УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжлэн хуралдаж байна. Хуралдаанаар Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж, зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна. Төрийн албатай холбоотой 23.1 дэх ” “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр ажлаас халахыг хориглоно” гэсэн заалтад гишүүд нухацтай хандаж, МАН уг заалт завсарлага авлаа. Дараагаар нь Н.Учрал гишүүний гаргасан төслийн “Төрийн алба шатлан дэвших зарчмаар явах” гэсэн заалт дахь “шатлан дэвших” гэдгийг үгийг хасах горимын саналаар хэлэлцүүлэг үргэлжлэв.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
-Төрийн захиргааны жинхэнэ албан хаагчид тодорхой хэмжээгээр тангараг өргөж, үндсэн зарим эрхээ хязгаарлуулаад явдаг. Тиймээс шатлан дэвшүүлэх заалт байх хэрэгтэй. Төр хүндэтгэлтэй хандах ёстой. Төрийн алба мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй байна гэдгийг шатлан дэвших гэдгээр нь тодорхойлж байгаа. Сүүлийн олон жил улс төрийн сонгуулийн дараагаар улс төрийн албан тушаалтнуудыг сонгуульд нь дагаж давхисан хүмүүс нэг өдөр яам тамгын газарт, хэлтсийн дарга, Төрийн нарийн болоод суучихдаг. Үүнээс бол төрийн алба тогтвортой байх зарчим алдагдаж, насаараа төрийн албанд ажилласан ажиллагсдад итгэл, урам төрөхгүй байгаа. Үүнээс болоод төрийн нэр хүнд унаж байгаа. Тиймээс гишүүд “шатлан дэвших” гэдгийг хасч болохгүй.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:
-Төрийн албаны чадавхи муудаж байгаа нь хүндээ ч биш, хуулиндаа ч биш, намд байгаа. Төрийн албан хаагчийг халдаг, сольдог зүйл хэрээс хэтэрсэн. Төрийн албан хаагчдын итгэл урам унтарсан. Энэ нь тэр хүмүүсийн буруу биш. Энэ нь улс төрийн нам, улстөрчдийн буруу үйл ажиллагаанаас болсон. төрйин халаа сэлгээ яаж явагдаж байна. Энэ дотор сууж байгаа 64-ын бид ч өнөөдөр халаа сэлгээг үргэлжлүүлж байгаа. Ямар нэг аргаар төрийн албан хаагчийг халж, өөрийн хүнээр сэлгэдэг.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
-Мэрит гэдэг үгийг орчуулахдаа манай шатлан дэвших, чадахуйн зарчим гэж уянгын халилтай орчуулсан. Энэ үгийг хийж өгснөөр олон мянган залуучуудын боломжийг хааж байгаа юм. Одоо Үндсэн хуульд оруулах гэж байна. Энэ бол ур чадварын шалгуураар нь ажилд томилдог байх ёстой. Ажлын гүйцэтгэлийн чадвараар цалинг тогтоодог. Гэтэл 30 жил ажиллачихаад оймсонд мөнгөө хийдэг болтлоо төрийн алба ялзарсан. Юунд нь найдах вэ. Өндөр боловсрол эзэмшээд ирж байгаа залуусыг туршлагагүй гээд явуулчихдаг. Төрийн албанд салхи оруулах хэрэгтэй. Төрийн албаныхан уучлаарай, та нарын дунд салхи оруулах цаг нь ирсэн. Залуучуудыг оруулах цаг болсон. Би үүнийг байнга шүүмжилж байгаа. Энэ бол миний үг. Та нарт таалагдах эсэх нь та нарын асуудал.
Ийнхүү уг хуулийн төсөл дэх “Төрийн албан шатлан дэвших зарчмаар явагдах” гэх заалтаас “шатлан дэвших гэдэг үгийг хасах Н.Учрал гишүүний саналаар санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхи уг саналыг дэмжсэнгүй.