Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын 67 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан байна. Энэ талаар өнөөдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан мэдээлэл хийв.
Тэрбээр, “Эрх мэдлийн хуваарилалтыг тэнцвэржүүлэхийн тулд УИХ зарим бүрэн эрхээсээ татгалзах, Ерөнхий сайд өөрийн танхимын сайд нарыг томилж, чөлөөлж, огцруулах, улсын төсөв батлахдаа Засгийн газар зөвшөөрөөгүй бусад зардлыг хэлэлцүүлгийн шатанд нэмэхгүй байх зэрэг заалтыг оруулсан. Харин шүүх засаглалын хараат бус байдлыг баталгаажуулах чиглэлээр шүүгчийн томилгоог ил тод болгох, хариуцлага тооцох тогтолцоог бий болгохоор төсөлд тусгасан. Тухайлбал, Ерөнхийлөгч шүүгчийг батламжлахаас татгалзах үндэслэлээ олон нийтэд мэдээлэх, шүүгчээр ажиллах хугацаа, насны доод хязгаарлыг тогтоохоор тусгасан байна. Мөн сонгууль бүрийн дараа төрийн албанд хийдэг халаа, сэлгээг хязгаарлах, албан тушаалтныг томилохдоо ил тод шударга байдлыг хангах, улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилт, хариуцлагыг тодорхой болгох Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тодорхой тусгаж байгаа. Ажлын хэсгээс боловсруулсан Үндсэн хуулийн төсөлд Засгийн газар болон бусад холбогдох байгууллагуудын саналыг тусгахаар ажиллаж байгаа аж. Холбогдох байгууллагуудын саналыг 30 хоногийн дотор хүлээн авч, хуулийн төслийг дахин боловсруулан УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа аж. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг тооцоо, судалгаатай боловсруулах зарчмыг баримталж байгаа. Зарим хүмүүс нэмэлт, өөрчлөлтийн төслийг удааж болохгүй гэсэн байр суурь илэрхийлж байгаа. Үндсэн хууль бол Монголын нийгэмд маш том үүрэг гүйцэтгэх тул болгоомжтой хандах хэрэгтэй. Үүнд АН-ын гишүүд идэвхтэй оролцож байгаа. Намрын чуулганы үед зарим нэг асуудлаар тохиролцох, зөвшилцөх асуудал гарах байх. Нэмэлт, өөрчлөлтийн төслийг намрын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан. Ямартай ч энэ онд багтаан шийдвэрлэнэ гэлээ”.