Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: Москва-УБ-ын онгоцоор өчигдөр ирсэн гурван хүнд коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Дэлхий даяар коронавирус нь 216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 9679000 хүн өвчилж, 488000 хүн нас барсан байна. 8.2 сая хүн эдгэрч, 3 сая гаруй хүн эмчилгээ хийлгэж байгаа.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Зургадугаар сарын 26-ны өдөр 171 хүний сорьцонд шинжилгээ хийхэд 168 хүнд коронавирус илрээгүй. Харин гурван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Зургаадугаар сарын 25-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн 21-23 насны, хоёр эрэгтэй, нэг эмэгтэй оюутнуудад вирус илэрлээ. Өнөөдөр 19 настай цэргийн сургуулийн оюутан эдгэрэн гарч байна. Нийт батлагдсан тохиолдол 219 болсон бол үүнээс 170 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарсан” гэв.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Сүүлийн 24 цагт 150 мянган хүн шинээр халдвар авч, 4000 гаруй хүн нас барлаа. АНУ-д өнгөрсөн 24 цагт 37 мянга гаруй хүн шинээр халдвар авсан нь халдвар хамгийн их тархсан өдөр гэж бүртгэгджээ. АНУ-д ирэх долоо хоногт коронавирусийн халдварын оргил үе ирэх байх гэж эрдэмтэд анхааруулж байна. Хөл хорионы дэглэмийг сулруулсан Европын орнуудад халдвар нэмэгдэж байна. ОХУ-д 7113 хүн шинээр халдвар авч, 92 хүн нас барлаа. Манай улсын хувьд өчигдөр 126 хүн шинээр ажиглалтад орж, 17 хүн гэрийн тусгаарлалтад шилжин, одоо ажиглалтад 2,566 хүн байгаа. 1-5 насны 130 хүүхэд, 53 жирэмсэн эх байна. Халдвар авсан өвчтөнүүдэд 188 сувилагч, 12 асрагч ээлжээр эмнэлгийн тусламж үзүүлж байна. Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 93 хүн байгаа. Үүнээс 52 хүн нь архаг хууч өвчтэй, 6 хүн эрчимт эмчилгээний тасагт байна.

ЭМЯ-ны ШУ, технологийн зөвлөлийн дарга Оюунсүрэн: Дэлхийн хэмжээнд коронавирусийн вакцин бүтээх 141 судалгаа хийж байна. Коронавирусийн халдвар авсан хүмүүс чихрийн шижингээр өвчлөх эрсдэлтэйг тогтоожээ. Коронавирус Цельсийн 4 градуст хамгийн тэсвэртэй, температур нэмэгдэх тусам вирусийн тэсвэр муудна гэж үзэж байна. Вакцин гарахаас нааш халдварын гурав, дөрөв дэх дэгдэлт гарах тул иргэд хөл хорионд байх нь зүйтэй гэж эрдэмтэд зөвлөж байна.

Х.ЕСҮ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *