Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Мөнх-Эрдэнэ: Ерөнхийлөгч ҮАБЗ-өөр дамжуулж өөрт хамааралгүй эрх мэдлийг булаацалдаж болохгүй

Хуульч Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.


-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хоёрдугаар хэлэлцүүлэг эхэлчихсэн. Шүүх засаглалд оруулсан өөрчлөлтөд та ямар байр суурьтай байна вэ?

-1992 оны Үндсэн хууль батлагдсанаас хойш 27 жил өнгөрсөн. Аливаа хуулийн хэрэгжилтийг тодорхой хугацаанд дүгнэн цаашдаа ямар арга хэмжээ авах талаар төлөвлөдөг байх ёстой. Үндсэн хууль тухайн цаг үеийнхээ хүмүүсийн үзэл бодол, нийгмийн уур амьсгалыг харгалзан үзэж батлагддаг зүйл. Энэ үүднээс өнөөдөр Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярьж байгаа нь зөв гэж бодож байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн саналуудаас хамгийн чухал нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал, хариуцлагыг нэмэгдүүлэх асуудал гэдэгтэй санал нэг байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүд болоод Ерөнхийлөгчийн зүгээс тус тусдаа санал гаргасан байна лээ.

Нэр хүндтэй хуульч, шүүгч, эрдэмтдийг эгнээндээ нэгтгэсэн Венецийн комисс, Шүүхийн бие даасан байдлын олон улсын стандарт буюу Монт Скопусын стандарт, эрх зүйн өндөр хөгжил бүхий орнуудын жишгээс харахад шүүгчийг хуульчдын дундаас шилж сонгох, томилох, чөлөөлөх, огцруулах, ёс зүйн болон бусад хариуцлага хүлээлгэх үйл ажиллагааг аль болох нэг хүнээс хараат бусаар зохион байгуулж, шат, шатны шүүгчдийн төлөөллөөс гадна хууль тогтоох, гүйцэтгэх засаглал болон хуульчдын мэргэжлийн байгууллагын оролцоог хангасан байх нь зүйтэй байдаг. Энэ үүднээс гишүүдээс санаачилсан төсөлд илүү дэвшилттэй заалтууд тусгасан гэж үзэж байна.

Ер нь шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангах замаар шүүх, шүүгчид шударга ажиллах орчныг бүрдүүлэх боломжтой болно гэдгийг бид хаа хаанаа хатуу ойлгох хэрэгтэй байна. Шүүх улстөрчдөөс, бизнесийн бүлэглэлүүдээс хамааралтай өнөөгийн байдлыг засахгүйгээр урагшаа алхах боломжгүй болжээ. Иргэд ч үүнийг хүсч, шаардаж байна. Жирийн иргэдийн асуудлыг түргэн, шуурхай шийдчихдэг хэрнээ томоохон уул уурхай, хөрөнгө мөнгөтэй холбоотой, эсвэл улстөрчид оролцсон хэрэг, маргааныг шүүх хуулийн дагуу хараат бусаар бие даасан шийдвэрлэж чадахгүй тохиолдол олон гарлаа.

Тийм учраас шүүгчдийг шилж сонгохоос эхлээд томилох, чөлөөлөх, огцруулах үйл ажиллагааг хуулийн дагуу хараат бус зохион байгуулдаг хууль, эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлэх ёстой. Нэг анхаарах зүйл бол эрх зүйн орчныг нь сайжруулах нэрээр Дээд шүүхийн гишүүдийн томилгоог хугацаатай болгох гэж байгаа нь буруу. Дахин томилогдох, эсвэл дараа, дараагийн ажлаа бодоод шүүгчид улстөрчид, бизнесийн бүлэглэлд талтай, зүй бус шийдвэр гаргахаас сэргийлж шүүгчийн томилгоо хугацаагүй байдаг жишигтэй юм.

-Гишүүдийн зүгээс өргөн мэдүүлсэн төсөлд УИХ-ын хянан шалгах түр хороо гэж байгуулах талаар санал оруулж ирсэн?

-Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ өөрөө томилох, чөлөөлөх, Засгийн газрын гишүүдийн давхар дээлийг тайлах, Ерөнхий сайдыг огцруулах, томилох конструктив журмын талаарх саналуудыг дэмжиж байгаа. Өнөөдөр УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газрын хоорондын харилцаа, эрх мэдлийн хуваарилалт болоод Засгийн газрын тогтвортой байдлыг харахаар зайлшгүй засах ёстой зүйлс олон байна. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд 14 Засгийн газар ажиллаж, бүрэн эрхийн хугацаа нь дөнгөж 1.8 жил байсан нь үүний нотолгоо. Тийм учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд нэг талаас хүчтэй Ерөнхий сайд толгойлсон Засгийн газар, нөгөө талаас УИХ-ын зүгээс Засгийн газарт тавих хяналтыг хэрхэн боловсронгуй болгох вэ гэдэг асуудлыг ярих ёстой. Аливаа зүйл хоёр талтай. Төрийн эрх мэдэл хоорондын харилцан хяналт, тэнцвэрийг тогтоох нь чухал. Ерөнхий сайдын бүрэн эрхийг нэмэгдүүллээ гээд нөгөө талдаа УИХ-аас Засгийн газарт тавих хяналтыг сулруулж болохгүй. Жишээлбэл, УИХ баталсан хууль тогтоомжийнхоо хэрэгжилтэд хяналт тавих чадамжгүй байвал ноцтой асуудал үүснэ. Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, төрийн өндөр албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх ЖДҮ-ийн хэрэг дээр энэ асуудал тодорхой харагдсан. Зохисгүй байдлыг засах нэг арга нь УИХ-ын гишүүдийн давхар дээлийг тайлах явдал. Нөгөө талаас нэмэлт, өөрчлөлтийн төсөлд УИХ-ын хянан шалгах түр хороо гэж байгуулах санал оруулж ирсэн нь цаашид УИХ-ын хяналтын функцыг сайжруулахад зөв алхам болно.

-Ерөнхийлөгчийн зүгээс оруулж ирж байгаа саналын нэг нь гишүүдийн тоог 108, ажиллах хугацааг таван жил болгох санал бий. Гишүүдийн тоог нэмэх шаардлага бий юу?

-УИХ-ын гишүүдийн тоог нэмж болно. Гэхдээ гишүүдийн тоог нэмэх нь өнөөдөр тулгамдсан асуудал биш. Бид юуны түрүүнд тулгамдсан асуудлуудаа шийдэх ёстой. Үндсэн хуульд ард иргэдийн хүсэл зоригт тулгуурлан нийгмийн дэмжлэг, хөрс суурь бүрдсэн үед л өөрчлөлт оруулах хэрэгтэй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байна гээд бүх зүйлийг нэг дор шийдэх гээд байгаа нь бас буруу л даа. Ул суурьтай сайтар судалж, үр дагаврыг урьдчилан тооцоолон харж байж, алхам алхмаар асуудлыг шийдэх хэрэгтэй. Өнөөдөр ямар асуудлыг шийдэх нийгмийн хөрс суурь бүрдсэн байна, иргэдийн үзэл бодол хаана төвлөрч нийтээрээ дэмжиж байгааг улстөрчид анхаарах ёстой. Дараа дараагийн асуудлыг тухайн цаг үед нь шийдээд явахгүй бол оруулсан өөрчлөлтийнх нь хууль ёсны шинж чанар алдагдахад хүргэдэг. Үндсэн хуулийг улс төрийн утгаар нь ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл, төртэйгөө байгуулсан нийгмийн гэрээ гэж үздэг. Иргэд дэмжихгүй байгаа зарим зүйлийг хүчээр шийдэх хэрэг байна уу. Хүчтэй, хариуцлагатай, тогтвортой Засгийн газрыг бий болгох, улс төр, бизнесийн бүлэглэлээс хамааралгүй, хараат бус, шударга шүүх засаглал, хариуцлагатай, ёс зүйтэй шүүгчид, хотын эрх зүйн статусыг бий болгох зэрэг асуудлуудыг ард түмэн шийдэх ёстой гэж үзэж байх шиг байна. Гэтэл эдгээрээс гадна бүх асуудлыг нэг дор шийдэх гээд байгаа нь магадгүй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг гацаанд оруулах, ард нийтийн санал асуулгаар дэмжигдэхгүй байх нөхцөл байдалд оруулах вий гэж болгоомжилж байна.

-Сумын Засаг даргыг иргэдээс сонгох хэр зөв шийдэл вэ?

-Дархан, Эрдэнэт зэрэг зарим томоохон хотуудыг засаг захиргааны нэгж болгохоос бусад засаг захиргааны нэгжид хамаарах заалтыг хувьдаа дэмжихгүй байгаа. Монгол Улс нэгдмэл улс. Нэгдмэл улсад хууль тогтоох болон хууль тогтоомжийн биелэлтийг улс орон даяар хангуулах үндсэн чиг үүрэгтэй төрийн гүйцэтгэх эрх мэдэл үл хуваагдах шинжтэй байдаг. Тэгж байж Засгийн газрын зүгээс төрийн бодлогын хэрэгжилтийг засаг захиргааны бүх нэгж, шатанд нэгдмэл бодлогоор зангидаж, удирдан зохион байгуулах боломжтой болно. Энэ бол нэгдмэл улсын үндсэн шинж. Өөрөөр хэлбэл, нутгийн өөрөө удирдах байгууллага нь нутаг орны нийгэм, эдийн засгийн амьдралын асуудлыг парламентаас баталсан хуулийн хүрээнд иргэдийнхээ эрх ашигт нийцүүлэн харьцангуй бие даан шийдвэрлэх эрхтэй байдаг бол Засаг дарга нь төрийн нэгдмэл удирдлагын зарчмын хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд нэг мөр, хэлбэрэлтгүй зохион байгуулж, ажлын гүйцэтгэл, үр дүнг дээд шатны албан тушаалтны өмнө хариуцаж ажилладаг.Гэтэл нэмэлт, өөрчлөлтийн төсөлд сум, дүүргийн Засаг даргыг иргэд дөрвөн жилийн хугацаагаар сонгохоор тусгасан нь төрийн гүйцэтгэх эрх мэдэл засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгжид зохих ёсоор хэрэгжих, хууль тогтоомжийн биелэлтийг улс орон даяар зохион байгуулах боломжийг хязгаарлаж болзошгүй. Ер нь тэгээд улс төрчид маань сайн мэдэхгүй зүйлээрээ туршилт хийж болохгүй шүү. Үр дагаврыг нь хожим даахгүй юм болох вий. Жалга довны үзэл гаарч, тусгаар улсын нэгдмэл бодлогод хожим нөхөж болшгүй хохирол учрахаас болгоомжлох хэрэгтэй.

-Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дотор ҮАБЗ-ийг Засгийн газар, УИХ-ын бүрэн эрхээс булаацалдсан байдлаар орж ирж байна гэх шүүмжлэлүүд байна?

-ҮАБЗ гэдэг үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах бодлого, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, үүссэн ноцтой асуудлуудыг шийдвэрлэх, шуурхай удирдлагаар хангах үүрэгтэй байгууллага болохоос Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хянаад чиглэл өгдөг газар биш ээ. Улс төрийн нам сонгуульд оролцохдоо ард түмний өмнө амлалт өгч, ялсан нам, Ерөнхий сайд амлалтандаа тулгуурлаж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулж, УИХ баталдаг. Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрөө биелүүлсэн үү, амласан амлалтандаа хүрч чадсан уу, үгүй юу гэдэгт дараагийн сонгуулиар ард түмэн дүнгээ тавьдаг. Энэ нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн оролцоод байх асуудал биш, цэвэр Ерөнхий сайд, УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Ерөнхийлөгч ҮАБЗ-өөр дамжуулж өөрт хамааралгүй эрх мэдлийг булаацалдаж болохгүй.

-19 гишүүн Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь оруулж ирэх эрхтэй гэх заалт оруулж байгаа. Гишүүүдийн тоог 19 гээд заачихаар нөгөө л тогтворгүй Засгийн газар үргэлжлэх вий гэх болгоомжлолууд байна?

-Төрийн эрх мэдэл харилцан хяналттай, тэнцвэртэй байх ёстой. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хариуцлагагүй, ёс зүйгүй, хууль тогтоомж зөрчсөн бол хариуцлага тооцох эрхийг УИХ-д үлдээх нь зөв. Ард түмнээс сонгогдсон парламентын итгэлийг Засгийн газар хүлээсэн байх нь зохилтой. Гэхдээ миний хувьд 19 гишүүн гэдэг санал зөв биш санагдаж байгаа. УИХ-ын гишүүдийн олонхи буюу 39-өөс доошгүй гишүүн Ерөнхий сайд ажлаа хийж чадахгүй, Засгийн газар хариуцлагагүй, хууль тогтоомжийг биелүүлэхгүй байна гэж үзвэл огцруулах саналаа дараагийн Ерөнхий сайд болох хүний нэрийн хамт өргөн мэдүүлж, шийдвэрлэдэг байх нь парламентын хяналтыг зохистой хэрэгжүүлэхэд хэрэг болно. Өөрөөр хэлбэл, нэг талаас Засгийн газар тогтвортой ажиллах, нөгөө талаас УИХ-ын олонхын зүгээс Засгийн газарт хариуцлага тооцох боломж аль аль хадгалагдана.

НБД-ыг 10 жилээр сонгоно гэсэн заалтыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулж ирсэн байсан. ТНБД-ын албан тушаалыг Үндсэн хуульд тусгаж өгөх хэр зүйтэй вэ?

-Төрийн жинхэнэ албан хаагчийг улс төрөөс хараат бус, тогтвортой ажиллуулах мерит зарчим гэж бий. Ерөнхийлөгчийн зүгээс энэ асуудлыг хөндөж байгаа нь сайн хэрэг. Дэмжиж байна.Томьёоллын хувьд харин эргэж харах зүйлс байна лээ. Манай өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал нь өнгөрсөн хугацаандтөрийн жинхэнэ албыг улс төрөөс хэт хараат, тогтворгүй байлгасны шууд үр дагавар. Манай төрийн албаныхантай харилцаж байгаа гадаад, дотоодын төр, хувийн хэвшлийн байгууллагууд танай төрийн алба дөрвөн жил тутам өөрчлөгдөж байна. Өмнө нь хийж байсан ажлыг мэддэг хүн алга. Нэг хэсэг нь дөнгөж ажлын дөртэй болж байтал дараагийн нам нь гарч ирээд халчихдаг гэж хэлдэг. Гэтэл өндөр хөгжилтэй орнуудыг харахад мэргэшсэн төрийн албан хаагчдыг тогтвортой ажиллуулах замаартөрийн ажлыг үр дүнтэй явуулдаг. Мэргэшсэн, тогтвортой гэдгийн цаана хариуцлагатай төрийн алба байна. Мөнгөөр, улс төрийн намын харьяаллаартомилогдсон хүмүүс төрийн албыг хувийн ашиг сонирхлоор ашиглаад байгаа юм.

-Цаг үетэй холбогдуулж асуухад саяхан интернэтээр МХЕГ-ын дарга авлига авсан бичлэг цацагдлаа. Хөөн хэлэлцэх хугацааны асуудал авлигын хэргүүдийг өөгшүүлж байна гэх юм?

-Авлига авсан хэрэгтнүүдийн заримынх нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг нь хэрэгсэхгүй болсон тухай, мөн заримд нь Эрүүгийн хуульд заасан сонгох ялын улмаас торгох ял ногдуулсан тухай уншсан, сонссон. Харамсалтай. Угтаа хөөн хэлэлцэх хугацаа гэдэг бүх улсын эрүүгийн хуульд байдаг хууль зүйн ойлголт. Гэхдээ зарим төрлийн буюу онц ноцтой гэмт хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байхаар хуульчилсан байдаг. Манай улсын хувьд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, хээл хахууль авах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэх мэт авлига, албан тушаалын гэмт хэргүүд төрийг аажмаар мэрж устгаж байгаа онц ноцтой гэмт хэрэг тул хөөн хэлэлцэх хугацаа байхгүй нь зөв гэж боддог. Энэ төрлийн гэмт хэргийг жирийн хэрэгтэй адилтгаж болохгүй юм. Ямар ч хугацаа өнгөрсөн гэм буруутайд нь хариуцлага хүлээлгэдэг байх ёстой .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *