Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Д.Сарангэрэл: Манай улсын хүн амын 10 хувь нь элэгний архаг халдвартай

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага элэгний вируст хепатитын халдварын тархалтыг бууруулж, устгах нөр их ажлыг дэлхий дахинаа өрнүүлж байгаа билээ. Монгол Улс энэ төрлийн вирусийн тархалт өндөртэй орнуудын нэг хэдий ч уг өвчний эсрэг тэмцлээрээ үлгэрлэж байгаа. Тиймээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Монгол Улсын Засгийн газартай хамтран 2018 оны “Дэлхийн хепатиттын өдөр”-ийн албан ёсны арга хэмжээг “Хепатитыг илрүүлье, эмчилье” уриан дор анх удаа манай оронд тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон. Үүнтэй холбогдуулан ДЭМБ-ийн ХДХВ, ДОХ-ын газрын дарга ба Хепатитын дэлхийн хөтөлбөрийн дарга Готфрид Хирншол, Дэлхийн хепатитын холбооны ерөнхийлөгч Майкл Нинбург болон Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар өчигдөр мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр “Дэлхий дахинд B, C вируст хепатитын архаг халдвартай 325 сая хүн байгаа. Мөн жилд дунджаар 1.3 сая хүн энэ төрлийн өвчнөөс үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдрын улмаас харамсалтайгаар нас барж байна. Архаг халдвартай нийт хүн амын дөнгөж 20 хүрэхгүй хувь нь эмнэлгийн оношилгоо, эмчилгээнд хамрагдаж байгаа нь харамсалтай. Үүнээс үүдэн элэгний гаралтай өвчлөлөөр оношилгоо, үйлчилгээ авч байгаа хүмүүсийн 80 хувь нь хожуу шатандаа буюу хавдар, хатууралд хүртэл нь явсан байдаг” гэж ДЭМБ-ын Хепатитын дэлхийн хөтөлбөрийн дарга Готфрид Хирншол хэлсэн.

Манай улс гурван сая гаруй иргэнтэй ч хүн амын 10 хувь нь энэ төрлийн өвчлөлд нэрвэгдсэн, архаг халдвартай тул дэлхийд элэгний хавдрын өвчлөлөөрөө хамгийн өндөрт тооцогддог. ДЭМБ-аас энэ удаагийн арга хэмжээгээ манай улсад хийх болсон нь өнгөрсөн жилээс эхлэн хэрэгжүүлсэн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөртэй холбоотой аж.

Хүн амын дундах энэ төрлийн өвчлөлийг бууруулахын тулд Засгийн газраас “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийг 2020 он хүртэл хэрэгжүүлэхээр болсон. Энэ хугацаанд, C вирусээр үүсгэгдсэн халдварын шинэ тохиолдлыг таслан зогсоож, тархалтыг хязгаарлаж, элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг эрс бууруулах зорилт тавьжээ.

Энэ хөтөлбөрийн үр дүнгийн талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс тодрууллаа.

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай орныг яагаад онцлох болов?

-Дэлхийн хүн амын нас баралтын голлох шалтгааныг элэгний хепатитын вирус бүрдүүлж байна. Энэ вирустэй тэмцэж, дуу хоолойгоо нэгтгэж, дэлхийн улс орнуудын шийдвэр гаргах түвшиний удирдлагуудын анхаарлыг төвлөрүүлэх зорилготойгоор ДЭМБ жил бүр эл өдрийн тэмдэглэн өнгөрүүлдэг. Уг өдрийг энэ удаа Монгол Улсад тэмдэглэхээр сонгоод байна. Учир нь 2030 он гэхэд энэ төрлийн өвчлөлийн улмаас үүссэн нас баралтыг тэглэхээр 194 орон тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхээр болсон. Үүнийг манай улс мөн хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Засгийн газраас “Элэг бүтэн Монгол хөтөлбөр”-ийг хэрэгжүүлээд нэг жилийн дотор 350 мянган хүнийг эрт илрүүлгийн шинжилгээ, эмчилгээнд хамруулж амжилттай хэрэгжүүлсэн. Мөн бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах олон улсын зорилтыг хэрэгжүүлэхэд эмнэлгүүдийн даатгалын санхүүжилтийг үр дүнтэй ашиглаж, өвчнийг илрүүлэх, эмчлүүлэхэд гаргасан дэвшлийг ДЭМБ-аас онцлон үзсэн. Ингэхдээ Монгол Улсыг бусад орнуудад байхгүй эрүүл мэндийн загвар, зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна гэсэн үүднээс “Дэлхийн хепатитын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон.

“Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн эхний шатны үр дүнгийн талаар тодруулахгүй юу?

-Манай Засгийн газар 2016-2020 оны мөрийн хөтөлбөртөө “Элэг бүтэн Монгол хөтөлбөр”-ийг тусган хэрэгжүүлж байгаа. Эхний үе шат нь 2017 оны тавдугаар сараас 2018 оны тавдугаар сарын хооронд хэрэгжсэн. Бид энэ хүрээнд 40-65 насны иргэдээ хамруулсан. Улсын хэмжээнд дээрх насны 750 мянган хүмүүс бий. Эдгээрээс 350 мянга иргэн эрт илрүүлэгт хамрагдсанаас 310 мянга нь элэгний C вирустэй. Харин 2188 иргэд элэгний В вирустэй хэмээн оношлогдсон. Өвчлөлтэй хүмүүсийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 60-100 хувийн эмийн хөнгөлөлт үзүүлж, эмчилж байгаа. Эмчилгээний үр дүн 75 хувьтай байна. Энэ нь ДЭМБ Монгол Улсад анхаарлаа хандуулах нэг үндэслэл болсон.

-С вирусыг бүрэн устгах эмэнд ямар хөнгөлөлт үзүүлж байна. Ер нь хүмүүс энэ төрлийн вирусийг устдаггүй гэсэн ойлголттой байдаг?

-Илрүүлэг шинжилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь гаргаж байгаа. Тэгэхээр нэгдүгээр шатанд 20 гаруй тэрбумыг илрүүлэг шинжилгээ, эмийн хөнгөлөлтөд зарцуулахаар даатгалын сангаас гаргасан. Харин энэ онд 30-аад тэрбум төгрөгийг энэ төрлийн үйлчилгээнд зарцуулахаар төсөвлөсөн. В вирусийг бүрэн устгах эмийн тухайд, манай улсад энэ төрлийн таван эм худалдаалагдаж байгаа. Үүнд 60 хувийн хөнгөлөлт үзүүлж байна. Мөн С вирусийг устгах таван төрлийн эм байгаагаас хүмүүсийн сайн мэдэж буй нь “Харвони” эм юм. Уг эм хайрцаг тутамдаа 210 төгрөгөөр хөнгөлөгдсөн. Өөрөөр хэлбэл нэг курс тутамд иргэдэд 630 мянган төгрөгийн урамшуулал үзүүлдэг гэсэн үг. Харин D вирусийн эсрэг вакцины, эмчлэх эм бэлдмэл дэлхий нийтэд хараахан гараагүй.

-Нэгэнт өвчилсөн хүнийг хөнгөлөлттэйгөөр эмчилж байгаа бол шинээр төрсөн эсвэл энэ төрлийн халдваргүй хүмүүст урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн авч байна?

-Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар 1614 хүн энэ төрлийн өвчлөлийн шалтгаанаар нас барсан. Энэ тоо дэлхийн хэмжээнд өндөр үзүүлэлттэй байгаа учраас тулгамдсан асуудалтай нийтээрээ тэмцэх нь чухал. Тиймээс нярайн 95 хувийг төрсний дараах 24 цагийн дотор хепатитын В вирусийн эсрэг вакцинаар дархлаажуулах зорилт тавьсан. Үүнийг 97.8 хувь болгон давуулан биелүүлсэн. Мөн энэ төрлийн вакцинд 40-65 насныхан болон залуу үеийнхэн ч хамрагдсан байгаа.

-Хоёр дахь шатны үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр ямар зорилт дэвшүүлж байна вэ?

-Хоёр дахь шатны эрт илрүүлэг шинжилгээнд нийтдээ 1.8 сая хүнийг хамруулахаар төлөвлөсөн. Үүнд, 15-39 насны болон 65-аас дээш насны иргэдийг хамруулахаар болоод байна. Үүнээс гадна, 40-65 насны нэгдүгээр шатнаас үлдсэн иргэдээ үргэлжлүүлэн хамруулж, 2020 он гэхэд элэгний C вирусийн тархалтыг бууруулах, шинэ халдварыг таслан зогсоох зорилготой ажиллаж байна. Мөн саяхан энэ төрлийн өвчлөлийн асуудлаар дэлхийн дээд хэмжээний чуулга уулзалт болсон. Энэ үеэр эл өвчлөлтэй тэмцэж буй дэлхийн манлайлагч орноор Монгол Улсыг нэрлэж байсан.

-Төв талбайд элэгний хепатитын үнэ төлбөргүй оношилгоо, шинжилгээ хийгдэнэ. Үүнд ямар насны иргэд хэрхэн хамрагдах юм бол?

-Сүхбаатарын талбайд өнөөдөр “Дэлхийн хепатитын өдөр”-ийн нээлт болно. Энэ үеэр 2000 мянган хүнд вирусийн илрүүлэг шинжилгээ хийнэ. Үйл ажиллагаа ариутгал, халдваргүйжүүлэлтийн шаардлага бүрэн хангагдсан нөхцөлд гүйцэтгэнэ. Энэ хүрээнд эрүүл мэндийн даатгалаа төлдөггүй, түүнд хамрагддаггүй зорилтот бүлгийн иргэдийг оношилгоо, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах болно.

-Монголд ганц байгаа хавдрын эмнэлэг гурван сая гаруй хүнд 30-хан ортойгоор үйлчилгээ үзүүлж, ачааллаа дийлэхээ больсон. Энэ тухай эрүүл мэндийн салбарыг хариуцсан хүний хувьд ямар бодолтой байна вэ?

-Манай улсын хэмжээнд “Хавдар судлалын үндэсний төв” гэсэн цор ганц эмнэлэгтэй. Хавдар судлалын үндэсний төв байгуулагдаад 20 гаруй жил боллоо. 2010 оноос тус эмнэлгийг өргөтгөхөөр гурван блокийн барилгын ажил эхэлж, бүтэн найман жилийн дараа буюу өнгөрсөн хавар барилгыг хүлээлгэн өгсөн. Энэ нь чанарын шаардлага хангаагүй, хана нь цуурсан, дээврээс нь дусаал гоождог зэрэг олон асуудлыг араасаа дагуулсан. Тиймээс энэ төрлийн эмчилгээ, оношилгоог ард иргэддээ хүссэн хэмжээнд нь хүртэл үзүүлэх боломжгүй. Иймд иргэд хавдрын эмчилгээ, хагалгаанд орох гэж нэг сар гаруй хугацаанд хүлээж байна. Бид дэлхийн стандартад нийцсэн шинэ эмнэлэгтэй болох хэрэгтэй. Энэ төрлийн саналыг ч УИХ-д өргөн барина.

З.СУВД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *