Categories
мэдээ улс-төр

Д.Оюунхорол: “Маш сайн ажилласан” гэдэг бол манай яамны хамт олонд өгсөн үнэлгээ

УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд асан Д.Оюунхоролтой ярилцлаа.

-Юуны өмнө танд Монгол Улсад ардчилсан парламент үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн баярын мэнд хүргэе. Гурван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа төрийн түшээгийн хувьд ойн баярын босгон дээр хамгийн түрүүнд юу хэлмээр байна?

-Баярлалаа. Би УИХ-ын сонгуульд Завхан аймагт дөрвөн удаа нэр дэвшиж, гурван удаа сонгогдсон. Гурван удаагийн чөлөөт, ардчилсан сонгуулиар итгэл хүлээлгэж, үүрэг даалгавар өгч, хариуцлага үүрүүлж намайг УИХ-ын гишүүнээр сонгож байсан Завханыхаа сонгогч олон түмэнд юуны өмнө ардчилсан парламентын 25 жилийн ойн баярын мэнд хүргэе. Өнгөрсөн хугацаанд сонгогч иргэн бүрийн саналын үнэ цэнээр парламентат ёс төлөвшиж ирсэн гэж боддог. Тийм учраас үе үеийн сонгогч олон түмэндээ бид баярлалаа гэж хэлэх ёстой. Мөн надад итгэл хүлээлгэн нэр дэвшүүлж, эх орон, ард түмний төлөө гэсэн бодлого, зорилтынхоо төлөө нэг баг болон ажилладаг МАН- ын удирдлага, гишүүддээ талархал илэрхийлье. Шийдвэр гаргах парламентын түвшинд эмэгтэйчүүдийн дуу хоолой болж, тэднийхээ нийгмийн эрх ашгийг төрийн бодлогод тусгуулахын төлөө ажиллаж ирсэн цөөн эмэгтэй гишүүдийн нэг гэдгээрээ бахархаж явдаг. Зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй нийгмийн эмзэг, халамж шаардсан хэсэгт төрөөс тусалж, дэмжих чиглэлээр цөөнгүй хууль санаачилж, батлуулж, амьдралд хэрэгжүүлсэн гэдгээ хэлэхэд бас таатай байна. УИХ-д гурван удаа сонгогдон ажиллахдаа анх удаа Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар ажиллалаа. УИХ-ын гал тогоонд чанагдаж туршлага суусан маань сайдын албыг хашихад хамгийн гол түшиг болсон.

-Таны ажилласан гурван удаагийн парламентын гол онцлог юу вэ?

-Үе үеийн парламент өөрийн гэсэн онцлог түүхийг бичсэн. Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент бий болсноос хойш гурав дахь удаагийн сонгуулиар 2000 онд Завхан аймагт нэр дэвшиж ялалт байгуулснаар Их хурлын гишүүн гэдэг хүндтэй, хариуцлагатай албанд сонгогдож байлаа. Энэ сонгуулиар Монголын ард түмэн манай намд бүрэн итгэл хүлээлгэж, 72 суудал авсан юм. Бидэнд төрийн бодлогын эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, улс орныхоо эдийн засгийг эрүүлжүүлэх, нийгмийн үйлдвэрлэлийн өсөлтийг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжин өргөжүүлэх, ард түмний амьжиргааны түвшинг дээшлүүлж, нийгмийн баталгааг хангахад чиглэсэн өргөн хүрээтэй асуудлыг шийдвэрлэх түүхэн хариуцлага ногдсон юм. 2000-2004 онд ажилласан Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд Монголын төр, засгийн бодлого цэгцтэй, оновчтой, үйл ажиллагаа тогтвортой, тууштай явж ирсэн. Үүний үр дүнд улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэхээр жинтэй хувь нэмэр оруулсныг тухайн үеийн статистик мэдээлэл, тоо баримтаас тодорхой харж болно. Тухайн үед дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт анх удаа 10 орчим хувиар нэмэгдэж байлаа.

Дараагийн сонгогдон ажилласан 2008-2012 оны парламентын үед манай улсын эдийн засгийн өсөлт хамгийн өндөр байсан түүхэн үе байлаа. Өмнөх үеийн УИХ Оюутолгой, Тавантолгой зэрэг том төслүүдээ хөдөлгөх, ард түмнийхээ амьжиргааг тэтгэх олон чухал шийдвэр гаргасан. Үр дүнд нь Оюутолгойн гэрээ байгуулагдаж, улс орны эдийн засгийн өсөлт урьд өмнө байгаагүйгээр өсч байлаа. Гэвч харамсалтай нь өнөөдөр бүх асуудал тодорхой биш болчихоод байна. Ер нь өнгөрсөн 25 жилийн хугацаанд ардчилсан парламент төлөвшин хөгжихдөө шинэ нийгмийн эрх зүйн системийг цогцоор нь маш сайн бүрэлдүүлж чадсан. Тэдгээрийн үр дүнд хүний суурь эрхүүд болох амьд явах, аюулгүй орчинд амьдрах, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх зэргийн эрх зүйн үндсүүд баталгаажсан. Гагцхүү баталсан хуулиудаа амьдралд хэрэгжүүлэхэд алдаа оноо бийг үгүйсгэхгүй. Мөн хариуцлагын механизмыг төр өөрийнхөө бодлогын хэмжээнд томоор авч үзэх цаг болсон. Парламентат ёсны хөгжил цаг хугацааны хурдаар урагшилж яваа ч өмнөх ололт амжилтаа үгүйсгэсэн, эсвэл гацааж, зогсоосон байдлаар ажиллаж болохгүй л гэж хувьдаа боддог.

-Энэ удаагийн УИХ-д шүүмжлэлтэй хандах хүмүүс байна. Засгийн газраа нэг удаа сольж, саяхан сайдуудад халаа сэлгээ хийлээ. Та энэ бүхэнд ямар байр сууринаас хандаж байна вэ?

-Одоогийн энэ парламент мөн л өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Сонгуулийн хосолсон тогтолцоогоор явуулсан сонгуулийн үр дүнд бүрдсэн хамгийн олон намын төлөөлөлтэй, мөн хамгийн олон эмэгтэй гишүүн сонгогдсон парламент. Өмнөх үе үеийн парламентын л нэгэн адил алдаатай, оноотой замыг туулж яваа байх. Өмнөх парламентуудын үед тохиож байгаагүй олон намын төлөөлөлтэй, аль ч нам нь олонхи болоогүй парламент учраас хөгжлийнхөө бас л нэг сорилттой тулгарч байгаа юм болов уу. Нөгөө талаас эерэгээр харвал эв нэгдлээ зангидаж том зорилгоо өмнөөд тавиад ажиллаж чадвал хамгийн боломжит нөхцөл бүрдсэн УИХ юм л даа, уг нь.

-Саяхан УИХ-ын ээлжит бус чуулганаар сайдуудыг нөхөн томилох үед АН, МАН гэлтгүй олон гишүүн таныг сайдын үүргээ маш сайн биелүүлсэн гэж дүгнэсэн. Гишүүдээс ийм үнэлэлт авахыг бодоход салбартаа гайгүй ажиллажээ дээ?

-УИХ-ын нэг ангийн нөхөд маань ингэж үнэлсэнд маш их баярласан. Хэдийгээр бид улс төрийн халуун гал тогоонд хааяа танай, манай намаараа үзэл бодлын хуваагдалд ордог ч бие биедээ урам зориг өгч чаддаг гэдгээ харууллаа. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БОНХАЖ-ын сайдаар томилогдоод найман сар ажилласан. Би сайдын ажлыг аваад үнэхээр нэг гарт баригдаж, нүдэнд харагдах бодит ажлуудыг хийх юмсан гэж хичээсэн. Үүнийгээ ил тод хэлээд л ажлаа эхэлсэн дээ. Ажил хийхээр зориглосон хүнд найман сар маш богино хугацаа ч салбарынхаа мэргэжлийн хамт олонтой гар, сэтгэл нийлээд ажиллахад бас их зүйл бүтээдэг юм байна. Шинээр томилогдсон сайд маань эхлүүлсэн ажлуудыг цааш нь үргэлжлүүлээд илүү их үр дүн гаргах байх аа. “Маш сайн ажилласан” гэдэг үнэлгээ бол манай салбарын, яамны нийт хамт олонд өгсөн үнэлгээ юм шүү. Өнгөрсөн хугацаанд нэг баг болж ажилласан чадварлаг хамт олноороо бахархаж байна. Цаашид ч УИХ-ын гишүүнийхээ хувиар байгаль орчин, аялал жуулчлалын энэ буянтай, үр өгөөжтэй салбарын төлөө ажиллана. Өнгөрсөн хугацаанд УИХ байгаль орчны салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулахад их зүйл хийж, олон ч хууль баталсан. Харин аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудал учир дутагдалтай явж ирсэн. Бид энэ алдааг засахын төлөө уйгагүй ажиллаж, аялал жуулчлалын салбар маань анх удаа Үндэсний хөтөлбөртэй болсон. Аялал жуулчлалын хуулийг шинэчлэн батлуулахаар энэ салбарынхан ажиллаж байгаа. Цаашид салбарын эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө төрийн түшээгийнхээ хувиар хичээж ажиллах болно.

Л.Мөнхөө

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *