдын дунд нэгдсэн зөвлөгөөнийг 2018 оны 4 сард хийнэ Зөвлөгөөнөөр тэдний дуу хоолойг сонсох ажлын бүтээмжийг дээшлүүлэх хөдөлмөрийг хөнгөвчлөх цаашид байгууллагын соёлыг бүрдүүлэх төрийн үйлчилгээний орчныг хэрхэн бүрдүүлэх вэ зэрэг олон асуудлыг ярилцана. Төрийн ажлын нэр хүндийг дээшлүүлэх , үнэлэмжийг нэмэгдүүлэх төрийн үйлчилгээний бүхий л шатанд соёлыг суулгах ,төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах чадварлаг боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх төрийн үйлчилгээг түргэн шуурхай ямар нэг хүндрэл чирэгдэлгүйгээр хүртээмжтэй хүргэхэд ажлаа чиглүүлэх юм .

Танай аймгийн нийт иргэдэд төрийн үйлчилгээ түвшин байж ил тод нээлттэй шударга харилцааны өндөр соёлтой байхыг хүсч, удахгүй гарах сар шинэдээ эрүүл энх аз жаргалтай байхын өлзий ерөөлийг дэвшүүлье.

-Баярлалаа.

Төв аймгийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн алба Ч.ЖАДАМБА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *