Categories
мэдээ цаг-үе

Д.Лхагва: “1990” кинонд өнөөгийн залуусын төдийлөн мэддэггүй зүйлсийн талаар өгүүлнэ

“GUYS 666” хамтлагийн дуучин, жүжигчин Д.Лхагватай ярилцлаа.


-Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан “1990” уран сайхны кино театруудын дэлгэцнээ тавигдаад эхэлжээ. Кинонд юуны тухай өгүүлэх вэ?

-Ардчилсан хувьсгал Монголд ялснаас хойш буюу 1990 оны цагаан морин жилийн хувьсгалаас хойших үеийн монголчуудын амьдралын талаар өгүүлсэн кино.

Тэр үед зах зээлд шилжиж хүмүүс ажилгүй болж байлаа. Дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр хүнсгүй болсон байсан гэдэг шүү дээ. Хүмүүс наймаа хийхийг оролдож амьдралын төлөө хэрхэн тэмцэж байсныг харуулсан. Би өөрөө энэ хүнд үеийг туулж нүдээрээ үзэж картын талханд дугаарлаж байсан болохоор энэ тухай кино хийе гэж их боддог байлаа. Энэ үеийн түүхийг үзэж, туулсан хүний хувьд хойч үедээ түүхэн үйл явдлыг хальсанд мөнхөлж үлдээх гэсэн давхар зорилго тээж байна. Өнөөгийн залуусын төдийлөн мэддэггүй зүйлсийн талаар “1990” кино өгүүлнэ.

-Ийм төрлийн кино хийх санал хэзээ төрсөн бэ. Хэдий хугацаанд ажиллав?

-Санаа маш эртнээс төрсөн л дөө. Кинон дээр жил хагасын хугацаанд ажилласан. Киноны нээлт өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд болсон ч “Ковид 19”-ийн улмаас хойшлогдсон байлаа.

-Кинонд тэр үеийн залуус барууны соёлтой хэрхэн танилцаж байгааг өгүүлнэ гэж ойлголоо. Энэ талаар тодруулахгүй юу?

-Тэгж ойлгож болно. Киноны гол санаа нь тэр үед бүх юм хаалттай социализмын үе байсан. Барууны соёл цаашлаад АНУ, Герман, Франц, Английн соёл хаалттай, бүх юм нь буруу, хөрөнгөтний орон. Энэ орнуудын барааг хэрэглэж, идэж ууж болохгүй гэсэн ойлголттой байлаа шүү дээ. Зөвхөн Монгол, Оросын ганц суваг үздэг байсан. Би ч дуу, хөгжимд маш дуртай, барууны дуу хөгжмийг сонсохыг их хүсдэг байлаа.

Ардчилсан хувьсгал ялж нийгэм чөлөөтэй болсноор барууны соёл орж ирсэн байдаг. Дуу хөгжмийг кассет, пянзаар л төсөөлдөг байсан бол хөгжим сонсдог болж дэвшилтэт нийгэм рүү шилжсэн. Анх CD, ФМ радио сонсож үзээд нүд орой дээр гарах шиг л болж байлаа.

Жинсэн өмд, яак, араб алчуур гээд хувцаслалт дээр хүртэл соёл нэвтэрсэн. Бүх юм шинэчлэгдэн өөр ертөнцөд нэвтэрсэн юм шиг нүд, чих онгойж эхэлсэн. Тэр үед хүмүүс шинэ соёлтой хэрхэн танилцсан сонирхолтой түүхэн үйл явдлыг харуулахыг хүссэн юм. Тухайн цаг үед гоё дуутай CD нэгнээсээ гуйж аваад нандигнан сонсдог байсан бол одоо бүх зүйл бэлэн хялбар болсон. Энэ бүгд тэр үедээ маш үнэ цэнэтэй зүйл байсан шүү гэдгийг дахин нэг хүмүүст сануулъя гэж бодсон юм.

Одоогийн залуус байгаа юмандаа үнэ цэнэтэй хандаасай ямар их үнэ цэнээр одоогийн зүйлс бий болсныг мэдээсэй гэдгийг харуулахыг зорьж байна. Хамгийн гол нь амьдралын үнэ цэнийг мэдрээсэй гэсэн санаатай юм.

-Та өнөөгийн залуусын төдийлөн мэддэггүй зүйлсийн талаар кинонд өгүүлнэ гэж яриандаа дурдаж байсан. Энэ талаар тодруулахгүй юу. Жишээ нь юуны тухай өгүүлэх вэ?

-Өвгөнт гэдэг архи урдаас орж ирдэг байсан юм. Манайхан авдрандаа хадгалж байгаад хүндтэй зочиндоо өгдөг, ахмадууд бурхныхаа өмнө залдаг байлаа. Тэр маань сүүлдээ Хятадын цонх цантуулдаггүй шингэн байж таарсан. Үүнийг нь мэдэхгүй бид их хэрэглэдэг байсан юм билээ. Гэхдээ өвгөнт уугаад хүн үхсэн гэж би сонссонгүй. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр энэ өөрөө үнэн түүх байгүй юу. Тухайн нийгэм мэдэхгүй хэрэглэж л байсан. Залуус энэ киног үзэж өнгөрсөн түүхээ мэдэж аваасай гэж хүсч байгаа юм. 1990-ээд онд ид залуу байсан хүмүүс ч дурсамжаа сэргээгээсэй гэсэн үүднээс энэ киног бүтээсэн юм.

-“Харанга” хамтлагийн “Шүүдэрцэцэг” дууны хөгжим киноны үеэр эгшиглэж байна лээ. Яагаад заавал “Шүүдэрцэцэг” дууг сонгосон юм бэ?

-Кинондоо зориулж “Харанга” хамтлагийнхнаас “Амьдрал”, “Шүүдэрцэцэг” гэж хоёр дууны эрхийг авсан юм. Хүний сэтгэл хөдлөлийг илэрхийлсэн хэсгүүд дээр хөгжим болгож дэвсэж өгсөн. “Шүүдэрцэцэг” дууны ая манай киноны хайрын хэсгийн хөгжим болж эгшиглэж байгаа. “Амьдрал” дууны хөгжим киноны амьдралын зовлон бэрхшээлийг үзүүлсэн хэсгүүдэд эгшиглэнэ. Тухайн үед одоогийнх шиг цэнгээний газрууд байсангүй. Таалагдсан охин руугаа очихдоо гитартай орцонд нь дуулж найрдаг, сэтгэлээ илчилдэг байлаа. Тэр үеийн ийм л байсан.


“Шүүдэрцэцэг”-ийг гитартай дуулсан тань олон хүнд хүрсэн байна лээ…

-Банзан гитартай, орцны эфекттэйгээр “Шүүдэрцэцэг” дуулж олонд хүргэсэн. Сонсогчид ам сайтай байна лээ. 1990-ээд онд залуус их дуулдаг байсан юм. Тухайн үед залуу байсан хүмүүсийн сэтгэлд хүрсэн юм шиг санагдсан.

-Кинонд 1990-ээд оны орчинг бүрдүүлэх тал дээр хэрхэн ажиллав. Тухайн гудамж талбайтай хэсгийн зургийг хэрхэн авав?

-Тэр үеийн Сансар, 3,4 дүгээр хорооллын орчмыг графикаар хийсэн. Түц газ 53 машин, москвич зэрэг машинууд гээд тухайн үеийн орчин нөхцөл байдлыг бүгдийг нь компьютер график ашиглаж бүтээлээ. Их цаг зав, нөр их хөдөлмөр шингэсэн бүтээл болсон л доо. Тэр үеийн дурсамжийг киногоороо авчрахыг зорьсон их хичээл зүтгэл гаргалаа.

-Энэ таны хэд дэх уран бүтээл билээ?

-Анх 2010 онд кино урлагт хүчин зүтгэж “LVA” энтертайментийг байгуулж байлаа. Үүнээс хойш “Амьдрал төсөл”, “Дурлалын гэмт хэрэг”, “Фэйсбүүк од”, “Мухар гудамж” зэрэг кинонуудыг хийсэн. “1990” бол миний тав дахь кино. Энэ жил “LVA” энтертайментийн 10 жилийн ой тохиож байгаа. 10 жилдээ зориулж бүтээсэн кинондоо өөрийнхөө оюун санааг бүрэн дайчилж бүтээлээ.

-“Сайн уу амьдрал минь” кино хэрхэн бүтэж байв. Их, дээд сургууль төгсөгчдийн сэтгэлд хүрсэн бүтээл болсон шүү дээ?

-“GUYS 666”, “TV cocktail”, “A Capella” гэсэн хамтлагууд нийлж гурван уран бүтээлийн Нэгдүгээр нэгдэл”-ийг байгуулсан юм. Санаа зорилго нэгтэй дүү нартайгаа хамтарч уран бүтээл хийсэн минь тэр.

“Тэр үед “A Capella” хамтлагийн анхны цомог дээр нь ажиллаж ихэнх дууных нь үг аяыг манай хамтлагийнхан зохиосон. “Учрал” гээд дууны үгийг нь би зохисон юм. Энэ дууны клиппийг нь хийе гэж ярилцаж байгаад богино хэмжээний 10 минут орчмын кино хийе гэж тохирсон юм. Клипэн дээр ажиллаж байхдаа кино хийе гэж шийдсэн. Ингээд “Big” энтертайментийн Болдоо гэж найруулагч залууд санал тавьсан юм. Манай хүн ч оюутны амьдралыг харуулсан сайн зохиол бичсэн. Кинон дээр “A Capella”-ынхан шинэ оюутан болж байгаа, “TV cocktail”-ынхон ид оюутны дунд хутгалдаж яваа, “GUYS 666”-ынхан болохоор сургуулиа төгсөх гэж байгаа амьдрал хөл тавих гэж буй залуусын тухай кино бүтэж байлаа.

-Таны бүтээсэн Анандын дүр олон хүний зэвүүг хүргэж байсан шүү.

-Мөнгөөр л бүхнийг шийдчих санаатай Анандын дүр шуугиан тарьж байсан л даа. Жүжигчин хүний хувиас дүрээ сайн гаргасан байна гэж сайшааж хүлээж авч байлаа. Зарим хүмүүст кино хүрсэн бололтой үзэн ядагчтай болж байсан удаатай. Бид Дарханд очоод нээлтээ хийхэд, киноны төгсгөлд хүмүүс алга ташаад уран бүтээлчдэд баяр хүргэхэд хүмүүс надтай гар барихгүй өнгөрч байлаа. “Чамайг харахаар дургүй” хүрч байна ч гэх хүмүүс таарч байлаа. Анандын дүрийг хүмүүст хүргэж чадсанаараа өөрөөрөө бахархаж байсан шүү, тухайн үед. Кино ч том хэмжээний шуугиан тарьж үзэгчдийг байлдан дагуулж байсан. Киноны нээлтийг ч хавар нээж байсан юм. Тэр үед төгсөгчид Төв талбай ороод, Гандан Зайсангаар дайраад амралтанд явдаг хөтөлбөртэй байлаа шүү дээ. Тэр хөтөлбөрт “Сайн уу амьдрал минь” үзнэ гэж оруулж байсан. Оюутнууд автобусаар ирж үзэж байна гэхэд нь итгэхгүй Тэнгис кино театр луу очиж харж байлаа. Төгсөлтийн тууз хадаж, шаар өлгөсөн автобустай оюутнууд хэдэн зуугаар ирж үзэж байхыг хараад өөрсдөөрөө бахархаж л билээ. Гэтэл тухайн үед сарс өвчин гарч хаагдаж байлаа. Өвчин гараагүй бол тухайн үед үнэмлэхүй дээд амжилт тогтоочих байсан гэж боддог юм. Шуугиулж байхад нь өвчин гарсан.

-Та ингэхэд урлагт хэрхэн татагдаж байв?

-Би урлагт дуртай хүүхэд байсан шүү. Дээх нь “Шелкунчик” гэж хүүхэлдэйн кино гардаг байсан юм. Түүнийг зурагтны өмнөөс секунд ч холдолгүй үзэж дуусгаж байсан юм. Үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмж авч байсан аа мартдаггүй юм. Тэр үед миний ээж “Урлагт ийм дуртай юм уу” гэж гайхаж билээ. Би өөрөө ч урлагийн хүн болно гэж улайрч явдаггүй ч хөгжим сонсохгүй бол унтаж чаддаггүй, кассетнууддаа амь шигээ хайртай, тэр бүр хүнд өгдөггүй байсан юм. Үүнийг ээж мэдэрсэн юм билээ. Улмаар Кино урлагийн дээд сургуульд орохыг санал болгосон. Тус сургуульд элсэж найруулагчаар хагас жил орчим сурчихаад байлаа. Тухайн үед СУИС бол оюутнуудын мөрөөдөл байлаа шүү дээ. Соёл урлагийн их сургуульд л элсчихвэл урлагийн том зам нээгддэг байлаа шүү. Шалгуур өндөртэй, мундаг багш нартай байсан.

-СУИС-д хэрхэн элсэж байв. Оюутан ахуйдаа хамтлагаа үүсгэн байгуулсан бил үү?

-Хичээлээ тараад ФМ 102.5 сонсоод явж байтал миний багш ардын жүжигчин Гомбожавын Жигжидсүрэн СУИС-д анх удаагаа элсэлт авах гэж буй тухайгаа хэлж байсан юм. Ингээд найзууддаа хэлээд очиж шалгаруулалтад ороод тэнцэж СУИС-д орж байлаа. Нэгдүгээр курст л Мийгаа, Төгсөө, Уугий гурав орж ирсэн юм. Ингээд дөрвүүлээ нэгдэж хамтлагаа байлаа.Хамтлаг байгуулах мөрөөдөлтэй байгаагаа анх Төгсөөд хэлж байлаа. Тухайн үед манай хүн “Нэг хороолол” гэж хамтлагт бүжиглэдэг, “Одод болохын хүслэн” шоунд орж дуулж, бүжиглэдэг намайг бодвол туршлагатай хүүхэд байлаа. Манай хүн ч дэмжээд хамтлагаа байгуулж байсан түүхтэй.

-Оюутан ахуйдаа тоглолт хийж залуусыг байлдан дагуулж байсан түүх тань сонин санагдлаа. Энэ талаараа хуучлахгүй юу?

-Анх 1999 онд “Далдын хүч” нэртэй тоглолтоо тухайн үед Топ Тен диско клубт тавьж байлаа. “Эмзэгхэн хайр”, “Сонсож бай”, “Эргүүлэг” гээд дуунуудаа гаргачихаад байсан үе шүү дээ. Ингээд тоглолт хийх хэмжээнд хүрсэн гэж өөрсдийгөө үнэлээд Топ Тен клубийн менежертэй уулзахад голонгүй “Та нар заал дүүргэж чадах юм уу” гэж билээ. Хоёр өдөр тоглолт хийхэд хөл гишгэх газаргүй олон хүн цуглаж үзэж байсан шүү. Ийм олон хүн цугласныг хараад нүдэндээ ч итгээгүй. Тоглолтын өмнө манайхан ч хүн үзэх болов уу гэсэн айдастай л байсан. Тухайн үед бид нарыг дэмжих ивээн тэтгэгч байхгүй, нэгнийхээ байрыг барьцаанд тавьж ломбардны ачаар л тоглолтоо хийж байлаа. Тоглолтын дараа өрөө дараад тодорхой хэмжээний ашигтай ажилласан.

-Одоо танай хамтлагийнхан хаана юу хийж байна вэ?

-Тус тусын уран бүтээлээ хийгээд явж байна. Түр хугацааны завсарлага аваад л байна. Төгсөө АНУ-д суралцаж байна. Мягмар, Бат-Ундрал нар хувийн ажлаа хийгээд явж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *