УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга хуралдаанд өөрийн биерэ оролцож, хоёр хориг тавьсан шалтгаанаа тайлбарласан. Дараа нь МАН-ын гишүүдийн зүгээс багагүй шүүмжлэл сонсч, олон юм дууллаа.
МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа ийнхүү хэллээ.
-Нэгэнт Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд орж ирсэн болохоор хэлэхгүй өнгөрч болохгүй хэдэн зүйл байна. Ний нуугүй хэлэхэд Ерөнхийлөгчөө, та даржин зүйл яриад байна. Ерөнхийлөгч эв нэгдлийг хангаж ажиллах учиртай. Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө төрийн гурван институтици хамтарч ажиллах ёстой гэж Үндсэн хуульд заасан байгаа.
Таны яриа, хориг тавьсан зүйлийг сонсоход сүүлдээ МАН-ын бүлгийн дотоод асуудал оролцож “Чи тэрийгээ тэнд тавь, тэр чинь болохгүй” гэж зааж зааварлах гэж байх шиг байна. Арай ингэж болохгүй байх аа. Энэ намын дотоод асуудал гэдгийг танд хэлмээр байна.
Хоёрдугаарт таны яриаг сонсоод байхаар бизнесийн бүлэглэлийн асуудал, таны бизнест байх үеийн зөрчлийн асуудал хэтэрхий ил гараад байна гэж би шууд харж байна. Өнөөдөр Монгол Улсад бизнес эрхлээд Тавантолгой, Оюутолгой тойроод өөр юу байдаг юм тойроод, бизнесийн бүлэглэлүүд гарч ирээд хулгай луйвар хийгээд Монголын төрд хохирол учруулаад байгаа бол ил гаргаж зарлаач. 30 гэр бүл гэсэн, 300 болсон, одоо 3000 болох юм байна. Зарлаад нэгмөсөн шийдвэрээ гарга. Энэ 30 гэр бүлийг, 300 хүнийг төрд тийм юманд ойртуулж болохгүй гэсэн шийдвэр гарга. Тэгэхгүй бөөс гэхээр хутга гэдэг шиг 30 гэр бүл, Тавантолгой тойрсон бизнес бүлэглэл ажил явуулахгүй байна гэдгийг хүлээж авамгүй байна.
Та энэ дээр ухаалаг хандаач. Томилгоо тойрсон асуудал та сая ярьж байна. Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, МАН-ын бүлэг харж үзээч гэж. Эдгээр хүмүүс төрд албан тушаал хашиж болохгүй гэж үзэж байгаа бол би бас нэг зүйлийг хэлмээр байна.
Саяхан та ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар А.Гансүхийг томилсон байсан. А.Гансүх бол яллагдагчаар татагдаад шалгагдаж байгаа хүн. Ямар тушаалууд дээр шалгагдаад шүүх сэргийлэхээс юм сонсоод ажлаа хийгээд явдаг, ямар нь буруу бульхайгаараа дуудуулаад явж байдаг юм бэ. Ний нуугүй хэлэхэд үүнд та анхаараач гэж хэлмээр байна.
Эцэст нь бас нэг зүйлийг яримаар байна. 60 тэрбум, 55 тэрбум гээд баахан асуудал яриад байна. Заримд нь бид цэг тавьчихсан. Тэр 65 тэрбумд прокурор, шүүх шийдвэрээ гаргачихсан. Энэ асуудлыг бүхэлд нь хөндөөд хуучнаа сөхөж ярья гээд байгаа бол тэр Хөгжлийн банктай холбоотой асуудлыг яах юм. Шүүх, хууль хяналтын байгууллагууд таны мэдэлд ирсэн. Одоо шах. Төмөр замтай холбоотой 250 сая долларын асуудлыг яах юм. Тэр чинь 55 тэрбум биш, 65 тэрбум биш 600 тэрбум шүү. Хуулийн дагуу энэ нь ийм юманд зарцуулагдсан, энэ нь ийм юманд зарцуулагдаагүй гэдгийг ил гаргахгүй бол монголчуудын дунд 3 сая хүнээр таавар таалгаж, үлгэр ярьж, хэн нэгнийгээ гэмт хэрэгтэн болгох гэж төрийн тэргүүнээсээ эхлээд УИХ-ын гишүүд, иргэд нь бүгд зүтгэж болохгүй.
Үүнийг УИХ-ын гишүүд, нам, бүлгүүд анхаараасай. 27 жилийн түүхээ эргэж харвал улс орныг хөгжүүлэх гэсэн өчнөөн зузаан баримтууд байгаа. Харамсалтай нь ямар үр дүнд хүрэв гэхээр тамын тогооны үлгэр нөлөөлж байна. Хэн нэг нь ялаад нөгөөгөө хулгайч, луйварчин болгох гэж оролддог. Эцсийн дүндээ хулгайч, луйварчин нь нотлогдчихсон хүн байна уу гэвэл алга. Монгол Улсын Ерөнхийлөгч шиг байгаач ээ гэв.
Харин Я.Санжмятав гишүүн “Ерөнхийлөгчийн бүрэн эрхэнд битгий халдаад бай. Хориг тавих үгүй нь бидний асуудал биш. Харин хоригийг хүлээж авах, үгүйг хэлэлцэх ёстой”гэж байлаа.
Б.ЭГШИГЛЭН