Categories
мэдээ цаг-үе

Д.Гангабаатар: Аав минь их сайхан амьдарсан хүн

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, яруу найрагч О.Дашбалбарын хүү Д.Гангабаатартай ярилцлаа.


-Аавын тань 60 насны ой энэ жил тохиож байгаа. Ойг хэдийгээр тэмдэглэхээр төлөвлөөд байгаа вэ?

-Энэ сарын 27-нд тэмдэглэнэ.

-Ойг нь угтаад олон ажил эхлүүлсэн байна билээ. Сангийнх нь зүгээс ямар ажил хийж байна вэ?

-Уран бүтээлч хүний ой шүү дээ. Уран бүтээлч хүний хувьд өөрөө бүтээлээ туурвиад, онгод нь ороод бүтээлээсээ таашаал аваад мэдрэмжээ илэрхийлсэн бүтээлээ бусдад хүргэнэ гэдэг их чухал. Тэр утгаар аавынхаа 60 жилийн ойг тохиолдуулаад өнөө жил бүтээлийг нь хүмүүст нэлээд түгээе гэсэн зорилго тавьсан. Энэ ажлын хүрээнд бид ямар ч байсан дөрвөн номыг нь хэвлүүлчихлээ. Дахиад хэд хэдэн номыг нь хэвлүүлэхээр уншилт хийгдээд явж байна.

-О.Дашбалбар агсны номыг хүлээж байсан олон хүн байсан. Нэг ёсондоо хүлээлт үүсгээд байсан шүү?

-Бараг арваад жил ямар ч ном хэвлэгдсэнгүй шүү дээ. Өөрийг нь тэнгэрт хальснаас хойш үндсэндээ таван боть нь гарсан, түүнээс гадна ганц хоёр л ном нь хэвлэгдсэн. Аавын номыг хэвлэгдэхэд хүмүүс төсөөлөөгүй байдлаар хүлээж авч байна билээ. Маш олон хүн ном хэвлэлтээс гарсны дараа янз янзын шугамаар холбогдож баяр хүргэн эргэн дурсах боломжийг олгосонд талархаж байгаагаа хэлж байсан. Тэгээд бараг хүмүүсийн ингэж хүлээж авч байгаа уур амьсгалыг хараад бүтээлийг нь хүмүүст хүргэх юмсан, үр хүүхдийнх нь хувьд тэр үүрэг нь бидэнд байгаа юм байна гэж ойлгож ухамсарласан л даа.

-“Миний захидлууд” номыг нь уншсан. Тэнд буй захидлууд үнэхээр тансаг. Бид ямар сайхан соёлтой байсан юм бэ, биедээ яасан сайхан халуун үгс хэлдэг байсан юм бэ гэж өөрийн эрхгүй бодогдсон?

-Бид тухайн үед байсан материалуудыг нь ангилаад арваад цаасан хайрцагт хийсэн юм. Бичиг цаас, тэмдэглэлийн дэвтрүүд, шүлэг, яруу найраг, захидал гээд маш их юм байсан. Тэрэн дундаас түүж хийх гэж нэлээд олон хоногийн ажил болсон. Манай Мөнгөндалай эгч тэрэн дээр олон шөнө нойргүй сууж ажилласан даа. Хүмүүс эгчийг минь танина байх. “Өдрийн сонин”-ы Улс төр, гадаад мэдээлэл, Эрэн сурвалжлах албаны даргаар ажилладаг.

Ер нь бол захидал гэдэг чинь тэр зүйлийг гараараа барьж байна, хүрэлцэж байна, оюун санаагаа илэрхийлж байгаа бичгийн хэв, тухайн үеийн сэтгэл хөдлөл, бүх юм шингэчихсэн байгаа юм л даа. Тийм учраас компьютерийн ард и-мэйл бичих, бидний аавын үед бичдэг байсан захидал хоёрын хооронд ялгаа бий. Тэр үед их амьд харилцаа байсан юм байна. Захидлуудыг нь уншиж байхад надад тэгж бодогдсон л доо. Тэр үед хүмүүсийн үндсэн гол харилцдаг зүйл нь захидал байсан. Тэндээс хүмүүсийн бие биенээ дэмжиж, урамшуулж байгаа, хүсэл мөрөөдлөө илэрхийлж байгаа сайхан харилцааны өнгө аяс, олон сайхан зүйлийг олж харахаар юм билээ.

-Таны аав бол амьдарч байсан цагтаа амьдарсан шиг амьдарч чадсан. Хэдий хорвоогоос одсон ч уран бүтээл, хэлсэн уран цэцэн, ончтой үгсээрээ одоо ч бидний дунд байсаар байна. Тийм том аавын хүү байх хэцүү юу. Тэр их нэр төрийг нь дааж авч явна гэдэг их том ухаан байх даа?

-Би энэ хүний хүүхэд болж төрсөн учраас ийм явах ёстой, ингэх, тэгэх ёстой гэж өөртөө хатуу шаардлага тавиад тэр нь надад ачаа болоод байгаа юм байхгүй. Өөрийнхөө зөв гэсэн замаараа яваад л амьдарч байна. Аавыг минь сайнаар дурсгадаг байсан хүмүүс, найзалж нөхөрлөж, хүндэлдэг шүтэн биширдэг байсан хүмүүс бидэнд сайхан хандах, аавыг хайрладаг тэр хайраараа биднийг хайрлах, тэр харцаараа биднийг харах, сайн яваасай гэж хүсэх, ерөөл талбих энэ бүхнийг мэдрэхэд сайхан байдаг. Тэрийг мэдрэх үед харин бид чинь бас аавынхаа нэр хүндийг өндөрт өргөж авч явах ёстой үүрэгтэй юм байна гэсэн хариуцлагыг мэдэрдэг.

-Ямар нэгэн албан байгууллага, сургууль, эмнэлгээр ороход аавын тань хэлсэн “Хүмүүс ээ, амьддаа бие биеэ хайрла” гэдэг алдарт үгтэй байнга шахуу таардаг. Тэр үед ааваар тань бахархах сэтгэл төрдөг юм. Хөндлөнгийн бидэнд ийм сайхан сэтгэгдэл төрүүлдэг юм чинь үр хүүхдүүд нь өдөр болгон ааваараа бахархдаг байхдаа гэж боддог юм?

-Сайхан санагддаг. Танил дотно гэртээ ярьж байгаа юм шиг тийм мэдрэмжүүд байдаг шүү, энд тэнд хэлсэн үгүүдийг нь харахаар. Аав маань их сайн хүн байсан гэж боддог юм, хүний хувьд. Яагаад гэхээр гудамжинд алхаж яваад тааралдсан танихгүй хүмүүстэй хуучин найзтайгаа уулзаж байгаа юм шиг чин сэтгэлээсээ сайхан инээмсэглээд гар барьдаг байсан. Тэрийг нь би хараад их гайхдаг байж билээ. Би ч их дуугүй хүүхэд байлаа. Аавын минь хаанаас нь тэр их сэтгэл, огт танихгүй хүнийг хайрлах сэтгэл гардаг юм бол гэж гайхдаг байсан. Тэр нь өөрийнх нь зохиол бүтээл дээр харагддаг л даа. Амьдралыг дандаа эрж хайсан, танихыг оролдсон, таньсан мэдсэн өөрийн туршлагаасаа бусдадаа хуваалцсан байдаг. Энэ бүхнийг нь бодохоор аав минь их сайхан амьдарсан хүн юм байна. Сайхан, зөв амьдарсан хүмүүсийн үйлийн үр гэж байдаг бол тэр нь одоо хүмүүс аавыг минь сайнаар дурсах, үр хүүхдүүд нь сайны ерөөл хэлж буйтай холбоотой байх гэж баярлаж явдаг.

-Хүн аавыгаа алдсан хойноо хэлж байсан үгсийг сая санаж, сургаж байсан сургаал нь дахин дахин чихэнд сонсогдох шиг болдог. Танд аавыг тань сануулдаг сайхан дурсамж, мэдрэмж гэвэл?

-Маш олон байна л даа. Миний ээжийг Н.Борхүүхэн гэдэг. Ээж минь ажилтай завгүй байдаг ч гэрийнхээ ажлыг их сайхан аваад явчихдаг байлаа. Харин хагас бүтэн сайнд аав минь ажил хийх тохиолдол маш ховор. Ер нь гэртээ суугаад ном уншаад өнгөрөөдөг өдрүүд нь байсан юм. Хагас, бүтэн сайны өглөө эрт босоод сайхан банштай, будаатай цай чанана. Аавын минь хоол хийдэг үндсэн өдөр нь шүү дээ. Өдөр болгон цайндаа янз янзын юм холино оо, их амттай. Тэгээд эгч, ээж, дүү бид дөрвийг тойруулж суулгаж байгаад банштай цайгаа аягалж өгнө. Тэр нэг халуун дулаан гэр бүлийн амьсгалаас эхлүүлээд Энэтхэгт намайг олон жил гэрийнхнээсээ хол сурч байхад ирээд уулзаж байсан тэр мөч ч юм уу. Эсвэл хөдөө дагаж яваад Дарьгангын талаар хөтлөөд алхаж явсан үе нь ч байдаг юм уу их олон сайхан дурсамж бий.

Энэтхэгээс буцаад ирэхэд минь надтай хэдэн шөнө ярилцсан юм. Шөнийн гурав, дөрвөн цаг хүртэл хоёулаа гурван шөнө сууж билээ. Ажлаа тарж ирээд хүмүүсийг унтсан хойно бид хоёр тэгж суусан. Ярьдаг юм нь ерөнхийдөө миний ертөнцийг үзэх үзэл хэр төлөвшсөн байна гэдгийг шалгаж байсан юм байна гэдгийг сүүлд нь мэдсэн л дээ. Тэр хэдэн шөнө аавтайгаа ярилцахад хамгийн сайн найзтайгаа ярьж байгаа юм шиг мэдрэмж төрж, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх боломж гарсан. Аав гэдэг бол хүндтэй хүн шүү дээ. Тэр хэдэн шөнүүдэд өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, үзэл бодлоо хэлэх, ярих боломж олдож байсан. Тэгэхэд надад “Би дөч орчим жил насалж байна. Энэ хугацаандаа амьдралаас уншсан, сонссон, үзсэн харсан энэ бүхнээсээ авсан ойлгосон, сурсан ойлголт. Ойлгож авсан, мэдсэн тэр мэдлэгийг чи энэ хэдэн жилд олоод иржээ. Болсон байна. Аав нь чамаар бахархаж байна” гэж хэлсэн. Иймэрхүү байдлаар үр хүүхдээ өөрөө хөгжихөд нь хоосон магтах биш сэтгэлийн дэмийг харцаараа, үгээрээ илэрхийлдэг тийм сайхан хүн байсан.

-Хүнийг ухааруулсан, сургасан, зөвлөсөн өнгө аястай шүлгүүд олон бий шүү аавын тань бүтээлүүд дунд. Үр хүүхдэдээ их л зааж сургадаг байсан болов уу?

-Зөвхөн над дээр, манай эгч, бидэнд ч биш. Бүх хүмүүст хамааралтай мэдрэмж. Тэр хүний генийг мах, цус, яснаас нь авч төрсөн. Хоёрдугаарт, байнга хамт оршиж, хамт амьдарч байсан, нэг гэр бүлд байсан хамгийн ойр байсан энэ хүмүүс бол тэр хүнээс маш олон, бидний төсөөлснөөс ч илүү олон зүйлийг хүлээж авсан. Би өөрөө мэдэхгүйгээр ч олон зүйлийг авсан, аав, ээжээсээ. Тэгж бодохоор их олон зүйлийг маань ухааруулж өгсөн байна.

-Хүмүүсийг “О.Дашбалбарын хүү Энэтхэгт гүн ухааны чиглэлээр сурсан нэлээд гэгээрсэн маягтай залуу байдаг” гэж ярилцаж байхтай нь таарч байлаа. Одоо та хаана ямар ажил эрхэлж байна вэ?

-Арван жилд байхдаа, багаасаа сонирхдог байсан ном маань сэтгэл судлалын чиглэлийнх байсан. Сэтгэл судлалын хичээл, тэр чиглэлийн номуудыг оюутан байхдаа маш их сонирхож судалдаг байлаа. Ер нь хуулийн чиглэлээр ажиллана гэж төсөөлж байгаагүй. Одоо Монгол Улсын их сургуулийн хуулийн сургуульд багшилдаг.

Нэг өдөр аав маань надаас “Ямар сургуульд орох вэ” гэж асуулаа. Хуулийн сургуульд ер нь заавал сур гэсэн. Тэрийг бараг үүрэг болгосон л доо. Яагаад гэвэл аав маань өөрөө улстөрд ороод үзчихсэн. Нийгмийн амьдралд нэлээд идэвхтэй. Тийм болохоор энэ нийгэмд амьдарч байгаа хүн энэ нийгмийг урагшлуулж, чиглүүлж байгаа хууль тогтоомж, тоглоомын дүрэм юу байна вэ гэдгийг мөн чанарыг нь ойлголгүй амьдарч болохгүй. Ямар хуулийг нь мэдэхгүйгээр дагаж мөрдөж явдаг. Тэр нь өөрт нь заавал үйлчилнэ, тэрийг дагаж мөрдөх ёстой болдог. Чи хуульч болохгүй байж болно. Гэхдээ хуулийн мэдлэгтэй байх ёстой гэдэг шаардлагыг тавьсан. Тэгээд би хуулийн сургуульд сураад тэр чиглэлээрээ багшлаад ажиллаж байна.

-Та АНУ, Япон мөн Энэтхэгт сурч байсан. Үүнээс Энэтхэгт сурч байсан тухайгаа яривал сонирхолтой байх. Таныг гадны таван хэлээр ярьдаг гэж сонссон юм?

-1990-ээд оны эхээр шүү дээ. Бакула Ренбүчи Энэтхэгийн Элчин сайдын яаманд Элчин сайдаар ирчихсэн байна. Эрт үед Монголын оюуны улс Энэтхэгт очиж эрдэм мэдлэг сурдаг байсан тэр уламжлалыг сэргээе гээд таван хүнийг Буддын гүн ухааныг судлах боломжийг олгоё гэсэн. Ингээд нээлттэй зарлахад 200 гаруй хүүхэд цугласан юм. Шат дараалсан ярилцлагад оруулаад 25 хүүхэд үлдээгээд дахиж ярилцлагад оруулаад таван хүүхэд авсны нэг нь би байсан. Энэтхэгт буддын гүн ухааны чиглэлээр сурсан. Тэнд мэдсэн, сурсан, олж авсан дадлууд миний амьдралд маш их хэрэг болсон.

-Дүү тань хаана байгаа вэ?

-Д.Дэжидмаа маань Японд сурч ажиллаж байгаа.

-Энэ сарын 27-нд болох аавын тань ойн арга хэмжээ хаана болох вэ. Төрсөн нутагт нь болох уу?

-Ойн хүрээний үндсэн ажлууд энэ сард болж өнгөрнө. Нутагт нь наадам хийгээд янз янзын арга хэмжээ зохион байгуулна гээд төлөвлөчихсөн байтал шүлхий өвчин гараад өнөө жилдээ ерөнхийдөө хойшилж байх шиг байна. Улаанбаатар хотод эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах гэж байна. Мөн номын нээлтийн ёслол болно. Бид нэлээд хэдэн номыг нь дахиж хэвлэхээр төлөвлөсөн. Аав маань зураг зурдаг, ая зохиодог, өөрөө их сайхан дуулж хөгжимддөг хүн байсан. Аавынхаа зурсан зургууд болон шүлгүүдийг нь уран бичлэгээр бичүүлсэн бүтээлээр үзэсгэлэн гаргана. Мөн залуучуудын дунд эссэ бичлэгийн уралдаан зарлахаар болсон. Энэ мэт төлөвлөчихсөн байгаа ажлуудаа арав, арваннэгдүгээр сардаа багтаагаад дуусгачихна. Аавынхаа 60 насны ойд зориулж бүтээлүүдийг нь хэвлэсний дараа олон хүн баярласнаа илэрхийлсэн. Тэр хүмүүстээ баярлаж талархсанаа хэлье.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *