Нийслэлийн нийтийн тээврийн салбар нэлээд барцадтай байгаа. Ногоон автобусны хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилсээр байна. Хамгийн сүүлд, хуулийн байгууллагаас мэдээлснээр уг хэрэгт 25 хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа аж. Гэрээ ёсоор БНСУ-ын “Zyle daewoo” үйлдвэрээс “Евро 5” хөдөлгүүртэй гэх 100 ширхэг ногоон автобусыг өнгөрсөн намар оруулж ирсэн ч шалгалтын явцад тэдгээр автобус нь “Евро 2” хөдөлгүүртэй, хуучин болох нь тогтоогдоод буй.
Уг хэрэгт Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга буюу Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх асан Д.МөнхЭрдэнэ, Хотын орлогч асан Ж.Сандагсүрэн нар шалгуулж байгаагаас гадна Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын гурав, Нийслэлийн Нийтийн тээврийн газрын зургаа, НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга, Хотын стандарт хяналтын газрын авто тээврийн хяналтын улсын ахлах байцаагч, “ТэнүүнОгоо” компанийн захирал А.Ганхуяг, тус компанийн захирал асан Ж.Эрдэнэбат, БНСУ-ын дөрвөн иргэн одоогийн байдлаар энэ хэрэгт татагдаад байгаа аж.
Харин ногоон автобусыг “Тэнүүн Огоо” ХХК-ийн хашаанд байрлуулсан байгаа юм. Нийтийн тээврийн парк шинэчлэл, автобусны хомсдолоос үүдэж, ногоон автобусыг үйлчилгээнд гаргах санал санаачилгууд ч олон нийтийн дунд гарч буй. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа. Гэрээнд заасан норм стандартаараа ирээгүй учраас үйлчилгээнд гаргахгүй” гэсэн тайлбарыг хэлж байна.
Харин Улаанбаатар хотын Захиргаа болон Нийслэлийн Нийтийн тээврийн газраас хамтран шинэ автобусны тендер шинээр зарласан. Тендер шалгаруулалтад таван оролцогч материал ирүүлснээс БНСУ-ын Yutong Bus Co.,Ltd шалгараад байгаа юм. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сaйнзориг мэдээлэл өгөхдөө “Гэрээний дагуу ирэх оны нэгдүгээр сарын 31-н гэхэд 600 автобус нийлүүлсэн байх бөгөөд 50 автобус үйлдвэрлэх тутамд хилээр орж ирэхээс нь өмнө урьдчилсан хяналт, шалгалт хийнэ. Энэ хүртэлх эрсдэл, зардлыг үйлдвэрлэгч хариуцна. Автобусуудын баталгаат хугацаа 24 сар байх бөгөөд ашиглалтын арван жилийн хугацаанд үйлдвэрлэгчийн зүгээс найдвартай сэлбэг хэрэгслээр хангах үүрэг хүлээнэ” гэсэн юм.
Шинэ автобус шинэ оноос өмнө орж ирж, үйлчилгээнд явах боломжтой эсэх талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргалаас тодруулахад “Шинэ автобусны эхний 35 нь Монгол Улсын хилээр энэ сарын 28-нд буюу ирэх пүрэв гаригт орж ирнэ. Хүлээн авах Ажлын хэсэг маргааш Улаанбаатар хотоос хөдөлнө” гэлээ. Тендер сонгон шалгаруулалтаас хойш гэрээний хэсгүүдийг хянах, хуваариудыг нарийн тохиролцох зэрэг яриа хэлэлцээр үргэлжилсэн учраас оруулж ирэх цаг хугацаа хойшилсон гэж байгаа юм. Автобусыг үйлчилгээнд гаргахын өмнө төлбөрийн систем суурилуулах, даатгалд хамрагдах гэх мэт дагалдах ажлууд үргэлжлэх аж. Мөн хоёрдугаар сарын 1-н гэхэд бүх автобусыг нийлүүлсэн байхтай холбоотойгоор төлбөрийн системийг шийдэх, зогсоолыг нэмэгдүүлэх, чиглэлүүдийг зөв төлөвлөж, хуваарилах ажлууд ч эхэлжээ.
Шинэ ирсэн автобусуудыг дулаан гаражид байршуулах талаар Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Тэнүүн-Огоо” ХХК-ийн улмаас нийслэл, улсын төсөвт учирсан хохирлыг барагдуулахад Авлигатай тэмцэх газар / АТГ/-аас тус компанийн үл хөдлөх хөрөнгийг санал болгосон. АТГ-аас сонгон шалгаруулсан компани тэдгээрийг үнэлсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, үнэлгээг баталгаажуулсны дараагаар “Тэнүүн-Огоо” ХХК-ийн объектуудыг авахаар шийдвэрлэсэн. Ногоон автобусуудыг нийслэл авахгүй, зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээнд холбогдох объектуудыг авч, ашиглана” гэсэн юм.
Харин нийтийн тээврийн компаниудад шинэ автобусыг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн өмчлөлд бүртгэн, нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг төр, хувийн хэвшлийн компаниудад түрээс, зээлээр олгох зохицуулалт хийжээ.
Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах чиглэлд албаныхан Энхтайваны, Наадамчдын зэрэг гол өргөн чөлөөнүүдийн нэгдүгээр эгнээг автобус зорчиход зориулан бүрэн чөлөөлөх асуудлыг судалж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор “Нэгдүгээр эгнээ дагуух авто зогсоолын менежменттэй холбогдох шийдлүүд гарна. Тухайн зогсоолуудад хүргэлтийн бараа буух гэх мэт хэрэгцээ, шаардлага бий. Тиймээс зогсоолуудыг буулгах гэхээс илүү дүрмийн зохистой зохицуулалт хийж, оргил цагаар автобус болон такси зорчигч хүлээх зорилгоор түр зогсох, шөнийн цагаар ачаа бараа буух боломжтой байхаар хөгжүүлэхээр төлөвлөж байна. Бусад шийдлийг албан ёсны шийдвэр гарсны дараа танилцуулах болно” гэж Хотын захиргаа мэдэгдээд байна.