Categories
мэдээ улс-төр цаг-үе

Д.Хаянхярваа: Таван толгойн төсөл дээр хувийн болон хэсэг бүлгийн ашиг сонирхлоор хандаж болохгүй

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваатай ярилцлаа.

-Хэдхэн хоногийн өмнө Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди ирээд буц­лаа. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Эмират улсад хийж буй аж­лын айлч­лалын үеэр Оюу­толгойн гэрээнд гарын үсэг зурлаа гээд эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлэхүйц зүйлийн талаар яриад эхэл­лээ. Одоо эдийн засаг яахаар байна?

-Ойрд дуулдаагүй сайн сигналууд ирж байна. Энэтхэг улсын амлаад буй нэг тэрбум ам.доллар, Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурлаа гээд байгаа зүйлс ч тэр эдийн засагт эффект өгөхийн хувьд өгнө. Гэхдээ өнөө маргаашдаа Энэтхэгийн нэг тэрбум ам.дол­­­­лар, Оюутолгойн мөнгө орж ирээд эдийн зас­гийг авар­чихна гэж ойлгож болохгүй. Хөнгөлөлттэй зээ­лүүд хэлэл­цээрийн шугамандаа уддаг. Хятадын 500 сая, БНСУ-ын 250 сая ам.долларын зээлүү­дийг авна гээд тав зургаан жил өнгөрлөө. Одоо хүртэл эцсийн шийдэлдээ хүрч чадаагүй байна. Нэг талдаа биднийг дэмжиж байгаа боловч нөгөө талдаа биднийг сайн ажиллах үүрэг хүлээж байгаа юм. Засгийн газар энэ бүхнээ эдийн засагтаа яаж шингээж, хэрхэн хөрөнгө оруулах вэ гэдэгтээ шуурхай арга хэмжээ авч ажиллах ёстой. Хоёрдугаарт, бидний эдийн засгийн чадавхи, Төс­вийн тогтвортой байдлын тухай хууль, өрийн таац гээд хуулийнхаа хүрээнд үйл ажиллагаагаа явуулахаа төр засаг мэдэх байх.

Оюутолгойтой холбогдсон асуудал дээр гэвэл хэвлэлээр гарсан мэдээлэлтэй л сууж байна. Ямартаа ч гэрээнд гарын үсэг зурсан гэсэн мэ­дээ­лэл байгаа. Гэхдээ ямар нөх­цөлд яаж гарын үсэг зурав гэдэг дээр мэдэгдсэн юм алга.

-Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурагдчихлаа. Одоо Тавантолгой хөдлөх үү. Үүнийг дагаад Гацууртын орд ч гэдэг юм уу ордуудаа ашиглаад эхлэх боломж бүрдэж байх шиг?

-Ерөнхий сайд Оюутолгой, Тавантолгой гэсэн хоёр төслөө явуулна. Хоёр том түгжээгээ мултална гэж байсан. Нэгнийх нь түгжээг мулталлаа гэдгээ зарлаж байх шиг байна. Тавантолгойтой холбоотой асуудал дээр гэвэл явуулах нь зөв гэдэг байр суурин дээрээ байгаа. Тавантолгойн асуудал нарийн яривал нэлээд нөлөөлөл үзүүлнэ. Манай орны экспортод гаргаж буй хамгийн гол түүхий эд чинь нүүрс шүү дээ. Тиймээс Тавантолгойн төслөө явуулах ёстой. Өнөөдөр Оюутолгой, Тавантолгойн төсөл дээр хувийн болон хэсэг бүлэг ашиг сонирхлын үүднээс хандаж болохгүй.

-Тавантолгой дээр ажлын хэсэг гарч ажилласнаас хойш мэдээлэл өгөхөө байчих­лаа. Танай намынхан ямар мэдээлэлтэй байна вэ?

-Ажлын хэсэг гарсаан. Хоёр удаа хуралдсан гэсэн. Ажлын хэсэг дээр тийм сүртэй асуудал яригдаагүй гэдгийг бүлгээс томилогдсон ажлын хэсгийн гишүүд хэлж байсан. Одоохондоо шалгарсан консерциумын гэрээний төсөлтэй танилцаж байгаа юм шиг байна лээ. Ажлын хэсгийн ахлагчийн өгсөн ярилцлагуудыг хараад байхад Их хурлын өмнөөс маягтай тайлбар хийж байна. Энэ нь өөрөө хууль бус. Ажлын хэсэг ажилласны дараа санал дүгнэлт гаргаад Их хурал, Байнгын хороонд хүргүүлэх ёстой. Аливаа асуудлыг хэлэлцэж эхлээд ажлын хэсэг байгуулдаг бол үүн дээр хэлэлцэж эхлэхээс өмнө ажлын хэсэг байгуулсан. Үүнийг хараад байхад цоожлох гээд ингэж байна уу гэж харагдахаар байгаа юм.

-Явуулахын тулд ямар гарц байна вэ?

-Таван толгойг явуулахын тулд эхлээд хэлэлцэх ёстой биз дээ. Үнэхээр явуулъя гэсэн чин эрмэлзэл байсан бол УИХ-аар даруйхан хэлэлцэх шаардлагатай. Нээлттэй хэлэлцүүлэг хийгээд эхэлсний дараа ажлын хэсэгт багтсан хүмүүсийн өгч буй, гадна талаас мэдээлээд байгаа тайлбар үнэн зөвөөр ард түмэнд хүрнэ. Өнөөдөр үндсэндээ Монголын нийгмийг хоёр хуваачихаад байна. Нэг хэсэг нь зөв явуулах ёстой гээд байгаа бол нөгөө хэсэг нь энэ ёстой хэрэг байхгүй гээд унадаг. Энэ мэдээлэл нийгмийг хагалж байна. Үнэн зөв мэдээлэл өгөхийн тулд нээлттэй хэлэлцэх ёстой биз дээ. Ийм нэг буруу жишиг 2012 оноос хойш манай нийгэмд тогтчихлоо. Болохгүй юмыг болно гээд нийгмийг самраад хаячихдаг. Ямар ч асуудлыг хэрүүлийн алим болгочихдогоо болих хэрэгтэй. Үүнийг олонх гэгддэг АН-ынхны тогтоож буй жишиг л дээ. Хөдөө орон нутагт ч мөн ялгаагүй байна. Ердийн явж байгаа ажлыг нэг нөхөр очиж самраад, хулгайч, луйварчин гэж нийгэмд мэдээлээд АТГ-т өгчихдөг. Үүнээс нь болоод ажил урагшилдаггүй. Ажил хийх гэж байсан хүний сэтгэлийн гал дээр ус нэмэх шаардлага байхгүй. Яг үүнтэй агаар нэгэн Оюу толгой, Таван толгойг ойлгуулснаас болж олон жил шавар шавхаатай хутгаж байгаад хаячихдаг. Таван толгой нь шалгарч үлдээд шавар шавхайтайгаа хутгалдаад үлдэхээр болчихлоо.

-Гэхдээ шавар шавхаатай хутгагчид төрийн түшээд буюу Их хурлын гишүүд та нар шүү дээ. Ардын намынхан ажил хийлгэдэггүй гэдэг…

-Шударгаар хэлэхэд Ардын намынхан ажил хийлгэхгүй байгаа зүйл огт байхгүй. Ардын нам хэлэлцье гэдэг дээр 100 хувь санал нэгтэй байгаа. Даваа гаригийн бүлгийн хуралдаан дээр ярилцаад үүнийгээ яа­равчлах хэрэгтэй гэсэн шаард­лагыг тавья гэсэн юм. Таван толгой гадаад талдаа маш их хүлээлттэй байгаа. Оюу толгой нэг талдаа гарлаа гэсэн сигналыг дэлхийд өгөхөд манай урд хөрш юу бодож байгаа вэ гэдгийг ухаарч л байх ёстой юм.

-Юу бодож байгаа гэж та бодож байгаа вэ?

-Монгол, Япон, Хятадын оролцоотой консерциум явахгүй байгаа бол гуравдагч орны хөрөнгө оруулалт нь явж байна гэдгийг бод доо. Энэ чинь ямар бодлыг хүмүүст өгөх вэ. Бид урд хөрштэйгээ харилцах харилцаан дээрээ туйлын анхааралтай хандах ёстой. Бид нутгаа аваад нүүдэггүй л юм бол хоёр хөршөөс эдийн засаг хаашаа ч зайлахгүй хамааралтай байх болно. Аль ч талаасаа их ухаан зарах хэрэгтэй.

-Чуулганы хугацаа бараг талдаа орчихлоо. Эдийн засгийн өршөөлийн хууль, Татварын багц хуулиуд гээд эдийн засагтай холбоотой хуулиудаа баталж чадах юм уу. АН-ынхны хэлж буйгаар хуулийн төсөл оруулаад ирэхээр МАН-ынхан барьцаад өөр хуулийн төсөл оруулж ирээд хамт хэлэлцэх ёстой гээд гэдийгээд байгаа гэх юм?

-Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг үг бий дээ. Ажил хийдэг хүн тайлбар тавьдаггүй, ажил хийхгүй хүн шалтаг хайдаг. Шалтаг хайх шаардлага байхгүй. 2012 оноос хойш хийе гэсэн зүйлээ хүчиндээд хийдэг байсан биз дээ. Хуулиа зөрчөөд хүртэл хийдэг байсан. Үнэхээр л амин чухал, Монгол Улсад хэрэгтэй юм бол, үнэн зөв, ард түмний итгэлийг олохоор л юм бол тэр хүчинддэг аргаа хэрэглээд хийх л ёстой биз дээ. Ард түмний хүсэн хүлээсэн зүйл биш болохоор бид болохгүй гэж байгаа юм. Түүнээс ямар хуулин дээр ямар хууль оруулж ирээд шантаажлаад байна гээд асуу. Хэлэх хүн олдохгүй дээ.

-Тэгээд хууль тогтоомжуудаа яагаад батлахгүй байна вэ?

-УИХ үндсэндээ өөрөө дампуурчихлаа. УИХ УИХ-ынхаа түвшинд ажиллаж чадахгүй байгааг харуулж байна. Энэ нь хэтэрхий их улс төржилт, улстөржсөн процесс нь Их хурлаа давамгайлах болсон. Яагаад ингэх болсон бэ гэхээр зайлшгүй хэлэлцэх ёстой хуулиудаа Их хурал барьж авахгүй байна. Мөнгө санхүүтэй холбоотой асуудал хүндрээд ирэхээр өрийн хязгаар гэх мэтийн хуулиар барьж байсан зүйлсийг хүчээр шийдээд явж байна л даа. Энэ сөрөг үр дагавартай.

Өнөөдөр концесс, Засгийн газрын баталгааны асуудал гарч ирлээ. Чуулганы хуралдаан дээр Худалдаа хөгжлийн банк 9.3 хувийн хүүтэй 500 сая ам.долларын бондыг Засгийн газрын баталгаатай гаргасан байна. Дараа нь ямар ямар газруудад Засгийн газар баталгаа өгч бонд босгох гэж байна гэхэд Засгийн газраас хариулаагүй. Дараа нь Засгийн газар баталгаа гаргаад бонд гаргаад байвал өрийн хэмжээ юу болох вэ. Манайхан тэнд зарцуулчихъя өртгөө дор нь нөхчихнө гэдэг. Үнэхээр зарцуулах ёстой зүйлдээ зарцуулж чадах уу гэдэг чинь өөрөө эргэлзээтэй байна. Ард түмнээ дааж давшгүй өрөнд унагачихаад хэн нь ч хариуцлага хүлээхгүй алга болчихож магадгүй шүү дээ.

-Сүүлийн үед МАН, МАХН нэгдэх гэж байна гэх юм. МАН-ын ахмад гишүүд өнгөрсөн сонгуулиар ялагдсан шалтгаан нам хуваагдсанаас болсон. Одоо нэгдэх ёстой гэж байна?

-Ахмад гишүүдийн хэлж байгаа санал зөв. УИХ, бүх орон нутгийн сонгуулийн дүнг аваад үзэхээр орон нутгуудад МАХН-ын авсан саналаас үүдэн манайх ялагдсан байгаа шүү дээ. Манай намыг хоёр хувааж чадсаныхаа тусаар ялалт байгуулсан. Ялалт байгуулсны өгөөж нь өнөөдрийн эдийн засгийн байгаа байдал юм.

Орон нутагт ажиллаж байхад намын гишүүд энэ хоёр намаа нэгтгэх хэрэгтэй гэдэг зүйлийг ярьдаг. Удирдлагын түвшинд ямар ямар хэлцэл явагдаж байгааг мэдэхгүй.

-2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас нам хуваагдах гол шалтгаан үүссэн байх, тийм үү?

-Нам хуваагдсан нь намын ердийн гишүүдэд ямар ч хамаагүй шүү гэдгийг би хэлдэг юм. Зөвхөн удирдлага хоорондын зөрчил шүү дээ. Монголчууд загас толгойноосоо эхэлж өтдөг гэж ярьдаг. Манай намынхан энэ зовлонг туулаад гарсан болохоор одоо нэгэн цул болж чадсан. Ардчилсан нам болон бусад намуудыг хар. Удирдлагуудын түвшиндээ хэл амаа ололцохгүй болохоор доод талдаа бужигнаж байгаа биз дээ. Үүнтэй ижил удирдлагуудын түвшинд хэл амаа ойлголцож чадаагүй болохоор Н.Энхбаяр гэдэг хүн МАХН гэдэг нэрийг авсан. Энэ нэрийг өгөхийн тулд үндсэндээ хууль зөрчсөн. Үүний гол рольд АН-ын эрх баригчид тоглосон шүү дээ. Түүнээс болж өнөөдрийн энэ байдал бий болсон. Үүнийг намын жирийн гишүүд сайн ойлгож байгаа.

-МАН, МАХН нэгдсэн нь зөв юм уу, хамтарсан нь зөв юм уу?

-Миний хүсэл бол энэ хоёр нам орон гэртээ орж ирээд нэг нам болчихоосой гэж боддог. Нэг нам болдоггүй юмаа гэхэд сонгуульд хамтраад эвсэл болоод орчихоосой гэж боддог. Энэ л миний хүсэл. Бүх зүйл хүссэнээр болохгүй байх л даа.

-Эвсэл лав болохгүй байх…

-Үүнийг би мэдэхгүй. Дарга нар л мэднэ.

-Хоёр нам нэгдлээ гэхэд дарга нарын эрх ашиг, наймаа л хамгийн ихээр хөндөгдөх байх даа. Нэг намын нэрэн дор нэгдсэн том фракциуд болох байх?

-МАХН-ын зүгээс хүндхэн нөхцөлүүд тавих л байх. Тухайн үед асуудал гарах юм бол хэлэлцээд нэг шийдвэрт хүрч чадахгүй бол өөр өөрийнхөө замаар л явах байх даа.

-Ер нь бол засагт хамтарсны дараагаас танай намын залуус болон Ерөнхий нарийн бичгийн дарга засгаас гарах тухай ам нээсэн байдаг. Өнөөдөр улам эрчимтэй яригдаж байна. Хэзээ гарах юм?

-Миний хувьд анхнаасаа л МАН-ыг засагт хамтрахад эсэргүүцэж байсан цөөн хүний нэг. Хамтарч болохгүй гэж намын Бага хурал дээр ч өөрийн байр сууриа илэрхийлсэн. Намын удирдах дээд байгууллага нэгэнт шийдвэрээ гаргасан болохоор энэ засгийн ажил гайгүй байгаасай хэмээн санаа оноогоо нэмэрлээд явж байна. Засгаас гарна гэдэг асуудал бидний дунд яригдаагүй байгаа ч хамтрахдаа байгуулсан гэрээгээ биелүүлэхгүй бол яах гэж бид энд байгаа юм бэ гэдэг асуудлыг хөндөх ёстой. Хэрэв гэрээгээ байгуулсан үүргээ биелүүлэхгүй бол бид мануухай болоод байх шаардлага байхгүй. Гэрээнийхээ дагуу үүргээ биелүүлээд өнөөдрийн нөхцөл байдлыг дээшлүүлж чаддаггүй юмаа гэхэд уналтыг зогсоож, гол гол бодлогын алдаануудаа засч сонгуульд орох юм бол хамтарсны ач тус тэр юм. Тэгж чадахгүй бол хамтарсан гэдэг чинь ард түмнийг хулхидсан зүйл болж хувирна.

Э.ЭНХБОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *