Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Сарангэрэл: Хоёр хүний биеийн байдал хүнд байна

Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний орчимд гарсан галт тэрэгний осолтой холбоотой Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл өглөө.

Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286 дугаар галт тэргэнд зорчиж байсан 329 хүнд Дорноговь аймгийн Эрүүл мэндийн төв, Даланжаргалант, Айраг сумын Төмөр замын эмнэлгийн 37 эмчийн бүрэлдэхүүнтэй баг газар дээр нь шуурхай ажилласан бөгөөд есөн хүнд яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай хэмээн үзсэн байна.

Хоёр хүнийг тархины доргилттой хэмээн үзэж, Айраг сумын эмнэлэгт хяналтанд авч, хэвтүүлсэн бол нэг жирэмсэн эмэгтэйг үзэж, биеийн байдал тогтвортой байсан тул мөн хяналтанд аваад гаргажээ. Түүнчлэн 120 хүнийг Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн төвд авчирч, нарийвчилсан үзлэг, шинжилгээ хийгээд хоёр хүнийг үлдээсэн байна.

“Хоёр хүний биеийн байдал хүнд байна. 48 настай эмэгтэй, хавирганы хугаралттай, уушги цоорсон байх магадлалтай гэж байсан ч шинжилгээгээр зүгээр гарсан. Гэхдээ элэгний дээд хэсэгт шингэн хуримтлагдсан гэж үзсэн учраас ГССҮТ-өөс мэс заслын баг ирж байгаа. Хагалгаанд орох шаардлагатай болох байх. Нөгөө 54 настай эмэгтэйн хувьд толгой дээр нь юм унасан. Тархины гэмтэлтэй гэж үзэж байгаа тул ГССҮТ рүү тээвэрлээд явж байна” хэмээн Д.Сарангэрэл сайд мэдээллээ. Гэмтсэн есөн хүний нь гурав нь хүүхэд юм байна.

Үерийн гамшгийн нөхцөлд улс даяар эрүүл мэндийн бүх байгууллагыг бэлэн байдалд ажиллах үүрэг чиглэл өгсөн байсан тул 329 хүнд эрүүл мэндийн тусламж үзүүлэхэд эмнэлгийн болон эмч, эм, тарианы ямар нэгэн дутагдал гараагүй болохыг тэрбээр нэмж хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *