Categories
мэдээ улс-төр

Д.Сарангэрэл сайд Өвөрхангай аймагт ажиллажээ

“Орон нутагт гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах” төсөл Өвөрхангай аймагт хэрэгжиж эхэллээ. Тус төслийг Гэмтэл согог судлалын үндэсний төв санаачлан Эрүүл мэндийн яам, Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газар, тус аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвтэй хамтран хэрэгжүүлж байгаа ажээ. Төслийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Өвөрхангай аймгийн төв Арвайхээрт болж, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тэргүүтэй албаны хүмүүс оролцжээ. Орон нутгийн эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой уг төслийн хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гэмтлийн нарийн мэргэжлийн эмч нар Өвөрхангай аймагт он гарснаас хойш хоёр удаа очиж ажиллажээ. Ингэхдээ 600 гаруй өвчтөнд үзлэг, оношилгоо хийж, гэмтлийн төлөвлөгөөт хагалгааг 42, яаралтай хагалгааг есөн хүнд хийсэн байна. Цаашид осол, гэмтэл өндөр гардаг Арвайхээр, Нарийнтээл, Хужирт, Хархорин, Уянга сумдад цогц арга хэмжээ авах, сумын Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламж үзүүлэх чадавхийг сайжруулах зэргээр төлөвлөгөө гарган ажиллах юм байна. Төслийн үр дүнд Бүсийн оношилгоо эмчилгээний төвд шинэ техник технологи нэвтрүүлж, зөвхөн хотод хийдэг мэс ажилбаруудыг нутагшуулан гэмтэл бэртлийг цаг алдалгүй оношлон эмчлэх боломжтой болох аж. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл төслийн нээлтийн үйл ажиллагаанд оролцохоос гадна тус аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцжээ. Мөн аймгийн удирдлагууд, эрүүл мэндийн салбарын удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзалт, зөвлөгөөн хийсэн байна. Энэ үеэрээ Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын үйл ажиллагаа сайн байгааг сайшаан тэмдэглэж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэжээ. Тухайлбал, Бүсийн оношилгоо эмчилгээний төвд нэн яаралтай байгаа хоёр аппаратын санхүүжилтийг олгохоор болж, багаараа гадаад, дотоодын сургалтад хамрагдан мэргэжил дээшлүүлэхэд нь дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *