Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Мөнхбат: Хүний эрх зөрчигдсөн кейсүүдэд өөрийнхөө хэмжээнд тэмцэл өрнүүлээд явъя гэж төлөвлөж байгаа DNN.mn

Комедиан Д.Мөнхбаттай ярилцлаа. Тэрбээр Засгийн газраас хохирлоо гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж ялаад байгаа юм.


-Цагдаагийн байгууллагаас таныг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байсан. Яг энэ үед хөшигний ард ямар үйл явц өрнөсөн юм бэ. Ямар үндэслэлээр таныг буруутгаж байв?

-Хоёр жил гаруйн өмнөх үйл явдын талаар ярих нь. Би ковидын үед БНСУ-аас халдваргүй ирээд “Энхсаран” сувилалд тусгаарлагдсан. УОК-ын зүгээс нэг өрөөнд хоёр хүн тусгаарлана гэж мэдэгдэж байсан ч бодит байдал дээр дөрөв, таваар нь чихсэн. Хэвлэлийн хурал зарлахдаа нэг өрөөнд хоёроос дээш хүн оруулахгүй гэж худлаа яриад байдаг. Бодит байдлын талаар хувийн орон зайдаа үзэл бодлоо илэрхийлээд л цагдаа нарт ээрэгдэх болсон.Гадаадаас халдваргүй ирсэн ч ЗГ-ын ямар ч зохион байгуулалтгүй, эмх замбараагүй үйл ажиллагаанаас шалтгаалж “Энхсаран” сувилалд тусгаарлагдах хугацаандаа ковид туссан. Ковид тусаад тусгаарлалтын байрнаас эмнэлэг рүү очсон даруйд л цагдаа нар фэйсбүүкээр над руу залгаад л мэдүүлэг авч байлаа.

Ковидын халдвар авсан хүний сэтгэл зүй ямар байх билээ. Энэ асуудал тэдэнд огт сонин биш. Шууд залгаад л мэдүүлэг авна. Эмчилгээ хийгээд эмнэлгээс гарахад л хоёр цагдаа хүрч ирээд машиндаа суулгаад намайг авч явсан. Нэг нь Эрүүгийн хэрэгт холбогдуулж байцаалт авна, нөгөөх нь зөрчлийн хэргээр мэдүүлэг аваад л хоёр талаас байцаагаад хэл ам сугалчих шахсан.

-Тухайн үед та өмгөөлөгч аваагүй юм уу?

-Авах эрх надад байсан. Тухайн үед хууль эрх зүйн мэдлэггүй байж л дээ. Гэхдээ дөнгөж эмнэлгээс гарахад л хоёр цагдаа хүрч ирээд байцаахад цочирддог юм билээ.

Эрүүгийн хэрэгт мэдүүлэг аваад л шууд зөрчлийн хэрэгт байцаалт өгч байгаа юм. Дээрх мэдүүлгийг миний эсрэг ашиглаж эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан. Шалтгаан нь “Халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн” гэж байгаа юм. Хажуугаар нь иргэдийг төөрөгдүүлсэн гэх зөрчлийн хэрэгтэй.

Үнэндээ халдварт өвчин тархах үндэслэлийг яаж бүрдүүлснээ одоо ч ойлгохгүй байгаа. Би нэг удаа лайв хийсэн, пост оруулсан. Хувийн орон зайдаа үзэл бодлоо илэрхийлээд л Эрүүгийн гэмт хэрэгт шалгагддаг аймшигтай шүү.

-Тан дээр зөрчлийн хэрэг нээсэн байсан. Ямар хариуцлага тооцсон юм бэ?

-“Глоб интернейшнл” төвийн хуульч Б.Пүрэвсүрэн зөрчлийн хэрэгт өмгөөлөгчөөр оролцож бид ялсан. Иргэн хэвлэн нийтлэх, мэдээлэх эрхээ ашигласан байна гэх шийдвэр ХУД-ийн шүүхээс гарсан. Энд нэг зүйлийг онцлоход, би ямар нэгэн байдлаар сенсаци үүсгэж анхаарлыг татах зорилгоор лайв хийгээгүй. Өөрөө бодит нөхцөл байдлыг нүдээр үзсэн хүний тухайд л хувийн орон зайдаа үзэл бодлоо илэрхийлсэн төдий.

-Таныг Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа мэдээллийг хуулийн байгууллагаас хэлж байсан ч чимээгүй болсон. Энэ хэрэг юу болж шийдэгдсэн бэ?

-Энэ үйл явц жил гаруй үргэлжилсэн. Дуудсан цагт ирнэ, таслан сэргийлэх арга хэмжээ авна гэж сүрдүүлээд л. Ойролцоогоор хоёр жилийн хугацаанд намайг залхаан цээрлүүлж, эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол учруулсан. Эхлээд 250 хуудас хэргийн материалтай танилцаж гарын үсэг зурахыг шаардсан. Богино хугацаанд нэг бүрчлэн танилцах шаардлага гарч байгаа юм. Энэ хэрэг шүүхэд очсон ч нэмэлт мөрдөн байцаалтад буцсан. Ингээд л таг чимээгүй болсон. Гэтэл нэг өдөр цагдаагаас залгаад “Чи өршөөлийн хуульд хамрагдах уу. Тийм боломж байна шүү” гэж санал тавьсан. Хэрэв би өршөөлийн хуульд хамрагдвал гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн үйлдэл болно. Шууд татгалзсан. Тодорхой хугацааны дараа надад үүссэн хэрэг хаагдсан талаар хэлсэн. Хаагдаж байгаа нь сайн мэдээ боловч нөгөө талд Засгийн газрын менежмэнт байхгүй, алдаатай үйл ажиллагаатай холбоотойгоор эрүүл мэнд, сэтгэл санаа, санхүүгээр хохирчихоод байдаг. Гэм зэмгүй хүнийг хоёр жилийн хугацаанд залхаан цээрлүүлж байцаачихаад та буруугүй юм байна гээд орхиж байгаа нь дэндүү дарангуйлсан үйлдэл л дээ. Би ямар хийх ажлаа олж ядсан амьтан байгаа биш. Ингээд өөрт учирсан хохирлоо төрөөс нэхэмжлэхээр нотлох баримтуудыг цуглуулаад “Fi­delitasPartnes” фирмээс хууль эрх зүйн зөвлөгөө авч ХУД-ийн иргэний хэргийн шүүхэд хандсан.

-Та Засгийн газраас хэдэн төгрөг нэхэмжилсэн юм бэ. Яаж бодож гаргав?

-Эрх зүйн туслалцаа авсан, алдагдсан боломж зэргийг тооцоолоод 22 сая төгрөг нэхэмжилсэн. Сэтгэл санааны хохирол гэдэг зүйлийг огт авч хэлэлцэхгүй байсан. Надад өөр олон хохирол байсан ч тэр бүрийг нотлох боломжууд нь хумигдмал юм билээ.

-Анхан шатны шүүхийн шийдвэр яаж гарав?

-Засгийн газрын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж иргэнд учирсан хохирлыг барагдуулах үндэслэлтэй гэх шийдвэр ХУД-ийн анхан шатны шүүхээс гарсан. Өөрөөр хэлбэл, би ялсан гэсэн үг. Гэтэл Засгийн газрыг төлөөлж шүүх хуралд оролцсон прокурор давж заалдсан. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн. Гэхдээ надад учирсан хохирлыг барагдуулах мөнгөн дүнд бага хэмжээний өөрчлөлт оруулж 22 сая төгрөгийг 16 болгосон. Төд удалгүй өнөөх прокурор Дээд шүүхэд гомдол гаргасан ч хүлээж аваагүй. Энгийн үгээр хэлэхэд ийм тодорхой зүйлийг хэлэлцээд байх шаардлагагүй гэж үзсэн. Энэ бүх үйл явц бага биш хугацаанд үргэлжилсэн. Миний өмгөөлөгч Э.Энхцэцэг, н.Баялагмаа нар сайн ажиллаж үр дүнд хүрсэн.

-Засгийн газрыг төлөөлж шүүх хуралд оролцсон прокурор юунд үндэслэж давж заалдаад байсан нь сонирхол татаж байна л даа.

-Нэг талаасаа прокурорын хийх ажил байх. Яг ямар үндэслэлд тулгуурлаж давж заалдаад байсныг нь сайн санахгүй байна.

-Үйл явц одоо хэрхэн өрнөж байна вэ. Таны хохирлыг Засгийн газар барагдуулсан уу?

-Шүүхийн шийдвэр гарлаа гээд орхичихож болохгүй юм байна. Оны өмнө ХУД-ийн иргэний хэргийн шүүхэд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж өгсөн. Ажлын тав хоногийн дотор надад хариу өгнө гэсэн ч чимээгүй байна. Энэ долоо хоногт очиж асууна даа. Энд ойлгомжгүй зүйлс олон байна

-Тухайлбал?

-Засгийн газраас 16 сая төгрөгийг надад олгох шүүхийн шийдвэр гарлаа. Үүнийг татварын мөнгөнөөс л гаргана. Өөрөөр хэлбэл, таны төлсөн татвараас л гарна гэсэн үг.Болсон үйл явдлын тухайд Засгийн газрын менежмэнт байхгүй, алдаатай үйл ажиллагаанаас шалтгаалж би хохирсон. Миний хохирлыг барагдуулахдаа таны төлсөн татвараас авна гэдэг дэндүү тэнэг хэрэг. Хүний эрх зөрчсөн хууль баталж гарын үсэг зурсан албан тушаалтнууд миний хохирлыг барагдуулах ёстой гэж би ойлгоод байгаа. Гэтэл хүний эрхийг зөрчсөн хууль баталж гарын үсэг зурсан албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх хууль эрх зүйн орчин байдаггүй юм байна. Ер нь би орой 22:00 цагийн орчимд чанга дуу чимээ гаргаж хөршийнхөө амгалан тайван байдал алдагдуулахад 100.000 төгрөгөөр торгуулна. Миний хөршийн хохирол барагдсан уу гэвэл үгүй. Хохирсон хүнд нь мөнгийг нь олгодог хууль эрх зүйн орчин хэрэгтэй байгаа юм.

-Тусгай үүргийн нислэгээр халдваргүй ирсэн ч тусгаарлах байрнаас ковид авсан тантай ижил олон хүн байгаа байх. Та тэдний төлөөлөлтэй холбогдсон уу?

-Олон хүн хохирсон уу гэвэл, тийм. Гэхдээ манайхан тэгээд л хаячихдаг. Нөгөө талд төр нь дарангуйлаад л явдаг жишиг тогтчихсон. Жижиг асуудлыг жижиг гэлгүй барьж аваад л эцсийг нь үздэг

байх хэрэгтэй гэж боддог юм. Ковидын үед буруу менежмэнттэй ажиллаж олон хүний эрүүл мэндээр тоглосон Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд хариуцлага хүлээсэн үү, Шадар сайд хариуцлага хүлээсэн үү, үгүй. Хариуцлага хүлээх ёстой тэд өнөөдөр бүр өндөр сэнтийд заларсан байна. Буруу менежмэнтээр ажиллаж олон мянган иргэдийн эрүүл мэндийг хохироосон тэдэнд хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин манайд өнөөдөр алга.

-Сүүлд нь тодруулахад, энэ өдрүүдэд үргэлжилж байгаа жагсаалыг та яаж харж байна вэ?

-Органик хэсэг байгаа. Бухимдсан хэсэг ч байна. Бүлгийн ашиг сонирхол ч бас бий. Сүүлдээ бухимдсан органик хэсгийг бүлгийн ашиг сонирхолтой нөхдүүд нь залж чиглүүлдэг болчихлоо. Жагсаалыг хулгайлчихсан гэх юм уу даа. Бид жагсах эрхтэй. Гэхдээ юуны тулд, шаардлага нь тодорхой байх ёстой.Тэр бүгд тодорхой бус харагдаад байгаа.

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хүчнийхэнд ээрэгдэж, лайв хийсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт яллагдагчаар хүртэл татагдлаа. Энэ бүхний дараа эргээд харахад ямар мэдрэмж төрж байх юм.

-Надаас илүү миний гэр бүлийнхэнд хэцүү байсан болов уу. Янз бүрийн л хүнтэй таарсан. Хэнийг нь ч мэдэхгүй хүн шүүхийн өмнө өмгөөлье гээд л ирэхэд баярлаж байлаа. Хүний эрх зөрчигдөж байгаа талаар үзэл бодлоо илэрхийлэхэд “Битий нийгэм турхираад бай” гэж заналхийлэх ч нэгэн байсан. Өнөөдрийн нийгэмд бусдыг дүгнэхдээ юутай вэ гэдгээс нь бус хэн бэ гэж харж байвал зүгээр юм болов уу гэж саналаа. Цаашид хүний эрх зөрчигдөж байгаа кейсүүдэд өөрийнхөө хэмжээнд тэмцэл өрнүүлээд явъя гэж төлөвлөж байгаа. Жижиг гэлтгүй шаардлага тавьж байж л иргэний эрх чөлөөг боомилоод байгаа төрийн үйл ажиллагаа бага багаар цэгцэрнэ. Тэрнээс биш төв талбайд гарч хашхирч бухимдаад үр дүн гарахгүй болов уу. Эрх, үүргээ судлаад зөрчигдсөн тохиолдолд хуулийн байгууллагад хандаад явах нь зөв жишиг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *