“Барселона-1992”, “Бээжин-2008” олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр өдгөө Энэтхэгийн буудлага спортын залуучуудын шигшээ багийн албанд хүчин зүтгэж байгаа ажээ. Түүний нэгэн шавь Энэтхэгийн Шинэ Дели хотод болсон мастеруудын уулзалт тэмцээнээс хоёр алтан медаль хүртжээ.
Д.Мөнхбаяр өнгөрсөн оны босгон дээр зодог тайлсан нь дэлхийн буудлага спортынхны ертөнцөд гэнэтийн мэдэгдэл байсан. Түүнийг “Токио-2020” олимпийн наадмаас медаль хүртэх тамирчны нэгээр нэрлэж байсан юм. Хэдийгээр тамирчны карьераа өндөрлөж, зодог тайлсан ч нэрт тамирчны хувьд зүгээр суусангүй Энэтхэгийн багт хүчин зүтгэж байна.