Categories
мэдээ цаг-үе

Д.Нямбаяр: Алдаатай оношлуур хэрэглэж байхаар Монголынхоо эрдэмтдийн оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлмээр байна


Японы үндэсний эрдэм шинжилгээний РИКЭН хүрээлэнгийн ерөнхийлөгч асан, Нобелийн шагналт эрдэмтэн Др.Ноёори Рёожигийн хамт

ХБНГУ-ын Мюнхений ТИС Анагаахын сургуулийн эрдэм шинжилгээний багийн ахлагч, ЭМЯ-ны ажлын хэсгийн гишүүн, АШУҮИС-ийн зочин профессор, зөвлөх, анагаах ухааны доктор Д.Нямбаяртай онлайнаар холбогдож ярилцлаа.


-Юуны өмнө та өөрийгөө танилцуулахгүй юу. Германд ямар ажил хийж байна вэ?

-Би хүний их эмч, иммунологич буюу дархлаа судлаач хүн.ХБНГУ-ын Мюнхений ТИС Анагаахын сургуулийн харьяа “ТранслаТУМ” эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судалгааны багийн ахлагчаар ажиллаж байна.Миний хувьд саяхнаас ХБНГУ-ын Засгийн газрын тусгай захиалгаар “Covid-19”-ийн эсрэг эм, вакцин болон оношлуур боловсруулах төсөлд уригдан ажиллаж байна.Энэхүү төсөлд дөрвөн том их сургууль оролцож байна. Мөн аравдугаар сараас Японы оношлуурыг сайжруулах төсөлд эрдэм шинжилгээний багийн удирдагчаар ажиллах урилга ирсэн. Эндээс юу харагдаж байна гэхээр хөгжингүй орнууд өөрсдийн оношлуураа засч сайжруулж, улмаар улс орныхоо хэрэгцээг хангах оношлуурын нөөцөө бүрэлдүүлэх зорилгоор дор бүрнээ хөдлөөд эхэлсэн.

-Манай улс “Ковид-19” вирусийг илрүүлэх зорилгоор хэрэглээндээ Япон болон Германы оношлуурыг ашигладаг. Эдгээр оношлуурыг 100 хувь баталгаатай биш гэж таны зүгээс хэлж байна. Та ямар нотолгоог үндэслэн ингэж үзэж байна вэ?

-Оношлуурыг маш богино хугацаанд яаран хийхдээ япончууд болон германчууд зарим нэг алдаа гаргасан байх магадлалтай. Уг оношлуураар шинжилгээ хийсэн тохиолдолд “хуурамч эерэг” болон “хуурамч сөрөг” хариу өгөх магадлалтай. Япон улсаас худалдан авч хэрэглэж буй“Ковид-19” PCR оношлуурын чухал бүрдэл хэсэг болсон праймерын нуклеотидын дараалалд алдаа байсан. Тиймээс нэгдүгээр сард Японы Эрүүл мэндийн сайд оношлуурт алдаа гаргасандаа албан ёсоор уучлал гуйж алдаагаа засч сайжруулсан. Гэвч засч сайжруулсан гэх оношлуурын риверс праймерын дараалалд дахин нэг алдаа одоог хүртэл байгаа юм. Хоёр алдаа байсны нэг нь л засагдсан гэсэн үг. Мэргэжлийн хүний үүднээс харахад оношлуурын заавар дээрх тун хачирхалтай форвард болон риверс праймерийн тэнцвэргүй концентрациар хэрэглэх зааварчилгаа байгаа нь урвалын нөхцөлийг бараг хүчээр хийсэн гэж дүгнэхэд болохоор байна.

-Герман оношлуурын тухайд мэдрэг чанар муу гээд байгаа. Энэ нь шинжилгээнд хэрхэн сөргөөр нөлөөлж болох вэ?

-Германы оношлуурын тухайд гэвэл мэдрэг чанар султай хамгийн муу оношлуур гэж үнэлэгдсэн. Дэлхий дахинд өргөн хэрэглэгдэж байгаа оношлууруудыг харьцуулж АНУ-ын Йелийн Их Сургуулийн судлаачдын судалсан эрдэм шинжилгээний бүтээл “Нэйча” сэтгүүлд нийтлэгдсэн байгаа. Тус нийтлэлд энэ тухай бичсэн байгаа юм. Германы оношлуур нэгдүгээрт мэдрэг чадвар маш сул. Вирусийн титр буюу тоо нь нэг микролитрт 100 байхад тодорхойлж чадахгүй байгаа нь хуурамч сөрөг үр дүнд хүргэх аюултай. Өөрөөр хэлбэл, халдвартай хүнийг халдваргүй хэмээн оношилж халдвар алдах аюулд хүргэх магадлалтай. Мөн вирус бүрэн биеэс гадагшилж дуусаагүй тохиолдолд өвчтөн эдгэрсэн байна хэмээн дүгнэхэд хүргэж болох магадлалтай. Хоёрдугаарт, вирусийн мутацид орсон хэсэгт праймерийн дараалал нь байгаа учир шинжилгээний хариуг буруу гаргах, улмаар халдвартай хүнийг оношлоход эргэлзээтэй үр дүн гаргах магадлалтай.

Гуравдугаарт уг оношлуур хоёр шатлалаар үздэг тул өвөрмөц чанар муутай. Эхний шатанд улирлын чанартай ханиад үүсгэгч хүртэл багтдаг бүх төрлийн корона хэлбэрийн вирусийг (МЕRS, SARS мөн үүнд орно) илрүүлэх Сарбеко Е тестийг хийдэг. Үүний дараагаар эерэг гарсан хүмүүсийг “КОВИД-19” үүсгэгчийг тогтоох хоёр дахь шатны оношлуураар шинжилдэг бөгөөд үүнийг нь RdRp тест гэдэг. Уг “КОВИД-19” үүсгэгчийг тогтоох RdR pоношлуурын мэдрэг чанар маш муу байгааг дурдсан байна. Гэтэл уг оношлуурын загвараар дэлхийн ихэнх,жишээ нь Рош гэх мэт, том компаниуд оношлуураа үйлдвэрлэж байгаа. Манай улсын хэрэглэж буй Германы “МолБиол” компанийн үйлдвэрлэсэн оношлуур яг энэ загвараар хийгдсэн байдаг. Нэг зүйлийг онцлоход, Японы оношлуурын мэдрэг чанар нь Герман улсынхаас доогуур учир уг судалгааны ажилд ашиглаагүй байна.

-Дарханы PCR төхөөрөмжид тохирохгүй оношлуур хэрэглэж байна гээд байгаа. Яг тохирох оношлуур нь ямар байдаг, хаанаас авч болох вэ?

-Дарханд хэрэглэгдэж байгаа PCR аппаратандаа тохирохгүй оношлуураар шинжилгээ хийж байгаа. Тодруулбал, Германы оношлуурын вирус илрүүлэх RdRp хэсэг нь FAM буюу “ногоон”өнгөөр, харин дотоод хяналт нь Cy5 буюу “улаан”өнгөөр уншигддаг боловч Дарханд ашиглагдаж байгаа Японы Такара PCR төхөөрөмж нь зөвхөн FAM (ногоон) болон ROX (хөх) өнгийг л бүртгэх чадвартай. Хэрвээ тухайн хүний “ногоон”-оор уншигдах RdRp нь сөрөг байлаа гэж бодоход тухайн хүний сорьцоос РНХ материал зөвөөр ялгарсан эсэх, урвал зөв явагдсан эсэхийг үзүүлэх ёстой “улаан” өнгөөр бүртгэгдэх ёстой дотоод хяналт нь уг “улаан” өнгийг бүртгэх чадваргүй Такара аппаратанд уншигдахгүй учир шинжилгээний хариуг хүчингүй болгоно.

Тиймээс сөрөг буюу халдваргүй гэж хариу гарсан хүн яг үнэн хэрэгтээ бол халдвартай буюу эерэг байх магадлалтай юм. Энэ алдаатай шинжилгээний хариунд үндэслэвэл яг жинхэнэ халдвартай хүнээ эрүүл хэмээн алдах цаашлаад хүн амын дунд халдвар тараах маш их эрсдэлтэй. Энэ асуудлыг манай ажлын хэсгээс эрүүл мэндийн сайдаар дамжуулан Дармаа эмчид удаа дараа анхааруулга, зөвлөмж өгсөн. Гэвч энэ асуудалд анхаарахгүй засагдахгүй хэвээрээ байгаа учраас би цахим орчинд энэ тухай арга буюу мэдээлсэн. Манай ажлын хэсгээс Монгол Улсын нөөц боломж болон техник тоног төхөөрөмжинд таарч ажиллах оношлуур бүтээх ажлын хүрээнд бүх оношилгооны төвүүдээс мэдээлэл цуглуулахдаа энэ ноцтой алдааг илрүүлсэн юм. Гэтэл ЭМЯ-наас намайг эсрэгээрээ худал хэлсэн мэт, юу ч мэдэхгүй мэдлэггүй хүн мэтээр мэдээлэл өгсөн. Миний бодлоор бол эдгээр хүмүүс мэдээгүй биш мэдсээр байж үнэнийг гуйвуулсан, санаатайгаар үйлдсэн. Нарийн яривал энэ чинь улсын аюулгүй байдалтай холбоотой гэмт хэрэг шүү дээ.

-Эрүүл мэндийн яамны зүгээс таны мэдээлэлд тайлбар өгсөн байсан. Ард иргэдийг айх хэрэггүй оношлуурт итгэж болно гэж…?

-Эрүүл мэндийн яамнаас миний мэдээлэлд тайлбар өгөхдөө хамгийн шилдэг нь гээд байгаа Германы оношлуур бол хамгийн мэдрэг чанар муутай муу оношлуур. Үүнийг нь “Нэйча” сэтгүүлд нотолчихоод байна. Энэ фактыг үгүйсгэх баримт нотолгоо байвал гаргаж тавих хэрэгтэй. Дээр нь нэмээд хэлэхэд, ДЭМБ хэзээ ч аль нэг арилжааны оношлуурыг хамгийн сайн нь, үүнийг хэрэглэ гэж зөвлөхгүй. Хариуцлагатай албан тушаал хашиж буй хүмүүс ард түмнийг илт хуурсан, ийм увайгүй мэдэгдэл хийж болохгүй л дээ.

-Тэгэхээр манай хэрэглэж байгаа оношлуур 100 хувь баталгаатай биш юм бол бид халдваргүй хүмүүсийг халдвартай гэж эмчилсэн байх магадлалтай, эсвэл халдварыг дотооддоо алдах магадлалтай юм байна. Тийм үү?

-Гол нь дээрх оношлуурууд 100 хувь баталгаатай биш, мэдрэг чанар сул учраас энгийн ханиадтай хүнийг ч коронагийн халдвартай гэж дүгнэх, эсвэл халдвартай хүнийг халдваргүй гэж оношлох аюултай гэдгийг л би анхааруулаад байгаа юм. Ер нь миний анх үүнийг бичих болсон шалтгаан нь Эрүүл мэндийн яамыг одоо үүсээд байгаа нөхцөл байдалд тохирох зөв арга хэмжээ авахад шаардлагатай шинжлэх ухааны нотолгоо бүхий үнэн зөв мэдээллээр хангахад чиглүүлэхэд оршиж байсан. Тэрнээс биш ЭМЯ, Эрүүл мэндийн салбарынхаа үйл ажиллагаа, цар тахалтай өдөр шөнөгүй тэмцэж буй эмч мэргэжилтнүүдийнхээ үйл ажиллагааг гутаан харлуулах зорилгоор бичээгүй гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй.

-Гэхдээ манайд нэг өөр байр суурь гараад ирвэл цаанаа ямар нэг ашиг сонирхолтой байна гэж харддаг онцлогтой. Энэ ч танд мэдрэгдсэн байх?

-Тийм. Хэсэг бүлэг хүмүүс миний бичвэрүүдийг цаанаа зорилготой, хүмүүсийн хийсэн ажлыг харлуулах гэж байна гээд байгаа. Ер нь монголчууд бид шинжлэх ухааны салбарт англиар “constructive criticism” хэмээн нэрлэдэг Монголоор бол бүтээлч шүүмжийг сонсож ерөөсөө сураагүй, шүүмж хэлсэн хүнийг хувь хүн рүү дайрч байгаа мэтээр дайсагнан хүлээн авдаг. Энэ гаж сэтгэхүйгээсээ одоо салах болсон. Энэ хэвээр байвал хөгжил дэвшилд саад болохоос нэмэр болохгүй.

-Эрүүл мэндийн яамны ажлын хэсэгт орж хийж байгаа оношлуурынхаа талаар дэлгэрэнгүй танилцуулаач?

-Манай эрдэмтдийн бүтээсэн оношлуур одоо ашиглаж байгаа оношлуураас хоёр дахин бага хугацаанд буюу хоёр цагийн дотор хариу нь гардгаараа давуу талтай. “Covid-19”-ийг үүсгэгч вирусийг илрүүлэх мэдрэг чанар маш өндөр, өвөрмөцөөр таньдаг оношлуур. Мэдрэг чанар өндөр оношлуурын нэг ач холбогдол нь хуурамч сөрөг үр дүнг багасгах. Вирус үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг. Манайд гадаадаас худалдан авч буй оношлуурууд нь вирус мутацид орсон тохиолдолд оношилгоонд хэрэглэх боломжгүй болох эрсдэлтэй байдаг бол бидний бүтээсэн оношлуур нь вирус мутацид орсон тохиолдолд тухай бүрт нь таарсан өөрчлөлтийг оруулж хэрэглэх боломжтойгоороо давуу талтай. Мөн бид дотооддоо хийх учир гадаадаас бэлэн арилжааны оношлуур худалдан авснаас үнэ өртгийн хувьд ч гэсэн хамаагүй хямдхан тусах болно.Би шинжлэх ухааны салбарт 20 гаруй жил Япон болон Герман улсын хамгийн нэр хүндтэй байгууллагуудад ажиллаж байгаагийн хувьд,бидний бүтээсэн оношлуур нь одоогоор дэлхийд хамгийн шилдэгт тооцогдохоор хийгдсэн гэдгийг итгэлтэй хэлнэ. Нэмээд хэлэхэд, зохих үр дүн дата бүрдэж дууссаны дараа манай ЭМЯ нь “Covid-19”-ийг илрүүлэх оношлуур бүтээснээ ДЭМБ-д бүртгүүлэх шаардлагатай. Ингэж бүртгүүлснээр монгол эрдэмтдийн маань бүтээл дэлхий нийтэд нээлттэй болох юм. Одоогоор ДЭМБ-ийн вэб хуудсанд ХБНГУ, БНХАУ, Япон, АНУ зэрэг орны эрдэмтдийн бүтээсэн бүтээл нээлттэй байгаа.

-Яагаад монгол эрдэмтдийн оношлуурыг цааш хөгжүүлж, нийлүүлж болохгүй байгаа юм бол. Та бүхний хийж буй оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлэхэд хичнээн төгрөгийн төсөв шаардлагатай байгаа вэ?

-Япон, Герман улсын оношлууртай харьцуулахад манай ЭМЯ-ны ажлын хэсгийн бүтээсэн оношлуурын мэдрэг чанар нь маш өндөр. Жишээлэхэд, Германы оношлуур нэг микролитрт 200 вирусийн геномын материал байхад арай ядан илрүүлж байхад манай бүтээсэн оношлуур нэг микролитрт 10 вирусийн геномын материал байхад илрүүлэх чадвартай нь тогтоогдсон. Монгол эрдэмтэд яагаад герман, япончуудаас илүү оношлуур хийж чадахгүй гэж. Өөрсдийн мэргэжилтнүүддээ итгэж сураагүй болохоороо аль дөрөв, тавдугаар сард дуусгачих ёстой байсан ажлыг манайхан шат шатандаа гацаасаар одоог хүрлээ. Дээр нь ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторийн эрхлэгч Дармаа бидэнтэй хамт ажлын хэсэгт байсан. Яагаад гарсан гэхээр Дармаа эмч ажлын хэсгийнхэнтэйгээ хамтарч ажиллахаас цааргалж, ажил гацааж, ажлын хэсгийнхээ ажлын харлуулж, бүр цаашлаад ажлын хэсгийнхээ нууцтай холбоотой мэдээллийг бусдад дамжуулсан нь илэрсэн юм.

-“Глобал” сангаас манайд оношлуур авч өгөхөөр болсон. Үүнийг бас та эсэргүүцэж байгаа. Энэ тухайд?

-Эрүүл мэндийн яам дотоодын эрдэмтдийн оношлуурыг хөгжүүлэхэд төсөв хөрөнгө байхгүй гээд байгаа. Тэгсэн атал “Глобал” сангийн санхүүжилтээр 524 мянган ам.доллараар оношлуур болон халдвараас урьдчилан сэргийлэх хэрэгсэл авна гээд байна. Тэр дундаа АНУ-ын“GeneXpert”хаалттай системийн оношлуурыг манайхан 50 мянган ам.доллараар худалдан авах гэж байгаа. Уг PCR оношлуур нь хаалттай системийн буюу ямарваа нэгэн өөрчлөлт оруулах боломжгүй учир жишээ нь вирус мутацид орсон тохиолдолд хэрэглэх боломжгүй, хүчин чадлын хувьд олон нийтийг хамруулсан шинжилгээнд хэрэглэх боломжгүй, агаар дуслын замаар халдварладаг “КОВИД-19” өвчин үүсгэгчийн шинжилгээнд шаардлагатай био аюулгүйн хоёрдугаар зэрэглэлийн өндөр шаардлагад нийцэхгүй оношлуур юм.

Татвар төлөгчдийн гурван тэрбумаар авах гээд байгаа урсгал зардал маш өндөртэй, тэгээд зөвхөн үйлдвэрлэгч Рошийн мэдрэг чанар султай оношлуураа л уншдаг хаалттай системийн PCR төхөөрөмж худалдан авч бас нэг үхмэл хөрөнгө болгохын оронд тэр мөнгөөрөө нээлттэй системийн PCR төхөөрөмж багаар бодоход 30 ширхэгийг авбал ядахдаа Монгол Улсад жинхэнэ үлдэцтэй хөрөнгө оруулалт болно.

Нээлттэй системийн 30 ширхэг PCR төхөөрөмжөөр хоногтоо хамгийн багаар бодоход 15 мянган хүнд шинжилгээ хийх боломж бүрдэнэ. Бас дан ганц “Ковид-19” бус бас бусад төрлийн өвчин үүсгэгчийг оношлоход цааш цаашдаа хэрэглээд явах боломжтой болох юм.

Улсын хэмжээнд хамгийн багаар бодоход хоногтоо 15 мянган хүнд шинжилгээ хийх хүчин чадалтай болчихвол манай улс коронавирусээс айгаад байх шаардлагагүй, эдийн засгаа сэргээж, хүүхэд залуусаа сургууль соёлд нь явуулж болно, мөн гадаадад гацсан иргэдээ эх оронд нь авчирч болно шүү дээ. Ер нь ганцхан ХӨСҮТ гэлтгүй бусад PCR төхөөрөмжтэй био аюулгүйн зохих шаардлагыг хангасан олон газарт үздэг болгох хэрэгтэй. Ингэснээр тусгаарлалтын хоногийг багасгаж ачааллыг бууруулах ч боломжтой.

-ДЭМБ-аас халдварын нууц үеийг 1-5 хоног гэж мэдээлсэн байна. Гэтэл манайх гаднаас ирсэн хүнийг 21 хоног, гараад 14 хоног гээд арай л олон хоног тусгаарлаж байна гэж иргэд шүүмжилж байна. Үүнийг багасгах боломжтой юу?

-Боломжтой гэж бодож байна. Мэдрэг чанар сайтай оношлуур хэрэглээд цаг тухайд нь шинжилгээ хийгээд явах юм бол энэ 35 хоногийн тусгаарлалтыг 14 хоног болгох боломжтой гэж үзэж байна.

-Тэгэхээр манайх хэтэрхий сүржигнээд байна уу. Нэгэнт л гаднаас шинжилгээ өгөөд ирж байгаа хүмүүсийг бага хоног тусгаарлах нь наад зах нь дараагийн хүмүүсээ авахад байрны хүрэлцээ бий болох юм шиг?

-Шинжилгээ өгөөд ирчихсэн, эх орондоо ирээд эрүүл халдваргүй гэж тогтоогдсон хүмүүсээ ийм олон хоног тусгаарлаж байгааг ойлгохгүй л байна. Магадгүй ХӨСҮТ-ийн шинжилгээний хариунд итгэхгүй байгаад учир байгаа байх. Бас дээр хэлсэн,манай улсын шинжилгээ хийх хүчин чадал хангалтгүй байгаа нь нөлөөлж байгаа болов уу. Уг нь эрүүл хүмүүсийнхээ тусгаарлалтын хоногийг багасгаснаар бага хугацаанд илүү олон хүн гаднаас авах боломж үүсэх юм.

-Тухайлбал, Германд тусгаарлалт хэд хоног вэ?

-Германд бол эрүүл халдваргүй гэж тогтоогдсон хүмүүст 14 хоног гэрийн тусгаарлалтад байхыг зөвлөж байгаа.

-Таны байгаа Германд тухайлбал ямар оношлуур хэрэглэдэг вэ?

-Манай Анагаахын их сургуулийн эмнэлгийн хувьд “КОВИД-19” өвчтөнүүдийн шинжилгээнд мэдрэг чанар муутай Германы оношлуурыг хэрэглэхээ больж өөрсдийн эрдэмтдийн бүтээсэн мэдрэг чанар өндөр оношлуураар үздэг болж эхлээд байгаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *