Categories
мэдээ цаг-үе

Д.Сарангэрэл: Татварын хөнгөлөлтөд хэвлэл мэдээллийн салбар хамрагдах ёстой

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэлтэй ярилцлаа.

-Өргөдлийн байнгын хороо харааны бэрхшээлтэй иргэдийн төлөөлөгчдийг
хүлээн авч уулзсан. Энэ үеэр хараагүй иргэдэд зориулсан 90 айлын орон сууцны санхүүжилтийн
асуудал шийдэгдсэн талаар дуулгасан нь олон хүний сэтгэлд нийцлээ?

-Эдгээр иргэдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг Хараагүй иргэдийн холбоо,
Хараагүй иргэдийн хөдөлмөр сургалтын төв, хараагүй иргэдийн сургууль зэрэг энэ салбарын
төлөөллөөс арваад хүнийг төлөөлөл болгож уриад уулзсан юм. УИХ-ын гишүүд биднийг
урьж уулзаж байгаад баярлаж байна гэдгээ илэрхийлж байсан. Энэ хүмүүстэй уулзах
хоёр шалтгаан надад байсан юм л даа. УИХ-ын дарга М.Энхболд санаачлаад Сангийн сайдад
чиглэл болгоод хараагүй иргэдэд зориулсан 90 айлын орон сууцыг барьж дуусгахад шаардлагатай
850 сая төгрөгийг 2016 оны төсвийн тодотголд суулгаад өгчихсөн. 2012 онд зураг төсөл
нь анх гарахад дөрвөн тэрбумд багтаад баригдчих байсан юм байна билээ. Хугацаа алдсанаас
мөн барилгын материалын ханш өссөнөөс 850 сая төгрөг сох дутсан. Үүнийг нь УИХ-ын
дарга Сангийн яамтай хамтраад шийдээд өгчихсөн юм. Энэ сайхан мэдээг нэгдүгээрт
дуулгах гэсэн юм. Энэ бол их чухал.

Өнгөрсөн хугацаанд 110 мянган орон сууц ашиглалтад орсон, 80 мянгыг
нь лизингээр, үлдсэн 30 мянгыг нь бэлэн мөнгөөр авсан байгаа юм. Лизингээр авсан
тэр 80 мянган байранд хараагүй иргэн ганц ч ороогүй. Яагаад гэвэл хараагүй иргэдийн
тэтгэмж нь 140 мянган төгрөг. Хөдөлмөр эрхлэхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр
цалинждаг. Орлого багатай учраас банкнаас зээл авах боломжгүй. Ямар ч тохиолдолд
лизингээр байр авах боломж хараагүй иргэдэд олдохгүй. Тийм болохоор эдгээр иргэдээ
орон сууцаар хангах эрхийг төр 100 хувь хариуцахаас өөр ямар ч аргагүй. Энэ хүрээнд
850 сая төгрөгийг шийдээд 90 хүний орон сууцтай болгох сайхан боломж бүрдэх гэж
байна. -Хараагүй иргэдийн орон сууц гэхээр тэдэнд иргэдэд зориулагдсан тоног
төхөөрөмжөөр тоноглогдсон байх нь ээ?

-Налуу зам, бүх газраа бариултай, цахилгаан шат болоод давхрын мэдээлэл
нь ярьдаг программаар өгөгдөнө. Давхар, хаалганы дугаарыг барель үсгээр бичсэн байна.

-Энэ орон сууц хэзээ ашиглалтад орох вэ?

-850 сая төгрөгийг л шийдчихвэл барилгын ажил нь дуусчих юм билээ.
Одоо барилгын ажлын улирал зогсчихсон учир 2017 он гараад урин дулаан цаг ирэхэд
л хараагүй 90 иргэн орон сууцандаа орох бололцоо бүрдэх юм. Энэ бол үнэхээр яаран
хэлэх мэдээ аргагүй мөн шүү дээ. Энэ хүнд үед сайхан мэдээ цөөн байхад УИХ-ын дарга
ийм сайхан боломжийг хараагүй иргэдэд гаргаж өглөө гэж үзэж байна.

-Хараагүй иргэд бусад хүмүүсийг бодоход төр засгаас нийгмийн элдэв
халамж анхаарал хүсдэггүй. Харин ажлын байр л гаргаж өгөөч гэж аль ч засгийн үед
хүсдэгээрээ онцлогтой хүмүүс байдаг?

-Яг наад санал хүсэлтээ энэ удаад ч илэрхийлсэн. 2012 оноос Хараагүй
иргэдийн хөдөлмөр сургалтын төв дээрээ үйлдвэрлэл явуулаад хоёр тэрбум төгрөгийн
бүтээгдэхүүн үйлдвэрлээд засагтаа өгдөг байсан юм байна. Ийм сайхан харилцан дэмжлэгтэй
явж байсан чинь эдийн засгийн байдлаас болоод борлуулалт нь 90-95 хувь болж буурчихаад
байгаа юм. Ийм хүнд байгаа байдлаа хараагүй иргэд маань хэлсэн л дээ. Харин үүнийх
нь хариуд бэлэн өгөх хариулт надад байсан нь олзуурхууштай. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын
сайд Н.Номтойбаяр “Хараагүй иргэдийг дэмжих боломж манай яаман дээр бий боллоо.
Үйлдвэрлэлээ явуулах, орлогоо нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлэх боломж гараад ирлээ.
Үүн дээр та хараагүй иргэдтэй уулзаад саналуудыг нь аваад ирнэ үү” гэсэн л дээ.
Ингээд би хараагүй иргэдтэй уулзаад энэ талаар дуулгасан. Тэд энэ талаар хоорондоо
ярилцаж саналаа гаргахаар болсон л доо. Гаргасан саналыг нь Н.Номтойбаяр сайдад
уламжлахтай зэрэг тулгамдаад байгаа орлогоо нэмэгдүүлэх асуудал жаахан ч гэсэн сэргэх
боломж бүрдэнэ.

-Өнөөдөр (өчигдөр) УИХ-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөл зарим эмнэлгээр
явж томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хэрхэн ажиллахаар бэлтгэсэн байдалтай
нь танилцсан. Эмнэлгүүд хэр бэлтгэлтэй байна вэ?

-Цаг уурчдын мэдээлж байгаагаар сүүлийн зуун жил болоогүй хүйтрэл
болно, мөн бичин жилийн зуд болно гэж байгаа. Маш хүйтэн өвөл болно гэж байна. Сар
шинийн баяр хоёрдугаар сарын сүүлээр таарч байгаа юм билээ. Тэгэхээр өвлийн сар
урт үргэлжлэх юм шиг байна. Энэ асуудалд анхаарах гашуун туршлага бидэнд бий шүү
дээ, өнгөрсөн жилийн. Улаанбурхан өвчнөөр 60 гаруй хүүхдээ бид харж сууж байгаад
л алдсан. Маш олон хүүхэд өвдсөн.

Саяхан Новосибирскт болсон Орос-Монголын эдийн засгийн форумд оролцоод
ирлээ. Тэнд оросууд ярьж байна. “Өвөл их эрт айлчиллаа” гэж. Тэндхийн иргэд үстэй
шуба, малгай, бээлийндээ орчихсон байсан. Яг тэр уур амьсгал манай оронд мэдрэгдээд
эхэллээ. Ханиад томуу дэгдээд ирэхээр бүгдээрээ сандралдаад дээр, дооргүй үг хэлээ
уралдуулдаг. Тэгэх хэрэг байна уу. Урьд жилүүдийн гашуун туршлага байна. Энэ жилийн
төлөв байдал тодорхой байна. Ийм нөхцөлд саалиа бэлдэхээр саваа бэлд гэгчээр эртхэн
зохион байгуулалтад орж менежмэнт хийх нь зүйтэй л дээ. Энэ асуудлыг бүлэг дээрээ
тавьсан л даа. Бүлэг дээр Эрүүл мэндийн сайдыг энэ чиглэлээр ямар арга хэмжээ авч
ажиллахаа ярьсан.

Тэгэхдээ мэдээж зөвхөн Эрүүл мэнд, Засгийн газрын ажил биш л дээ.
Нийгмийн бодлого байнгын хорооны үйл ажиллагааны харьяанд энэ яамны үйл ажиллагаа
хянагдаад явж байдаг юм. Энэ байнгын хорооны гишүүний хувьд энэ асуудалд онцгойлон
анхаараад УИХ-ын гишүүн М.Билэгт, Б.Саранчимэг, Б.Ундармаа бид нар бусад эмэгтэй
гишүүдээ төлөөлөөд нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн
Нэгдсэн эмнэлгүүдэд очиж үйл ажиллагаатай нь, хүүхдийн өвчлөлийн байдалтай танилцсан.
Өнгөрсөн жил ханиад томууны дэгдэлт арваннэгдүгээр сарын 20-нд эхэлсэн юм байна.
Өнөө жил аравдугаар сарын 10-нд эхэлсэн. СХД-ийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг
коридортоо хүүхдүүдээ аваад эхэлчихсэн. БЗД-ийн хувьд сайн менежмэнт хийсэн байна
билээ. Эмч нар, захиргааны ажилтнуудынхаа өрөөнүүдийг суллаад эмнэлгийн зориулалттай
болгоод хүүхдүүдээ хүлээн аваах зохион байгуулалттай болчихсон. СХД-ийн хувьд ЗДТГ-тай
яриад эхний ээлжинд эвхдэг 40 ор аваад ирчихсэн байна. Тус дүүргийн Нэгдсэн эмнэлгийн
Хүүхдийн тасгийн эрхлэгч Б.Галсанцэдэн гуай “Би 32 жил хүүхдийн эмчээр ажиллаж байна.
Хүүхдийн эмчилгээг хүүхдийн эмч л хийх ёстой. Бид эмчилгээгээ чанартай хийгээд гурав
хоногийн дотор л эрүүл болгоод гаргачихаж чадна. Тийм болохоор хүүхдүүдийг өвчний
дэгдэлтийн үед эмнэлгүүдэд тараан байрлуулахыг дэмждэггүй юм” гэдгээ хэлж байсан.
Туршлагатай хүний яриа зөв байх. Гэхдээ ачааллаа дийлэх боломж байхгүй. СХД-ийн
Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг дүүргийнхээ 130 мянган хүүхдэд үйлчилдэг. Эмнэлэг
нь 115 ортой.

БЗД, СХД-ийн нэгдсэн эмнэлэгт одоогоор өдөртөө 180 гаруй хүүхэд ирж
байна гэж байна. Ид дэгдэлтийн үед 270-300 хүрдэг гэсэн. Тэр үед 30 хувийг нь хүлээж
аваад л 70 хувийг нь буцаадаг. Ийм хүндрэлтэй зүйлүүд байгаа юм билээ.

-Эмнэлгүүд дэгдэлтийн үед юу дутагдалтай байдаг гэж захиж байна вэ?

-Ачаалал нь эхэлчихсэн. Эмч, сувилагч нар илүү цагаар ажиллаж байна.
Илүү цагийн мөнгийг нь шийдэж өгөх хэрэгтэй байна. Ер нь ямар ч тохиолдолд эмч,
сувилагч нар маань үнэнчээр ажилладаг учир энэ асуудлыг нь шийдээд өгөөрэй гэдэг
хүсэлтийг тавьж байсан.

Ид ачааллын үед тоног төхөөрөмжийн хүрэлцээгүй байдал нь асуудал
үүсгэдэг юм байна. Амьсгалын аппарат хүрэлцээгүй болохоор уг аппаратыг хүүхдээс
хүүхдийн хооронд зөөхөд амьсгал нь боогдчих гээд байдаг юм байна. Нэгэнт дүр зураг
нь тодорхой болчихсон учраас амьсгалын аппаратууд, тоног төхөөрөмжийг нийлүүлэх
ажлыг төр засгийн зүгээс анхаарч өгөөчээ гэсэн хүсэлтийг тавьж байсан. СХД дээр
нэг гунигтай дүр зураг байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр нийслэлийн хүн
ам их суурьшсан гурван дүүрэгт хүүхдийн нэгдсэн эмнэлэг барихаар санхүүжилт болох
40 сая ам.доллар нь шийдэгдээд найман жил болж байгаа юм байна. Тендерийн асуудал
нь шийдэгдэхгүй шүүх дээр маргалдсаар найман жил болчихлоо шүү дээ.

-Мөнгө нь байгаад байдаг?

-Мөнгө нь байна. СХД-ийн зүгээс эмнэлгээ бариулах газраа чөлөөлөөд
бэлдчихсэн байна. Солонгосчуудаар зураг төслөө янзтай сайхан хийлгэчихэж. Тэгтэл
хэн барих вэ гэдэг дээр хэрэлдээд шүүх дээр очоод 40 сая ам.долларын хөрөнгө найман
жилийн турш уягдаад байж байна. Энэ үнэхээр сэтгэл эмзэглүүлж байна. Дэлхийн хөгжилтэй
орнуудад хүүхдүүд нь яагаад ханиад хүрдэггүй вэ гэхээр жилдээ хоёр удаа вакцинжуулдаг.
Хүүхдүүдэд нь дархлаа тогтоод ханиад хүрдэггүй. Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд
энэ вакцинжуулалт эхэлчихсэн байна. БНСУ-д энэ вакциныг нэг удаад 35 ам.доллараар
хийдэг. Манайд 13 мянган төгрөгөөр хийгээд эхэлчихлээ. Үүнийг би маш том дэвшил
гэж үзэж байгаа юм. Бид хүүхдэдээ жилдээ 26 мянган төгрөг зарцуулмаар байна. Тэгэх
юм бол бид хичнээн тэрбумыг хэмнэхээр байна вэ. Мөнгөн хэмжүүрээр нь харахад ийм
байна. Эрдэнэт хүний амиар бол хэмжээлшгүй үр дүнтэй ажил болох юм билээ. Төсөв
хүнд байна. Тэгэхдээ төсөв хүнд биш байсан ч төсөвт эмнэлэг, сургууль, цэцэрлэгт
нэг л их хойрго ханддаг сэтгэхүй манай улс төрд тогтчихсон. Энэ их буруу. -ААНОАТ-ын
тухай хуулиар дөрвөн салбарыг 90 хувийн хөнгөлөлтөд хамруулахаар яригдаж байсан.
Хамруулах салбарын тоог нэмэх нь зүйтэй гэсэн санал явж байгаа. Уг хөнгөлөлтөд хэвлэл
мэдээллийн салбарыг оруулах ёстой гэдэг дээр гишүүд байр сууриа илэрхийлж байна?

-Манай сэтгүүлзүйн салбар бол нийгмийн сэтгэлзүй, оюун санааг чиглүүлэгч
том салбар байхгүй юу. Нөгөө талаасаа Монгол Улсын Үндсэн хуульд байдаг, “Төр, ард
түмнээ мэдээллээр хангах үүрэгтэй” гэж. Төрийн энэ функцийг л хувааж, тэгэхдээ төрөөс
ямар ч дэмжлэг авахгүйгээр хийж байгаа ийм л том салбар. Сүүлийн үед энэ салбар
дээр дэмжлэг ерөөсөө байхгүй байгаа. Харин ч дарамт их байгаа.

Тэдгээрийн тодхон нэг жишээ гэвэл, анх үүрэн телефоны операторуудаас
Засгийн газрын нийтийн үүргийн санд хураамж авч төвлөрүүлэх ийм чиглэлээр сан байгуулагдсан
чинь өнөөдөр телевизүүдээс хураамж авна гэж мөнгө авах гэж дарамталдаг болсон тухай
телевизүүдээс гомдоллосон. Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар ЗГХЭГ-ын
дарга байхдаа анх үүнийг үүрэн телефоны операторууд дээр гаргасан. Үүнд телевизийн
салбар хамаагүй гэдгээ хэлээд энэ асуудлыг шийдвэрлэх чиглэлд телевизүүдийн өмнөөс
ажиллаж байгаа юм. Үүнд бид үнэхээр талархал илэрхийлэх ёстой. Өөрөөр ч дэмжлэг
олж харахгүй байна даа. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хар пиар явуулж, хачин ихээр
баяждаг мэтээр зарим нэг улстөрч ярьснаар нийгэмд ийм уур амьсгал бий болсон нь
үнэн. Тэгэхдээ ингэж ярьдаг цөөхөн хэдхэн улстөрч байдаг юм шүү. Ихэнх нь хэвлэл
мэдээллийн хэрэгслийг зөвөөр ойлгодог. Дэмждэг хүмүүс нь олонхи.

Жилийн орлого нь 1.5 тэрбумаас доош ААН-үүдийн борлуултынх нь татварыг
нэг хувь болгоё гэдэг энэ санаачилгыг өнгөрсөн парламентад Я.Содбаатар гишүүн бид
хоёр өргөн барьсан юм шүү дээ. Харамсалтай нь өнгөрсөн парламентын хугацаанд хэлэлцэж
дуусаагүй.

-Энэ хууль танай намын мөрийн хөтөлбөрт суусан шүү дээ?

-Тийм. Гэхдээ энэ маань гажуудаад эхэллээ. Би сэтгэл дундуур байна.
Дөрөвхөн салбарыг хамрахаар болсон. Барилгын материалын үйлдвэрлэл гээд байгаа.
Тийм үйлдвэрлэл нь хэр олон юм. Ихэнхийг нь урдаас зөөгөөд авчирдаг. Газар тариалангийн
салбарт төр засгаас хангалттай дэмжлэг үзүүлдэг гэж боддог.

Жижиг дунд үйлдвэрлэл гэхээр юуг хэлдэг вэ гэхээр, жилийн борлуултын
орлого нь 1.5 тэрбумаас доошоо, ажилчдынх нь тоо 199-ээс бага. Ажилчдынх нь тоо
тав, арав, тавь байх нь байна шүү дээ. Үүнийг л жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид
гэж нэрлэдэг. Эднийгээ л бодлогоор дэмжье гэдэг ийм санаагаар анх энэ төслийг өргөн
барьж явж байсан. ААН-үүддээ итгээд үзье. Хөл дээрээ босгох боломжийг нь олгоё гэдэг
ийм их өөр санаа оноотойгоор санаачилсан байхгүй юу. Тэгтэл би ойлгохоо больчихлоо.
Хэн лоббитой нь оруулчихдаг юм байх даа. Мотоциклийн засварын газрыг оруулчихсан
байгаа юм. Өөр юу юуг ч оруулчихсан байв даа. Үүнийг би нэлээд гажуудчихлаа гэж
ойлгож байна.

Энд минийхээр бол үйлдвэрлэгчдээс гадна худалдаа, үйлчилгээний салбарынхнаа
хамруулах хэрэгтэй. Ажлын байр бий болгодог, төр засагт ямар нэг дарамт учруулахгүйгээр
амьдралаа аваад явж байгаа хүмүүс шүү дээ, үсчин, угаалгын газар гуанз, ТҮЦ, дэлгүүрийн
ганц лангуу ажиллуулдаг улсууд маань. Эдэндээ л дэмжлэг үзүүлмээр байна. Салбараа
их зөв хамруулмаар байгаа юм. Тэрэн дунд манай хэвлэл мэдээллийн салбар орох ёстой.
Би энэ хөнгөлөлтөд хэвлэл мэдээллийн салбарыг хамруулах хэрэгтэй гэж ярих гэхээр
ашиг сонирхлын зөрчилтэй гэж харагдах учраас чимээгүй л байгаад байна. Гаднаа ил
санал санаачилга гаргахгүй байгаа ч дотроо оруулаасай, дэмжээсэй гэдэг чин хүсэлтэй
байна. Нэг сайхан зүйл нь манай гишүүдийн зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгслийн хөнгөлөлтөд
оруулж дэмжье, эд овойж оцойтлоо ашиг орлого олж баяжиж таргалаад байгаа юм ерөөсөө
байхгүй. Харин төр ард түмнээ мэдээллээр хангах функцийг хуваалцаад байгаа шүү гэдэг
ийм эрүүл саруул байдлаар хандаж байгаа хэсэг байгаа учраас дэмжигдчих байх аа гэж
битүүхэндээ бодож байна.

Д.ГАНСАРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *