Консул асан Д.Мөнх-Эрдэнэ нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн шүүхэд гурван өдөр үргэлжилж, өчигдөр шийдвэрээ гаргалаа. Шүүх бүрэлдэхүүн Д.Мөнх-Эрдэнийг нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээр хасч, гурван жил 10 сар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэрийн талаар түүний өмгөөлөгч Л.Баттогтох “Шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байна. Бид дараагийн шатанд гомдол гаргана” гэсэн байр суурийг илэрхийлэв.
Д.Мөнх–Эрдэнийн эхнэр Д.Баянжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.
-Шүүх хурал гурван өдөр үргэлжилж, хорих ял оноох шийдвэрийг гаргалаа. Ар гэрийнхний хувьд хүнд туссан байх…?
-Монголын шүүх нөхрийг минь бүхэл бүтэн гурван өдрийн турш хоол ундгүй тамлаж, ял оноолоо. Үнэхээр муухай санагдаж байна, харамсаж байна. Хүүхдүүд маань маш их хямарч байна. Тэднийгээ улам хямраачих вий гэж айгаад хажууд нь нулимсаа залгиад уйлж ч чадахгүй сууна.
-Өмгөөлөгчдийн зүгээс Д.Мөнх-Эрдэнийг буруугүй гэж үзэж байсан. Тиймээс ял авна гэж төсөөлөөгүй байх?
-Ямар муухай шударга бус байгааг нь Монголын ард түмэн бүгд харлаа, мэдэрлээ. Төрийн том албан хаагчид, дарга сайд нар авилгад авсан мөнгө нь гарч ирэхийг ард түмэн нийтээрээ харж байсан ч 40 сая төгрөгөөр торгуулаад л эрх чөлөөтэй явж байна.
Тэгэхэд төсөвлөсөн зардлыг нь авах ёстой хүмүүст нь олгосны төлөө нөхөр маань дөрвөн жил шоронд хоригдоно гэдэг үнэхээр доромжилж даапаалж байгаа хэрэг боллоо. Зарим нь бүр 17 тэрбум төгрөгийг улсад хохирол учруулчихаад “Төлж чадахгүй” гэж пээдийж байдаг. Үнэхээр Монгол Улсад дабл стандарт гэж утгаараа хэрэгждэг юм байна.
-Хорих ялаас гадна нэлээд их хэмжээний торгууль төлөхөөр болох шиг боллоо?
-82 сая төгрөгийн төлбөр төл гэнэ. Хөх хотод ажиллаж байсан ажилчдын хүүхдүүдийн сургалтын төлбөр, нутаг буцсан хүмүүсийн авсан замын зардал, орчуулгын 3000 юань, байрны зардлыг бид хоёр төлөх нь. Хорон муу санаатай хүмүүсийн увайгүй явуулгаар ял авч байгаа нь өөрөө шударга ёсонд нийцэхгүй. Хов живээр ажлаа явуулдаг Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр, Үндэсний аудитын газрын н.Оюунбилэг гэх эмэгтэйгээр хуурамч дүгнэлт гаргуулаад яллаж байгаа нь шударга ёс биш.
-Үзэл бодлоо илэрхийлж, нийгэмд болохгүй байгаа асуудалд шүгэл үлээсэн хүн гэж Д.Мөнх-Эрдэнийг үзэж байгаа. Шүүхийн шийдвэрийг олон ч хүн эсэргүүцэж байх шиг байна?
-Тэгэлгүй яахав дээ. Миний хань хичнээн лайв хийж орилж, хашгачиж үнэнийг хэлж байсан ч цаанаа их өрөвч, цайлган хар буруу санадаггүй хүн.
Өөрийн толгой байхгүй, эрхтэн ямбатангуудын харцаар хөдөлж ажлаа явуулсан прокурор, шүүгч нарт харамсаж байна. Тэд даалгавраа маш сайн биелүүллээ. Харамсалтай байна.