Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Пүрэвбаяр: Тавдугаар цахилгаан станцын төсөл хэрэгжих боломжгүйгээр мухардалд орчихлоо

Эрчим хүчний хөгжлийн төлөө Монголын нийгэмлэг”-ийн захирал, судлаач Д.Пүрэвбаяртай ярилцлаа.


Манай улсын эрчим хүчний хэрэглээ жил бүр 6-7 хувиар өсөн нэмэгддэг гэж үздэг. Энэ хэр үндэслэлтэй тоо вэ?

-Эрчим хүчний хэрэглээ жил бүр 6-7 хувийн тогтвортой өсөлттэй байгааг хэлдэг. Улаанбаатарт жил бүр 5000 гаруй айлыг шинээр цахилгаанд холбох хэрэгцээ шаардлага үүсдэг хэмээдэг. Ийм хоёр тогтмол тоог 10 гаруй жил ярьж байна. Гэхдээ энэ нь зохиомол байх магадлалтай. Тухайлбал, өнгөрсөн жилийн эцэст эрчим хүчний үнийг төрөөс даах шийдвэр гарсны дараа ачаалал шууд 200 МВт-аар өссөн. Уг нь төвийн эрчим хүчний ачаалал 1000 орчим МВт байдаг юм. Тэгэхээр бодит хэрэглээг тооцвол дээрх тооноос илүү хэрэгцээ цаана нь байгаад байна. Одоо бол эрчим хүч үйлдвэрлэлийн хүчин чадалдаа тааруулаад хэрэглээ жилд 6-7 хувиар өсдөг хэмээн тайлбарлаад байна. Бодит байдал дээр эрчим хүчний хангамж дутагдалтай тул хүлээлтийн байдалд орсон хэрэглэгч олон бий. Тэр болгоныг бүрэн хангана гэвэл жилийн өсөлт 6-7 хувийг давах боломжтой. Шинэ эх үүсвэр барьж байж л энэ бодит хэрэглээг ил гаргаж, улмаар хангах бололцоотой.

Тавдугаар цахилгаан станц барих асуудлыг олон жил ярьж байна. Та уг төслийг үүх түүхтэй нь мэдэх хүн. Хаана гацчихав аа?

-Манай улс эрчим хүчний шинэ бөгөөд том эх үүсвэртэй болох гарцаагүй шаардлагатай. Үүнийг бүгд мэддэг, олон жил ярьсаар ирсэн. Гэвч шинэ эх үүсвэрийн төслийг хэрэгжүүлэх үед дандаа бодлогын хэрэгжилтийн алдаа гаргаж ирлээ. Өөрөөр хэлбэл, төрийн бодлого тогтвортой үргэлжлэхгүй, залгамж чанараа хадгалахгүй байж ирснээр энэ бүхэн бодит биеллээ олохгүй байгаа юм.

Саяхан Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Мэдээллийн урсгал”-аар орох үедээ шинэ эх үүсвэр баригдах боломжгүй гэсэн агуулгатай зүйл хэлсэн. Би үүнтэй санал нэг байна. Асуудлыг ойлгомжтой болгохын тулд эрчим хүчний тавдугаар эх үүсвэр хэзээнээс яригдаж, хэрхэн явагдаж ирснийг эргэн сануулах хэрэгтэй болов уу.

Хамгийн анх 2007 онд эрчим хүчний шинэ эх үүсвэр хэрэгтэй боллоо, хаана барих вэ гэсэн асуудал тавигдсан. Ингээд, Баянзүрх дүүргийн нутаг Улиастайн аманд барихаар шийдэж, Эрчим хүчний яамны нэр дээр газрыг нь авсан юм. Газар бэлэн, байршил тодорхой боллоо. Одоо хэн барих, санхүүжилт хаанаас олох гэсэн асуудал тулгарсан. Гадны хөрөнгө оруулалтаар тухайлбал, гадны хувийн хэвшлээр бариулах буюу концессын гэрээгээр шийдчихье гэсэн шийдэл дээр тогтсон байдаг. Ингээд тендер зарлахад 10 гаруй компани оролцох сонирхлоо илэрхийлэн материалыг авсан боловч,“Датунг” гээд Хятадын нэг л компани саналаа ирүүлсэн. Тэгээд ямар ч байсан нэг гүйцэтгэгчтэй болж гэрээний хэлцэлд орох явцад гол чиг болгож баримтлах хууль эрх зүйн хувьд гацсан. Өөрөөр хэлбэл, тухайн үед төр болон хувийн хэвшлийн түншлэлээр ажиллах эрх зүйн үндэс бүрдээгүй байсан. Ингээд, асуудлыг шийдэх концессын хуулийг батлуулах гэж 1-2 жил боллоо.Хууль батлагдаад Төрийн өмчийн хороон дээр Концессын газар гэж байгуулагдаад төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих төслүүдийн саналыг бүх салбараас авсан юм. Үүнд 195 төсөл ирэхэд эхний тавд эрчим хүчний хоёр том төсөл багтсан. Энэхүү зэрэглэл шалгаруулалтыг гадаадын зөвлөх мэргэжилтнүүд ирж, концессын гол зарчим болох төрд хэрэгтэй, хувийн хэвшилд ашигтай гэсэн шалгуураар шүүсэн учир шалгаруулалт их бодитой явагдсан гэж ойлгож явдаг.Тэгэхээр, томоохон хөрөнгө оруулалт шаарддаг дэд бүтцийн буюу эрчим хүчний хоёр том төсөл багтаж байна гэдэг нь хувийн хэвшилд уг төслийг хэрэгжүүлэх нь ашигтай байсан байгаа юм. Нэг нь Тавдугаар цахилгаан станц, нөгөөх нь Таван толгойн цахилгаан станц байсан. За ингээд газар, хөрөнгө оруулах эрх зүйн үндэс бэлэн болсон тул төслийн техник эдийн засгийн үндэслэлийг хийж хөрөнгө оруулалтын ойролцоо хэмжээ, үр ашиг, эргэн төлөгдөх хугацаа, техник технологи зэргийг баримжаалах шаардлагатай болсон. ТЭЗҮ хийлгээд эхэлсэн чинь ТЭЦ-V-ыг барихаар авсан Улиастайн байршил нь газар хөдлөлтийн хагарлын бүс болж таарсан. Гүнжийн хагарал гээд ихээхэн том, урт үргэлжилсэн газар хөдлөлтийн идэвхтэй газар гэсэн. Мэдээж станц барих боломжгүй нь ойлгомжтой. Тиймээс газар байршил дахиад л асуудал болсон. Дээрх концессын нөхцөлийн үндэслэлээ олох, байршлыг тогтоох, эрчимтэй барилгажих болсон Улаанбаатарын зүүн хэсгийн дулааны хангамжийн асуудлыг шийдэх зорилгоор Азийн хөгжлийн банкнаас техникийн туслалцаа авч, олон улсын компани шалгаруулаад ТЭЗҮ-г 2011 онд хийлгэсэн. Судалгааны хүрээнд станц барьж болох хэд хэдэн байршил болон цахилгаан, дулааны эрчим хүчний үйлдвэрлэлийн хувилбаруудыг гаргаж ирсэн.

Хамгийн сайн хувилбар нь одоогийн “ТЭЦ-III”-ын байршил гэж ТЭЗҮ-ийн судалгаагаар тогтоосон, хэлэлцүүлсэн, тогтсон байдаг. ТЭЦ-III нь 1950-иад оны технологитой,1960-аад оны сүүлээр баригдсан станц. Ер нь цахилгаан станцууд 20-30 жил ажиллаад ашиглалтын хугацаа нь дуусдаг, технологи нь байгаль орчны болон бусад шаардлага хангахаа больдог. Тэгэхээр 50-60 жил ашиглачихсан, хоцрогдсон технологитой станцын суурин дээр, дэд бүтцийг нь ашиглаж шинэ эх үүсвэр босгох нь хамгийн зөв сонголт байсан.

Хэрхэн ТЭЦ-III-ын цахилгаан дулааны үйлдвэрлэл, хангамжийг тасалдуулахгүйгээр шинэ эх үүсвэрийн төслийг хэрэгжүүлэх вэ гэдэг дээр хүртэл шийдлийг нь гаргаж өгсөн байсан. Эхлээд 70 мгВт-ын эсрэг даралтын турбин суурилуулж, “ТЭЦ-III”-аас тухайн үеийн үйлдвэрлэлийг орлуулаад, станцаа буулган зөрүүлж шинэ станцаа барих ”scrap-build” технологийг хэрэглэх байсан. Маш орчин үеийн технологитой, байгаль орчинд ээлтэй станц байхаар төлөвлөж байсан. Тухайлбал, ТЭЦ-III-ын хэрэглэж буй уснаас 8 дахин бага ус хэрэглэх эко технологи байлаа. “ТЭЦ-3”-д 1000 орчим хүн ажиллаж байхад шинэ технологиор байгуулах станцад хэд дахин бага хүн ажиллахаар байсан. Мэдээж эдийн засгийн болон экологийн өндөр үр ашигтай. Гэтэл, 2012 онд Ардчилсан намын засаг гарч ирээд судалгааны үр дүнг үл ойшоон “Хөлийн гол” гэдэг байршил сонгосон. “Ургах наран” хорооллын урд, Богд уулын ар дээр юм. Гэвч нэрнээсээ л буруу байршил гэдэг нь тодорхой байсан. Гол байсан ширгэсэн, шургасан, намаг болсон, цэвдэг тогтсон газар. Ийнхүү, улстөржилт л ТЭЦ-V төслийг баллачихлаа гэж харж байгаа. Ер нь ч Тавдугаар цахилгаан станцын төсөл мухардалд орчихлоо гэж бодож байна.

ОдооТЭЦ-III”-ын оронд шинэ станц барьж болохгүй юу?

-“ТЭЦ-III”-ыг өргөтгөсөөр байгаад 250 мВт болчихсон. Одоо дахиад өргөтгөх тухай ярьж байна. Өөрөөр хэлбэл, дөнгөж өргөтгөж бариад 1-2 жил болж байхад буулгаж шинэ станц барих утгагүй биз дээ.Энэ мэтээр шинэ станц барих дээрх судалгаагаар гарч ирсэн гурван байршил бүгд боломжгүй болсон. Хоёрдугаарт, Улаанбаатарын хаа нэгтээ шинэ станц бариад тэндээс дулаан, цахилгааны эрчим хүчийг хэрэглэгчдэд хүргэх шугам татах гэхээр коридор буюу газар байхгүй. Бүх газрыг нь хувьд шилжүүлсэн. Тэгэхээр энэ газрыг чөлөөлөх хэрэгтэй болно. Үүний тулд маш их хэмжээний нөхөн төлбөр өгнө. Эсвэл төрийн төмөр нүүрийг харуулж хүч хэрэглэх шаардлага гарна. Энэ талаасаа боломжгүй болчихож байгаа юм. Тэр бүү хэл, Таван толгой дээр цахилгаан станц бариад Оюу толгой руу шугам татах коридор байхгүй битүү лецинзтэй талбай байна гэсэн яриа гарсан шүү дээ. Улаанбаатарт бол бүр ойлгомжтой байгаа биз.

Тавдугаар цахилгаан станцыг барих боломжгүй болжээ. Тэгвэл одоо яах вэ?

-Би хувьдаа зургадугаар цахилгаан станцыг барих хэрэгтэй гэж үзэж байгаа. Энэ чиглэлээр ч судалгаа хийсэн. Улаанбаатарт шинэ барилгажилт нэмэгдэж байна. Ялангуяа, зүүн урагшаа маш их барилгажилт явагдаж байна. Шинэ Засгийн газар Солонго 1,2 гэсэн маш том хороолол барихаар төлөвлөсөн. Ингэхээр дулаан, цахилгааны асуудал гарна. Нөгөө талаас Улаанбаатар хот ямар чиглэл барьж байна гэхээр нийслэлийн хүн амаа 1.5 сая дээр барих, цаашид бууруулахын тулд дагуул хотуудыг хөгжүүлэх гэж байна. Өөрөөр хэлбэл, өсөн нэмэгдэх хэрэгцээний асуудал гарахгүй тул, нийслэлийн хүн амыг хангах эрчим хүчний шинэ эх үүсвэрийг барих хэрэгцээгүй болох төлөв бий. Тиймээс цахилгаан болон дулааны эрчим хүчний хэрэглээ энэ түвшиндээ хадгалагдана гэсэн үг. Харин Богдхаан төмөр зам, шинэ нисэх гээд ложистикийн зангилааг дагасан Хөшигтийн хөндий, Майдар гэх зэргээр шинэ суурьшлын бүс үүсээд, тэнд үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжиж эрчим хүчний хэрэгцээ гарна. Тэгэхээр тус бүс нутагт эрчим хүчний шинэ эх үүсвэрийг барих шаардлагатай болж байгаа юм. Түүнчлэн, үүгээр Өмнөговь, Дундговь руу 220 кВт-ын ЦДАШ дайран өнгөрч байгаа. Энэ бүсэд л зургадугаар станцыг барья гэсэн санал гаргаж байгаа. УБ-ын зүүн өмнө буюу Яармаг, Сонгино, Нисэхийн сууршлын бүсийн цахилгаан хангамжийг эндээс шийдье, дулаан хангамжийг хангах технологийн бололцоог судалъя. Нөгөө талаас Төв аймгийн Баян, Баянжаргал зэрэг сумд нүүрсний маш их нөөцтэй, Алтанбулаг сумын нутгаар Туул гол маань урсаж байгаа.

Нөгөөтэйгүүр, 2011 онд тавдугаар цахилгаан станцыг Японы Засгийн газрын төслийн зээлээр санхүүжүүлэх саналыг тавьж байсан. Тухайн үед Японы тал огт татгалзсан хариу өгөөгүй. Харин манай Засгийн газрын байр суурийг харж байсан байх. Засгаас ТЭЦ-V-ын төслийг концессын гэрээгээр шийдэх шийдвэр гаргасан тул дээрх санал орхигдсон. Ингэхээр шинэ эх үүсвэрийг нисэх буудал барьсан Япон улсын санхүүгийн эх үүсвэр, техник технологиор шийдвэрлэх бололцоо байгаа гэж итгэдэг. ТЭЦ-V-ын санхүүжилтийн хүсэлт тавьж байснаас хойш манай улс Япон улстай стратегийн түншлэлийн гэрээг байгуулсан байгаа нь асуудалд эерэг нөлөөг үзүүлэх нь ойлгомжтой. Нөгөө талаас Төв аймагт нүүрсний тусгай зөвшөөрөлтэй компаниуудын сонирхлыг төрүүлж болох юм.

Бид эрчим хүчний хангамжийг дотоодын эх үүсвэрээс шийдэхгүй бол үүний цаана эдийн засгийн үр ашгаас гадна үндэсний аюулгүй байдалтай холбогдох асуудал бий. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Энэ бол зөвхөн эрчим хүчний салбар, түүний хэдэн инженерийн хүрээний асуудал биш. Ерөөсөө улс гүрнүүдийн өрсөлдөөн тэмцлийн орчин үеийн нэг зэвсэг нь эрчим хүч болчихлоо. Мэдээж, эхлээд хөнөөх зориулалттай байлдааны зэвсэг байна. Үүний дараа хоёр дахь том зэвсэг бол эрчим хүчний геополитик юм. Яг энэ чиглэлээр Америкийн тоймч, сэтгүүлч Даниел Ергин ихээхэн алдартай бөгөөд Кембриж, Харвард зэрэг сургуулиуд түүний номыг уншиж судлахыг зөвлөдөг, сургалтын хөтөлбөртөө ч оруулдаг байгаа.Тэрээр эрчим хүчний геополитик, технологийн хөгжлийн талаар 10 жил тутам нэг ном бичдэг. Цуврал гэх үү, эсвэл эдишн ч гэмээр. Тухайлбал, 1991 онд “The Prize”, 1998 онд“The Commanding Heights”,2011 онд “The Quest”, 2020 онд “The New Map” номуудыг бичиж хэвлүүлсэн.

Эдгээр номнууд болон ер нь мэдээллийн чиг хандлагыг харж байхад ерөөсөө л эрчим хүчний геополитикийн асуудал илүү өргөн хүрээтэй, анхаарал татсан сэдэв болж байгаа, эрдэс баялгийн болон эрчим хүчний нөөцийн төлөөх тэмцэл, эрчим хүчний хараат бус байх гэсэн оролдлого нь шинэ хүйтэн дайныг үүсгэж байгаа нь тодорхой болсон. Тухайлбал, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Балтын орнууд, Гүрж, Молдав, Украин яагаад ОХУ-тай тэмцээд байдаг ч салаад явчихаж чаддаггүй юм. Учир нь ОХУ-тай эрчим хүчний дэд бүтцээр, нарийн хэлбэл хий болон цахилгаан сүлжээгээр холбогдсон учир улс төрийн хувьд эсрэг байр суурьтай ч тэр чигээ дагаад явчих бололцоогүй байсан. Сүүлд 2020 онд Балтын гурван орон ОХУ-ын цахилгаан эрчим хүчний сүлжээнээс тусгаарлагдсаны дараа л улс төрийн мэдэгдэл хийх, сөрөг хүчнийг нь дэмжих, бүүр дипломатуудыг нь “persona non grata” гэж зарлаж байна шүү дээ. Тэгэхээр эрчим хүчний геополитикийн цаана үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой том агуулга нуугдаж байгаа биз. Гэтэл манай улс эсрэгээр улам л хоёр хөрш рүүгээ шигдээд, улам эрчим хүчний хараат болоод байна.

Социализмын үеэс манай эрчим хүчний салбарын бодлогын ухаантнууд “Эрчим хүчний нэгдсэн систем” гэдэг зүйлийг санаачлан сэдэж хэрэгжүүлэхээр ажиллаж ирсэн байдаг. Үүнийг 2001, 2007 онуудад УИХ-аар салбарын хөгжлийн бодлого болгон баталж байсан. Үүний мөн чанар нь Монгол Улс өөрийн газар нутгаа бүрэн хамарсан, бие даан ажиллах чадвартай цахилгаан эрчим хүчний системтэй болох явдал юм. Нутгаа бүрэн хамрахын тулд УБ-Чойбалсан, УБ-Улиастай, Улиастай-Эрдэнэбүрэнг холбосон шугам, бие даан ажиллахын тулд том станц буюу ГРЭС, усан цахилгаан станцыг барих ёстой байгаа юм.

Гэтэл одоо манай улс хоёр том гүрний дэлхийд бараг 1, 2-т орох хоёр том эрчим хүчний нэгдсэн системтэй холбогдоод байдаг. Энэ байдал үргэлжилбэл Монгол Улсын газар нутаг дээр хоёр хөршийн хамааралтай хоёр өөр эрчим хүчний сүлжээ үүсэх аюул их ойрхон боллоо. Сайн мэдээ нь “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогод Эрчим хүчний Нэгдсэн системийг байгуулахаар зааж өгсөн байгаа. Мөн Дубайн гэрээг цуцалбал Оюу толгойг 2016 оноос дотоодын эрчим хүчээр хангах ёстой гэсэн утгатай хөрөнгө оруулалтын гэрээний гурван заалт эргэж сэргэх магадлалтай байна.

Миний хувьд эрчим хүчний экспорт (импорт)-ыг үндэсний эрчим хүчний системээс тусад нь хийх ёстой гэсэн байр суурьтай байдаг. Энэ байр суурь маань ковидын энэ хориогоор зүйтэй болох нь улам тодорхой болж байна гэж бодож байгаа.

Эрчим хүчний салбарт шийдвэртэй алхам хэрэгжүүлэх цаг нь болжээ?

-Одоо ерөөсөө төрийн зүгээс эрчим хүчний салбарыг онцгойлон анхаарч хатуу төлөвлөлтийн бодлогыг хүчтэй явуулах шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний нэгдсэн системийг бий болгох хэрэгтэй. Үүнд эрчим хүчний шинэ эх үүсвэрийг төр өөрөө барих шаардлага багтана. Хоёрдугаарт, төрөөс тусгай бодлого зохицуулалт гарган эрчим хүчний салбарыг зах зээлийнх нь жам ёс руу нь шилжүүлэх ёстой. Үнэ нь яаж тогтдог, үйлдвэрлэсэн эрчим хүчийг хэн хэдээр худалдаж авах нь тодорхойгүй зэрэг шалтгаанаас болоод хувийн хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна. Эцэст нь эдгээрийг төрөөс хэрэгжүүлснээр сэргээгдэх эрчим хүчний хөгжил, хүлэмжийн хийн ялгарал, технологийн шинэчлэл, ухаалаг сүлжээ зэрэг асуудлууд жам ёсоороо шийдэгдээд явна шүү дээ.

Г.БАТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *