Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Сарангэрэл: Хөгжингүй оронд сэтгүүл зүйтэй холбоотой асуудлыг Эрүүгийн хуулиар шийтгэхээ больчихсон шүү дээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын тухай хууль ирэх долдугаар сарын нэгнээс хэрэгжинэ. Хууль хэрэгжихтэй холбоотой зарим нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж салбарынхан үзжээ. Тиймээс нэмэлт өөрчлөлтийг оруулж ирж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлэв. Гишүүдийн асуултад ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хариулсан юм.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.САРАНГЭРЭЛ:

2016 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байсан Эрүү, зөрчлийн хуулийг нэмэлт, өөрчлөлт оруулж байгааг дэмжиж байгаа. Үүнийг амьдралд нийцтэй хууль болсон гэж бодож байгаа. Эмчийн үйл ажиллагаатай холбоотой 15.1-р заалт энэ хуульд явж байгаа. Үүнд эрхийг нэг жилээр хасах, 80 сая хүртэлх төгрөгөөр торгох, найман жил хүртэлх хорих заалтуудыг өмнө жил суулгаж өгсөн байсан. Үүнийг яаж орсон талаар асуумаар байна.

Хоёрдугаарт, Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой Эрүүгийн хуулинд ямар ямар санкцууд орсон бэ. Гуравдугаарт, Өнгөрсөн жил ААН-үүдийгЭэрүүгийн хуулинд нэлээд дарамталсан. Олон мянган ААН-д эрүү үүсгэсэн. Бараг 3000 ААН-д эрүү үүсгэсэн байдаг. Үүнийг яаж ялгаж салгаж байгаа талаар тодорхой хариулт өгөөсэй гэж хүсч байна.

Дөрөвдүгээрт, Өнгөрсөн дөрвөн жил хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьд халтай жилүүд байсан гэж манай хэвлэлийнхэн үздэг. Нэг хүний нэр төр гутаасан гэх хэрэгтэй холбоотойгоор 110, 111-р заалтыг зөрчлийн хуулиар шийтгэдэг болгосон нь маш том дэвшил. Энэ гүтгэхтэй холбоотой заалт чинь Монголын нийт иргэнд үйлчилж байгаа мөртлөө өнгөрсөн хугацаанд зөвхөн сэтгүүл зүйн салбарынханд үйлчилсэн байдаг.

Хөгжингүй оронд сэтгүүл зүйтэй холбоотой асуудлыг Эрүүгийн хуулиар шийтгэхээ больчихсон. Иргэний хууль эсвэл мэргэжлийн байгууллагынх нь хуулиар шийддэг дэвшил рүү орсон. Манайд ч гэсэн “Хэвлэл мэдээллийн зөвлөл” гээд есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдчихсан. Гэтэл гүтгэлэгтэй холбоотой заалтыг сэргээе гэж ярьж байгаа нь байж боломгүй зүйл шүү. Энэ заалт нь сонгуулийн хуулийн 14.8-д тусгагдсан гэж С.Бямбацогт сайдын яриад сууж байгааг ухвар мөчид зүйл гэж бодож байна. Мэргэжлийн байгууллага нь өөрийн ХМХ-ээрээ, сонины нүүрээрээ уучлал гуйна гээд байхад заавал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гээд байгаа нь буруу. Хэвлэлийн эрх чөлөө гэдэг чинь энд гүйгээд байгаа хэдэн сэтгүүлчийн зүйл биш юм шүү дээ. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл чинь ард түмний үнэнийг мэдэх эрх чөлөөнд үндэслэгдэж байгаа талбар.

Өчигдөр Авлигын эсрэг үндэсний чуулган дээр хэлсэн Их хурлын даргын мэдэгдэл олны таашаалыг хүлээсэн. Гэтэл бид сонгуулийн үеэр сэтгүүлчдийг эрүүгийн хуулиар шийтгэнэ гээд сууж байж болохгүй. Тиймээс үүнийг эргэж харах ёстой гэж бодож байна.

С.БЯМБАЦОГТ САЙД:

Эмч нарын буруутай үйлдлээс эмчлүүлэгчийн амь нас хохирсон бол 1-3 жилийн эрхийг нь хасаад, 20-80 сая төгрөгөөр торгоод, 2-8 жилийн ял онооно гэсэн заалттай байсныг өөрчилсөн. 2-14 сая төгрөгөөр торгох, 6 сараас 3 жилээр хорих болгож хөнгөлсөн байгаа.

Гүтгэхтэй холбоотой асуудал бол одоогийн хуулиндаа байж байгаа. Сонгуулийн үеэр хүн гүтгэх нь гэмт хэрэг гээд биччихсэн байгаа. Сонгуульд гүтгэх ажиллагаа явуулсан бол торгох, нэг сараас нэг жилээр хорино гэж байгаа. Үүн дээр торгуулийг нь хөнгөлж байгаа. Бид нэмэлтээр оруулж ирж байгаа юм биш. Ер нь хүнийг гүтгэх, доромжлох асуудлыг зөрчлийн хуулиар зохицуулж бодитой хохирлыг нь барагдуулдаг болсон. Хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэвэл эрүүгийн хэргээр шийтгэнэ гэж байгаа.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *