Categories
мэдээ нийгэм

Д.МАНДАХ: Энэ хичээлийн жилийг “Цахим сургалтын чанарыг сайжруулах жил” болгох зорилт тавиад байна

МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч, доктор Д.Мандахтай ярилцлаа.

-Танд хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе. Танай сургуулийн өнгөрсөн хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаа хэрхэн явагдав?

-Та бүхэнд хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе, манай сургуулийн хувьд өнгөрсөн хичээлийн жилийн үйл ажиллагаа хэвийн явагдсан. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хөл хорионы улмаас сургалтын үйл ажиллагаа цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа. Манай сургууль “Сургалтын удирдлага мэдээллийн систем” гэдэг өөрийн программтай, энэхүү систем нь сургалтын бүхий л үйл ажиллагааг хэдийд ч цахим хэлбэрээр зохион байгуулах боломжтой байдаг тул ямар нэгэн ноцтой хүндрэл бэрхшээл гарсангүй. Ер нь бид “ЕСУРГУУЛЬ” болох ажлын хүрээнд шинэ технологи нэвтрүүлж байсан нь хөл хорионы үед их хэрэг боллоо, зөвхөн хөл хорио гэлгүйгээр цаашид ч зарим сургалтуудаа цахим хэлбэрээр үргэлжлүүлэх боломжтой гэдэг нь харагдлаа. Товчхондоо бид сургалтаа цахимаар явуулахад бэлэн байсан гэж ойлгож болно.

Энэ талаараа тодруулбал?

-Өнгөрсөн 6-р сарын байдлаар МУБИС-ийн 476 багш 1520 хичээлээр 22907 контентыг цахим хэлбэрээр өөрсдийн “Сургалтын удирдлага, мэдээллийн систем”-дээ байршуулсан дүн мэдээтэй байна. Нийт оюутнуудын 84.1 хувь нь мөнхүү цахим хичээлд хандалт хийн суралцсан байна. Бид хөдөө орон нутагт интернетэд холбогдох боломж муу газруудад сургалтын контентыг түргэн шуурхай хүргэх зорилгоор “G-Mobile” компанитай хамтран ажиллаж манай сургуулийн программ уруу үнэгүй нэвтрэх эрхтэй гар утасны дугаарыг оюутнууддаа олголоо, ингэснээр хүүхдүүд цаг хугацаа алдалгүй хичээл сургалтын үйл ажиллагаанд хамрагдаж чадлаа. Хаврын төгсөлтийн үйл ажиллагаа цахимаар амжилттай хийгдэж оюутнууд “Монгол шуудан” компаниар дамжуулан дипломоо гардлаа, элсэлтийн үйл ажиллагаа ч цахимаар хийгдлээ. Мөн ажлын хүрээнд сургуулийнхаа “Сургалтын удирдлага, мэдээллийн систем”-ийг сайжруулсан, тухайлбал уг системийг 9 модулиар баяжуулж, нийт 2 террабайт байсан хүчин чадлыг 72 террабайт болгож 35 дахин нэмэгдүүлсэн. Тэгээд серверийн өргөтгөл, мэдээллийн аюулгүй байдал, “Үндэсний дата төв”-өөр дамжуулан төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох ХУР, ДАН системд холбогдсон байна, нийт багш нараа зөөврийн компьютертэй болголоо, цахим номын сан, хоёр ч зайн сургалтын төв байгуулсан гээд олон ажил хийгдсэн.

-За баярлалаа, элсэлтийн үйл ажиллагааны талаар?

-Энэ жилийн хувьд 12-р ангийг 30 орчим мянган хүүхэд төгссөн, манай сургууль 3000 орчим хүүхэд элсүүлэх төлөвлөгөөтэй байсан бөгөөд энэ ажил амжилттай зохион байгуулагдлаа. Бид элсэлтэндээ зарим хөнгөлөлт зарласан, одоо ч үргэлжүүлэн нэмэлт элсэлт зохион байгуулагдсаар байна. Манай сургуулийн хувьд сүүлийн 3 жилд элсэлтийн бодлогодоо анхааран багш болох хүсэл сонирхолтой хүүхдүүдийг элсүүлэх, багш мэргэжлийн нэр хүндийг өсгөх зорилгоор ЕБС-ийн багш нар, төгсөгчидтэйгөө нягт хамтран ажиллаж байгаа, үүний үр дүнд элсэгчдийн чанар тодорхой хэмжээгээр сайжирч байна. Манай сургуульд элсэгчдийн дундаж оноо 610-620 орчим болсон байгаа.

-Тэгэхээр элсэлт хангалттай гэж ойлгож болох уу?

-Ерөнхийдөө тийм, харин зарим мэргэжлээр элсэгчид буурах хандлага сүүлийн жилүүдэд ажиглагдах боллоо. Тухайлбал сургуулийн өмнөх боловсролын багш буюу цэцэрлэгийн багш, байгалийн ухааны чиглэлээр элсэгчдийн тоо буурч байна. Бид хүүхэд эхлээд хүн, дараа нь монгол хүн, тэгж байж дэлхийн хүн болох ёстой гэж ойлгодог, гэтэл хүн болох үндсэн суурийг тавьж өгдөг цэцэрлэгийн асуудал санаа зовоож байна. Мөн математик, физик, хими, биологи болон байгалийн ухааны мэргэжлээр элсэгчид өсөхгүй байгаа нь бидний анхаарах асуудал мөн, учир нь хөгжлийн үндсэн суурийг байгалийн ухааны чиглэлийнхэн инженерийн боловсролтнууд тавьж өгдөг гэдгийг мартаж болохгүй. Зөвхөн элсэлт төдийгүй төгсөгчдийн чанарт ч анхаарах ёстой. Өнөөдөр нийт багш нарын 60 гаруй хувь нь л манай сургуулиар бэлтгэгдэж байгаа, үлдсэн 40 орчим хувь нь багш бэлтгэдэг бусад сургуулийн төгсөгчид байдаг, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 90 гаруй их дээд сургуулийн 50 хувьд нь багш бэлтгэж байна, тэдгээр сургуулиуд мэдээж багшлах боловсон хүчин, сургалтын орчин нөхцлийн хувьд 70-100 жилийн түүхтэй манай сургуулийн хэмжээнд хүрч чадахгүй л дээ. Тиймээс ажил олгогчид маань аль сургуулийн төгсөгчдийн ажиллуулах тал дээр нухацтай хандах шаардлагатай байгаа нь нууц биш.

-Өнгөрсөн хичээлийн жилд танай сургууль гадаад оюутнаараа улсын хэмжээнд тэргүүлж байгаа гэж байсан энэ жилийн хувьд?

-Хөл хорио тогтоож хил хаасан тул гадаад оюутны асуудал хүндрэлтэй байгаа, гэхдээ элссэн оюутнууд маань цахимаар үргэлжлүүлэн суралцана, бас цахим элсэлт ч зохион байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар манай сургуульд 1000 гаруй гадаад оюутан суралцаж байна.

-За баярлалаа, бас нэгэн чухал асуудал нь сургалтын төлбөр байдаг. Энэ талаар?

-Энэ хичээлийн жилийн хувьд сургалтын болон оюутны байрны төлбөр огт нэмэгдээгүй, мөн эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор сургалтын төлбөрөө улирлаар нь хуваан төлөх боломжоор оюутнуудаа хангаж өгөөд байна.

-Энэ хичээлийн жилийн зорилго юу байгаа вэ?

-Энэ хичээлийн жилийн хувьд “Цахим сургалтын чанарыг сайжруулах жил” болгох зорилт тавиад байна. Өнгөрсөн хичээлийн жилд сургалт цахимаар явагдаж хаа хаанаа чамгүй туршлага хуримтлууллаа, харин энэ жил мөнхүү сургалтынхаа чанарыг сайжруулах талд түлхүү ажиллах хэрэгцээ гараад байна. Аливаа зүйл хоёр талтай байдаг болохоор хөл хорионы үед олдсон нэг боломж нь цахим сургалтаа амьдралд нэвтрүүлэх, түүний чанарыг сайжруулах талд ажиллах нөхцөл бүрдлээ. Үүнийг ашиглан энэ хичээлийн жилд цахим сургалтынхаа чанарт анхаарах зорилт дэвшүүлээд байна. Мөн 2021 онд манай сургуулийн 70 жилийн ой болно, ойгоо угтан олон ажил төлөвлөөд байна.

-Сургуулийнхаа ойг угтсан ажлын талаар?

-МУБИС 1951 онд байгуулагдсан, манай сургуулийн бүрэлдэхүүнд 99 жилийн түүхтэй Багшийн сургууль байдаг, ер нь монгол улсын ууган сургууль гэж хэлж болно. Бид 70 жилийн ойгоо угтан 70 бүтээлч ажил хийхээр төлөвлөөд байна. Тухайлбал өнөөдөр багш нарын 50 гаруй хувь нь докторын зэрэгтэй байгааг 70 хувьд хүргэх, үүний тулд докторын сургалтын төлбөрийг нь 70 хувиар хөнгөлөх шийдвэр гарсан, сургалтын төлөвлөгөөний суурь хичээлүүдээр 70 сурах бичиг хэвлэх, сургуулийн цахим музей байгуулах, мөн ерөнхий боловсролын 70 сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулах гээд олон ажлууд төлөвлөөд зарим нь хэрэгжиж эхлээд байна.

-Ерөнхий боловсролын 70 сургуультай хамтран ажиллах талаараа тодруулбал?

-Ерөнхий боловсролын 70 сургууль гэдэг нь манай улсын нийт сургуулиудын үндсэндээ 10 хувь нь болж байгаа, мэдээж хот, хөдөөгийн сургуулиудтай хамтран ажиллах гэрээ байгуулна, гэрээний хүрээнд танилцах, судлах, туршин заах, багшлах гээд дадлагуудаа хийх, тухайн сургуулиудын багшлах сохирхолтой хүүхдүүдийг багш бүлэгт хамруулах улмаар сургуульдаа элсүүлэх мөн өөрийн төгсөгч багш нартайгаа холбоо тогтоох, гэрээтэй сургуулиудын багш нарыг магистрантур, докторантурт хөнгөлөлттэй сургах болон сургуульд нь сургалтын тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлэх гээд олон ажил бий. Жишээлэхэд бид өнгөрсөн хугацаанд Японтой хамтарсан төслийн хүрээнд манай сургууль дээр ажилладаг “Моноцүкүри” төвөөс 840 орчим сая төгрөгийн өртөг бүхий физикийн кабинет, тоног төхөөрөмжүүдийг ерөнхий боловсролын 20 сургуульд хүлээлгэн өгсөн байгаа энэ мэтийн ажлуудыг өргөжүүлж гэрээ байгуулсан 70 сургуульдаа дурдсан тоног төхөөрөмжийг өгнө.

– Баярлалаа, эцэст манай сонины уншигчдад хандан юу хэлмээр байна?

-Манай сургуультай хамааралгүй хүн гэж байдаггүй учир нь бүх хүн багшаар хичээл заалгадаг. Тиймээс монгол улсад орчин цагийн боловсрол үүсэж хөгжихөд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан улсын маань ууган сургууль болох МУБИС-ийн бүтээлч хамт олны өмнөөс нийт ард түмэндээ хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье! Та бүхэндээ амжилт хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *